Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 93

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Шүүгдэгч С.М ,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэйс овгийн С.М д холбогдох 1928000890073 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, эмэгтэй, 48 настай, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 3 хүүхэд, зээгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелийн 2-28 а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Бэйс овгийн С.М , регистрийн дугаар КЮ71061081,

Шүүгдэгч С.М  нь 2019 оны 05 дугаар 03-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сум Шивээхүрэн хилийн боомтоор 88-33 БНА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслээр 2 килограмм галт уулын шил 17.2 килограмм хас чулууг нийт 19.2 килограмм хуулиар хориглосон эрдэнийн чулууг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.М  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зав мэдүүлэг өгсөн. Одоо ярих зүйл байхгүй гэв.

Гэрч С.М гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 сарын 03-ны өдөр би 8833 БНА улсын дугаартай фургон маркийн машинаа унаад Шивээхүрэн хилийн боомтоор хятад улс руу гарахаар 10 цаг 40 минутын үед гаалийн хашаа руу орсон. Тэгээд мэргэжлийн хяналт дээр Болороо байцаагчид шалгуулаад цаашаа гааль дээр очиж зогссон. Миний өмнө тав зургаан машин байсан. Тэгээд гаалийн байцаагчид шалгуулсан. Би гаалийн байцаагчид бага хэмжээний чулуу байгаа, хойд заалны баруун тийш харсан суудал дотор жаахан чулуу хийсэн байгаа гэж үнэнээ хэлсэн. Тэгсэн чинь тэр гаалийн байцаагч суудлыг дарж үзээд л тэгээд гаргаад ирсэн. Миний машинаас гарсан чулууг хиллэж үзэхэд 19 килограмм 300 грамм болж байсан. Тэгээд надаас гадаад паспортыг маань аваад гаалийн эрсдэлийн байцаагчид хүлээлгэж өгсөн... : Би уг 8833 БНА улсын дугаартай автомашиныг 2017 онд Э  Ж  хоёроос худалдаж авч байсан. Тухайн үед эзэмшигчийн нэрийг нь сольж чадаагүй. Уг машин анхныхаа эзэн болох Ж.Ө  гэдэг хүний нэр дээр явж байдаг юм байна лээ. Ж.Ө  гэж хүн хаана байдаг ямар хүн болох талаар нь би мэдэхгүй...” гэжээ. /хх-15-16/

Гэрч С.Х  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 сарын 03-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомтын гаалийн хяналтын талбайд улсын хилээр гарах талд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. 10 цаг 30 минутын үед 88-33 БНА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл улсын хилээр гарахаар гаалийн бүртгэлд бүртгүүлээд хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар шалгуулсны дараа гаалийн шалгалтын хэсэгт ирсэн. Тухайн автомашиныг гаалийн үзлэг шалгалт хийхэд зорчигчийн суудлын түшлэгийн арын хэсэг нь овгор товгортой зузаан байсан. Суудлын бүрээсийг нь жолооч С.М гаар сөхүүлж доторх эд зүйлийг нь гаргуулсан. Тэгэхэд 2 хэсэг цагаан өнгийн уутанд хийсэн байгалийн чулуунууд байсан. Өөр бусад эд ангиудыг үзэж шалгахад дахин нуусан эд зүйл гараагүй. Энэхүү 2 ууттай чулууг жинлэж үзэхэд 19,3 килограмм хэмжээтэй байсан. Ийнхүү гаалийн зөрчил илэрсэн тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлсэн... С.М  нь хэрвээ байгалийн чулууг улсын хилээр гаргахаар бол ашигт малтмалын хуульд зааснаар ашигт малтмал олборлох лиценз авч уг лицензийнхээ дагуу экспортод гаргах хуультай. Экспортлохын тулд гаальд урьдчилан мэдүүлж ямар бараа хэчнээн хэмжээгээр гаргах гэж байгааг мэдүүлэх хуультай. Жолооч С.М  нь эдгээр хуульд заасан шаардлагуудыг биелүүлээгүй ба эд зүйлийг гаалийн шалгалтаас нууж улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан...” гэжээ /хх-17-18/,

Гэрч Д.Г ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаал одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Уг тушаал нь 2009.07.30-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга Д.Ц ын баталсан журам батлах тухай тушаал байдаг. Уг тушаал нь 2009.07.17-ны өдрийн гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан тушаал юм. Уг тушаалын утга нь гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулж өгсөн байдаг. Мөн уг тушаалын хавсралтаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт хуудсыг бөглөх ёстой байдаг. Уг хуудсанд Тодорхойлолт авсан аж ахуй нэгж байгууллага, хувь хүний мэдээлэл хаяг регистр утасны дугаар, гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт түүний дугаар, гэрээ протокол, барааны нэр тоо хэмжээ, үнэ, барааны код, хилээр нэвтрүүлж буй зорилго хугацаа, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн төрөл, боомтын нэр хилээр нэвтрүүлэх он сар өдөр, хүлээн авагчийн хаяг гэсэн заалтуудыг тусгаж өгч үнэн зөв бөглөж мэдүүлэх ёстой байдлаар заасан байдаг. Хэрвээ онцлог барааг тусгай зөвшөөрөлгүйгээр, гаальд мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдах юм бол уг асуудал нь харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үндэслэл болно... Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа гэж шинжлэх ухаан, технологийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палентлогийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьцыг онцлог бараа гэж ойлгож болно. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын 2009.07.30-ны өдөр батлагдсан журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалаар уг онцлог барааг гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулсан бичиг баримт байдаг... Гаалийн ерөнхий газрын 2009.07.30-ны өдөр батлагдсан журам; батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалын хавсралт дээр чулууны тухайд Үнэт металл, эрдэнийн чулууны дээж, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металл сорьцын хяналтын газраас тодорхойлолтыг мэдүүлэгч маань авсан байх ёстой гэж заасан байгаа... Холбогдох эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг үндэслэн чулууг улсын хилээр нэвтрүүлдэг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж л ганцхан хилээр чулуу нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай... Чулууг тусгай зөвшөөрлийн үндэслэлээр гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд улсын хилээр нэвтрүүлдэг. Тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид олгодог. Уг тусгай зөвшөөрөл байхгүй тохиолдолд чулууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нь гаальд урьдчилан мэдүүлж чулууг улсын хилээр гаргадаг. Хувь хүн чулууг улсын хилээр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй...” гэжээ. /хх-19-20/,

Гэрч Ц.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 2019 оны 05 сарын 03-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын гарах чиглэлд мэргэжлийн хяналтын байгууллагын тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх цэг дээр үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 10 цаг өнгөрч байхад 8833 БНА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд би үзлэг хийсэн. Уг машиныг С.М  нь унаж орж ирсэн. С.М гийн машинд үзлэг хийхэд дотор ямар нэгэн эд зүйл авч яваагүй хоосон байсан. Би түүнээс ямар ажлаар явж байгааг нь асуухад 2 хилийн хооронд хүн зөөж байгаа гэж хариулж байсан. Уг машин дараагийн хяналт шалгалтын байгууллага буюу гаалийн байгууллагын хяналтын цэг рүү явсан...” гэжээ. /хх-21-22/,

Гэрч Н.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “.Энэ автомашиныг би 2017 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хил дээр энэ С.М д бэлэн мөнгөөр худалдаж зарсан юм... Би энэ машиныг 2017 онд Ж.Ө  гэдэг хүнээс худалдаж аваад удаагүй С.М д зарчихсан юм. Би С.М д Пургон автомашиныг зарахдаа Ж.Ө аас нэрээ шилжүүлээгүй байсан юм. Тэгээд одоог хүртэл Ж.Ө  гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй явдаг юм... Надаас худалдаад авсан юм чинь С.М д энэ машиныг захиран зарцуулах эрх байгаа. би Ж.Ө аас авахдаа шилжүүлэг хийлгээгүй С.М д зарчихсан юм... Тийм гэрээ хийгээгүй, бэлэн мөнгөөр аваад нөхөр Ж  бид хоёр удаагүй С.М д зарчихсан юм...” гэжээ. /хх-23/,

            Гэрч Ж.Ө ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би энэ фургон автомашиныг 2017 онд Э  гэдэг хүнд худалдаж наймаа хийсэн одоо энэ машин хаана ямар хүнд байгаа талаар мэдэхгүй байна. тухайн үед наймаа хийхдээ автомашинаа өөрийнхөө нэрээсээ шилжүүлээгүй зарж борлуулсан юм...” гэжээ. /хх-24-25/,

Шүүгдэгч С.М гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 10 цаг 30 минутын би үед Гурвантэс сумын Шивээхүрэн боомтоор орж урагшаа Хятад улс руу гарах гэж өөрийн эзэмшлийн 88-33 БНА улсын дугаартай пургон автомашинаар орж гаалийн хяналтын талбай дээр очоод зогссон.Тэгээд гаалийн байцаагч ирээд миний машиныг шалгасан тэгэхэд би гаалийн байцаагчид жаахан чулуу байгаа гэж хэлсэн.Тэгтэл гаалийн байцаагч миний машины хойд заалны буруу харсан суудлын ар талд нуусан байсан цагаан өнгийн ууттай чулууг гаргаж ирсэн. Тэгээд гаалийн байцаагч намайг дагуулж яваад гаалийн эрсдэлийн өрөөнд очоод миний машинаас гаргасан чулууг хиллэж үзэхэд 19 кг, 2 грамм болсон. Тэгээд надаас гаалийн байцаагч чулууны талаар мэдүүлэг авсан юм... Улаан хас, Галт уулын шил гэсэн төрлийн чулуунууд байсан. Би эдгээр чулууны нэрийг шинжээчийн дүгнэлттэй танилцаж нэрийг нь мэдсэн авсан юм. Эдгээр чулуунууд улаан, хүрэн өнгөтэй жижиг жижиг хэмжээтэй янз бүрийн хэлбэр дүрстэй чулуунууд байсан... Би 2019 оны 05-р сарын 03-ны өглөө Гурвантэс сумын Поошиг гэдэг газарт байж байгаад өглөө эрт хил гарах гээд Шивээхүрэн боомтон дээр ирээд урагшаа гарах гээд зогсож байхад замын хойд талд нь 2 цагаан ууттай зүйл газар хэвтэж байхаар нь юу юм бол гээд очоод үзсэн чинь ууттай улаан хүрэн өнгийн чулуу байхаар нь урагшаа оруулчихвал мөнгө болох болов уу гээд тэр 2 ууттай чулууг аваад машиныхаа заалны урд талын суудлын араар нь хийж нуугаад дээрээс нь юмаар бүтээгээд тавиад боомтын гааль руу орсон юм... Би тэр 2 цагаан өнгийн ууттай олсон чулууг машиныхаа заалны урд талын урд суудлын араар нь хийж нуугаад дээрээс нь юмаар бүтээгээд тавьсан юм.. Тухайн үед хэдэн кг чулуу байсныг мэдээгүй. Гаалийн байцаагчийг хиллэж үзэхэд нь би 19.2 кг грамм чулуу байна гэдгийг нь мэдсэн юм...” гэжээ. /хх-40-41/

            2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1000094 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд “...Ж. Ж.Ө ын эзэмшлийн 88-33 БНА улсын дугаартай 1998 онд үйлдвэрлэгдсэн 1998-нд Монгол улсад орж ирсэн 2206 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм порматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-05-07 ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3,500,000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гурвантэс сум дахь цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б. Пүрэвдоржийн 2019 оны 5 дугаарын сарын 5-ны өдрийн ирүүлсэн "Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол" болон гэрэл зургаас уг машины зах зээлийн дундаж үнийг 2019 оны 5 дугаар сарын байдлаар тогтоосон болно...” гэжээ. /хх-27-28/,

            2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 492 дугаартай Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн дүгнэлтэд “...Танай байгууллагаас тодорхойлуулахаар ирүүлсэн 2019 оны 05 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор Сумъяа овогтой С.М  нь 8833 БНА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд 19.2 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгөтэй чулуунуудаас төлөөлүүлэн тунгалаг шлиф (0.03 мм зузаантай чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж энэ чулууг хас чулуу болохыг тодорхойлов. Энэ хас төмрийн усан ислээр нэвчиж улаан хүрэн өнгөтэй болсон далд ширхэгт (0.01 мм-с бага) цахиурлаг агрегатаас тогтох бөгөөд 0.05-4.5 мм өргөнтэй хожуу кварцын судлаар зүсэгджээ. Кварцын зарим судалд бага зэргийн карбонат ажиглагдана. Зарим хас нь цагаан өнгөтэй карбонатаар бүрхэгдсэн байна.

Танай байгууллагаас тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна.

            Эд мөрийн баримтаар хураагдсан 19.2 кг жинтэй улаан хүрэн өнгөтэй чулуунуудын ихэнх нь буюу 17.2 кг нь хас чулуу, 2.0 кг нь галт уулын шил байна.

            Хас, галт уулын шил нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн алинд ч хамаарахгүй. -Хас, алт уулын шил нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд, галт уулын шил нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг...” гэжээ. /хх-31-34/

            Шинжээч Д.Эрдэнэдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Ш.Чимгээ гэдэг хүн бол манай технологи туршилт, эрдэс, чулуу судлалын тасгийн дарга мөн хянаж гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулдаг юм.Олон дамжлагатай байдаг юм. Би бол зөвхөн чулууны найрлага, бүтэц чулууны нэрийг тогтоож өгдөг юм... Хас болон галт уулын шил чулуу нь Эрдэнийн чулууны ангилалд хамаардаг ба Хас чулуу нь эрдэнийн чулууны өнгөлгөөний, галт уулын чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд тус тус багтдаг юм. Манай байгууллагын хил бол баталгаатай, чанарын шаардлага хангасан хил байдаг юм. Шинжилгээнд ирж байгаа чулуунууд нь тухайн үед хиллэж авсан хилээс илүү гарах буюу дутах асуудал зөндөө гардаг. Мөн чулуунуудыг бүгдийг уутнаас нь гаргаж асгаж хиллэж үздэг тэгэхэд чулууны шороо, тоос нь унадаг юм.Тийм учраас манай хил бол стандартын шаардлага хангасан хил байгаа юм” гэжээ. /хх-36/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-3/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-9/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал зуучлалын газрын 2019.05.31-ний өдрийн албан бичиг /хх-57/

Монгол банкны 2019.06.11-ний өдрийн албан бичиг /хх-60/,

Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-64/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/,

Эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх-74/,

Гэрлэлтийн лавлагаа /хх-75/,

Баян зүрх дүүргийн 5-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-77/,

Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш мэргэжлийн дипломын хуулбар /хх-78-80/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-81/,

Жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, Гадаад паспортын хуулбар /хх-83-90/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.М д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч С.М гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.М д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.  Шүүгдэгч С.М гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч С.М  нь 2019 оны 05 дугаар 03-ны өдрийн 10 цагийн орчимд Өмнөговь аймаг Гурвантэс сум Шивээхүрэн хилийн боомтоор 88-33 БНА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслээр 2 килограмм галт уулын шил, 17.2 килограмм хас чулуу нийт 19.2 килограмм хуулиар хориглосон эрдэнийн чулууг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж заасан.

Монгол Улсын хил гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг хэлнэ. Уг шугамаас дээш агаарын мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

Улсын хилээр хууль хориглосон бараа / эрднийн чулуу/ нэвтрүүлсэн гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар эсхүл гаалийн үзлэгээс нуун далд, тухайн эд зүйлийн нэр төрөл тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичиг зэрэг аргаар тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.9.“гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргасан үйлдэл эс үйлдэхүй байхаар хуульчилжээ. 

Хуульд “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө хамаарна.

Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.” гэж заажээ.

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 492 дугаартай Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн “...Танай байгууллагаас тодорхойлуулахаар ирүүлсэн 2019 оны 05 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор Сумъяа овогтой С.М  нь 88-33 БНА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд 19.2 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгөтэй чулуунуудаас төлөөлүүлэн тунгалаг шлиф (0.03 мм зузаантай чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж энэ чулууг хас чулуу болохыг тодорхойлов. Энэ хас төмрийн усан ислээр нэвчиж улаан хүрэн өнгөтэй болсон далд ширхэгт (0.01 мм-с бага) цахиурлаг агрегатаас тогтох бөгөөд 0.05-4.5 мм өргөнтэй хожуу кварцын судлаар зүсэгджээ. Кварцын зарим судалд бага зэргийн карбонат ажиглагдана. Зарим хас нь цагаан өнгөтэй карбонатаар бүрхэгдсэн байна. Танай байгууллагаас тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 19.2 кг жинтэй улаан хүрэн өнгөтэй чулуунуудын ихэнх нь буюу 17.2 кг нь хас чулуу, 2.0 кг нь галт уулын шил байна. Хас, галт уулын шил нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн алинд ч хамаарахгүй. Хас, алт уулын шил нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд, галт уулын шил нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг...” гэх дүгнэлтээр /хх-31-34/ шүүгдэгч С.М гийн  Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн чулуу нь хас, галт уулын шил болохыг тогтоосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Энэ хуулийн 46.1-д заасны дагуу бүртгүүлбэл зохих үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, тэдгээрийн сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үнэт металлын сорьц, тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийн бүртгэх журам” батлагдсан байна. Энэ журамд заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд, галт уулын шил нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамрагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно.” гэж эрдэнийн чулууг экспортод гаргахыг хориглосон ба шүүгдэгч С.М  нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эзэмшигч биш байна.

Түүнчлэн шүүгдэгч С.М  нь Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу барааг буюу чулууг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг холбогдох этгээд гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад гаргаж өгсөн үйл баримт тогтоогдоогүй төдийгүй уг чулууг тээврийн хэрэгслийн зорчигчийн суудлын түшлэгийн арын хэсэгт хийж нуун хил нэвтрүүлсэн үйлдлээс үзэхэд шүүгдэгч С.М  нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, мөнгө олох зорилгоор хүсч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М  нь мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Би Шивээхүрэн хилийн боомтын хойд талд замын хажууд 2 ширхэг цагаан шуудайтай юм байхлаар нь үзсэн чинь чулуу байсан. Тэгээд би тэр чулууг авчихсан юм.” /хх-15-16/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан “Машин эвдрээд зогссон зогсоол дээр 2 ширхэг цагаан ууттай юм байсан. Машин газар уруу өнхрөх байх гэж бодоод дугуйн доороо ивэх гээд тэр ууттай юмыг авахад чулуу байсан.” гэх  мэдүүлэг зэргээр шүүгдэгч С.М  нь  Шивээхүрэн хилийн боомтын хойд талын замын хажуу хог дээрээс уг 19.2 киллограмм чулууг олсон болох нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч С.М  нь 1971 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 48 настай, тусгай дунд боловсролтой, цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 3 хүүхэд, зээгийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелийн 2-28 а тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хувийн сууцанд амьдардаг, үл хөдлөх хөрөнгөтэй, В ангилалын жолооч  болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-64/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-65/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-71/, Эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа /хх-74/, Гэрлэлтийн лавлагаа /хх-75/, Баянзүрх дүүргийн 5-р хорооны засаг даргын тодорхойлолт /хх-77/, Цэцэрлэгийн хүмүүжүүлэгч багш мэргэжлийн дипломын хуулбар /хх-78-80/, Жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, Гадаад паспортын хуулбар /хх-83-90/ зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч С.М гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-71/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Харин шүүгдэгч С.М гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

Иймд шүүгдэгч С.М г Хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М д 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.М  нь 1.000.000 төгрөгийн торгох ялыг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр  тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож,  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан Шүүгдэгч С.М гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...Би уг 88-33 БНА улсын дугаартай автомашиныг 2017 онд Э  Ж  хоёроос худалдаж авч байсан. Тухайн үед эзэмшигчийн нэрийг нь сольж чадаагүй. Уг машин анхныхаа эзэн болох Ж.Ө  гэдэг хүний нэр дээр явж байдаг юм байна лээ. Ж.Ө  гэж хүн хаана байдаг ямар хүн болох талаар нь би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Н.Э  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Энэ автомашиныг би 2017 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хил дээр энэ С.М д бэлэн мөнгөөр худалдаж зарсан юм... Би энэ машиныг 2017 онд Ж.Ө  гэдэг хүнээс худалдаж аваад удаагүй С.М д зарчихсан юм. Би С.М д Пургон автомашиныг зарахдаа Ж.Ө аас нэрээ шилжүүлээгүй байсан юм. Тэгээд одоог хүртэл Ж.Ө  гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй явдаг юм... Надаас худалдаад авсан юм чинь С.М д энэ машиныг захиран зарцуулах эрх байгаа. би Ж.Ө аас авахдаа шилжүүлэг хийлгээгүй С.М д зарчихсан юм... Тийм гэрээ хийгээгүй, бэлэн мөнгөөр аваад нөхөр Ж  бид хоёр удаагүй С.М д зарчихсан юм...” гэх мэдүүлэг /хх-23/, гэрч Ж.Ө ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  “...Би энэ фургон автомашиныг 2017 онд Э  гэдэг хүнд худалдаж наймаа хийсэн одоо энэ машин хаана ямар хүнд байгаа талаар мэдэхгүй байна. Тухайн үед наймаа хийхдээ автомашинаа өөрийнхөө нэрээсээ шилжүүлээгүй зарж борлуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-24-25/ зэргээр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь иргэн Ж.Ж.Ө ын нэр дээр бүртгэлтэй боловч шүүгдэгч С.М  2017 онд худалдан авч хууль ёсны эзэмшигч  болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.М  нь гэмт хэрэг үйлдэхдээ 88-33 БНА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж хуулиар хориглосон эрдэнийн чулууг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдэхдээ 88-33 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.М гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох эд мөрийн баримтаар хураагдсан Уаз-2206 маркийн саарал өнгийн 88-33 БНА улсын дугаартай автомашины улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Уаз-2206 маркийн саарал өнгийн 88-33 БНА улсын дугаартай автомашиныг мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож  нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 килограмм галт уулын шил, 17.2 килограмм хас чулуу нийт 19.2 килограмм чулууг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч С.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Шүүгдэгч С.М  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бэйс овгийн С.М г Хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М д 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.М  нь 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М  нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эд мөрийн баримтаар хураагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд байгаа Фургон маркийн саарал өнгийн 88-33 БНА улсын дугаартай автомашиныг улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 19.2 килограмм чулууг зохих төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч С.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ