| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06569/И |
| Дугаар | 5238 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 5238
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 16-р хороолол, Саруул тэнгэр хотхон 45-р байрны 25 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ВЮ73111209, Боржигон овогт Загалын Цэрэнмаагийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 26-7 байр, 21 тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЮ64061008, Боржигон овогт Намдагийн Авирмэдэд холбогдох,
20 400 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Данзандорж, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 15 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 400 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Н.Авирмэдэд 2014-10-06 өдөр 15 000 000 төгрөгийг зээлүүлсэн боловч төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсан тул 2015-01-06 өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан.
Түүнд 15 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Сүүлийн гэрээнд Н.Авирмэдийн төрсөн охин н.Мөнх-Өлзий хамтран зээлдэгчээр оролцсон.
Н.Авирмэд 8 400 000 төгрөгийг төлсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алданги тооцоход Н.Авирмэдийн төлөх үүрэг үндсэн зээл 15.000.000 төгрөг, зээлийн хүү 5 400 000 төгрөг, нийт 20 400 000 төгрөг болсон.
Иймд Н.Авирмэд, н.Мөнх-Өлзий нараас 20 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Н.Авирмэд нь З.Цэрэнмаагаас 2015-01-06 өдөр зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг сард 4 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгчийн хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадаагүй нь үнэн бөгөөд өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгчид 9 удаагийн төлөлтөөр 8 400 000 төгрөгийг үндсэн зээл, зээлийн хүүд төлсөн.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээг өөрийн санаачлагаар хүчингүй болсонд тооцох цуцлах эрхтэй гэж заасны дагуу зээлдэгч зээлийн гэрээг цуцалсан талаар мэдэгдэж байсан. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачлагаар 2015 оны 04 дүгээр сард цуцалсан байтал зээлдүүлэгч зээлийн гэрээнээс үүдэлтэй шаардах эрхээ 2016-08-12 өдөр хэрэгжүүлж улмаар 20 400 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигч 2016-09-29 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5 400 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, хариуцагч 15 000 000 төгрөгийг 2017-01-01 өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар А.Мөнх-Өлзийг оролцуулахаас татгалзсан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүгчийн 2016-09-15 өдрийн 23700 захирамжаар хангасан болно.
Зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүүд 5 400 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, хариуцагч 15 000 000 төгрөгийг 2017-01-01 өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож гэрээ байгуулсан байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 5 400 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс татгалзаж, хариуцагч Н.Авирмэд 15 000 000 төгрөгийг 2017-01-01 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 259 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 129 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Авирмэдээс 20 400 000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5 400 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс нэхэмжлэгч татгалзаж, хариуцагч Н.Авирмэд 15 000 000 төгрөгийг 2017-01-01 өдрийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 259 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 129 975 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ