| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 181/2023/02927/И |
| Дугаар | 210/МА2025/00744 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2025/00744
*******-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01900 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
2022 оны 9, 10 дугаар сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 9,621,780 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн өмгөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч, нэг өдөрт 12 цаг ажиллаж байна.
1.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд уртын ээлжээр ажиллах ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа уул уурхай, олборлох салбарын ажлын горимыг тусгайлан зохицуулсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. гэж, энэ зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. гэж, мөн тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. гэж тус тус заасан. Үүнээс үзвэл уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэлийг 12 цагаас илүүгүй байхаар нэг өдөрт ажиллах дээд хугацааг заасан ба ажилтныг 12 цагаар ажиллуулахыг зөвшөөрсөн. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсгийг баримтлан нэг ээлжийн ажлын үргэлжлэх хугацааг 8 цагаар тооцож зөрүү цагийг илүү цагаар бодохыг тодорхойлж, тус хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж өгөхийг тодорхой заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажил, амралтын цагийг хатуу тогтоож өгсөн тул уртын ээлжээр ажиллах ажилтанд нөхөн амруулах зохицуулалтыг хэрэглэх боломжгүй бөгөөд ажилтныг нөхөн амраах боломжгүй тул ажилтанд илүү цагийн хөлсийг тооцож олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасан.
Уртын ээлжээр ажиллах ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхаар хуульчилсан ба 14 хоногийн амралт нь ажилтныг нөхөн амрааж байгаа бус уул уурхай, олборлох салбарт тасралтгүй 14 хоног ажиллаж байгаагийн хувьд хуулиар тогтоож өгсөн амралт юм. Энэхүү хуулиар олгосон амралтын хоногийг хариуцагчийн зүгээс нөхөн амрааж байгаа хоногт тооцож, мөн ердийн ажлын цагийн горимоор ажиллаж байгаа ажилтантай жишин тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд нийцэхгүй юм.
1.3. Хариуцагч нь нэхэмжлэгчийг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дундажаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын илүү цагийн хөлс 3,769,265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 5,852,515 төгрөгөөр нэмэгдүүлэн 2022 оны 9, 10 дугаар сарын илүү цагийн хөлсөнд 9,621,780 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
1.4. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу дараах урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийсэн. Үүнд: 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч байгууллагын хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд, цаашлаад 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тус тус гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн аваагүй тул 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан. Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр болж талууд эвлэрч, харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон.
Нэхэмжлэгч 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 181/Ш32023/08879 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилган 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан.
Иймд 2022 оны 9 дүгээр сард 1 цагийн дундаж цалин хөлс 73,032 төгрөгийг илүү ажилласан 56 цагаар, 1.5 дахин нэмэгдүүлэн тооцоход 6,134,688 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 1 цагийн дундаж цалин хөлс 41,513 төгрөгийг илүү ажилласан 56 цагаар, 1.5 дахин нэмэгдүүлэн тооцоход 3,487,092 төгрөг, нийт 9,621,780 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно., мөн энэ зүйлийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. гэж тус тус заасан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.6-д Хуанлийн жилийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно. гэж заасан нь оффисын ажилтан, ээлжийн ажилтан, эсхүл уртын ээлжийн ажилтан эсэхээс үл хамааран ажилтны сард ажиллах дундаж ажлын цаг 168 цаг байхаар зохицуулсан. Уртын ээлжээр ажиллах ажилтан нь нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх 14 хоногт нийт 168 цаг ажиллаж байгаа нь тухайн сард ажилтныг илүү цагаар ажиллуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.
2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. гэж заасан ба ажилтныг илүү цагаар ажиллуулсан, түүнийг нөхөн амруулаагүй байх тохиолдолд энэхүү зохицуулалт үйлчилнэ. Ажилтны сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдрийн илүү ажилласан гэх 4 цагийн хугацааг нөхөн амраасан хугацаа багтан тооцогдож байгаа тул нэхэмжлэгчийн түүнийг нөхөн амраалгүй 14 хоног 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа гэж үзсэн нь үндэслэлгүй.
Харин ажилтны тухайн сард ажил үүрэг гүйцэтгэсэн ажлын цаг 168 цагаас илүү гарсан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг хариуцагч хуулийн дагуу олгож байгаа болно.
2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй. гэж заасан.
Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн зүгээс илүү цагийн нэмэгдэл хөлсийг тооцож олгоогүйгээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн бол ийнхүү үзсэн буюу эрхээ зөрчигдсөнийг хууль хэрэгжиж эхэлсэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мэдсэн гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх заалтыг зөрчиж Хөдөлмөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 1 жил, 3 сарын дараа хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргасан нь тус хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлснээс гадна нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан асуудлаар хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй. Нэхэмжлэгч нь 3,769,265 төгрөг гаргуулахаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэхгүй.
2.4. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 1472 дугаартай албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулга авахаар хүсэлт гаргасан ба тус яамнаас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 6/3391 дугаартай албан бичгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан хугацааг баримтлан ажиллаж байгаа тохиолдолд нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож ажилтныг амрах 14 хоногт илүү цагаар ажилласан хугацааг нөхөн амарсан гэж үзэж тухайн хугацаанд ажилласан цагийг ердийн цагаар ажилласанд тооцож, цалин хөлсийг зохих журмын дагуу олгоно. гэх хариу өгсөн.
2.5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно. гэж, мөн энэ зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх... гэж тус тус заасантай үл нийцэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааг авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан, мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн адил сард дунджаар 168:504 цаг байна. Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 68 цаг ажиллах нөхцөлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг. Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажиллаж, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүснэ. Энэ тохиолдолд ажил олгогчид ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн амраах үүрэг үүсэх бөгөөд 56 цагийн илүү цаг нь 14+7=21 хоног нөхөж амраах үр дагавартай. Өөрөөр хэлбэл, 6 сар тутамд 105 хоног, жилд 210 хоног амраах үр дагаварт хүргэх бөгөөд байгууллага ажилтангүй, ажилтан цалин хөлсний орлогогүй болохоор байна.
Ажилтныг уртын ээлжээр ажиллуулах нөхцөл нь ажилтан, ажил олгогчийн аль алиных нь хүсэл зоригоос үл хамаарах байдлаар буюу хуулиар тогтоосон хэм хэмжээ бөгөөд үр дагавар нь ажил олгогч ажилтныг цөөн хоногоор ажиллуулах, үүнтэй холбоотойгоор ажилтны цалин хөлс 20-30 хувиар буурахаар байсан. Гэвч хариуцагч нь ажилтнуудынхаа эрх зүйн байдлыг дордуулахгүй, цалин хөлсийг бууруулахгүй байх бодлогыг баримталж ажилтан өмнөхөөс 30 орчим хувиар бага ажиллаж байгаа боловч ажилтны цалин хөлсийг бууруулаагүй, өссөн нөхцөл байдалтай байгаа билээ.
2.6. Нэхэмжлэгч нь хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд ажиллахаар хариуцагчтай 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулан гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа болно.
Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сард 168 цаг, 10 дугаар сард 168 цаг ажилласан бөгөөд ажилласан илүү цагт ногдох цалин хөлсийг авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа болно. Нэхэмжлэгч нь 2022 оны 9 дүгээр сард 14 хоног ажиллаж 16 хоног амарсан, 2022 оны 10 дугаар сард 14 хоног ажиллаж 16 хоног амарсан. Нэхэмжлэгч сард 14 хоног ажилласан боловч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор дунджаар 7-9 сая төгрөгийн цалин авсан байх ба үүн дээр дахин илүү цагийн хөлс гэж 9,621,780 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь хууль тогтоомжид нийцэхгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн хэт ялгавартай нөхцөл байдлыг бий болгох, ажил олгогчид төсөвлөөгүй их хэмжээний цалингийн зардал гарах эрсдэл бий болоход хүргэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгохоор заасан ба дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу 14 хоног нөхөн амарсан болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байгаа буюу нэхэмжлэгчийг нөхөн амраасан тул илүү цагийн нэмэгдэл хөлс тооцон олгох хууль зүйн үндэслэлгүй болно.
Хариуцагчаас нэхэмжлэгчийн илүү цагийн хөлс нэхэмжилсэн хугацааны цагийн бүртгэл, цалингийн мэдээллийг шүүхэд дэлгэрэнгүй гаргаж өгсөн ба эдгээр баримтуудаар нэхэмжлэгчид сар бүр 168 цагаас дээш гарсан цагт илүү цагийн нэмэгдэл хөлсийг дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн олгосон болох нь нотлогддог. Түүнчлэн цалин хөлсийг олгохдоо илүү цагийн хөлсийг 1 дахин нэмэгдүүлж тооцон олгосон тул нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаараа илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлэн тооцож 9,621,780 төгрөг гаргуулахаар нэхэмжилж буй нь үндэслэлгүй буюу хариуцагчаас өмнө олгосон хөлсийг дахин авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих болно.
2.7. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хөдөлмөрийн тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох журмуудыг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр баталж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийтэд ил тод болсон. Эдгээр журмуудын хүрээнд хариуцагчийн ХН-Г1.1:Цалин хөлсний журам батлагдсан ба тус журмын 14.1.2.а-д Ээлжийн болон уртын ээлжээр ажиллах ажилтнуудын нэг сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцно. Ажилтны сард 168 цагаас дээш ажилласан цагт илүү цагийн нэмэгдэл хөлс олгох ба илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгохдоо ажилтны дундаж цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно. гэж заасан. Мөн НR-Е.6.2 Ажлын цагийн тухай журмын 9.2.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг сарын дундаж ажлын цаг 168 цаг байх ба сард 168 цаг дотор ажилласан илүү цагийг ээлжийн хуваарийн дагуу амрах 14 хоногийн хугацаанд нөхөн амруулсанд тооцно. Уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг цалин хөлсний журамд заасны дагуу олгоно. гэж заасан байдаг.
Түүнчлэн хариуцагчаас уртын ээлжийн ажилтнуудын ажлын цагийн зохицуулалт болон цалин хөлсийг хэрхэн тооцох талаарх мэдээллийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 173/НR дугаар албан бичгээр хариуцагчийн Уул уурхайн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно.
Хариуцагчийн зүгээс нийт ажилтнууддаа шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуульд орсон өөрчлөлтүүд болон уртын ээлжийн ажилтны ажлын цаг, цалин хөлсний талаар танилцуулах цахим болон танхимын цуврал уулзалтуудыг зохион байгуулж, холбогдох мэдээллийг нийт ажилтнуудад и-мэйлээр хүргэж байсан ба 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр уртын ээлжийн зохицуулалттай холбоотойгоор мэдээллийг хүргэж байсан болно.
Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 92 дугаар зүйлийн 92.3, 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдуулан илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 9,621,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* -ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх хөөн хэлэлцэх хугацааг буруу дүгнэсэн. Шүүх нэхэмжлэгчийн цалинг cap бүрийн 09, 24-ний өдрөөр тооцон олгож байсан ба нэхэмжлэгч нь илүү цагийн хөлс тооцогдоогүй гэдгийг тухайн сарын cap бүрийн 25-ны өдөр мэдэх боломжтой байсан тул шаардах эрх үүссэнээс хойш 166 хоногийн дараа хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагчид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс төлөх үүргээс татгалзах эрх үүссэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Гэтэл хариуцагч нь цалинг cap бүрийн 10, 25-ны өдөр олгодог ба тухайн сарын урьдчилгаа цалинг 25-нд, үлдэх цалинг дараа сарын 10-нд олгодог. Энэ нь нэхэмжлэгч cap бүрийн 10-ны өдрөөр илүү цагийн цалин хөлсөө шаардах эрх үүсэхээр байхад шүүхээс cap бүрийн 25-ны өдрөөр шаардах эрх үүснэ гэж дүгнэж хөөн хэлэлцэх хугацааг буруу тоолсон.
Мөн нэхэмжлэгч нь анх 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагчийн хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Гомдлын хариуг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр авсан.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж хугацааг тоолно гэж маргадаг боловч талуудын татгалзлын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй.
4.2. Нэхэмжлэлийн шаардлагын тооцооллын тухайд, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. гэж заасны дагуу нэхэмжлэгчид олгогдсон байгаа цалин хөлс нь 112 цагт оногдох үндсэн цалин учир илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгох нь зүйтэй гэж үзэж байна.
2022 оны 9 дүгээр сард 1 цагийн дундаж цалин хөлс 73,032 төгрөгийг илүү ажилласан 56 цагаар, 1.5 дахин нэмэгдүүлэн тооцоход 6,134,688 төгрөг, 2022 оны 10 дугаар сард 1 цагийн дундаж цалин хөлс 41,513 төгрөгийг илүү ажилласан 56 цагтаар, 1.5 дахин нэмэгдүүлэн тооцоход 3,487,092 төгрөг, нийт 9,621,780 төгрөг болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан илүү цагийн хөлс шаардах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 2022 оны 9, 10 дугаар сарын илүү цагийн хөлсийг шаардаж 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр анх хариуцагчийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор гомдлоо гаргах ёстой бөгөөд 166 хоногийн дараа гомдол гаргасныг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Энэ талаар гаргасан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гомдлыг Улсын дээд шүүхэд хэлэлцэхгүй, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Иймд анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан анх гаргасан 2022 оны 9, 10, 11 дүгээр сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 3,769,265 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тодруулж нэмэгдүүлэхдээ 2022 оны 11 дүгээр сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж, 2022 оны 9, 10 дугаар сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсөнд нийт 9,621,780 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. /2хх-81-84, 146-156/
3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйл, хэргийн үйл баримтад зөв дүгнэлт өгсөн боловч хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч нь хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд ажиллахаар талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэж, 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан байх ба гэрээний өөрчлөлт байгуулсан үеэс эхлэн нэхэмжлэгч нь уртын ээлжийн горимоор нэг ээлжид 14 хоног ажиллаж, 14 хоног амарч, нэг өдөрт 12 цаг ажиллаж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /1хх27, 29-34/
5. Талууд 2022 оны 9, 10 дугаар сард ажилласан цаг, олгосон цалин хөлсний хэмжээнд маргаагүй, харин нэхэмжлэгчийн нэг өдөрт ажилласан 12 цагийн 4 цагийг илүү цагаар ажилласан гэж үзэх эсэх, хэрэв нэхэмжлэгч илүү цагаар ажилласан бол нөхөн амруулсан, эсхүл илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгосон эсэх, гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн эсэх асуудал нь маргааны зүйл болжээ. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
6. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд ажилтныг уртын ээлжээр ажиллуулах талаар зохицуулсан бөгөөд тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно. гэж, энэ зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. гэж, мөн энэ зүйлийн 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. гэж тус тус заасан.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт Нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна. гэж, энэ зүйлийн 87.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1-д заасны дагуу нэмж олгоно. гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн нэг өдрийн ажлын үргэлжлэх хугацаа болох 12 цагийг үндсэн ажлын цаг гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10 дугаар сард өдөрт 4 цаг, тус бүр 14 хоногт 56 цаг илүү цагаар ажилласан байна. /1хх50-51/
Уртын ээлжээр ажиллах ажилтан нь нэг ээлжид 14 хоног ажиллаж, 14 хоног амарч байгаа нь тухайн ажилтны гэрээсээ алслагдмал байх нөхцөлөөс улбаатай эрүүл мэнд, гэр бүл, нийгмийн амьдралын үр дагаврыг бодолцсон, нийгмийн харилцааны талаар баримталж буй хууль тогтоогчийн бодлогын шийдэл гэж үзэх учраас нэхэмжлэгчийн сард амрах 14 хоногийн хугацаанд ажил үүрэг гүйцэтгэсэн өдрийн илүү ажилласан 4 цагийн хугацааг нөхөн амраасан гэх хугацааг багтсан гэж үзэхгүй.
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт Илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг нэг аравны тав дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10 дугаар сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг шаардах эрхтэй.
7. Талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан маргаанд хамаарах тул нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах байгууллагад гомдол гаргана.
Харин нэхэмжлэгч нь 2022 оны 9, 10 дугаар сард илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлсийг шаардаж хариуцагч байгууллагын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан үйл баримт хэрэг авагдсан баримтаар тогтоогдсон тул дээрх хугацаанд ажилласан нэмэгдэл хөлсийг шаардах гомдол гаргах хуульд заасан 90 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
8. Шүүх маргааны зүйлд хамаарах хуулийн заалтыг оновчгүй хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгийг тус тус баримталсан өөрчлөлтийг оруулна.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох 9,621,780 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* -ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ЦОГТСАЙХАН