Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 609

 

 

                                                           

 

 

 

 

 

2019         07         31                                    2019/ШЦТ/609

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч М.Энхбаатар,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ширчингийн Баттөмөрт холбогдох эрүүгийн 1911017770781 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 31-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1966 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, охины хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалантын 7-203 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ш Б, /РД...........,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Яллагдагч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                    

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгч Ш.Б нь 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн оройн 21 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 7-203 тоот гэртээ согтуугаар хамтран амьдрагч болох хохирогч Ч.Болорцэцэгийг хардаж, улмаар зурагтаар духанд нь цохиж, зодон эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн даланд шарх, зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр би хотын төвд хүнтэй уулзахаар болж гэрээсээ өдөр 11 цаг өнгөрч байхад гарч яваад орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд манай эхнэр Ч.Болорцэцэг нь хойд айлын Ууганаа, Тунгалаг, Мөнхөө нартай архи ууж байсан. Тэгээд Ууганаа, Мөнхөө нар гэрлүүгээ харилаа гээд яваад өгсөн. Тэгээд би эхнэрээ өмнө нь хамт амьдарч байсан Тунгалагтай хардан миний уур хүрч улмаар эхнэр Ч.Болорцэцэгтэй маргалдан намайг гэрээс хөөгөөд байхаар нь би зурагт аваад шидчихсэн юм. Тэгсэн шидсэн зурагт эхнэрийн толгойг онож, дух нь хагарсан. Би дахин ийм асуудал гаргахгүй, би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэх  /хх-ийн хх-ийн 35-36х/,

Хохирогч Ч.Болорцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр Ш.Баттөмөр хүнтэй уулзана гээд хотын төв рүү явсан. Тэр хойгуур миний хуучин хамтран амьдарч байсан Тунгалагын төрсөн өдөр болж, Тунгалаг нь Ууганаа, Мөнхөө нарын хамтаар манай гэрт ирж, бид нар 0.75 литрийн одоо архины нэрийг санахгүй байна 1 шил архи хувааж уусан. Мөнхөө, Ууганаа манай гэрээс түрүүлж явсан. Манай гэрт Тунгалаг бид хоёрыг байхад оройн 21 цагийн үед гаднаас манай нөхөр Баттөмөр ирж, намайг уусан гэж уурлаж, улмаар Тунгалагтай хардаж гартаа тарсан болгоноо авч шидээд байсан. Тэгээд зурагт авч шидэж толгой цохисон. Намайг Баттөмөр дагуулж эмнэлгээр авч явж үзүүлсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11х/,

Гэрч Я.Тунгалаг мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн : “...Ч.Болорцэцэгийн гэрт нь 16 цагийн үед очиход Ч.Болорцэцэг гэртээ жаахан халамцуу байсан ба надаас архины мөнгө байна уу гэж асуухад нь би өөрийн гар утсыг өгөөд дэлгүүрт тавиад архи авчих гэж хэлсэн. Тэгээд би Ч.Болорцэцэг “Хандгай” нэртэй архи аваад гаднаас Ууганаа, Мөнхөө нарыг дагуулан орж ирээд бид нар гэрийн сүүдэрт Ч.Болорцэцэгийн авсан “Хандгай” нэртэй 0,750 литрийн архийг хувааж уугаад Мөнхөө, Ууганаа нар яваад өгсөн. Би гэрт нь жаахан унтаж байгаад Налайх дүүрэг явна гэж хэлээд тасраад унтаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,

Гэрч Л.Бадам мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 24-ны өглөө 08 цагийн үед хадам дүү Майнцэцэг надруу залгаад би ээжийн гэрт ирсэн байна, ээж тархиа хагалуулсан байна, цус алдаад байна гэж хэлхээр нь би 102-луу залгаж дуудлага өгсөн. Ингээд би хадам ээжийг гэрээс нь аваад Гэмтэл согог судлалын үндэсний төв орж үзүүлж оёо тавиулж, томографийн зураг авахуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дүгээр сарын 24-ний өдрийн №7856 тоот

Ч.Болорцэцэгийн биед духанд шарх, зүүн зовхинд цус хуралт, зүүн даланд шарх, зулгаралт, баруун мөрөнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүул мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 27х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.  

Иймд шүүгдэгч М.Бийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзээд торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 21.5 дугаар зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                                          ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Боржигон овогт Ш Б Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Бат-төмөрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган /  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг 8 /найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                      П.АРИУНБОЛД