Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 713

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол, даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, улсын яллагч П.Бямбасүрэн, шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржин овогт Э.У-т холбогдох эрүүгийн “1909017710543” дугаартай, 185/2019/0686/Э индекстэй хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр шүүн  хэлэлцэв.

                       

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамтаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжны 78 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Э.У

         Холбогдсон хэргийн талаар:

         Шүүгдэгч Э.Унь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 07 цагаас өдрийн 13 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжны 78 тоотод оршин суух хохирогч О.Ундармаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 20000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 860.000 төгрөгний хохирол учруулсан,

-мөн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Билэгтэд найзтайгаа уулчихаад ирье, утсыг чинь буцаж ирээд өгье  хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Ай фоне-6 загварын гар утсыг залилан авч бусдад 344.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:   Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч Э.Ушүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруутай гэмшиж байна.Харамсаж байна гэв.

          Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч О.Ундармаагийн:.. Охин 13 цагийн үед гэртээ ирээд над руу залгаад байшингийн хаалганы цоож эвдэрчихсэн, хулгай орчихсон байж магадгүй, гэхээр нь сейфээ шалгаад үз гэж хэлсэн. Тэгэхэд булан байдаг сейфнээс 6 ширхэг мөнгөн аяга, түрийвчинд байсан 50000 төгрөг байснаас 20000 төгрөгийг нь хулгай авчихсан байсан. Энэ хэрэгт нөхрийн дүү болох Энхсувдын охин Уранчимэгийг хардаж байна. Хулгай орсон байдлыг харахад ул мөрөө баллаж байгаа юм шиг сейф буцаж түгжээд түлхүүрийг нь байранд нь тавьчихсан байсан. Уранчимэг нь манай ам бүлд ордоггүй, манай эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй, мөнгөн аягануудаа Бөмбөгөр худалдааны төвийн урд байх "Сайн" ломбардаас 2 ширхгийг нь, "Мердиан" нэртэй ломбардаас 3 ширхэг мөнгөн аягаа тус тус авсан. нийтдээ 230000 төгрөг дээрээс нь хүү болох 7-8 мянган төгрөг өгсөн, аяганууд бүгд байгаа, өмнө нь 6 ширхэг аяга алга болсон гэж бодож байсан боловч 5 ширхэг аяга алга болсон байна. Аягануудаа барьцаанд байгааг мэдээд шууд очоод авчихсан. Гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 17-18/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Билэгтийн:..найз Нямкатай пиво уусан бөгөөд хоёр охин дуудъя гээд дуудсан. Хоёр охины нэгийг нь Урнаа, нөгөөгийн Амина гэдэг гэж танилцуулсан. Миний түрээслэн амьдарч байгаа байранд очиж хоносон. Маргааш нь Урнаа гэдэг охин нь үлдсэн, манайд орой хүртэл байж байгаад Урнаа гэдэг охин миний утсыг аваад фейсбүүк ороод нэг найзтайгаа уулзаадахъя гэсэн. Би өөрийн саарал өнгийн Ай фоне 6 загварын гар утсыг өгсөн. Тэрнээс хойш миний утсыг байнгын бариад яваад байсан. Дамдинсүрэн найзтайгаа уулзаадахъя гэсэн, бид хоёр цуг явахаар болоод такси бариад 5 дугаар сургуулийн урд талын автобусны буудал дээр таксигаа зогсоогоод Урнаа та хоёр машиндаа хүлээж бай, найзтайгаа уулзчихаад ирье гээд миний утсыг аваад гараад явсан. Урнааг буухад нь утсаа авъя гэсэн чинь утсаар чинь ярьж байгаад найзтайгаа уулзчихаад цуг хүрээд ирье та хоёр эндээ хүлээж бай гээд явсан. 30 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь таксигаа мөнгийг нь өгч явуулаад ойр орчмоор зөндөө хайсан боловч олдоогүй. Эд зүйлийн үнэлгээтэй өөрийн биеэр уншиж танилцлаа, өөрт учирсан хохирлоо нэхэмжилж байна гэх мэдүүлэг.  /хх-н 94-95/,

2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Нямдаваагийн:..би Урнаа руу яриад уулзъя гэж дуудсан.  Билэгтийнд уугаад унтацгаасан. Өглөө нь Билэгтийнд Урнаа, Билэгт, Дамдинсүрэн гурав үлдсэн. Орой 20 цагийн үед Билэгт над руу залгаад Урнаагийн утасны дугаарыг асуугаад яасан гэсэн чинь миний утсыг аваад мурьчихлаа хайгаад явж байна гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хавтаст хх- 100/,

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Дамдинсүрэнгийн:.. Нямкагийн дуудсан хоёр охин болох Уранчимэг, Амина нартай бид тав пиво ууж үүр цайтал суусан, би яваад 18 цаг болж байхад буцаад Билэгтийнд ирсэн. Уранчимэг гэдэг охин нь яваагүй, байж байсан. Бид гурав Билэгтийн гэрээс гараад 5 дугаар сургуулийн автобусны буудал дээр ирсэн. Уранчимэг Билэгтийн гар утсыг барьчихсан найзтайгаа харьцаад яваад байсан. Уранчимэг таксинаас буух гэж байхад нь Билэгт утсаа авъя гэхэд Уранчимэг та хоёр наанаа сууж бай, би утсыг чинь авч найзтайгаа уулзчихаад буцаад найзыгаа аваад ирнэ гээд бууж яваад буцаж ирээгүй тэр чигээрээ алга болчихсон. Бид хоёр тэндээ нэг цаг гаран хүлээгээд 5 дугаар сургуулийг бүтэн тойрч хайсан. Билэгт Ай фоне 6 загварын утастай байсан гэх мэдүүлэг. /хх-н 101/,

 

2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Дөлгөөний:..Э.У95958583 дугаараас 19:37 цагт залгаад юу хийж байна хаагуур байна гэхээр нь 5 дугаар сургуулийн ойролцоо найзындаа байна гэж хэлсэн. Хоёулаа ойрхон байгаа юм байна, уулзах уу би 5 дугаар сургуулийн урд яваад очъё гэхээр нь за тэгвэл ирээд залгаарай гэж хэлсэн. Гараад ир сургуулийн үүдэн дээр байна гэхээр нь гараад очсон чинь Уранчимэг огт байхгүй байсан. Тэгээд утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би худлаа ярьсан юм байна даа гэж бодсон, угаасаа аягүй их худлаа ярьдаг гэх мэдүүлэг. /хх-н 102/,

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Энхсувдын:..миний охин Э.У2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, Уранчимэг гэртээ огт ирэхгүй айз нөхөдтэйгөө гадуур тэнээд явдаг юм шиг байгаа юм, би өдөр болгон охин руугаа залгадаг боловч утсаа огт авдаггүй гэх мэдүүлэг. /хх-н 103/,

2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Тэгшжаргалын:.. Уранчимэгийн төрсөн эцэг нь багад нь нас барчихсан юм байна лээ, ээж нь бол архины хамааралтай болчихсон, хүүхдээ огт тоодоггүй. Уранчимэгийг байнга зоддог байсан болохоор хадам аав, ээж хоёр маань яг өөрийн хүүхэд шиг өсгөж өндийлгөсөн. Ерөнхий боловсролын 58 дугаар сургуулийг 9 дүгээр анги хүртэл суралцаж төгсөөд, 2017 онд "хамаг Монгол" нэртэй мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвд суралцаж тогоочийн мэргэжил эзэмшсэн. Манайд байх хугацаандаа оройн цагаар гадуур гарах гээд байдаг болчихсон байсан. Манай нөхөр гаргахгүй хориглоод байсанд нь жаахан дургүйцсэн уу ирэхээ больчихсон. Уранчимэгийн нийлдэг байж болох хүмүүсээс нь асуухаар буудлаар л яваад байдаг, гэртээ харихгүй юм уу гэхээр гэртээ очиж болохгүй байна гэж ярьдаг гэж хэлж байсан. Ээжээрээ овголдог, ээжтэйгээ ам бүл гэж явдаг гэх мэдүүлэг. /хх-н 29-30/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. хэргийн газрийн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч О.Ундармаагийн мэдүүлэг,хохирогч Г.Билэгтийн мэдүүлэг, гэрч Д.Дамдинсүрэнгийн мэдүүлэг, хөрөнгө үнэлгээ, зуучлалын компаний хөрөнгийн тайлан, Мердиан ХХК барьцаат зээлийн гэрээ, Сайн ломбард барьцаат зээлийн гэрээ зэрэг болно. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Э.Унь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 07 цагаас өдрийн 13 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 20 дугаар гудамжны 78 тоотод оршин суух хохирогч О.Ундармаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч их гарын мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бэлэн 20000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 860.000 төгрөгний хохирол учруулсан,

-мөн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Билэгтэд найзтайгаа уулчихаад ирье, утсыг чинь буцаж ирээд өгье  хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Ай фоне-6 загварын гар утсыг залилан авч бусдад 344.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  О.Ундармаа, Г.Билэгт нарын мэдүүлэг, гэрч Т.Нямдаваа, Д.Дамдинсүрэн, Т.Дөлгөөн, Э.Энхсувд, Т.Тэгшжаргал нарын мэдүүлэг, Дамно хөрөнгө үнэлгээ,  зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээ ,шүүгдэгчийн  шүүх хуралдаанд  хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг  хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан,

 

              -мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

              Иймд Прокуророос шүүгдэгчийн гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсгийг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байх тул гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.

 

           Шүүхээс шүүгдэгч Э.У г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

              Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Уранчимэгийн хувьд улсын яллагч /прокурор/-той гэм буруугийн талаар болон зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруу болон оногдуулах ялын талд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Э.У г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгь зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн, мөн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1.3 дах хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах  буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

 

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, уг хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв. 

 

Хохирогч О.Ундармаад 860 000 төгрөгний эд хөрөнгийг буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Г.Билэгтэд Ай фоне 6 загварын гар утас буюу 344 000 төгрөгний хохирол учруулсан, хохирол төлөгдөөгүй тул шүүгдэгч Э.Уранчимэгээс 344 000 төгрөгийг гаргуулж хохирогчид Г.Билэгтэд олгуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Унь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй.

       Шүүгдэгч Э.У-н цагдан хоригдсон 84 хоногийг эдлэх яланд оруулан тооцох, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн  баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч О.Ундармаа нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн болохыг тус тус дурдаж  шийдвэрлэлээ.

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  хэсэгт зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлж авсан гэмт хэрэгт,  

 

-мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөгийг хуурч залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.У-ийг  1 /нэг/  жилийн хугацаагаар  хорих ялаар,

мөн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг залилсан авсан гэмт хэрэгт шүүгдэгч Э.У-ийг  6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч Э.У-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан 6 /зургаа/ сарын хорих ялаар тогтоож,  нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг  1 /нэг/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.Уранчимэгт оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

5.Шүүгдэгч Э.У-ээс хохирогч О.Ундармаа нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус   дурдсугай.

 

6. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.У-ээс  344.000 / гурван зуун дөчин дөрвөн мянган/  төгрөгийг  гаргуулж  хохирогч Г.Билэгтэд олгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.У-н цагдан хоригдсон 84  /наян дөрөв/ хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай. 

 

8.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  эдлэх ялыг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ