| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06790/И |
| Дугаар | 5227 |
| Огноо | 2016-09-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 5227
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Их эзэн Чингис хааны талбай-3, өөрийн байранд байрлах, РД-2075377, Голомт банкны,
хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 34б байрны 18 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧТ82101104, Амгалан овогт Төмөрбаатарын Энхмаад холбогдох,
зээлийн гэрээний үүрэгт 4 201 612,35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 05 өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 08 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк хариуцагч Т.Энхмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 201 612,35 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Т.Энхмаа Монцамэ-д ажиллаж байхдаа буюу 2014-07.24 өдөр Голомт банктай ЗГ1105100313 дугаартай зээл болон барьцааны гэрээг байгуулан 3 900 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Зээлдэгчид холбогдуулан 2015-09-16 өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн оршин суух хаягийг олж тогтоосон бөгөөд цаашид зээлийг төлөх эх үүсвэр тодорхойгүй байх тул талуудын хооронд 2014-07-24 өдөр байгуулсан ЗГ1105100313 дугаартай зээл болон барьцааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байна.
Иймд Т.Энхмаагаас зээлийн үлдэгдэл 3 122 140,91 төгрөг, үндсэн хүү 1 079 471,44 төгрөг, нийт 4 201 612,35 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Голомт банкнаас 2014-07-24 өдөр 3 900 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, 24 хувийн хүүтэй зээлж авсан. Голомт банкны нэхэмжилсэн 4 201 612,35 төгрөгийг 2016-12-31 өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Т.Энхмаа картын харилцах дансаа барьцаалан 2014-07-24 өдөр нэхэмжлэгчээс 3 900 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлсэн байна.
Зээлийн дээрх гэрээний үүрэгт нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжилсэн 4 818 52626 төгрөгийг хариуцагч Т.Энхмаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 4 201 612,35 төгрөгийг 2016-12-31 өдрийн дотор төлж барагдуулах тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх танилцуулсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 82 176 төгрөгөөс 41088 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 41088 төгрөгийг, хариуцагчаас 41088 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. 2014-07-24 өдөр байгуулсан зээлийн гэрээг цуцалж, уг зээлийн гэрээний үүрэгт 4 201 612,35 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Голомт банкны нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Энхмаа 2016-12-31 өдрийн дотор 4 201 612,35 төгрөгийг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 82 176 төгрөгөөс 41088 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 41088 төгрөгийг, хариуцагчаас 41088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл эхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ