Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 83

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа  даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.М гийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч Б.Б  гийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Насанд хүрээгүй шүүгдэгч: Б.Б  , Ч.М  

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шажин овгийн Б.Б  , Жарантай овгийн Ч.М  нарт холбогдох 1928000000057 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Өмнөговь аймаг Сэврэй сум ...................... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шажин овгийн Б.Б  , регистрийн дугаар ................,

Монгол улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, ах нарын хамт Өмнөговь аймаг ................... оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Жарантай овгийн Ч.М , регистрийн дугаар .......................,

Шүүгдэгч Б.Б  , Ч.М  нар нь бүлэглэн, улсын дугааргүй, супер чансаа маркийн мотоцикль ашиглан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн ........................дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б гийн гэрт нэвтэрч 21 кг 100 гр ноолуур хулгайлж, түүнд 2.363.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.Б   шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр орой 18 цагт ах Ц.Б гийн гэр рүү явсан. Хөдөөнөөс орж ирээд Ч.М тэй уулзаад цуг явсан юм. Мотоциклоор очоод ноолуур аваад орой сумын төв дээр ирээд

концерт үзчихээд 12 цагт ноолуур авдаг газар аваачиж өгсөн. Ноолуураа аваачиж өгөөд мөнгөө тоолж аваад маргааш өглөө нь аймгийн төв явсан. Аймгийн төв дээр байж байхад сумын төлөөлөгч ирээд та 2 ноолуур хулгай хийсэн байна. Мөнгийг нь бүрэн бүтэн  буцааж шилжүүл гэсэн. Тэгээд мөнгийг нь бүгдийг нь буцааж шилжүүлээд сумын төв рүү явсан. Тэгээд маргааш нь байцаалт өгсөн. Ноолуурыг тийм их мөнгө болно гэж огт мэдээгүй.

            Шүүгдэгч Ч.М  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хөдөөнөөс концерт үзэх гэж ирсэн байсан. Гэртээ байж байхад Б.Б   залгаад мотоциклоо өгчих гэхээр нь би өгөөгүй. Тэгсэн гэрт хүрээд ирсэн. Тэгээд хамт яваад хөдөө айлд очиж айлын тооноор орж ноолуур авсан. Тэгээд сумын төв дээр аваачиж ноолуурын ченжид өгсөн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ц  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын 1-р багийн нутаг болох Үйзэнгийн хад гэдэг газарт байж байгаад Сэврэй сумын төв орж концерт үзэх гээд нөхөр болон манай гэрт ямаа самнах гэж ирсэн Б.Б түүний найз охин бид нар Сэврэй сум руу явсан. Тэгээд нөхөр бид хоёр сумын төв дээр ирээд концертоо үзчихээд шөнө 01 цагийн үед хөдөө гэр рүүгээ явсан. Гэртээ очоод гэрт байсан ноолуураа үзэхэд гэрт байсан 4 ууттай ноолуураас 2 ууттай ноолуурыг гэрийн тооноор орж хулгай хийгээд явчихсан байсан. Энэ тухайгаа сумын төлөөлөгчид утсаар хэлсэн. Тэгээд маргааш нь нөхөр бид хоёр сумын төв орж хэсгийн төлөөлөгчтэй уулзахад танай гэрээс алдагдсан 2 ууттай ноолуурыг хулгайлж авсан хүмүүсийг бид нар олсон. Ирж мэдүүлгээ өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд манай гэрт байсан 2 уут ноолуурыг манайд ямаа самнах гэж ирсэн Б.Б  , түүний найз Ч.М  нар хулгайлсан талаар мэдсэн юм. Нөхөр бид хоёрт ямар гомдол санал байхгүй. Ноолуурын мөнгө болох 2.363.200 төгрөгийг бэлэн мөнгөөр нь авсан тул нэхэмжилэх зүйл байхгүй /хх-ийн 29-30-р хуудас/

Гэрч Ц.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн орчимд Сумын төвд урлагийн тоглолт үзэхээр өөрийн гэр бүлийн хамт болон манай гэрт ямаа самнахаар ирсэн байсан миний төрсөн эгч Д гийн хүүхэд Б.Б   түүний найз охин О ын хамт бид нар бүгд сумын төврүү миний машинаар явсан юм. Б.Б   О  нарын унаж ирсэн мотоциклыг би өөрийн машины тэвшин дээр ачаад явсан. Бид нар сумын төвд 18 цагийн орчимд ирээд 19 цагт сумын Соёлын төвд тоглолт үзээд 23 цаг өнгөрч байх үед хөдөө гэр рүүгээ буцаж яваад 01 цагийн орчимд гэртээ очсон. Б.Б  , О  нар сумын төвд гэртээ үлдсэн. Би өөрийн гэр бүлийн хамт гэр рүүгээ явсан. Бид нарыг гэртээ очиход манай гэрийн хаалга цоожтой хэвээр байсан. Гэрт эхэлж манай эхнэр хүүхэд орсон. Би гэр рүү оролгүй гадаа хашаатай байсан ишигээ тавиад байж байхад гэрээс манай эхнэр А.Ц  хөөе ноолуур алга болчихож гээд дуудсан. Би очоод үзэхэд гэрийн баруун орон дээр тавиатай байсан дөрвөн тусдаа ууттай ноолуурнаас цагаан өнгийн ноолуур ялгаж хийсэн 2 уут ноолуур нь алдагдаж 2 уут хар ноолуур нь үлдсэн байсан. Уг хоёр уут цагаан ноолуурын нэг уут нь дүүрэн нөгөө уут ноолуур нь талаараа байсан. Хоёр уут ноолуур нийлээд 20 гаруй хил байсан байх. Гэрийн тооноор хүн орж ирсэн байдалтай тоононд байдаг хадаг тэгшхэн унжиж байдаг байсан чинь нэг үзүүр нь хөврөөд урт унжиж байсан. Мөн хоёр баганы хооронд хэтэс болгон ашиглаж татаж уясан уяа тасарсан байсан. Харанхуй шөнө байсан болохоор мөр ул үзэх боломжгүй гээд тэр шөнөө унтаж амарсан. Маргааш өглөө нь 2019.04.24-ний өдөр өглөө эрт босож гадаа мөр ул үзэхэд малын хөлөөр гишгэгдэж мөр ул нь арилсан, гэрийн зүүн урд талын гадна бүрээс бага зэрэг урагдсан байсан. Би бодохдоо гэрийн тооноор хүн орж гэр дээр авирч гарахдаа гэрийн бүрээсийг урсан байна гэж бодсон. Гэрээс зайдуу хүн тээврийн хэрэгслийн мөр байгаа эсэхийг олхоор мөр хайж явхад гэрийн зүүн урд талд байдаг хөтөл /овоо/ дээр мотоциклийн мөр, гуталны мөр байхыг олсон. Тэгээд тэр дороо сумын төв рүү явж Цагдаагийн хэсэг дээр ирж болсон асуудлын талаар хэлж мэдэгдсэн. Цагдаагийн хэсгийн төлөөлөгч цагдаа нар миний гаргасан гомдлын дагуу ажиллаад 2019.04.24-ний өдөр манай ноолуурыг гэрт самнахаар ирсэн Б.Б   өөрийн найз Ч.М гийн хамт ирж манай ноолуурыг хулгай хийсэн байсныг тогтоож өгсөн. Тухайн үед Б.Б   Ч.М  нар аймгийн төв рүү явцгаасан байсан. Б.Б  гийн ээж өөрийн хүүтэйгээ утсаар холбогдоод Б.Б  , Ч.М  нар тушаасан ноолуурынхаа мөнгө болох

 2362200 төгрөгийг Д  эгч рүү банкаар дамжуулан шилжүүлж надад Д  эгч миний хохирлын мөнгө болох 2362200 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн. Би ноолуураа 120000 төгрөгөөс дээш үнэ хүрэхээр нь тушаана гэж бодоод хадгалж байсан юм. Гэхдээ одоо надад гомдол байхгүй. Өөрт учирсан хохирлоо нөхөн төлөөд авчихсан. /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч Д.Н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Сэврэй сумын төвд амьдардаг. Яг одоо бол сумын төвд түүхий эд худалдан авч байна. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед манай гэрийн хаалгыг хүн нүдсэн. Гэрийн хаалгыг манай хүү Н.Д  тайлаад хүн ноолуур өгөхөөр ирсэн байна гэж надад хэлсэн. Би тухайн үед унтахаар орондоо орсон байсан болхоор өөрийн хүү Н.Д ийг гараад авчих гэж хэлсэн. Манай хүү гарч ноолуурыг нь аваад мөнгийг нь өгөхөөр гэрт орж ирэхэд нь би хүүгээсээ хэн ноолуур өгч байгаа юм гэж асуухад нэрийг нь мэдэхгүй байна Л.Ч ын хүү байна нөгөө хүнийг нь бас танихгүй юм байна гэж хэлсэн. Тэр хоёр манайд 21 килограмм 100 грамм ноолуур өгч 1 килограммыг нь 112000 /нэг зуун арван хоёр мянга/ төгрөгөөр бодож аван нийт 2363200 /хоёр сая гурван зуун жаран гурван мянга хоёр зуу/ төгрөгийг тэр хоёр хүүд бэлнээр тоолж өгсөн. Маргааш өдөр нь тэр 2 хүүхдийн нэрийг нь мэдсэн. Л.Ч ын хүүхэд Ч.М , Д гийн хүүхэд Б.Б   нар байсан юм байна лээ. 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр сумын хэсгийн цагдаа надтай уулзаж ноолуур тушаасан хүмүүсийн талаар асуухад нь урд шөнө Ч.М , Б.Б   нар ирж ноолуур тушаасныг хэлж камерын бичлэгийг үзүүлсэн. Хэсгийн цагдаа уг бичлэгийг үзээд энэ ноолуур чинь хулгайд алдагдсан ноолуур байна гэж хэлсэн. /хх-ийн 37-38-р хуудас/

Гэрч Н.Д  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байх үед манай гэрийн хаалгыг хүн тогшсон. Тухайн үед манай ээж аав амарч байсан юм. Би босож очоод хаалга тайлахад Л.Ч ын хүүхэд байсан. Яах гэж явааг нь асуухад ноолуур өгье гэж хэлсэн. Би маргааш өглөө бол гзсэн чинь маргааш өглөө аймаг явах гээд байна одоо өгчихмөөр байна гэсэн. Аав надаас хэн юм гэж асуухад нь би хүн ноолуур өгье гэж байна гэж хэлэхэд аав намайг авчих гэж хэлсэн. Би гэрээс гараад очиход цаанаас нь Д гийн хүүхэд 2 уут ноолуур аваад ирсэн. Тухайн үед би тэр хоёр залуугийн нэрийг мэддэггүй байсан. Одоо мэддэг болсон. Л.Ч ын хүүхдийг нь Ч.М  гэсэн, Д гийн хүүхдийг Б.Б   гэдэг юм байна лээ. Б.Б  , Ч.М  хоёрын авч ирсэн 2 уут ноолуурны нэг нь эрдэнэ шишний зурагтай зурагтай тал нь сааралдуу өнгөтэй зураггүй тал нь цагаан өннгөтэй 50 килограммын ууттай уутны амыг нь хөх өнгийн утсаар оёсон байсан. Нөгөө ноолуур нь ногоон өнгийн 50 килограммын ууттай уг уутны талаар нь ноолууртай ам нь онгорхой байсан. Уг хоёр ууттай ноолуур дан цагаан өнгийн ноолуур байсан. Хиллэж үзхэд нийлээд 21,1 килограмм байсан. Ногоон өнгийн ууттай ноолуурны ам нь онгорхой байсан тул ноолуурыг нь асгаж үзсэн. Цагаан саарал өнгөтэй ууттай ноолуурны амыг нь оёсон ноолуурыг дүүртэл нь чихэж хийсэн байсан тул хажуу талыг нь урж ноолуурыг нь асгаж үзсэн. 1 килограммыг нь 112000 төгрөгөөр бодож нийт 2363200 төгрөгийг бэлнээр Б.Б  , Ч.М  нарт өгч ноолуурыг авсан. Маргааш өдөр нь буюу 2019 оны 04 дүгэээр сарын 24-ний өдөр сумын цагдаа гэрт ирж манай камерын бичлэгийг үзээд Б.Б  , Ч.М  нарын өгсөн ноолуур хулгайн ноолуур байсан гэдгийг хэлсэн. Би анх ноолуур авч байхдаа Б.Б  , Ч.М  нарын өгсөн ноолуурыг хулгайн ноолуур гэж мэдээгүй. Өөр надад мэдэх зүйл алга байна. /хх-ийн 39-40-р хуудас/

Гэрч Л.Л.Ч  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр над руу Б.Б  гийн ээж Д  утсаар ярьж Б.Б  , Ч.М  хоёр айлаас ноолуур хулгайлж аваад аймгийн төв орчихсон байна гэж хэлсэн. Б.Б  , Ч.М  нарын ноолуур хулгайлсан хэргийн талаар анх Д гаас сонссон. Тэгээд би өөрийн хүүхэд Ч.М  рүү утсаар залган ярьж хүний ноолуур хулгай хийж авсан юм уу? гэж асуухад хариу хэлэхгүй байж байснаа тэр мөнгийг нь буцаагаад өгчихсөн гэж надад хэлсэн. Манай хүүхэд надад өөр юм хэлээгүй надад энэ талаар мэдэх зүйл алга. Манай хүүхэд Ч.М  2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр аймгийн төвөөс сумын төвд ирсэн. /хх-ийн 48-49-р хуудас/

Гэрч Б.Ба  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Соёлын төвийн гадаа талбайд Л  бид хоёр Б.Б  , Ч.М , Б.Б  гийн найз охин О  гуравтай тааралдаж уулзсан. Би тэд нарт маргааш Баяндалай сумруу явж айлд очиж ямаа самнах ажилтай гэж хэлсэн. Тухайн үед би аавынхаа 94-85 өмү улсын дугаартай kluger маркын машиныг унаад соёлын төвд ирсэн байсан юм. Намайг машинтай ирсэн байсныг Ч.М  мэдээд намайг маргааш машинтайгаа аймаг явчих бензинийг нь хэдүүлээ нийлээд хийе би маргааш аймаг явна гэж хэлсэн. Тэр үед би тэгье тэгье гээд хэлчихсэн юм; Тэгээд Б.Б  , О , Ч.М , Л  бид нар машинтай сумын төвөөр явсан. Тэгтэл 00 цагийн орчимд Б.Б  , Ч.М  хоёр машинаа өгчих гээд ойрхон ажил амжуулчихаад ирье гэж надаас машин гуйсан. Би тэг тэг гээд Б.Б  , Ч.М  хоёрт машинаа өгөөд явуулсан. Л , О  бид гурав баруун байранд гудманд буугаад үлдсэн. Б.Б  , Ч.М  хоёрыг яах гэж хаашаа явсаныг нь би мэдээгүй. 30 орчим минутын дараа Б.Б   Ч.М  хоёр эргээд ирсэн. Би Л , Ч.М , Б.Б  , О  нарыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өдөр нь буюу 2019 оны 04 дүээр сарын 24-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед Ч.М  над руу утсаар ярьж хүрээд ир гэж дуудсан. Тэр үед манай гэрт Л  ирсэн байсан. Би аавынхаа машиныг унаад Л г дагуулаад Ч.М гийн байгаа газар нь очиж уулзсан. Ч.М  надаас явахаар болсон уу? яасан бэ гэж асуухад нь би аймаг руу явъя гэж хэлсэн. Ч.М тэй уулзаад байж байхад Б.Б   бас ирсэн. Б.Б   өөрийн найз охин О ыг аймаг явуулна гэж байснаа өөрөө хамт явахаар болсон. Тэгээд Б.Б   гэр рүүгээ түрүүлээд явсан. Ч.М  зардал гээд 20000 төгрөг надад өгсөн. Би өөрөөсөө 30000 төгрөг гаргаад нийлүүлээд 50000 төгрөгөнд бензин хийсэн. Дараа нь Б.Б   О  хоёрыг гэрээс нь аваад тэр хоёроос нийт 40000 төгрөг авч машиндаа нэмээд бензин хийсэн. Б.Б   О  хоёр зардлаа тус тусдаа өгсөн. Бид нар сумын төвөөс 11 цаг өнгөрөөгөөд аймгийн төв Даланзадгад сум руу гарсан. Аймгийн төвд 14 цаг өнгөрч байхад очсон. Аймгийн төвд очоод Ч.М гийн найз охины гэрт байж байхад Б.Б  гийн ээж Д  эгч Б.Б  тэй утсаар ярьеан. Ч.М  Б.Б   хоёр нуугдаад утсаар яриад байсан. Миний ойлгосоноор тэр хоёр асуудалд орчихсон юм шиг байдалтай байсан. Б.Б   Ч.М  хоёр утсаар ярьж дуусаад сандарсан айсан байдалтай явъя гэсэн. Ч.М , Б.Б  , О , Л  бид нар Ч.М гийн найз охины гэрээс гарч явсан. Тэндээс гараад Б.Б  гийн найз охиныг гэрт нь буулгаад дараа нь шууд Хаан банкин дээр очсон. Б.Б   банк руу явъя гэж надад хэлсэн байсан юм. Банкин дээр очиход Ч.М , Б.Б   хоёр хоёулаа их хэмжээний мөнгө гаргаж нийлүүлээд тоолоод байсан. Би юун мөнгө юм гэж асуухад Б.Б   надад Ч.М  бид хоёр өчигдөр хүний ноолуур хулгайлаад авчихсан юм. Сая баригдчихсан юм шиг байна энэ мөнгийг нь буцаагаад өгчихвөл гомдолгүй болно гэсэн гэж хэлсэн. Б.Б   Ч.М  хоёрын нийлүүлсэн мөнгө 2360000 төгрөг болсон. Тэр мөнгийг нь Ч.М  бид хоёр аваад Хаан банк руу орж би Б.Б  гийн ээж Д  руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлчихээд бид нар Ч.М г найз охиных нь гэрт буулгаж орхиод Б.Б  , Л  бид гурав шууд Сэврэй сумын төв рүү гарсан. Сумын төвд энэ өдрийн 19 цагийн өнгөрч байхад ирсэн. /хх-ийн 50-51-р хуудас/

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 317 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнэлгээг 2019 оны 04 сарын 23-ны өдрийн байдлаар гаргахад 2.363.200 төгрөг гэжээ.

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1000106 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Ч.М гийн эзэмшлийн 0000 улсын дугаартай 2016 онд үйлдвэрлэгдсэн 2016 онд Монгол Улсад орж ирсэн Чансаа маркийн мотоциклийн өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 350.000 төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов гэжээ.

Шүүгдэгч Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр би Сэврэй сумаас хойд зүгт 15 километрт байдаг Үйзэнгийн хад гэдэг газарт өвөлжиж байгаа Ц.Б  ахын гэрт нь очиж ямаа самнах гэж өөрийн найз охин О ын хамт очсон. Тэгээд Ц.Б  ахын гэрт нь хоночихоод маргааш буюу 2019 оны 04 сарын 23-ны өглөө Ц.Б  ахын ямаанаас 4 ямааг самнаад гэрийг нь нүүлгэж барьж өгсөн. Тэгээд Ц.Б  ах өөрийн эхнэр хүүхэдүүдтэйгээ сум руу явж концерт үзэх гээд явсан. Би найз охин О ын хамт Ц.Б  ахын машинд нь суугаад Сэврэй сум руу явсан. Тэгээд Сэврэй сумын төв рүү явж байхдаа би зөрж яваад Ц.Б  ахын гэрээс очиж ноолуурыг нь аваад зарахад баригдахгүй юм байна гэж бодож явсан. Сэврэй сумын төвд орой 18 цагийн үед ирээд сумын төвд байдаг гэртээ бууж үлдчихээд найз Ч.М  рүү утсаар залгаад хаана байгаа юм гэхэд Ч.М  би сумын төвд байна гэж хэлсэн. 2 ууттай ноолуурыг аваад сумын төв рүү орж ноолуурын ченж Н.Д  гэх хүнд 2 ууттай ноолуурыг өгөхөд 21.2 килограмм, 2.363.200 төгрөг болсон. Ч.М  бид хоёр ээжийн Хаан банкны данс руу 2.363.200 төгрөгийг шилжүүлсэн /хх-ийн 72-р хуудас/

Насанд хүрээгүй шүүгдэгч Ч.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04-р сарын 23-ны өдөр би Сэврэй сумын Сайншанд багт байдаг хөдөөний гэрээсэз сумын төв орох гэж ганцаараа өөрийн эзэмшлийн ява Чансаа маркийн мотоциклиор ирсэн. Тэгээд сумын төвд намайг байхад Б.Б   над руу утсаар залгаад “ява маркийн мотоциклио өгчих" гэхээр нь би мотоциклио өгөхгүй , хоёулаа хамт явъя гэж хэлсэн.Тэгээд удаагүй Б.Б   ява маркийн мотоциклиор ирэхлээр нь Б.Б   бид хоёр хөдөө явсан тухайн үед мотоциклийг замд Б.Б   барьж явж байхдаа “манай ахын гэрт нь хүн байхгүй, гэрт нь ноолуур байгаа түүнийг авъя” гэж хэлсэн.Тэгээд хөдөе байдаг Ц.Б  гэдэг айлын гадаа нь очиход тэрт нь хүн байхгүй эзгүй айл байсан. Тэгээд Б.Б   тэр айлын тооноор нь ороход би гэрийн гадаа нь зогсож байсан. Тэгтэл Б.Б   гэр дотроос ноолуур ав гэхэд нь би гэр дээр гарч гэрийн тоонон дээр очиход Б.Б   өөдөөс ноолуур тат гэж хэлээд надад 1 ууттай ноолуур өгөхөөр нь би тэр ууттай ноолуурыг аваад гэр дээрээс буусан тэгэхэд Б.Б   гэрийн тооноор бас нэг ууттай ноолуур гаргаж шидчихээд өөрөө гэрийн тооноос гарч нөгөө ууттай ноолуураа аваад буугаад ирсэн. Тэгээд бид хоёр 2 ууттай ноолуурыг нь аваад буцаад Сэврэй сум руу явж байгаад сумаас ойрхон очоод сумаас зүүн хойд зүгт байдаг нэг жалганд нөгөө авсан 2 ууттай ноолуурыг нуучихаад Б.Б   бид хоёр сумын төв рүү орж Б.Б   найз охиноо аваад бид гурав Соёлын төв рүү явж концерт үзсэн. Тэгээд концерт үзэж байхад би найз Батмөнх, Л  нартай таараад хамт Батмөнхийн машинаар Б.Б  , түүний найз охин О , Л  бид тавуулаа гадуур явж байхдаа Б.Б   бид хоёр хоорондоо ярилцаад хоёулаа Батмөнхийн машиныг гуйж унаад жалганд нууж орхисон ноолуураа очиж авъя гэж ярилцаад бид хоёр Батмөнхийн машиныг гуйж аваад тзр гурвыг баруун байрны гудамжинд буулгачихаад Б.Б   бид хоёр Б-ийн машинаар явж сумаас зүүн хойд зүгт байгаа жалганд нуусан ноолуураа аваад сумын төв рүү орж ноолуурын ченж Д.Н  ахын хашааны гадаа нь ирээд хашааны хаалгыг нь тогшсон тэгэхэд Д.Н  ах гарч ирээд яах гэж яваа гэхэд бид хоёр ноолуур өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр 2 ууттай ноолуураа Д.Н  ахад зарахад 21 кг, 100 грамм болж нийт 2.363.200 төгрөг болсон. Тэгээд Б.Б   бид хоёр ноолуураа өгчихөөд сумаас зүүн хойд жалганд очиж мөнгөө хувааж авахад Б.Б   надад 1.120.000 төгрөгийг өгөөд үлдсэн мөнгийг нь Б.Б   өөрөө авсан. Тэгээд бид хоёр сум руу буцаж ороод Б-ийг машиныг өгчихөөд Б.Б   бид нар гэр гэр лүүгээ харьж амарсан. Тэгээд маргааш нь өглөө нь Б.Б  , түүний найз охин О  бид гурав хамтдаа Б-ийн машинаар Өмнөговь аймаг руу явсан. Би тэгээд аймаг ороод найз охин Ба-гийн гэрт нь буугаад үлдсэн.Тэгээд намайг аймаг дээр ирээд байж байхад Б.Б  гийн ээж Д  над руу утсаар залгаад “Б.Б   та хоёр Ц.Б гийн ноолуурыг хулгайлж авсан байна та хоёрын ноолуур тушааж байгаа бичлэг Д.Н гийн камерт бичигдсэн байна гэж хэлээд намайг загнасан тэгээд намайг мөнгөө үрэлгүй миний данс руу хий гэж хэлсэн. Тэгээд Б.Б   хоёр Д  эгчийн ХААН банкны данс руу нь 2.360.000 төгрөгийг нь шилжүүлсэн. /хх-ийн 76-77-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-22-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-25-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  , Ч.М  нар нь бүлэглэн, улсын дугааргүй, супер чансаа маркийн мотоцикль ашиглан 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.Б гийн гэрт нэвтэрч 21 кг 100 гр ноолуур хулгайлж, түүнд 2.363.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б  , Ч.М  нар нь Ц.Б гийн гэрт нэвтэрч 21 кг 100 гр ноолуур хулгайлж, түүнд 2.363.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь: “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 317 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн дундаж үнэлгээг 2019 оны 04 сарын 23-ны өдрийн байдлаар гаргахад 2.363.200 төгрөг... гэснээр, мөн хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б  , Ч.М  нар нь хохирогч А.Ц ын 21 кг 100 гр ноолуурыг хулгайлж, түүнд түүнд 2.363.200 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн хулгайд алдагдсан ноолуурын үнэ 2.363.200 төгрөгийг буцаан хүлээлгэн өгч, хохирогч А.Ц  нь хохирол төлбөргүй болсон болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад “Ноолуур зарсан мөнгийг буцаагаад авсан учир нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Б  , Ч.М  нар нь хохирогч А.Ц ын 21 кг 100 гр ноолуурыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарын бүлэглэн үйлдсэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасны дагуу хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг байна.  

Машин механизм гэдэгт хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, үрэх, цоолох зүсэх зориулалттай машин механизм хамаарна гэж онолын үүднээс  тодорхойлсон бол Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т тээврийн хэрэгсэл гэж хүн ба ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.

Шүүгдэгч Б.Б  , Ч.М  нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч Ч.М гийн эзэмшлийн улсын дугааргүй, Чансаа маркийн мотоциклийг ашигласан болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар давхар тогтоогдож байх бөгөөд мотоцикль нь машин механизм, тээврийн хэрэгслийн төрөлд хамаарч байна.  

Иймд шүүх шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах ялын санал гаргав.

Шүүх шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт ...шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Б   нь 2000 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 19 нас 3 сартай байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 145 дугаартай ам бүлийн тодорхойлолтоор эцэг, эхийн асрамжид амьдардаг болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Б  гийн хувийн байдал, бие сэтгэхүйн хөгжил зэргийг үндэслэн шүүх түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэв.

Шүүгдэгч Ч.М  нь 2001 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сартай байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар тогтоогдож байх бөгөөд тэрээр өсвөр насны шүүгдэгч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт …шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд …хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина гэж заасны дагуу шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтан Б.Б  , Ч.М  нарт хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.М гийн эзэмшлийн  улсын дугааргүй, Чансаа маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, түүний үнэ болох 350.000 төгрөгийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, CD 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Шажин овгийн Б.Б  , Жарантай овгийн Ч.М  нарыг бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б  д 2 /хоёр/ жил хорих ял, шүүгдэгч Ч.М д 2 /хоёр/ жил хорих ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  гийн эдлэх 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ч.М гийн эдлэх 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ч.М гийн эзэмшлийн улсын дугааргүй, Чансаа маркийн мотоциклийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, түүний үнэ болох 350.000 төгрөгийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, CD 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт үлдээсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  , Ч.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нар нь хохирогчид 2.363.200 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, ялтан Б.Б  , Ч.М  нарт хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б  , Ч.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА