Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2025/00691

 

 

 

 *******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01509 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,579,662 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

******* нь *******-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан. ******* чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлтийн ажилд ажиллахдаа далангийн дүүргэлт, ухмал хөрс хуулалтын ажлыг гүйцэтгэсэн. 2019 оны 08 дугаар сарын сүүлээр 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 1 сар гаруй хугацаанд хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд *******-аас ******* руу цахим шуудангаар ******* гэх хуульч мэйлээр гэрээний төслийг илгээж тухайн гэрээний төсөл цахим шууданд хавсаргасан байсан. Гэрээний төсөл дээр ухмал дүүргэлтийн ажлын 1 куб метрийн үнэлгээг 3.24 доллароор тохироод энэ саналыг хүлээн зөвшөөрөөд ажлаа хийж эхэлсэн. Гүйцэтгэсэн ажлыг *******-ийн энэ газар дээрх хэмжилт, зураглалын ажлыг *******-ийн инженер ******* гэдэг хүнд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн ажлын гүйцэтгэлийн хувьд 671 м.куб угсармалын ажил 16,848.3 м.куб далангийн дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Эдгээр ажлын хөлс нь нийт 176,325,390 төгрөг болж байгаа. Тухайн ажлын хөлснөөс ажил үүрэг гүйцэтгэх хугацаанд *******-аас авсан 22,624 литр түлшний үнэлгээг хасаж тооцсон. Хасаж тооцохдоо литр тутмыг 2022 төгрөгөөр тооцсон. Захиалагчийн зүгээс тухайн ажил үүргийг гүйцэтгэх хугацааны түлшийг хариуцахаар өөрсдөө санал гаргасан. Ажлын хөлсний үлдэгдэл энэ авсан түлшний үнэлгээ болох 48,745,728 төгрөгийг нийт ажлын хөлснөөс хасаж тооцоход төлөгдөөгүй ажлын хөлс өнөөдрийн байдлаар 130,579,662 төгрөг байгаа, энэ ажлын хөлсийг төлж барагдуулах талаар *******-д удаа дараа амаар болон бичгээр, биечлэн уулзах замаар шаардлага тавьдаг. Хүлээж авч хариу өгөхдөө Ковид 19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад бид захиалагч компаниасаа ажлын хөлс авч чадаагүй байна. Ийм учраас энэ нөхцөл байдлыг ойлгооч ээ, хүлээгээч ээ гээд ажлын хөлс төлөхгүй гэж бол огт хэлэхгүй ажлын хөлс дээрээ алданги төлөх боломжгүй гээд байгаа. 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******-ийн оффис дээр очиж уулзаж шаардлага тавиад ажлын 3 хоногийн нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч төлж барагдуулаагүй. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа амаар болон үйлдлээр байгуулагдсан үндэслэлтэй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний зүгээс тухайн замын ажлыг гүйцэтгэхдээ маш олон байгууллага туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллах хэлбэрээр ажиллаж байсан. Компаниас ажлын хөлс үлдэгдэл 130,579,662 төгрөгөө төлөөч гэдэг шаардлага бол ирсэн. Үүний дагуу холбогдох баримтуудыг хянаж үзэхэд *******-тай гэрээ байгуулж байсан ямар нэгэн баримт байхгүй, мөн харилцагчийн түүх үүсэж байгаагүй. *******-ийн зүгээс баримт гаргаж өгдөггүй. Үнэхээр ажилласан бол бид төлбөрийг төлөхөд татгалзах зүйл байхгүй, гэтэл мөнгө гаргахад тодорхой хэмжээний хийсэн ажлыг хүлээж авсан байх ёстой мөн ажлыг хийлгэх баримт бичиг бол байдаггүй. Шүүх үзлэг хийсний дараа компаниас тодруулахад ******* гэдэг мэйл хаягаас гэрээний драфт явчихсан байсан. Тухайн үед энэ мэйлийг хэн ашиглаж байсан нь тодорхойгүй ийм нөхцөл байдлууд бол үүссэн. Ажлыг *******-ийн ******* гэдэг хүнд хүлээлгэн өгөхдөө танай инженерт хүлээлгэн өгчихсөн гэдэг байдлаар тайлбарлаад байдаг. *******-ийн 2019 оны санхүүгийн баримтуудыг шүүгээд үзэхээр ерөөсөө ******* гэдэг хүн ажилладаггүй болох нь тогтоогдоод, ажлаа бүрэн гүйцэд хийгээгүй, хэсэг хугацаанд энэ замын хяналт хийж байгаад дундаасаа гараад явчихсан. Үүнтэй холбоотой баримтуудыг үзэхээр 70,000,000 төгрөгийн гэрээ байгуулаад 15,000,000 төгрөгийн ажил хийсэн 15,000,000 төгрөгийн санхүүжилт аваад бид нарын харилцаа дуусгавар болчихсон байдаг. Алданги төлөхгүй шүү гэдгээ гаргуулахдаа албан бичгүүд гүйцэтгэх компанид хүргүүлж байсан. Тухайн үед маш олон төслүүд дээр зэрэг үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд хамтран ажиллагч м юм байна гэдэг агуулгаар хариу мэдээлэл өгч байсан байдаг. Тухайн үед ам.доллараар хийсэн төлбөр байхгүй дандаа төгрөгөөр хийсэн гэрээ байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-аас 130,579,662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 810,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 810,848 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ үнэлсэн нотлох баримт болох *******-ийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн *******-д хүргүүлсэн 22/05 дугаар албан бичиг нь хариуцагч талд огт ирж байгаагүй баримт бөгөөд *******-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүхэд ирүүлсэн 23/01 тоот албан бичгээр талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, нэхэмжлэгчийн тооцоолсон дүнгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй болно.

******* нь замын хяналт хэмжилт хийх л үүрэгтэй гэрээ байгуулсан бөгөөд бусдын ажлыг хүлээн авах, ажил хүлээлцэх акт үйлдэх эрхгүй болно.

Далан дүүргэлтийн ажил нь олон үе давхарлаж үе тус бүрдээ нягтлуулан ажиллагаа явагддаг, уг ажилд хэрэглэсэн материалын шинжилгээ, өдөр тутам хийсэн ажлын акт, нягтын хэмжээ зэрэг маш олон бичиг баримтын үйлддэг юм.

Өөрөөр хэлбэл, туслан гүйцэтгэгч нар нь өдөр тутмын хийсэн ажлын тайлан, хэрэглэсэн материалын шинжилгээний дээж, аль үе давхаргад ямар материалаар хэдий хэмжээний нягттайгаар ажил гүйцэтгэсэн талаар баримт үйлдэж түүнийг захиалагчид хүлээлгэн өгдөг.

Гэтэл нэхэмжлэгчээс шүүхэд өдөр тутам хийсэн ажлын акт гаргаж өгөөгүй байхад түүнийг 130,579,662 төгрөгийн үнэ бүхий ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд хүргүүлж байсан албан бичигт ажлын анхан шатны баримт, тооцоо нийлсэн акт дутуу байгаа учир санхүүжилт олгох боломжгүй, эдгээр баримтуудыг санхүүгийн албанд ирүүлж тооцоо нийлэх талаар дурдаж байсан болно. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн нягтлан бодогч ******* гэх гарын үсэг бүхий баримтаар м.кубын үнэлгээ болон төлөх төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжгүй, мөн Налайхын 20,9 км замын төслийн далан дүүргэлт, ухмал, хөрс хуулалтын хүснэгт гэх *******-ийн инженер *******, *******-ийн инженер гэх гарын үсэг бүхий баримтаар нэхэмжлэгчийг 16848,30 далангийн эзлэхүүн, 671 ухмалын эзлэхүүний ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.

Учир нь, энэхүү хүснэгтэд дурдсан тоо хэмжээний үзүүлэлтүүд нь захиалагч талаас баталсан 2+800-гаас 3+060 хооронд хийгдэх ажлын хэмжээ бөгөөд нэхэмжлэгч нь нэг cap гаруйн хугацаанд хавтаст хэрэг авагдсан ажиллах хүч, техник хэрэгслээр 16848,30 м.куб далан дүүргэлт, 671 м.куб ухмалын ажлыг хийж гүйцэтгэх ямар ч боломжгүй юм. Хэрэв нэхэмжлэгч тал нь ийм хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн бол бид өдөр тутмын ажлын акт, материалын шинжилгээний сорьцын дээж, ажил хүлээлцэх актыг үйлдэж захиалагчдын хяналтаар зургийн дагуу болон стандартын дагуу хийгдсэн эсэхийг баталгаажуулж, захиалагч талд хүлээлгэн өгсөн баримт үйлдэгдэх ёстой юм.

И-мэйл хаягт үзлэг хийсэн гэрээний драфтыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн цаг хугацаанд хэн ашиглаж байсан нь тодорхойгүй, хариуцагчийн албан ёсны хаяг биш огт хэрэглэж байгаагүй ******* гэх хаягаас гэрээний драфт илгээсэн баримт хэрэгт авагдсан. Энэхүү гэрээний 1.2-т ..хийгдэх ажлын тоо хэмжээ 73,000 м.куб байх бөгөөд 2+740-өөс 3+300 байршилд дүүргэлт хийхээр... тохиролцсон мэт харагдаж байна.

Шүүхээс талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж байгаа бол түүний ажил гүйцэтгэсэн байршил гэрээгээр тохирсон байршил зөрүүтэй байгаа нөхцөл байдлыг анхаар ч үзээгүй, мөн тус гэрээний 7.7 гэх зүйлд талууд ажлын гүйцэтгэлийг хүлээн авахдаа өдөр тутмын ажлын баталгаажилттай тухайн сарын эцсийн ажлын гүйцэтгэлийг тулгаж хянахын зэрэгцээ хүлээлцсэн акт баримт үйлдэн хүлээн авна, ...Захиалагч тал нь Ерөнхий гүйцэтгэгчид ажлын гүйцэтгэлийн хүлээлгэн өгч Ерөнхий гүйцэтгэгч түүнийг хүлээн авч үнэлж, шалган баталгаажуулснаар ажлын хөлсийг гүйцэтгэгчид олгох нөхцөл бүрдэнэ... гэх заалтад тусгагдсан өдөр тутмын ажлын баталгаажилт гэх баримтыг хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн хийсэн ажлын хэмжээ болоод үнэлгээг нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулахаар Ерөнхий захиалагчид захирамж хүргүүлсэн боловч баримт ирээгүй байдаг. Ерөнхий захиалагч болон захиалагчийн хяналтын хэрэгжүүлсэн хуулийн этгээд, үндэсний төв архивд манай хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ, аль байршил түвшинд ямар туслан гүйцэтгэгч ямар материалаар ажил хийж гүйцэтгэсэн талаарх өдөр тутмын ажил баримт, ажил хүлээлцэх акт эх хувиар хадгалагдаж байгаа болно. Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хавтаст хэрэгт авагдсан талуудын хүсэл зоригийнх нь дагуу үйлдсэн албан бичиг, бусад баримтуудыг анхан шатны шүүх үнэлж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй. Нотлох баримтыг үнэн зөв оновчтой тайлбарласан. Цахим шуудангаар илгээгдсэн гэрээний төслийн хувьд гэрээний төсөл дэх агуулга, зохицуулалт, нөхцөлүүд нь өөрөө хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн бусад туслан гүйцэтгэгч компаниудтай байгуулсан гэрээтэй ямар ч зөрүүгүй байдаг.

Үзлэг хийсэн гэрээний төслийг ******* нь ашигладаг гэрээ төсөл болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэг хийсэн гэрээ нь цахим баримтад хамаарна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн. Тухайн гэрээний хувьд хэлбэрийн шаардлага тавигдахгүй. Өөрсдийнх нь дотоод үйл ажиллагаанаас шалтгаалаад гэрээ албажиж баталгаажуулаагүйд одоо нэхэмжлэгч компани нь гэрээний харилцаа үүссэн гэж ойлгоод 170,000,000 төгрөгийн хэмжээний ажлыг гүйцэтгээд тухайн гүйцэтгэсэн ажлыг төлөөлсөн компанид хүлээлгэж өгснийг нэхэмжлэгч компанийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс ПК2+800-аас ПК3+060 цэгт далангийн дүүргэлт, ухмал хөрс хуулалтын ажлыг өөр компани эсвэл өөрсдөө хийж гүйцэтгэсэн гэсэн ямар ч татгалзал байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс бүх баримтаа гаргаж өгч, гэрчийн мэдүүлгээр давхар нотлуулсан. Хариуцагчийн зүгээс үүнтэй холбоотой ямар ч нотлох баримт гаргаж өгдөггүй. Өнөөдрийн хуралд оролцож байгаа хүмүүс гэрчээр оролцох боломжтой байсан. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 130,579,662 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

 

3.1. Хариуцагч ******* нь -тай хийсэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ******* чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал байсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт гэрээ, түүнд холбогдох бусад баримтуудаар тогтоогдсон байна./1хх141-157, 216-219/

 

3.2. Нэхэмжлэгч ******* нь ******* чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлтийн ажилд хариуцагч *******-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, 2019 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын 07-ныг хүртэл хугацаанд, 671 м.куб ухмал, 16,848.3 м.куб далангийн дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан талуудын харилцсан албан бичгүүд, ажил хүлээн авсан тухай баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрээний төсөл зэргээр нотлогдсон байна./1хх6, 7-25, 204-211/

 

а. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д хүргүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 20/72 дугаар албан бичигтээ: Налайхын 20.9 км замын өргөтгөл шинэчлэлтийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан билээ. Уг ажлын гүйцэтгэлийн тоо хэмжээг хоёр талын инженерүүд хэмжилт хийн баталгаажуулсан. Нийт гүйцэтгэсэн ажлын дүн 176,325,390 төгрөг болсон бөгөөд манай компанийн авч хэрэглэсэн нэг литр тутам нь 2,022 төгрөгийн үнэтэй 22,624 литр түлшийг гүйцэтгэлээс суутган, үлдэгдэл төлбөр 130,579,662 төгрөг болсон. Иймд уг үлдэгдэл төлбөрийг манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 419020121 тоот дансанд шилжүүлж өгнө үү гэжээ./1хх16/

 

б. Хариуцагч ******* нь дээрх 20/72 дугаар албан бичгийн хариу хүргүүлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2/84 дугаар албан бичигтээ: Тухайн төслийг ажлыг бүрэн гүйцэтгэж дуусган захиалагч тал болох *******-д гэрээний хугацаанд хүлээлгэн өгсөн. Гэвч олон улс оронд дэгдээд байгаа Ковид-19 вирусийн нөхцөл байдлаас үүдэн ерөнхий гүйцэтгэгч нь төслийн санхүүгийн тооцоог бүрэн тулаагүй, манай үлдэгдэл санхүүжилтийг одоог хүртэл олгоогүй байгаа юм. Бид танай компанийн ирүүлсэн гүйцэтгэлийн тоо хэмжээг нягталж, тулгалт хийж баталгаажуулах ба Төслийн ерөнхий гүйцэтгэгч *******-аас эцсийн байдлаар тооцоо нийлж, гүйцэтгэлийн төлбөрийг манайд шилжүүлэх хүртэл бид танай компанийн үлдэгдэл санхүүжилтийг төлөх боломжгүй байна гэжээ./1хх17/

 

в. Нэхэмжлэгч талаас, хариуцагчид 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 21/04 дугаар шаардлага хүргүүлэх тухай албан бичигтээ: манай компани 2019 оны 8-9 сард танай компанийн гүйцэтгэсэн чиглэлийн 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажилд туслан гүйцэтгэгчээр ажилласан. Энэ ажлыг гүйцэтгэж, танай талд тоо хэмжээгээр хүлээлгэн өгснөөс хойш 1 жил 5 сар болоод байна. Манай компанийн гүйцэтгэсэн ажлын дүн 176,325,390 төгрөг болсон бөгөөд манай компанийн авч хэрэглэсэн нэг литр тутам нь 2022 төгрөгийн үнэтэй 22,624 литр түлшийг гүйцэтгэлээс суутган, үлдэгдэл төлбөр 130,579,662 төгрөг болсон. Манай талаас нэг салбарт ажилладаг компани учраас хүлээцтэйгээр хандсан ба танайх руу удаа дараа албан бичиг хүргүүлж утсаар ярьсан боловч хариу өгөхгүй, шийдвэрлэж өгөх ажил хийгээгүй. Иймд уг ажлын дүн 130,579,662 төгрөг, алданги 65,289,831 төгрөг, нийт 195,869,493 төгрөгийг яаралтай шийдвэрлэж өгөхийг шаардаж байна гэжээ./1хх19/

 

г. Дээрх албан бичгийн дагуу хариуцагч талаас 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/23 дугаар албан бичгээр хариу өгөхдөө: Улиастайн гүүрээс ын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажилд манай компани нь 0-5 дахь км-ийн гүйцэтгэгчээр ажиллахдаа танай компанитай хамтран ажилласан. Уг төслийн гэрээний ажлыг гэрээний хугацаанд бүрэн гүйцэтгэж дуусган ерөнхий гүйцэтгэгч *******-д хүлээлгэн өгсөн. Гэвч ковидын нөхцөл байдлаас болоод ерөнхий гүйцэтгэгчтэй тооцоог бүрэн тулаагүй байгаа ба 2019 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл манай компанид гүйцэтгэлийн төлбөр олгоогүй байна. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан ерөнхий гүйцэтгэгчээс манай компанид алданги төлөх боломжгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байгаа тул бид танай компанид алданги төлөх боломжгүй байна гэжээ./1хх20/

 

3.3. Түүнчлэн, ******* нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20/114, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21/13, 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 22/16, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 22/41 дугаар албан бичгүүдээр *******-аас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, хүсэлтүүдийг хүргүүлж байсан баримтууд хэрэгт авагджээ./1хх 18, 21, 22-23, 24/

3.4. Мөн, хариуцагч *******-аас *******-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ-гээр ******* нь Улаанбаатар Налайх чиглэлийн авто замын талбайд замын хяналт, хэмжилт, зураглалын ажлыг зохих ёсоор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч тохиролцсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцжээ./1хх149-157/

 

Мөн, хариуцагч *******-д хүргүүлсэн ын уулзвар хүртэлх 20.9 км автозамын геодезийн хэмжилтийг хийхээр гэрээ байгуулан, ажлыг хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын ПК2+800-аас ПК3+60 хүртэлх хэсгийн ухмал, далангийн дүүргэлтийн ажлыг ******* хийж гүйцэтгэсэн бөгөөд хийсэн ажлын тоо хэмжээг хавсралтаар хүргүүлж байна гэсэн *******-аас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/05 дугаар албан бичиг хэрэгт авагджээ./1хх25/

 

3.5. *******ын замын 20.9 км замын төслийн ПК2+800-аас ПК3+60 хүртэлх хэсгийн далангийн дүүргэлт, ухмал, хөрс хуулалтын хүснэгт гэх баримтаар: 671 м.куб ухмалын ажил, 16848,3 м.куб далангийн дүүргэлт хийсэн ажлыг *******-ийн инженер ******* хүлээн авч, *******-ийн инженер гэж талууд гарын үсгээ зурж баталгаажуулжээ./1хх7-15/

 

3.6. *******-ийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 23/01 дугаартай албан бичигт: манай компани нь улирлын шинж чанартай ажил үйлчилгээ үзүүлдэг бөгөөд *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байгаа ба өдөр тутмын үйл ажиллагаанд тохируулан аман байдлаар тохиролцон ажиллуулж байсан гэжээ./1хх59/

 

3.7. Анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр , гэх мэйл хаягаас хоорондоо харилцсан захидалд үзлэг хийсэн байх бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хаягаас *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг хаягт илгээсэн, хаягаас хаягт 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээний төслийг илгээсэн баримтууд хэрэгт авагдсан байна./1хх204-211/

 

4. Дээр дурдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5. Нэхэмжлэгч нь, ын уулзвар хүртэлх автозамын ПК2+800-аас ПК3+60 хүртэлх хэсгийн ухмал, далангийн дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Тодруулбал, хариуцагч талаас гэрээний төслийг нэхэмжлэгч талд илгээж байсан болох нь мөн шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч талаас мэйл илгээсэн хаягийг хэн эзэмшиж байсан нь тодорхойгүй, хариуцагчийн албан ёсны хаяг биш гэх гомдлыг хангахгүй. Учир нь, гэрээний төсөлд талуудын хэн аль нь гарын үсэг зур баталгаажуулаагүй боловч талууд гэрээ байгуулах хүсэл зоригоо харилцан илэрхийлсэн байна.

 

5.1. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас хийж гүйцэтгэсэн ажлын тоо, хэмжээнд тохирох ажлын хөлсийг авах талаар хүргүүлж байсан дээр дурдсан албан бичгүүдэд хариуцагч талаас нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж, уг ажлыг гэрээний хугацаанд бүрэн хийж гүйцэтгэн дуусгаж, ерөнхий гүйцэтгэгч *******-д хүлээлгэн өгсөн талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, ковидын нөхцөл байдлын улмаас ажлын хөлсийг өгөх боломжгүй байгаа талаар мэдэгдэж байсан болох нь тогтоогдож байна.

 

5.2. Мөн, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг *******-ийн ажилтан ******* хүлээн авсан тухай баримтыг ******* хариуцагч талын ажилтан биш, ажлын гүйцэтгэлийг хүлээн авах эрхийг олгоогүй гэж маргаж байх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй байна.

 

5.3. Хариуцагч талаас, нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар *******-аас нотлох баримт гаргуулахаар захирамж хүргүүлсэн боловч уг баримтууд ирээгүй, уг баримтууд нь төслийг хэрэгжүүлсэн хуулийн этгээд болон үндэсний төв архивт хадгалагдаж байгаа гэх гомдлыг хангахгүй. Учир нь, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчим дээр явагддаг бөгөөд талууд нэхэмжлэлийн болон татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх боломжгүй бол шүүхийн журмаар гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл, хариуцагч нь *******-тай гэрээ байгуулсан нэг тал байх бөгөөд уг гэрээ, түүнд холбогдох баримтыг өөрөө гаргаж өгөх боломжтой бөгөөд боломжгүй бол энэ тухай хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй.

 

6.1. Нэхэмжлэгч талаас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр *******-аас хариуцагчтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон далангийн дүүргэлт, ухмал, хөрс хуулалтын ажлын тайлан, тооцоо нийлсэн актуудыг гаргуулах тухай хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамж гарсан байх бөгөөд *******-ийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/046 тоот албан бичгээр гэрээний нөгөө тал *******-аас эдгээр баримтуудыг авна уу гэсэн агуулгатай хариуг ирүүлсэн байна. /1хх59/

 

6.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар хариуцагчийн *******-тай байгуулсан 2019 оны 04 сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ, уг гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг захиалагч *******-д хүлээлгэн өгсөн тухай баримтыг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй байна гэсэн үндэслэлээр 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 20 хүртэл хойшлуулж, уг баримтыг хариуцагч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг./1хх126-136, 213-214/

 

6.3. Түүнчлэн, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд талуудын хэн аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар болон нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй байна./2хх73-74/

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/01509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 810,848 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ