Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 1297

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ч.Д холбогдох эрүүгийн 1706 02891 0450 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 7 дугаар сарын 1-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой,  -нд дотор засалч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт   гавъяа шагналгүй,

         Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 11 сарын 29-ний өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт дааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хугацааны өмнө тэнсэж суллагдсан,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 553 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулж, 2017 оны 6 сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн ДАСДЭХАШШ-ийн 276 дугаар захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-д зааснаар 2 жилийг өршөөн хэлтрүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ч.Д .

    

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ч.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дарь эхийн шинэ буудал дээр иргэн Ч.Сүндэвийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: “...Ч.Сүндэв гэдэг залуу манай таньдаг дүү байгаа юм. Тэр өдөр “жолооны үнэмлэх авах гэж байгаа юм та машинаараа хамт яваад өгөөч” гэхээр нь хамт явсан. Үнэмлэх авах газар нь очсон боловч үнэмлэх нь гараагүй байсан. Ч.Сүндэв “надад блок байвал олоод өгөөч” гэхээр нь “манай хашаанд байгаа очоод ав” гэсэн. Тэгээд очиж аваад хашаанд нь очоод блокоо тавьчихаад “ахынх нь бензин дуусч байна, шар гэрэл  нь асчихсан байна, бензиний мөнгө байна уу” гэхэд “надад мөнгө байхгүй гар утас байна” гэж хэлээд өөрөө өгсөн. Би цохиж, дээрэлхсэн зүйл байхгүй. Би гуйж авсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ч.Сүндэвийн өгсөн мэдүүлэг /хх-17-18, 40-42/, иргэн Ч.Сүндэвээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-13/, эд зүйлийн үнэлгээ /хх-27-31/, Ч.Д иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-51-52, 55-63/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ч.Д нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дарь эхийн шинэ буудал дээр иргэн Ч.Сүндэвийн гар утсыг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэж 72.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Сүндэвийн өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 23:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн шинэ буудал дээр зүс таних Ч.Д гэх ах 07-88-УНХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота кровн маркийн автомашиндаа суулгаж “гар утсаа гаргаад ир” гэж хэлэхээр нь би “гар утас байхгүй” гэсэн. Тэгтэл миний халаасыг ухаад гар утасыг минь гаргаад ирсэн. Тэгээд би “утсаа өгч болохгүй ээж уурлана” гэж хэлтэл “ээждээ утсаа жорлонд унагаасан гэж хэл дараа нь цагдаад хэлэх юм бол чамайг ална шүү” гээд айлган сүрдүүлсэн. “Тэгээд утсаа авъя” гэтэл “машинаас буу” гэж хэлэхээр нь би айгаад буусан. Тэгтэл тэр ах миний гар утсыг аваад явсан. Уг ах тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Миний гар утсыг авахаар нь би “та яаж байгаа юм бэ” гэсэн чинь “ахын дүү аятайхан байгаарай” гэж хэлээд миний зүүн талын шанаа руу гараараа 3 удаа цохисон. Би нүүрээ дараад “ахаа та яаж байгаа юм бэ, би танд цохиулж гар утсаа өгөх албатай юм уу” гэж хэлсэн чинь “маяглаад байгаарай чамайг цагдаад хэлэх юм бол яахыг мэдэж байгаа биз дээ” гээд байсан. Би Ч.Д гэж ахаас одоо болтол гар утсаа буцааж авч чадаагүй байна. Гар утсаа авахыг хүсэж байна. Би Ч.Д ахаас айдаг.” /хх-17-18, 40-42/ гэх мэдүүлэг,

 

Мөн түүний Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан: “...Энэ хүнийг шүүхээр оруулмааргүй байна. Би ямар ч гомдолгүй.” гэх хүсэлт,

 

        Иргэн Ч.Сүндэвээс цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-13/,

        “Дамно” ХХК хөрөнгө үнэлгээний тайлан /хх-29-30/,     

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-56/ зэрэг болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ч.Д нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

         Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч Ч.Сүндэв нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

        Шүүгдэгч Ч.Д нь нийт 16 хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулах нь зүйтэй ба энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Ч.Д ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

        2. Ч.Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ч.Д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.Д урьд цагдан хоригдсон 16 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

        5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Ч.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

        6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Ч.Д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

   8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС