Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01675

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01193 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1846 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: “Н” ХХК

           Хариуцагч: Д.Эд холбогдох

           Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 7.553.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

         Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 1.638.420 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Д.М, хариуцагчийн төлөөлөгч Ю.С, нарийн бичгийн дарга Д.Дүүрэнжаргал  нар оролцов.

           Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргалын гаргасан тайлбарт: Манай компани 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 4 698 337 төгрөг, алданги 2 349 170 төгрөг нийт 7 047 507 төгрөгийг нэхэмжилсэн. Гэвч тухайн үед Д.Этай төлбөр барагдуулах гэрээ байгуулсан хуульч нийт үнийн дүнг 4 698 337 төгрөг гэж алдаатай буруу үнийн дүнг үндэслэж гэрээ байгуулсан байна. Бодит байдлаар өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар нийт 5 705 217 төгрөгийг төлүүлэхээр гэрээ байгуулах байтал барьцаа хөрөнгө болох 1 006 880 төгрөгийг хассан үнийн дүнгээр гэрээ байгуулсан байна. Энэ барьцааны мөнгийг 2015 онд түүний төлөх ёстой төлбөрөөс тухайн үед нь хасаад буцаагаад залруулга хийсэн болох нь хэрэгт авагдсан харилцагчийн дэлгэрэнгүй гүйлгээний бичилтээс харагдана. Иймд төлбөл зохих төлбөрийн зөрүү 1 006 880 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Хариуцагчаас нийт 8 053 000 төгрөгийн төлбөр гаргуулах шаардлага гаргасан. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагаас 500 000 төгрөгийг хариуцагч төлсөн байна. Иймд хариуцагч Д.Эгаас 7 553 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Н” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Э нь “Н” ХХК-тай 2007 оноос хойш 9 жил гэрээтэй ажилласан бөгөөд энэ хугацаанд гэрээнийхээ үүргийг нэг ч удаа зөрчиж байгаагүй. Түрээсийн төлбөрийг хожимдуулах буюу төлөхгүй байх ямарч боломжгүй билээ. Учир нь: “Н” ХХК нь бүх түрээслэгч нартай жил бүр “худалдааны хамтын ажиллагааны гэрээ”, ”тавилгын түрээсийн гэрээ” гэсэн 2 гэрээг хийдэг. “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”-гээр талбай ашигласны төлбөр, хамтрагч /түрээслэгч/ сар бүр борлуулалтын орлогын 0.5 хувийг маркетингийн шимтгэл болгон төлдөг. Мөн хамтын ажиллагааны гэрээний 4.8-д хамтрагч нь цэвэр борлуулалтын орлого /бонус хассан/-ыг Номингийн кассаар дамжуулан авах ба борлуулалтын орлогоо нуун дарагдуулах, худалдан авагчтай гар дээрээс бэлнээр тооцоо хийхийг хориглоно гэж заасан байдаг учир бүх орлого Номингийн кассаар дамждаг учир түрээслэгчид орлого нуух асуудал гардаггүй. Гэрээний 5.2-д хамтрагчийн кассаар дамжсан борлуулалтын орлогын 5.73 хувийг талбайн төлбөрт тооцож болох ба гэрээний 5.1-д заасан төлбөрөөс өндөр байгаа тохиолдолд энэ заалтыг баримтлан талбайн төлбөрийг тооцно гэж заасан байдаг. Тиймээс Д.Э нь нэхэмжлэлд дурдсан 2015 оны 10 сарын 26-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу ... гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зориулалт бүхий талбайн 2015 оны 9 сарын түрээсийн үлдэгдэл төлбөр болох 4 698 337 төгрөгийг төлөх үүрэггүй. Д.Э нь түрээсийн төлбөр төлөөгүйгээс бус өөр төрлийн бүтээгдэхүүн зарах, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалтгүй, өөрийн тасгийн худалдагчгүйгээс “хамтын ажиллагааны гэрээ”-г зөрчиж байна гээд гэрээг цуцалж, талбайг чөлөөлсөн. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр авлага үүсгээд түүнийгээ хууль эрх зүйн мэдлэггүйгээр нь айлган сүрдүүлж “төлбөр барагдуулах гэрээ” гэдгийг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2015 оны талбайн түрээс, тавилгын түрээс, маркетингийн шимтгэлийг 1-10 сар дуустал бүрэн төлсөн, 11 сард талбайн түрээсийг төлсөн байна. Харин ч 2015 оны 10 сарын 01-нээс талбайг нь чөлөөлж өгчхөөд байхад нь ямар ч үндэслэлгүйгээр 10 дугаар сарын талбайн түрээс 503 440 төгрөг, тавилгын түрээс 119 952 төгрөг, маркетингийн шимтгэл 79 төгрөг, 11 дүгээр сарын талбайн түрээс 399 218 төгрөгийг түүний барьцааны мөнгө болох 700 ам.доллар /анх гэрээ байгуулахад барьцаалсан/-аас нь суутган авсан байна. Энэ нь ямар нэгэн гэрээгүйгээр илүү төлбөр суутган авсан байна. Д.Эгаас 2 сарын төлбөр 1 022 650 төгрөгийг илүү авсан байна. Гэтэл юуг үндэслэж 2015 оны 9 сарын түрээс гэж гэрээ төлбөр барагдуулах гэрээ хийсэн нь ойлгомжгүй байна. Тиймээс “төлбөр барагдуулах гэрээ” нь ямар ч үндэслэлгүй, түрээслэгч Д.Эгийн эрх зүйн байдлыг дордуулсан хүчин төгөлдөр бус гэрээ байна гэж үзэж байна. Иймд “Н” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие “Номин тав трейд” ХХК-тай 2007 оноос хойш гэрээ хийж гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан бөгөөд жил жилдээ гэрээ хийж гэрээний дагуу түрээсийн төлбөрийг орлогынхоо хувиас тооцон суутгуулж байсан. Гэтэл 2015 оны 9 сарын түрээсийн төлбөр гэж “Н” ХХК нь нэхэмжилсэн боловч Д.Э нь 2015 оны 01 сарын 01-нээс 2015 оны 11 сарын 31 хүртэл түрээсийн төлбөрийг төлсөн байна. Д.Э нь түрээсэлж байсан гоо сайхны талбай болон тавилгыг нь 2015 оны 9 сарын 29-нд чөлөөлж өгсөн учир илүү төлсөн түрээсийн төлбөрийг нэхэмжилж байна. 2015 оны 01 сарын 01-ний өдрийн худалдааны хамтын ажиллагааны гэрээ №Т+в/15/637, 2015 оны 01 сарын 01-ний өдрийн Тавилгын түрээсийн гэрээ №Т+в/15/260 гэрээний дагуу илүү төлсөн 10, 11-р сарын талбайн түрээс 902 658 төгрөг, тавилгын түрээс 119 952 төгрөг, маркетингийн шимтгэл 15 810 төгрөг нийт 1 038 420 төгрөг, мөн бэлнээр төлсөн 2015 оны 10 сарын 30-ны өдөр “Н” ХХК-ийн Голомт банкны 2201088679 тоот дансанд 300 000 төгрөг, 2015 оны 11 сарын 30-ны өдөр мөн дансанд 300 000 төгрөгийг тус тус тушаасан бөгөөд нийт 1 638 420 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлээр хоёр зүйлийг нэхэмжилсэн байна. Хүчин төгөлдөр бус тооцуулах тухай шалтгаан, үндэслэлээ сөрөг нэхэмжлэлд дурдаж өгөөгүй байна. Д.Э нь өөрөө “Н” ХХК-д гурван ч удаа хүсэлт бичиж, хандсаны дагуу түүнтэй төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Илүү төлсөн түрээсийн төлбөр гэх 1 638 420 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл нь мөн үндэслэлгүй байна. Учир нь 2015 оны 09 сарын 30-ний өдөр 5 705 000 төгрөгийн авлага үүссэн. Түүнээс гадна 2015 оны 10, 11 саруудад Д.Эрдэнтуяа нь талбайг хүлээлгэж өгөөгүй байсан. Одоогоор түрээсийн төлбөр төлж чадахгүй, компанид хохирол учруулж байгаа нь үнэн гэсэн өөрийнх нь хүсэлт зэрэг эдгээр нотлох баримтуудаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01193 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эгаас 6 547 505 төгрөг гаргуулж, “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 005 493 төгрөг, хариуцагчийн 1 638 420 төгрөг гаргуулж, төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-д зааснаар хариуцагч Д.Эгаас 119 710 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 710 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131 288 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 16-ны өдрийн 1846 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01193 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 ...” гэснийг “Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

        Хариуцагч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа нар хяналтын гомдолдоо: “...1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 , 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан гэжээ. Иргэний хуулийн 60 дугаар зүйл: Хүч хэрэглэж хийсэн хэлцэл. 60.1 Нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан байна. Гэтэл шүүх нь төлбөр барагдуулах гэрээг хүч хэрэглэж буюу бидний нэхэмжилснээр айлган сүрдүүлж хийсэн гэрээ байна гээд тогтоох хэсэгтээ Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан гэж тогтоолоо гаргасан. Гэтэл энэ заалтыг давж заалдах шатны шүүх энд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хэвээр баталсанд гомдолтой байна. Шүүх нь тогтоох хэсэгтээ Иргэний Хуулийн 60 дугаар зүйлийг баримталсан атлаа манай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй буруу шийдвэр гарсан гэж үзэж байна. Мөн анхан болон давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит үнэнийг олж тогтоогоогүй хариуцагч Эрдэнэтуяа нь түрээсийн төлбөрийг ямар журмаар төлдөг, хэзээ ямар гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй, аль эсвэл хугацаандаа өгөөгүй болохыг нотлон тогтоогоогүй. 2015 оны түрээсийн төлбөр гэж нэхэмжилдэг боловч түрээсийн төлбөрийг “Номин тав трейд” ХХК нь Эрдэнэтуяагийн данснаас сар болгон авдаг бөгөөд хариуцагч талаас дансны хуулга болон баримтыг гаргаж өгсөн байхад зөвхөн түүний төлбөр төлнө гэсэн баримтыг үндэслэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан бөгөөд түрээсийн төлбөрийг төлсөн баримтыг үнэлээгүй орхисон нь хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гарлаа. Д.Эгийн түрээсийн төлбөр болон өдрийн бүх орлогыг Улсын их дэлгүүрийн Н ХХК-ийн түрээслэгч нарын нэрийн данс гэгчид ордог бөгөөд уг данснаас түрээсийн төлбөрөө суутгаж аваад сар болгоны эцэст өөрсдийн барааныхаа үнийг номинтой тооцож авдаг гэрээтэй ажилладаг. Тиймээс түрээсийн гэрээний төлбөр төлөгдөөгүй буюу хожимдох гэсэн ямар ч ойлголт байхгүй болохыг хариуцагч Эрдэнэтуяагийн дансны хуулгаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа билээ. Лангуу чөлөөлөх тухай мэдэгдэлд өөр төрлийн бараа зарсан тул гэж мэдэгдэл өгсөн байдаг болохоос түрээсийн төлбөрөө төлөөгүй талаар хэргийн материалд ямар ч баримт байхгүй. Гэтэл ямар ч тооцоо нийлсэн баримт байхгүй, Эрдэнэтуяа нь “Номин тав трейд” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан гэтэл яагаад “Номин тав трейд” ХХК нь Эрдэнэтуяатай ямар нэгэн тооцоо нийлсэн баримт байдаггүй юм, Н ХХК нь юуг үндэслэж Эрдэнэтуяатай “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулах болов гэдгийг шүүхээс нягтлан шалган тогтоож дүгнэлт өгөөгүй, чи гэрээнд гарын үсэг зурсан төлөх ёстой гээд бэлэн бус мөнгөнд алданги тооцон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлийг хянан үзэж ...шийдвэр, ...магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         Н ХХК 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Эд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-г үндэслэн үндсэн төлбөр 4.698.337 төгрөг, алданги 2.349.170 төгрөг нийт 7.047.507 төгрөгийг нэхэмжилсэн /хх 1/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн төлбөрийг 5 705 217 төгрөг болгож, алдангид 2.349.170 төгрөг нийт 8 053 000 төгрөг шаардаж, үүнээс төлсөн 500 000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн хэмжээг 7 553 000 төгрөг болгожээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

          Анхан шатны шүүх хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн, хариуцагч 4.698.337 төгрөг, алданги 2.349.170 төгрөг нийт 7.047.507 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж, уг мөнгөнөөс төлсөн 500.000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлээс 6.547.505 төгрөгийн шаардлагыг хангажээ. 

        Давж заалдах шатны шүүх талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцсон гэж үзэж Иргэний хуулийн 466 дугаар зүйлийг үндэслэн хариуцагчаас 6.507.505 төгрөг гаргуулсан байна. 

       Шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Н ХХК хариуцагчаас 2015 оны үлдэгдэл 9 сарын төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан тооцоогоор буюу 4.698.337 төгрөгөөр нэхэмжлээгүй байхад шүүх уг гэрээг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу.

       Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад заасан үндсэн төлбөр 5 705 217 төгрөгийг хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, “Төлбөр барагдуулах гэрээ”-нд энэ үнийн дүнгийн талаар тохиролцоо байхгүй тул талууд түрээсийн гэрээний үлдэгдлийн талаар гэрээ  байгуулсан гэж үзэхэд дутагдалтай байна. 

       Түрээсийн үлдэгдэл 5.705.217 төгрөгийг нэхэмжлэгчтэй бус, харин “Номинтав трейд” ХХК-тай байгуулсан “Худалдааны хамтын ажиллагааны гэрээ”., “Тавилгын түрээсийн гэрээ” /хх 34-38/-тэй холбож буй үндэслэлээ нэхэмжлэгч тайлбарлаагүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ. 

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээнд талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцоогүй тул  давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 466 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.   

       Тооцоо нийлэх гэрээгээр талууд хоорондын ажил хэргийн харилцаанаас үүссэн шаардлагыг гэрээнд заасан хугацааны дотор харилцан тооцоо нийлэх замаар хаахаар тохиролцох бөгөөд тооцоо нийлэх хүртэл шаардлага гаргахгүй байх үүрэг хүлээдэг.  Тооцооны үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд төлөх бөгөөд тооцоог хааснаар тооцооны үлдэгдлийг төлөхийг шаардах эрх үүснэ.

        Шүүх зохигчдын хооронд үүссэн гэрээний харилцааг тодорхойлоогүй, Иргэний хуулийн 186, 466 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2017/01193 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1846 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн 119.710 төгрөгийг Д.Эд захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ