Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2025/00745

 

*******ын н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02209 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* ХХК-д холбогдох,

Даатгалын гэрээний нөхөн төлбөр 3,497,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн дүү *******ийн эзэмшлийн ******* улсын дугаартай ******* маркийн автомашинаар Архангай аймгийн Цэнхэрийн рашаан орох замд Булган сумын Баянбулаг багийн Улаан хадны даваа өгсөх үед автомашин замын хажуу руу гулгаж, эрэг мөргөснөөс осол гарсан. Тэр өдөр цасан шуургатай, хүйтэн, автомашины урд 2 дугуй нүх рүү орж, тэнхлэг тулж, гарах боломжгүй байсан. Архангай аймгийн Онцгой байдлын газарт ослын дуудлага өгч, аврах баг автомашиныг татан аврах ажиллагаа зохион байгуулсан.

 

1.2. Тухайн үед урд бамперын зүүн урд автомашины хуулга сэвтсэн харагдаж байсан. Ингээд автомашин бүрэн даатгалтай боловч хуулга даатгалгүй байсан тул 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр автомашины урд бамперын хуулгаа солиулахаар ******* -д хандсан. Гэтэл автомашины бамфер чулуу, шорооны мөрөөр жижиг хонхойсон сэвтэй байсан учраас шууд хуулга наах боломжгүй байсан. Ингээд тээврийн хэрэгслийг ******* ХХК-д даатгуулсан учраас даатгалын газарт хандаж, холбогдох материалаа бүрдүүлж өгсөн. Даатгалын мэргэжилтэн осол болсныг нотлох зураг хангалтгүй гэхээр нь Архангай аймгийн Онцгой байдлын газраас албан тоот, хавсралт зураг имэйл хаягаар ирүүлснийг *******-ын мэргэжилтэнд хүргүүлсэн.

1.3. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр******* ХХК-ийн албан бичгээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4, гэрээний 5.10а, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зрүйлийн 8.5.2, 10.1.5-д заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн агуулга бүхий хариу өгсөн. ******* нь уг шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь ******* нь тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 1.3-ийн 1, 3, 8-д заасныг тус тус зөрчсөн. Хариу албан тоотод гэрээний 5.10.а-д даатгагчид нэн даруй мэдэгдээгүй, 8.5.2-т даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэж нэхэмжлэгч нарын нэр төрд үндэслэлгүй халдаж даатгалын гэрээгээр байгуулсан үүргээ биелүүлэхээс хариуцагч тал татгалзсан. Тухайн осол нь Архангай аймгийн эрх бүхий төрийн байгууллагаас гаргасан албан тоот, хавсралт зураг, автомашины гэмтэл зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд хариуцагч ******* -аас автомашинд учирсан хохирол болох 3,497,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ******* дугаар тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгалын баталгаа бичүүлж 1 жилийн хугацаатай байгуулсан.

 

2.2. Даатгалын зүйлд хийсэн даатгагчийн шуурхай албаны менежерийн нөхөн үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн урд буферын хуванцар тор хугарсан, урд буфер болон гишгүүр зурагдсан тухайн эвдрэлүүд хуулганы цаана биш, ил харагдахуйц байсан ба даатгалын тохиолдлын талаар 48 хоногийн дараа мэдэгдсэн тул тухайн ослын улмаас болсон нь нотлогдохгүй байна. Мөн даатгагчийн Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны 17/370 дугаар тодорхойлолтод эвдрэлийн талаар дурдаагүй юм.

2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болсон гэх тохиолдлыг даатгагчид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн нь даатгалын гэрээний үүргээ биелүүлээгүй, тухайн осол болсны дараа даатгуулагч нь даатгагчаас зөвлөгөө авсан гэх боловч энэ талаарх баримт байхгүй, даатгагчид холбогдох баримт гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр даатгагчийн өгсөн ослын дуудлагатаа ... уулнаас гулгаж ороод хамраараа жалга руу орсон гэж дурддаг бөгөөд Замын хөдөлгөөний байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зам гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газрыг. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч зориулалтын замаар зорчоогүй, уулан дээгүүр явж байгаад гулсан орсон үйлдэл нь талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4.17-д заасан гэрээний эрсдэлд хамаарахгүй.

 

2.3. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2, гэрээний 5.10.а, 3-т тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохгүй байх хууль зүйн үндэслэлтэй байх тул дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* -аас даатгалын нөхөн төлбөрт 3,497,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 70,902 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* -аас улсын тэмдэгтийн хураамж 70,902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...шүүх зохигчийн маргаж буй үйл баримт болох даатгалын гэрээний ...нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх, даатгалын эрсдэл үүссэн эсэх, даатгалын тохиолдол бий болох нөхцөл орчныг нэхэмжлэгч бүрдүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай гэж зөвхөн эдгээр 3 үйл баримтыг дүгнэсэн нь заавал дүгнэлт өгөх шаардлагатай буюу эвдрэлийн шинж, чанарт дүгнэлт өгөөгүй нь шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй тал талаас нь үнэлээгүй, дүгнэх шаардлагатай зүйлд дүгнэлт өгөөгүйн улмаас шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.5-д заасан нэн даруй мэдэгдэх үүргийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Талууд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан 3 үйл баримтын хэмжээнд маргаагүй ба даатгалын зүйлийн эвдрэл шинэ эсхүл хуучин эсэх үйл баримтын талаар мөн адил маргадаг бөгөөд шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.5-д ******* -аас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл баримт, гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн, тус тэмдэглэлийн шуурхай албаны мэргэжилтний дүгнэлт хэсэгт Уулнаас гулсаад цас мөргөсөн гэх дуудлагаар нөхөн үзлэг ******* дээр үзэв ... эвдрэл шинэ гэжээ гэж үндэслэсэн боловч осол болсноос 48 хоногийн дараа тухайн эвдрэл шинэ эвдрэл байсанд шүүх дүгнэлт өгөөгүй байна. Хариуцагч нь Даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хуульд заасан мэргэжлийн байгууллагын хувьд тухайн эвдрэл шинэ эсхүл хуучин эсэхийг тогтоосон үйл баримт хэрэгт авагдсан ба энэ талаар нэхэмжлэгч маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, 48 хоногийн дараа эвдрэл нь хэлбэрийн болон шинж, чанарын хувьд шинээр хадгалагдан үлдэх боломжгүй юм. Мөн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №342 дугаартай үнэлгээний тайланд хохирлын хэмжээг 3,497,000 төгрөг гэж үнэлсэн байна гэж үндэслэсэн ба тухайн үнэлгээний байгууллага үнийн санал дээр үндэслэн хохирлын үнэлгээний тайланг гаргасан ба даатгалын зүйлийн эвдрэл шинэ эсхүл хуучин эсэхэд дүгнэлт гаргаагүй.

 

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.5-д Дээрх баримт болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч нар нь ослын талаарх дуудлагыг даатгалын гэрээнд зааснаар нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хэдий ч нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл, даатгалын зүйлд учирсан гэмтлийг мэдсэн даруйд даатгагчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 6.3-д Хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д заасан нэн даруй гэдгийг тухайн тохиолдолд мэдэгдэх боломжтой ердийн хугацаанд гэж ойлгоно гэж тайлбарласан бөгөөд тухайн тохиолдлын талаар даатгагчид нэн даруй мэдэгдэх хуулиар хүлээсэн тусгай үүргийг эвдрэлийн талаар мэдмэгц даатгагчид мэдэгдэх үүрэгтэй шүүх төсөөтэй хэрэглэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шийдвэрийн үндэслэх хэсэгт даатгалын зүйлд учирсан гэмтлийг мэдсэн даруйд даатгагчид мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж дүгнэснээс үзэхэд тухайн ослоос үүдэн эвдрэл үүссэн эсэхийг нэхэмжлэгч мэдэхгүй, түүнийг тогтоож өгөөгүй. Мөн нэхэмжлэгч хотод ирээд ******* -д үзүүлэх гэтэл оочир ихтэй байсан тул 48 хоног оочирлосон, үзүүлмэгцээ эвдрэлийг мэдсэн гэж мэдээлсэн тайлбар нотлогдохгүй. ******* -д хотод ирэнгүүтээ захиалга өгсөн, 48 хоног оочирлосон гэх баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй бөгөөд осол болсноос 48 хоногийн дараа даатгагчид мэдэгдэж байгаа нь нэн даруй мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь дээрх үйл баримттай холбогдуулан даатгалын зүйлд хийсэн даатгагчийн шуурхай албаны менежерийн нөхөн үзлэгийн тэмдэглэлд, тээврийн хэрэгслийн урд буферийн хуванцар тор хугарсан, урд буфер болон гишгүүр зурагдсан тухайн эвдрэлүүд хуулганы цаана биш, ил харагдахуйц байсан ба даатгалын тохиолдлын талаар 48 хоногийн дараа мэдэгдсэн тул тухайн ослын улмаас болсон нь нотлогдохгүй, мөн эвдрэлүүд шинэ байсан болох нь тогтоогддог. Хариуцагч байгууллага нь даатгалын мэргэжлийн оролцогчдын тухай хуульд заасан мэргэжлийн байгууллагын хувьд тухайн эвдрэлийн шинэ эсэхийг тогтоосон.

 

4.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3, 7.4-т үйл баримтыг даатгалын эрсдэлийн төрөлд хамаарахгүй гэж хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж тус тус үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэж байна. Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны 7/370 дугаар тодорхойлолтод эвдрэлийн талаар дурдаагүй. 2023 оны 11 дүгээр сарын 04-ний болсон гэх тохиолдлыг даатгагчид 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдсэн нь даатгалын гэрээний 7.2.9-д заасан гэрээний үүргээ биелүүлээгүй, тухайн осол болсны дараа даатгуулагч нь даатгагчаас зөвлөгөө авсан гэх боловч энэ талаарх баримт байхгүй, даатгагчид холбогдох баримт гаргаж өгөөгүй. Дараа нь нэхэмжлэгч нэмэлтээр гаргасан аман тайлбартаа тухайн үед ******* биш Монре даатгалаас зөвлөгөө андуураад авсан гэх боловч мөн адил энэ талаарх баримтыг ирүүлээгүй байдаг.

Мөн нэхэмжлэгч 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр даатгагчийн өгсөн ослын дуудлагадаа ...уулнаас гулгаж ороод хамраараа жалга руу орсон гэж дурддаг бөгөөд Замын хөдөлгөөний байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, гэрээний 1.4.17, 1.4.18-д тус тус заасны дагуу гэрээний эрсдэлд хамаарахгүй. Иймд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2, гэрээний 5.10.а, мөн хуулийн 10.1.5, гэрээний 3-т тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй бөгөөд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр осол болсон ба тухайн үед гаднаас харвал хуулга бага зэрэг зурагдсан байсан. 2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ******* -д хандаж, хуулга солиулахаар цаг авч, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр автомашинаа оруулсан. 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* -ийн зүгээс ...таны автомашины хуулгыг хуулаад шинэ хуулга наах гэхээр хуулга сэвтэхээс гадна цаад буферын будаг арилаагүй хэдий ч чулуу, шорооны мөрөөр жижиг хонхойсон сэв байна. Хэрэв та даатгалтай бол даатгалын компанийг дуудаад, үзлэг хийлгээд, автомашиныг зайлшгүй засварт оруулаад дараа нь хуулга наахгүй бол хуулга тогтохгүй гэсэн. Энэ нь ******* -ийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгээр нотлогддог.

Автомашинд будгийн ажил хийж засуулахгүйгээр их биеийн хуулга наах боломжгүй, энэхүү гэмтэл нь гадны нөлөөтэй үүссэн гэмтэл болохыг үзлэгээр тодорхойлсон. Гэмтсэн хэсэг нь том биш 0,2-0,3 мм-ийн хэмжээтэй сэвийн тухай маргаад байгаа. Хуулгыг хуулахад гэмтэл нь шинээр гарч ирнэ, яагаад гэвэл машин бүтэн хуулгатай байсан. ******* -д хуулга наалгуулахад очертой байдаг ба бүтэн хуулга наалгахад 45 хоногийн дараа цаг гарна гэж хэлсэн. Автомашин жалга руу уруудаж ороод, урьд буфер овгор шороо мөргөөд, урьд талын хоёр дугуй тэнхлэгээрээ автомашинд тээглэсэн учраас гишгүүр доороосоо бага зэрэг зурагдаад, хуулга нь сэвдсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан даатгалын гэрээний нөхөн төлбөр 3,497,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. ******* , ******* нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч *******ийн эзэмшлийн ******* маркийн ******* улсын дугаартай автомашиныг даатгуулж, даатгалын хураамжид 2,833,000 төгрөг төлөх, даатгагч ******* нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлөхөөр харилцан тохиролцжээ./хх14-15/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

5. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулан дүгнэнэ.

5.1. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулсан ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг *******ийн төрсөн ах ******* нь жолоодон явж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цаг 30 минутын үед Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Улаан хад гэх газар Цэнхэрийн рашаан явах замд даваа өгсөх үед автомашин замын хажуу руу гулсаж, замын ангал руу орж зам тээврийн осол гаргасан болох нь талуудын тайлбар болон гэрэг зураг, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17/370 дугаартай албан тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогджээ./хх1-2, 17, 18/

5.2. Нэхэмжлэгч ******* нь осол болсноос хойш 48 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл осолд өртсөн талаар даатгагч ******* ХХК-д мэдэгджээ.

5.3. Даатгалын гэрээний 5.10.а-д даатгалын тохиолдол болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж тохиролцсон бөгөөд энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ******* -иар автомашинд хамгаалалтын хуулга солиулах үйлчилгээ хийлгэх үзлэгийн явцад хуучин хуулганы цаана автомашины урд гуперт чулуу шорооны мөрөөр жижиг хонхойсон эвдрэл байгааг мэдсэнээс хойш 4 хоногийн дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК-д мэдэгдснийг нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж тайлбарласан.

2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр******* ХХК-ийн шуурхай албаны мэргэжилтний үзлэгээр ...******* улсын дугаартай автомашины урд гүпер зурагдсан, нүүр сетка хугарсан, гишгүүр зурагдсан, хуулгатай... гэжээ./хх-59/ Энэ эвдрэлийн талаар нэхэмжлэгч тал осол болсон үед мэдээгүй, мэдэгдэх боломжгүй байсан гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй.

Түүнээс гадна ******* -д хандан автомашинд үйлчилгээ хийлгэх цаг захилахад 48 хоног хүлээх шаардлагатай болсон, энэ нь хугацаа алдаж мэдэгдэхэд хүргэсэн гэх тайлбараа нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

6. Иймд даатгуулагч нь даатгагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрхгүй, энэ нь даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт нийцнэ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* ХК-д холбогдох даатгалын гэрээний нөхөн төлбөрт 3,497,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/02209 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ХХК-д холбогдох, 3,497,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,902 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЦОГТСАЙХАН