| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07177/И |
| Дугаар | 5339 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 5339
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч-Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Хасбаатарын гудамж, 7-р байрны 5 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧН78101805, Пүрэв овогт Дүнхэрийн Нарантуяад холбогдох,
үйлчилгээний төлбөр 245 673 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг, нийт 250 173 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 30 өдөр хүлээн авч, 2016 оны 10 сарын 07 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Д.Нарантуяагаас 91004669 дугаарын үйлчилгээний төлбөрт 245 673 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг, нийт 250 173 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Д.Нарантуяа нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2009 оны 9 сарын 8 өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган, гэрээ байгуулж дараа төлбөрт NICE үйлчилгээний 91004669 дугаарын эзэмшигч болсон.
Д.Нарантуяа гэрээний үүргээ үл биелүүлэн 2015 оны 3 сарын байдлаар 91004669 дугаарын үйлчилгээний төлбөр 295 673 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг гэрээний 5.1.7-д дагуу хаасан. Бид төлбөрөө төлөхийг сануулан мэдэгдэл өгч байсан боловч төлөөгүй.
Иймд Д.Нарантуяагаас үйлчилгээний төлбөр 245 673 төгрөг, нотариатын зардалд 4 500 төгрөг, нийт 250 173 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Нарантуяа миний бие нь Скайтел ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн дагуу уг төлбөрийг 2016 оны 11 сарын 30 өдөр төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжилсэн дараа төлбөрт үйлчилгээний төлбөр болон нотариатын зардалд нийт 250 673 төгрөгийг хариуцагч Д.Нарантуяа 2016 оны 11 сарын 30 өдрийн дотор бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 8 155 төгрөгөөс 4 077.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4 077.5 төгрөгийг, хариуцагчаас 4 077.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Үүрэн холбооны 91004669 дугаарын үйлчилгээний төлбөр болон нотариатын зардал нийт 250 673 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Нарантуяа 2016 оны 11 сарын 30 өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 8 155 төгрөгөөс 4 077.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4 077.5 төгрөгийг, хариуцагчаас 4 077.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ