Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 224/МА2025/00014

 

Б.Т-ын нэхэмжлэлтэй,

П.А-т холбогдох иргэний хэргийн тухай

    Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

   Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 318/ШШ2025/00086 дугаар шийдвэртэй,

    Б.Т-ын нэхэмжлэлтэй, П.А-т холбогдох худалдах, худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч П.А-ын “Б.Т-ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх” тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагч П.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч П.А, хариуцагчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах тухай

      2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “Миний бие Б.Т нь 2021 онд П.А гэх хүнээс тухайн хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Увс аймгийн х сумын х баг, х тоотод байрлах газраас хувааж худалдана гэсэн зарын дагуу холбогдож, тус хүний өмчлөлийн газраас 3 хуваасны нэгийг нь 10,000,000 төгрөгөөр худалдан авах талаар тохирч худалдан авсан.

     Тохирсон ёсоор миний бие 2021 оны 9 дүгээр сард П.А-ын хаан банкны х тоот данс руу 7,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг, өөрийн эхнэр Г.Т-ийн хаан банкны данснаас 2021 оны 10 дугаар сард 2,000,000 төгрөг, 12 дугаар сард 500,000 төгрөг шилжүүлж,  П.А-т 10,000,000 төгрөгийг бүрэн шилжүүлэн өгч газраа худалдан авсан. Ингээд тус хашаанд буугаад хашааг цэвэрлэж, тохижуулан өнөөдрийг хүртэл амьдарч байна. Тухайн үед газрын гэрчилгээ банкны барьцаанд байгаа тул барьцаанаас чөлөөлж байгаад бичиг баримтыг чиний нэр дээр шилжүүлэн өгнө гэж А нь гуйсан тул настай хүн худлаа хэлэхгүй байх гэж итгээд гэрчилгээгээ авахгүйгээр мөнгөө төлөөд хашаандаа буусан. Гэтэл одоо хүртэл газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй бөгөөд гэрчилгээгээ авмаар байна гэхэд чамд баримт байхгүй, бас хөөн хэлэлцэх хугацаа чинь дууссан, чи шүүхээрээ яваад ав гэх зэргээр доромжлоод гэрчилгээг минь шилжүүлэн өгөхгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу миний газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

   3. Хариуцагч П.А-ын татгалзал, татгалзлын үндэслэл: “Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2021 оны 9 дүгээр сард иргэн Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0,07 /32,21x21,73м.кв/ га талбай бүхий хэсгийг таллан өгөхдөө хашааны төлбөр болох 10,000,000 төгрөгийг 9 сардаа багтаан бүрэн төлөх, хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгөөр худалдахаар тохиролцсон.

     Гэтэл төлбөрөө тохирсон хугацаандаа барагдуулаагүйгээр барахгүй, удаа дараа гуйлган байж оны эцсээр төлж дуусгасан. Мөн бидний анх тохирсон зурвасаас гадагш сунган жорлонгийн урд талаар чиглүүлэн хашаагаа барьж байсныг би зогсоож, анхны заасан хэсгээр хашаагаа барьчхаад гэрчилгээгээ ав гэсэн. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэл бараг 3 жилийн хугацаанд тавьсан нөхцөлийг биелүүлээгүй тул би газар өмчлөх эрхээ шилжүүлэхээс татгалзаж байгаагаа удаа дараа илэрхийлж мөнгөө буцааж авахыг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж, нотариатаар батлуулах ёстой юм байна. Гэтэл бидний хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй, хуулийн шаардлага хангаагүй учир түүний хувьд өмчлөх эрхийг шилжүүлэх талаар шаардах эрх үүсээгүй байна” гэжээ.

      4. Хариуцагч П.А-ын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага ба шаардлагын үндэслэл: Б.Т бидний хооронд гэрээ, хэлцэл байгуулагдаж, хэн хэн нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т “бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус” гэж үзнэ гэж заасан. Иймд өгсөн, авсан зүйлсээ буцааж авах үүднээс нэхэмжлэл гаргасан.

     Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар Б.Т-ын хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлж, түүнийг албадан нүүлгэж өгнө үү” гэжээ.

    5. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 318/ ШШ2025/00086 дугаар шийдвэрээр:

     - Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.А-ыг худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж,

     - Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А-аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгох, хариуцагч П.А-ын сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

     6. Хариуцагч П.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, тайлбартаа: “...Нэхэмжлэгчид шаардах эрх үүсэхийн тулд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ёстой боловч тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхад анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Тодруулбал,

    Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө буюу газар худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх ёстой  байна.

      Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т  “Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө” гэжээ.

     Талууд хашааны газрыг худалдах худалдан авахаар тохиролцсон гэх боловч хариуцагчийн 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхтэй болсон 3587 м.кв газраас яг хэдэн м.кв газрыг худалдахаар тохиролцсон нь тодорхойгүй буюу нэхэмжлэгчээс газрын гуравны нэг, хариуцагчаас 700 м.кв, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...газрын хэмжээ тодорхой тохироогүй” гэж тайлбарласан, мөн хэсэгчлэн хувааж байгаа тохиолдолд газрын кадастрын зургийг хийлгэх шаардлагатай зэргээс үзэхэд гэрээг бичгээр байгуулаагүйгээс гэрээний гол нөхцөл болох газрын хэмжээ тодорхойгүй байна.

      Гэтэл анхан шатны шүүхээс газрын хэмжээний талаар тодруулалгүйгээр буюу гэрээний гол нөхцөл тодорхой бус байхад дээр хуулиудад дүгнэлт өгөлгүйгээр, хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, яг хэдэн м.кв газрыг худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзсэн нь тодорхойгүйгээр газрын өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй байдлаар шийдвэрлэсэн тул хуульд нийцэхгүй юм.

      Дээр дурдсанаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд газрыг худалдаж, худалдан авахаар амаар тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэг “Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” буюу бичгийн хэлцэлд тавих наад захын хуулийн шаардлагыг хангаагүй буюу бичгээр байгуулагдаагүй учир нэхэмжлэгчид гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй болно.

     Талууд гэрээний гол нөхцөлөө тохироогүй байхад хүчин төгөлдөр хэлцэл  гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Худалдаж авч байгаа тал нь кадастрын зургаа гаргах ёстой, гэрээгээ байгуулах ёстой, хоёулаа гарын үсэг зурах ёстой, тэгээд дараа нь гэрчилгээгээ шилжүүлж авах ёстой. Нэхэмжлэгч нь яг  зааж өгсөн газарт хашаа татсан эсэхийг шинжээч томилуулаад шалгаж болдоггүй юм уу. Одоо татсан байгаа газар чинь миний зааж өгсөн газар биш байна.

      Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ

       7. Нэхэмжлэгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би энэ хүнээс тухайн үед тэр хашааг зарна гэсэн зарын дагуу очиж харахад, эндээс энэ хэсгийг нь зарах гэж байгаа юм аа гээд тухайн газрын хэмжээг зааж өгсөн. Тэгээд би тэр газрыг нь авъя гэдгээрээ тохироод тухайн үед мөнгийг нь хоёр хувааж өгөөд гэрчилгээгээ шилжүүлж авъя гэж хэлэхэд ах нь чамайг хуурахгүй,  гурван сард банкны зээлээс чөлөөлөгдөнө. Тэгэхлээр ах нь гурван сар гарангуут чамд өгнө, найдвартай, чи илүү юм битгий бодоорой гэж хэлсэн. Тэгээд би тал мөнгөө өгөөд байж байсан чинь хотод эмчилгээтэй байна, миний дүү чи үлдэгдэл  мөнгөө над руу хийчихмээр байна, би юу гэж худлаа хэлэх вэ дээ гэхээр нь тухайн үед нь би за тэгье ээ гээд мөнгөө хийсэн. Тэрнээс хойшоо гурван удаа уулзсан чинь нөгөө зээл хойшлогдоод 11 сард чөлөөлөгдөхөөр чамд өгье гэсэн. Тэрний дараа дахиад ярьсан чинь, чи миний тодорхой заасан газраар хашаагаа татчихаад тэгээд гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн, одоо хүртэл тэр газрыг татаагүй байгаа, тэр 00 байхгүй яг хэвэндээ байгаа. Тэгээд би одоо энэ хашаанаас хэдэн метрт яаж авах юм бэ гэсэн чинь юу яриад байгаа юм бэ чи, ямар дураараа юм ярьдаг юм гэсэн. Таны зааж өгсөн газар чинь энэ, яг одоо хэмжээд үзье гэсэн чинь тийм юм байхгүй гэсэн. Тухайн үед нотариатаар батлуулаагүй гэдэг зүйл хэлсэн” гэв.

      8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа үндэслэл буюу давж заалдах гомдол гаргаад байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ нь үл хөдлөх хөрөнгийн хувьд бичгээр байгуулагдаж,  нотариатаар батлагдаж улсын бүртгэлд бүртгэгдэх ёстой гэх хэлбэрийн шаардлагыг хангаагүй учраас 56.1.8-д заасан буюу хэлбэрийн шаардлага зөрчсөн гэдгээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна гэж маргаж байгаа.

     Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлага нь амаар болон бичгээр аль ч хэлбэрээр нь байгуулж болох бөгөөд заавал бичгээр байгуулагдана гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Таны газрыг арван сая төгрөгөөр худалдаж авъя гээд талууд тохиролцож байгаа энэ асуудал нь гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцож амаар байгуулагдаж байгаа худалдан худалдан авах гэрээ юм.

    Мөн Иргэний хуулийн 109-р зүйл бол өмчийн шилжүүлэг буюу тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг бол шилжүүлж өгөхтэй холбогдсон асуудлыг зохицуулдаг зохицуулалт. Тэгэхээр өмч хөрөнгийг зохицуулахдаа заавал бичгээр гэрээ байгуулагдсан байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Энэ нөхцөл байдлыг далимдуулаад хариуцагч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа, өөрөөр хэлэх юм бол энэ хүн амаар тохиролцоод газраа өгөөд энэ айл газар дээр нь буугаад гурван жил амьдарчихсан, газрынхаа төлбөр буюу арван сая төгрөгийг 2021 оны 9,10,12 сар  гээд дөрвөн удаагийн үйлдлээр хуваагаад бүрэн төлчихсөн. Өөрөөр хэлэх юм бол амаар хийсэн гэрээний үүргээ биелүүлчихсэн байгаа.

       Хэрвээ анхнаасаа ингэж гэрээ байгуулаагүй байсан бол нэхэмжлэгч тухайн хүний газар дээр очиж дур мэдэн бууж гурван жил амьдрахгүй байх байсан. Газрын талбайн хэмжээний асуудлыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр ярьж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр хэмжээний талаар талууд маргадаггүй. Энэ асуудлаар яриагүй, зөвхөн хэлбэрийн шаардлага хангасан гэрээ байгуулагдаагүй гэдэг асуудлыг ярьдаг.  Нэхэмжлэгчийн зүгээс газар дээр нь өөрийнхөө хашаалсан газрыг анхнаасаа тохиролцохдоо яг тэдэн метр квадрат гэдэг нарийн заагийг нь кадастрын мэргэжилтэн, хэмжилтийн мэргэжилтнүүдийг авчирч хэмжүүлээгүй болохоор яг албан ёсны хэмжээ гараагүй. Гэхдээ нэхэмжлэгч, хариуцагч анх аман гэрээ байгуулахдаа зааж өгсөн газрын хэмжээгээр тал хэсгээр нь хашилт хийчихсэн байгаа.

     Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

    9. Хариуцагчийн өмгөөлөгч Л.Хэрлэнчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар гэрээг заавал бичгээр байгуулах шаардлагагүй гэх дүгнэлт хийснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Талууд  үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээгээ байгуулна гэж тохирсон байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд Иргэний хуулийн 109 дүгээр зүйл зүйлийн 2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндэслэл дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг газарт бүртгүүлснээр өмчлөх эрхийн шинэ өмчлөгч үүснэ гэж заасан.

     Хэрвээ тухайн газрынхаа тодорхой хэсгийг нь худалдана гэж тохиролцож байгаа бол тухайн газарт кадастрын зураг хийлгэж, хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлийн бүртгэлд бүртгүүлснээр тухайн гэрээ хүчин төгөлдөр болно гэж хуулиар зохицуулсан байгаа. Тухайн зохицуулалтыг яагаад хэрэглээгүй вэ гэдгийг анхан шатны шүүх шүүхийн шийдвэртээ тусгаж өгөөгүй. Энэ талаар Иргэний хуулийн 42, 43 дугаар зүйлүүдэд тодорхой заасан, бичгээр байгуулагдаагүй байгаа учраас тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдэг нь харагдаж байгаа.

     Талууд гэрээг бичгээр байгуулаагүй тул яг хэдэн метр квадрат газар худалдсан талаар буюу  гэрээний гол нөхцөл нь тодорхой бус байгаа учраас тухайн худалдах худалдан авах гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэл бүрдээгүй байгаа.   

     Иймд тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасан хэлбэрийн шаардлага зөрчсөн хэлцэл учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг дэмжиж байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Хариуцагч П.А-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 318/ШШ2025/00086 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.

     2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч П.А-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгуулах  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч П.А эс зөвшөөрч маргаж, Б.Т-ын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

     3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.А-ыг худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагчийн бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. 

     4. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  үндэслэлтэй гэж  давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

    4.1. Шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй буюу зохигчдын маргаж буй маргааны үйл баримт хэрэгт тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

     Нэхэмжлэгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” ..2021 онд П.А гэх хүнээс тухайн хүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй, Увс аймгийн х сумын х баг, х тоотод байрлах газраас хувааж худалдана гэсний дагуу тухайн хүнтэй холбогдож, тус хүний өмчлөлийн газраас 3 хуваасны нэгийг нь 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч төлбөрийг бүрэн шилжүүлсэн боловч одоо хүртэл газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэн өгөөгүй тул миний газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгнө үү” гэж,

      - нэхэмжлэгч Б.Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...П.А-с 0.07 га газар худалдан авсан” гэж,

    - хариуцагч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...2021 оны 9 дүгээр сард Б.Т гэгч залууд өөрийн өмчлөлийн хашааны дээд талд 0.07 га талбай бүхий газрын хэсгийг таллан өгөхдөө төлбөр болох 10.000.000 төгрөгийг 9 сардаа багтаан бүрэн төлөх, хашаагаа миний заасан хэсгээр барих нөхцөлтэйгөөр худалдахаар тохиролцсон.....” гэж тус тус тайлбарлажээ.

    Талуудын дээрх тайлбаруудаас үзэхэд, 2021 онд Б.Т, П.А нар нь П.А-ын өмчлөлийн газраас тодорхой хэмжээний газрыг худалдах, худалдан авахаар тохиролцсон, Б.Т нь газрын төлбөрт 10.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар маргаагүй боловч худалдах, худалдан авах гэрээ хуулийн дагуу байгуулагдсан эсэх, гэрээ байгуулагдсан бол хэдий хэмжээний газар худалдахаар анх тохиролцсон, одоо нэхэмжлэгч Б.Т нь хэдий хэмжээний газар хашиж авсан талаар тус тус маргасан, энэ үйл баримт маргаантай байна.

   Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ямар нотлох баримтаар, ямар үйл баримт тогтоогдсон, зохигчдын мэдүүлсэн үйл баримтын аль нь тогтоогдож, аль нь үгүйсгэгдэж буй талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан баримтыг хэрхэн үнэлсэн, аль баримтыг үнэлээгүй талаар тусгаагүй, талуудын маргааны үйл баримтыг тодорхойлохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт  заасан “ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, шүүхээс түүнийг хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэх шаардлагад нийцээгүй байна.

    4.2. Шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлүүдийн нэг нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон хариуцагчийн татгалзлын үндэслэл тодорхой бус тохиолдолд тэдгээрийг тодруулах, нэхэмжлэлийн хүрээ хязгаарыг зөв тодорхойлох явдал юм. 

       Хэрэгт, хариуцагч П.А-ын нэр дээр бүртгэлтэй, 3587 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан байна.

      Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн 3587 м.кв газрын гуравны нэг хэсгийг өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг шаардсан уу, эсхүл тухайн газраас 0.07 м.кв газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг шаардаж байна уу гэдэг нь тодорхой бус байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах ажиллагаа хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлага тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ.

     4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-т, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт тусгавал зохих асуудлуудыг   нэг бүрчлэн заасан ба шүүхийн шийдвэр нь хэрэг, маргааныг эцэслэн шийдвэрлээд гаргасан, заавал биелэгдэх шинжтэй баримт бичиг болохын хувьд тодорхой, ойлгомжтой, биелэгдэх боломжтой бүх нөхцөлийг хангасан байхыг шаарддаг.

        Гэтэл маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт: “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч П.А-ыг худалдан авах гэрээний дагуу газрын өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгасугай” гэж заасан нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

      Талууд худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэх газрын хэмжээний талаар маргаж байгаа бөгөөд шүүхийн шийдвэрт энэ талаар  тусгаагүйгээс маргааныг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл,  хариуцагч П.А-ын өмчлөлийн, хаана байрлалтай, хэдий хэмжээний газраас хэдий хэмжээний газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгч Б.Т-д шилжүүлэх талаар тодорхой тусгаж заагаагүй тул шүүхийн шийдвэр тодорхой бус, биелүүлэхэд эргэлзээ бүхий гарсан гэж үзэхээр байна.

     5. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, түүнчлэн хэрэгт хийгдвэл зохих ажиллагааг давж заалдах шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

   6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, хариуцагч П.А-т олгох үндэслэлтэй байна.          

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь :

    1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 318/ШШ2025/00086 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч П.А-ын давж заалдах гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч П.А-т олгосугай.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

                                                                ШҮҮГЧ                                 М.НЯМБАЯР

                                                      ШҮҮГЧ                                 Н.МӨНХЖАРГАЛ