| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06785/И |
| Дугаар | 5247 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 5247
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Өвөрхангай аймаг, Арвайхээр сум, 5-р баг, 205-16 тоотын оршин суух, эмэгтэй, РД-ЙБ86050341, Буд овогт Тогоохүү овогтой Төмөрдуламын,
хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, Хасбаатар гудамж, 21-р байр, 113 тоотод оршин суух, РД-ДА90020317, эрэгтэй, Боржигон овогт Дашпилжээгийн Арвижихад холбогдох,
гэм хорын төлбөрт 3 075 380 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 8 сарын 31 өдөр хүлээн авч, 2016 оны 09 сарын 07 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Төмөрдулам, хариуцагч Д.Арвижихаас гэм хорын хохиролд 3 075 380 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Би 2014 оны 05 сарын 15 өдөр Төв аймгийн Баянцогт сумын нутаг дэвсгэрт машинтай явж байгаад осолд орсон юм. Тухайн үед Д.Арвижих урсгал сөрж орж ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. Төв аймгийн цагдаагийн газар Д.Арвижихад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-т зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан бөгөөд бид хоорондоо эвлэрлийн гэрээ байгуулан хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Д.Арвижих хөдөлмөрийн чадвар алдсан байх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин 4 200 000 төгрөг, тухайн үеийн зардал болох 1 050 000 төгрөг, нийт 5 250 000 төгрөг бэлнээр өгч байсан. Мөн эмчилгээний зардалд 1 000 000 орчим төгрөг, томографийн зураг 3 удаа авахуулсны төлбөр 300 000 төгрөг зэргийг надад төлсөн.
Осолд орсноос хойш 2 жил болсон ч бүрэн эдгэрэхгүй байгаа учир Өвөрхангай аймаг дахь Чинмэнд болон бүсийн оношилгоо эмчилгээний төв эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн тул эмчилгээний төлбөр болон эм тарианы үнэд 3 075 000 төгрөгийг Д.Арвижихаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч 2016 оны 09 сарын 29 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 575 380 төгрөгөөс татгалзаж, үлдэх 500 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид 2016-09-29 өдөр бэлнээр өгсөн тул талуудын хооронд үүссэн маргаантай асуудал дуусгавар болов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 3 075 380 төгрөгийн 2 575 380 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээсээ татгалзаж, хариуцагч үлдэх 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид бэлнээр төлж, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд хариуцагч 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, нэхэмжлэлээс 2 575 380 төгрөгийг шаардсан хэсгээсээ нэхэмжлэгч татгалзаж, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 64170 төгрөгийн 50 хувь болох 32085 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 32085 төгрөгийг, хариуцагчаас 32085 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гэм хорын төлбөрт 3 075 380 төгрөгийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаас 2 075 380 төгрөгийг нэхэмжилсэн хэсгээс нэхэмжлэгч Т.Төмөрдулам татгалзаж, 500 000 төгрөгийг хариуцагч Д.Аривжих 2016-09-29 өдөр нэхэмжлэгчид төлж, зохигч нэхэмжлэлийн талаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 64170 төгрөгөөс 32085 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 32085 төгрөгийг, хариуцагчаас 32085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ