| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/03990/И |
| Дугаар | 210/МА2025/00776 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00776
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01856 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** *******-д холбогдох,
орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
62,846,827 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ********, хариуцагчийн өмгөөлөгч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******** *******-той 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй 38,000,000 төгрөгийг зээлж авсан. Мөн барьцааны гэрээ байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн, 19 дүгээр хороо, ******* байр, 11 тоот хаягт байршилтай 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан.
Тус зээлийн гэрээний дагуу нийт 40,701,670 төгрөгийг төлж барагдуулсан тул 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж өгнө үү.
1.2. ******** ******* нь хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Гишүүнчлэлтэй холбоотойгоор 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Гэтэл уг зээлийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр авсан. ******* гишүүддээ үйлчлэх ёстой бөгөөд зээл авахаас өмнө гишүүнээр элссэн байх ёстой. Анхнаасаа хуульд заасан журмыг зөрчиж зээл олгосон учир өөрсдөө тухайн асуудлыг хариуцах ёстой. Төлсөн зээлийн хүүг үндсэн төлбөрөөс хасуулаад, үлдэгдэл төлбөрийг төлөх нь шударга ёсонд нийцнэ.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Нэхэмжлэгч нартай гэрээ байгуулж, зээл олгосон. Зээлийн үүрэг дуусаагүй тул тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримталж зээл олгосон.
Иймд *******, ******* нараас үндсэн зээл 38,000,000 төгрөг, хүү 21,786,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,060,160 төгрөг, нийт 62,846,827 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын Д:********, Ү-******** дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 19-р хороо, *******-р байр, 11 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалбараас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас нийт 18,394,280 төгрөг гаргуулан хариуцагч ******** *******-д олгон, үлдсэн 44,452,547 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нар энэхүү шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Д:********, Ү-******** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 19-р хороо, *******-р байр, 11 тоот, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч ******** *******-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 542,384 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид нийт 320,121 төгрөг гаргуулан хариуцагч ******** *******-д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Хадгаламж зээлийн хоршооны хууль, дүрэм журмынхаа хүрээнд зээлдэгчийн хүсэлтээр гэрээг зээлийн хороогоор хэлэлцэн сунгасан.
Мөн эргэн төлөлтийн хуваарийг үндсэн гэрээнд 5 сарын хугацаатай гаргаж өгсөн боловч хуваарийн дагуу төлөх боломжгүй бүхэлд нь зээлээ төлнө гэсэн хүсэлтийг зээлдэгч нар 2 удаа бичгээр гаргаж өгсөн учир тус хүсэлтийг харгалзан үзэж гэрээг сунгасан.
Анхан шатны шүүхийн 62,846,827 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлоогүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээнд тодорхой тусгагдсан заалтууд тэр дундаа нэмэгдүүлсэн хүүг тооцохгүйгээр шийдвэр гаргасан байгаа нь учир дутагдалтай байна.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүрд зохих дүгнэлт хийгээгүй, хэргийн үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын эрх зүйн байдлыг тодорхойлоогүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул 62,846,827 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх зохих тооцооллыг хийж хэргийг шийдвэрлэсэн ба үндсэн зээл, хүүгийн үлдэгдлийг зөв тооцсон. Зээл эргэн төлөх хуваарийг гэрээний хавсралтаар батлаагүйгээс зээлдэгч нар их хэмжээний үндэслэлгүй хүү төлж хохирсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч ******** *******-нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ******* дугаар байр, 11 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч үндсэн зээл 38,000,000 төгрөг, хүү 21,786,667 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,060,160 төгрөг, нийт 62,846,827 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
2.1. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг дутуу хийсний зэрэгцээ гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгч чадаагүйг давж заалдах шатны шүүх залруулан дүгнэх боломжтой гэж үзэв.
3. 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ******** ******* нь тус хоршооны гишүүн *******, ******* нарт 38,000,000 төгрөгийн зээлийг 5 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр олгожээ.
Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ******* дугаар байр, 11 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, зохих улсын бүртгэл хийгдсэн.
3.1. Нэхэмжлэгч нар нь зээлийг хүлээн авснаас хойш 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 4,364,000 төгрөг, харин 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 25,121,670 төгрөг, нийт 29,485,670 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн болох нь хэрэг авагдсан банкны дансны хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, мөнгөн шилжүүлгийн хуулга зэргээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас төлсөн зээлийн эргэн төлөлтийн хэмжээг 27,101,670 төгрөг гэж дутуу тооцсон байгааг ийнхүү залруулав.
3.2. Эдгээр үйл баримт хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд тогтоогдсон болно.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.
Нэхэмжлэгч нар гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан боловч хэрэгт авагдсан баримтаар хоршооны гишүүнээр элссэн, хариуцагч нь Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрт зээл олгосон болох нь тогтоогдсон.
4.1. Харин анхан шатны шүүх талууд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар харилцан тохиролцсон байхад эргэн төлөлтийн хуваарь батлагдаагүй үндэслэлээр хүүг Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын дагуу тооцсон, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү тооцоогүй байгааг залруулж дүгнэнэ.
4.2. Зээлийн гэрээг байгуулахад сар бүр 4 хувийн хүү тооцох, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох тохиролцоог талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу байгуулсан.
Энэ тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлан авч үзвэл сар бүр хүү төлөх үүргийг нэхэмжлэгч нар хүлээсэн.
Иймээс ******** ******* нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлүүлэхээр шаардах эрхтэй.
4.3. Нэхэмжлэгч нарын зээлийг хүлээн авснаас хойш 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 4,364,000 төгрөгийг гэрээний 1.3, 1.5-д зааснаар хүү, үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү,
2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 25,121,670 төгрөгийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тус тус тооцоход сөрөг нэхэмжлэл гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 12,463,321.98 төгрөг, хүү 24,803,351.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,060,160 төгрөг болж байна.
Иймд *******, ******* нараас 40,326,833 төгрөг гаргуулж ******** *******-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,519,994 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцэж байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
5. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ******* дугаар байр, 11 тоот хаягт байрлах 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээ нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэж шүүх зөв дүгнэсэн.
Барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч нарын гаргасан орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д нийцжээ. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхэд баримтлах уг хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг зөвтгөж өөрчлөлт оруулна.
5.1. Өмнө дурдсанчлан барьцаагаар хангагдах үүрэг дуусгавар болоогүй, хариуцагч нь дээрх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсан тул анхан шатны шүүх Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, ******* дугаар байр, 11 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.
5.2. Эдгээр шийдэлд зохигч гомдол гаргаагүй учир хэвээр үлдээнэ.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн зарим алдаатай эрх зүйн дүгнэлтийг залруулж, сөрөг нэхэмжлэлийг хангасан хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/01856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 165 дугаар зүйлийн 165.1 гэснийг 160 дугаар зүйлийн 160.1.1 гэж өөрчилж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нараас 40,326,833 төгрөг гаргуулж хариуцагч ******** *******-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 22,519,994 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
4 дэх заалтад 320,121 гэснийг 359,584 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,213 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Т.БАДРАХ