| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 152/2024/00077/и |
| Дугаар | 224/МА2025/00015 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 224/МА2025/00015
Ш.Н-ын нэхэмжлэлтэй,
Увс аймгийн А-д холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00076 дугаар шийдвэртэй,
Ш.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн А-д холбогдох, 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Увс аймгийн А-н дарга Я.Ч-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, хариуцагч Увс аймгийн А-н дарга Я.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Би 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Увс аймгийн А-н хорооны даргын тушаалаар тус хорооны нягтлан бодогчоор ажилд орсон. Одоо ч нягтлан бодогчоор ажиллаж байна. А нь орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллага бөгөөд 2021-2023 оны хооронд санхүүжилт орж ирээгүй гэх үндэслэлээр миний 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарын хоорондох хугацааны цалинг огт өгөөгүй бөгөөд би 2 жил гаруй хугацаанд цалингүй ажиллаад байна. Цалингаа авах гэхээр дарга нар санхүүжилт орж ирээгүй тул түр хүлээж бай, санхүүжилт орж ирэхээр өгнө гэсээр өдийг хүрсэн. Миний хувьд дарга нарын үгэнд итгэж ажлаа хийсээр байгаа ба санхүүжилт орохоор өгөх байх гэж хүлээсээр байсан боловч өгөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Миний бие 2021, 2022 онуудад сарын 447,500 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. 2023 оны 3 дугаар сараас хорооны даргын тушаалаар намайг тус хорооны зохион байгуулагчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр болж би сард 550,000 төгрөгийн цалин авахаар болсон. Иймд Увс аймгийн А-с миний 2021 оны 3 дугаар сараас 2023 оноос 9 дүгээр сар хүртэл хугацааны цалинд 13,637,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Я.Ч-ын татгалзлын үндэслэл: “...Миний бие нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн аймгийн А-н Бага хурлаас аймгийн А-н хорооны даргаар сонгогдон ажиллаж байна.
Тус хороо нь Монгол Улсын Ахмад настны тухай хууль, Монголын Ахмадын холбооны дүрэм, аймгийн Ахмадын хорооны дүрмийг даган мөрдөж, үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг олон нийтийн байгууллага буюу нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Аймгийн А-н санхүүжилтийг Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх заалтаар аймаг, нийслэл, сум, дүүргийн салбар нэгж нь орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ гэж заасан энэ талаар төсөвт тусгагдаагүй санхүүжилт орж ирээгүй байна.
Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар Аймгийн Засаг дарга нь аймгийн Ахмадын хорооны үйл ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөөг баталж, төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэж, хамтран ажиллах гэрээ байгуулж үйл ажиллагааг нь төсөл, арга хэмжээний зардлаар санхүүжүүлнэ гэсэн заалтыг дагаж мөрдөн хэрэгжүүлдэг. Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжилт авсны үндсэн дээр аймгийн Ахмадын хорооны даргын үйл ажиллагаа явуулах эрх нь нээгдэж, дараа нь ажилтан, ажилчид нартайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах эрх үүснэ. Тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй, хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бол санхүүжилт олгогдохгүй, үүний улмаас ажилтан ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулах үндэслэлгүй болж, гэрээт ажлын хөлс олгох эрх үүсэхгүй болно.
Аймгийн засаг дарга нь аймгийн А-н даргатай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, санхүүжилт олгогдоогүй тул аймгийн А-н дарга Ё.Б нь ажилтан, ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах боломжгүй ба гэрээ байгуулж ажиллаагүй гэдгийг тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н, сувилагч-үйлчлэгч Д.О, сахиул-жолооч Б.А, зохион байгуулагч М.Б-ын тайлбарласан тул Ахмадын хороо нь дээрх нэхэмжлэлийн хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн Ш.Н-тай байгуулсан гэх хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Аймгийн А нь тогтмол санхүүжилт авдаг төрийн байгууллага биш, банк санхүүгийн эх үүсвэртэй ажилладаг төсвийн байгууллага биш, төрийн өмчит компани нь ч биш юм.
Гэхдээ тухайн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулж өдрийн үйлчилгээний санхүүжилт авдаг, Ч СӨХ-ийг өөрийн байранд байрлуулж, түрээсийн орлого авдаг байсан байна лээ.Тухайн үед Ш.Н нь өдрийн үйлчилгээний хөлс нэрээр байгууллагын данснаас 2021 онд 1,453,000 төгрөг, 2022 онд цалин 486,000 төгрөг гаргаж авч байсан нь санхүүгийн баримтаар нотлогддог.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тухайн цалин мөнгөө цаг хугацаанд нь авч чадахгүй, эрх нь зөрчигдсөн бол 90 хоногийн дотор гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх боломжтой байсан. Ш.Н хөөн хэлэлцэх хугацааны талаар мэдэж байсан гэж үзэж байна. 2021 оны санхүүжилт зогссоноос болж авч чадаагүй цалингаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00076 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Увс аймгийн А-с цалин 13,637,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Н-д олгож,
- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн А-с улсын тэмдэгтийн хураамж 226,135 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч Увс аймгийн А-н дарга Я.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00076 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Увс аймгийн Засаг дарга нь 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 1/545 тоот бичгээр албан ёсны мэдэгдэл бүхий шийдвэрээ гаргаж ирүүлсэн байна. Энэ өдрөөс эхэлж аймгийн А-н ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн харилцаа, тэдний эрх ашиг хөндөгдөж эхэлсэн байгаа.Тухайн үед хөдөлмөрлөх эрхийн харилцаа, эрх ашиг хөндөгдөж байгааг нэхэмжлэгч Ш.Н нь мэдэж байсан, энэ тухайгаа даргатайгаа ярилцаж зөвшилдсөн байна. Тэр тухайгаа нэхэмжлэлдээ тодорхой бичсэн ч байна. Энэ нь ярьж тохиролцох бус холбогдох хуулийн хүрээнд цаг хугацаа алдахгүйгээр асуудлаа шүүхэд тавьж шийдвэрлүүлэх байсан байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д заасан энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэсэн хуулийн заалтыг дагаж мөрдөөд, энэ хугацаанаас өмнө шүүхэд маргаан үүсгэх бүрэн боломжтой байжээ. Өөрөө ч мэдэж байсан байна.
Аймгийн А-н дарга нь ажилтнуудтайгаа гэрээ, хэлцлийг амаар болон бичгээр хийх, ярилцах ямар ч үндэслэлгүй болохыг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлд бас тодорхой заасан байна.
Нэхэмжлэгч Ш.Н нь нас барсан хүний нэрийг барьж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно.
Ш.Н нь олгогдоогүй цалин хөлс авах тухай асуудлыг ажил хэргийн байдлаар бус энгийн хэлбэрээр ярианы дунд дурсан ярьж байсан. Миний хувьд энэ ярианд ач холбогдол өгөөгүй, шүүхэд хандах эсэх нь чиний асуудал. Тухайн үедээ буюу 2021 ондоо багтаж шүүхэд хандаж байхгүй яасан юм. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан юм биш үү. Би бол зөвшөөрөхгүй гэдгийг хэлсэн.
Увс аймгийн Засаг дарга нь аймгийн А-н даргатай цаашид хамтран ажиллах боломжгүй гээд гэрээгээ цуцлаад, санхүүжилтээ зогсоож байгаа нь аймгийн А-н даргыг цаашид ахмадын хорооны төсвийн хүрээний санхүүгийн дэмжлэгийн хуваарь болон түүнийг захиран зарцуулах, төсвийн хүрээний дэмжлэгийн санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь бүрэн зогсоож, хууль эрх зүйн хүрээнд чадамжгүй болгосон шийдвэр гаргасан байгаа.
Иймд тухайн үед аймгийн А-н даргын ярьсан, хэлсэн бүх зүйл нь хуулийн хүрээнд хүчин төгөлдөр бус, эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж хуулиар үүнийг тодорхойлсон байна.
Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00076 дугаартай шийдвэр нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.2 дахь заалт, Иргэний хуулийн 21,43, 56, 76, 78, 82 дахь заалтуудыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж гомдол гаргасан болно.
Энэ асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт гэх хэсэгт хамаарах зүйл заалтаар маргаан үүсгэх хуулийн заалт нь тодорхой байгаа. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэсэн хуулийн заалтыг дагаж мөрдөөд шүүхэд маргаан үүсгэх байсан. Гэвч хуулийн хугацаанд энэ асуудлаа шүүхэд танилцуулж, гомдол гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч Ш.Н-тай холбогдож гарсан сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00076 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хөөн хэлэлцэх хугацаагаар дуусгавар болгож энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэв.
6. Нэхэмжлэгч Ш.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2017 оноос эхэлж байгууллагын даргын тушаалаар нягтлан бодогчоор 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Дээрх хугацаанд хөдөлмөрийн гэрээтэй үндсэн тушаалтай нягтлан бодогч гэсэн албан тушаалд ажиллаад сүүлдээ давхар ажлууд гүйцэтгэж байсан.
2021 оны 3 дугаар сараас эхлээд манай санхүүжилт зогссон. Тухайн үеийн дарга нь Увс аймгийн Засаг даргатай хамтарч жил бүр хамтран ажиллах гэрээ хийдэг. Уг гэрээний хугацаа дуусахад Увс аймгийн Засаг дарга “тантай гэрээ хийхгүй” гэж амаар удаа дараа хэлсэн ба дараа нь албан тоотоор гэрээ хийхгүй тухай мэдэгдсэн.
Ахмадын хуульд зааснаар энэ байгууллагыг хааж, үйлчилгээг нь зогсоох эрх бидэнд байхгүй. Тийм болохоор үйлчилгээгээ явуулаач гэдэг байдлаар дараа дараагийн шатны дарга нар, Увс аймгийн засаг дарга, Мэргэжлийн хяналтын байгууллага болон Хүний эрхийн конвенц гээд олон газарт хандаж байсан.
Увс аймгийн Засаг дарга гэрээ байгуулаагүй тул манай байгууллагын санхүүжилтийг төрийн сангаас олгодоггүй байсан. Би нягтлан бодогчийн хувьд Увс аймгийн Засаг даргатай тухайн үед 2- 3 удаа өөрийн биеэр очиж уулзахад “хэзээ ч би та нарт санхүүжилт өгөхгүй” гэж байсан.
Би төрийн сангийн дарга болон төрийн сангийн нягтлан бодогчтой уулзахад “гэрээ хийгээгүй тул санхүүжилт өгөх эрх алга, танай төсөл батлагдаад ороод ирчихсэн байгаа, гэрээний үндсэн дээр бид санхүүжилтээ олгох журамтай” гээд санхүүгийн зарчим, журмыг баримталсан ба энэ үр дагавартай холбоотой тухайн үед ажиллаж байсан ажилчид цалингаа авч чадаагүй хохирсон байгаа.
Тухайн үед манай ажилчид шүүхэд гомдол гаргаж хандсан. Б гэх зохион байгуулагч маань нялх хүүхэдтэй ганц бие өрх толгойлж амьдардаг эмэгтэй бөгөөд шүүхэд хандаж, хөдөлмөрийн гэрээний дагуу Ё.Б даргатай тохиролцоод 2021 оныхоо цалин авсан байдаг.
Би цалингаа нэхэмжлэхээр шүүхэд хандахгүй байсан шалтгаан нь санхүүжилт орж ирээгүй, нэг ч төгрөгийн орлогогүй байсан тул хандаж чадаагүй. Я.Ч манай байгууллагын дарга болоод Увс аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан үеэс буюу 2023 оны 11 дүгээр сараас манай байгууллага санхүүжилттэй болсон.
Миний хувьд цалингаа нэхэмжлээд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс шүүхэд хандсан. Тухайн үед “даргаа би таныг дөнгөж ажилд оронгуут мөнгө нэхээд суух нь эвгүй байна, тийм учраас жилийнхээ тайлан гаргачхаад шүүхэд хандана шүү, хандахгүй бол хохирох юм байна” гэж тохиролцоод, баримт бүрдүүлж шүүхэд хандсан. Түүнээс хойш 3 дахь удаагийн хурал болж байна. Би 13,637,000 төгрөгийг би хөдөлмөрийн гэрээтэй үндсэн ажилтан учраас Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар нэхэмжилсэн.
Тухайн үед манай дарга “та нар хохирохгүй, харин намайг өөрчлөөд өөр даргатай болбол санхүүжилт олгогдоно, би энэ хүсэлтээ Ч даргад албан бичгээр ч явуулсан байгаа. Хувиараа ч уулзаж, та өөр даргаа сольж ав” гэж хэлсэн. Надтай хэзээ ч гэрээ хийхгүй юм байна лээ. Та нар ажил үүргээ хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байгаа учраас хэзээ ч хохирохгүй” гэж хэлээд ажиллуулаад байсан. Түүнээс би нас барсан дарга руу чихээд байгаа юм алга. Хамт ажиллаад зовлон жаргалаа хуваалцаж, тухайн байгууллагад ажиллаж байсан болохоор яг болсон процессыг л танилцуулмаар байна” гэв.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Нэхэмжлэгчийг 2019 онд анх нягтлан бодогчийн ажилд томилсон. 2023 оны 3 дугаар сард нягтлан бодогч дээр нь зохион байгуулагчийн ажлыг хавсруулан гүйцэтгүүлэхээр үе үеийн удирдлагуудаас тушаал гарч байсан. Яг тухайн үед буюу 2019-2020 онд үйлчилж байсан Хөдөлмөрийн тухай хуулиар төрийн бус байгууллага боловч байгууллага нь бүтцийн хувьд орон тооны 5 ажилтантай байсан. Тэгэхээр байнгын ажлын байр байсан гэсэн үг.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрэгт авагдсан баримтуудыг авч үзвэл 2019 оноос маргаан бүхий буюу цалин нэхэмжилж байгаа 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд нэхэмжлэгч Ш.Н-ыг зохион байгуулагч болон нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн асуудал байдаггүй.
Цалин нь олгогдоогүй асуудал нь сонгууль болж Увс аймгийн Засаг дарга солигдсоны улмаас Увс аймгийн А-төрийн бус байгууллагын даргаар ажиллаж байсан хүнтэй шинэ Засаг дарга хамтарч ажиллах боломжгүй буюу улс төрийн асуудлаас болоод үл ойлголцол гарсан.
Увс аймгийн А нь Ахмад настны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т заасны дагуу орон нутгийн төсвөөс санхүүжилт авдаг.
Шинэ Засаг дарга хамтарч ажиллахгүй гэх шалтгааны улмаас тухайн байгууллагын санхүүжилтийг 2 жил гаруй хугацаанд зогсоосон байгаа. Үүний улмаас тухайн байгууллагын албан ёсны бүтцэд батлагдсан орон тооны 5 ажилтны цалин олгох асуудалд хүндрэл гарч, цалинг олгохгүйгээр ажиллуулсан.
Үе үеийн удирдлагууд буюу Ё.Б болон түүний дараа үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан В.Т нарын хувьд 5 ажилтныг “санхүүжилт зогссон байгаа учраас цалинг олгох боломжгүй байна, санхүүжилт олгогдоод эхэлсний дараа цалинг нөхөөд олгох учраас бид нар үйл ажиллагаагаа явуулах зайлшгүй шаардлага байна” гэдэг саналыг тавьсны үндсэн дээр 5 ажилтан үүрэгт ажлаа 2023 оны 11 дүгээр сарын сүүл буюу ахмадын холбооны санхүүжилт орох хүртэл үргэлжлүүлэн гүйцэтгэж ирсэн.
Хариуцагч талаас сая нотлох баримт шинжлэн судлуулаад цалин авчихжээ гэдэг асуудлуудыг яриад байгаа нь бүтэн санхүүжилт биш, 2 байгууллагаас тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулаад ордог байсан орлогууд байгаа. Тухайн орлогуудаар төрийн бус байгууллага нь Увс аймгийн хэмжээнд ахмад настнуудад үйлчилгээ үзүүлдэг.
Тухайн хоёр байгууллагаас орж ирж байсан орлогууд буюу сая шинжлэн судалсан нотлох баримтаас харахад өдрийн үйлчилгээ буюу ахмад настанд үйлчлэх үйлчилгээнд зориулагдаж гарсан зардлууд байгаа. 2021 онд нэхэмжлэгч Ш.Н-д 1,453,000 төгрөгийн цалин олгосон гэдэг асуудлыг ярьж байгаа.
Энэ нь 2021 оны 1, 2, 3 дугаар сарын цалинг олгосон. Тэр үеэс эхлээд байгууллагын санхүүжилт зогссон, түүнээс өмнөх буюу 2021 оны 01 дүгээр улирлын цалин учраас нэхэмжлэгчийн өнөөдрийн нэхэмжлээд байгаа мөнгөн дүнд ороогүй.
2022 оны хувьд нийт нэхэмжлэгчид 483,000 төгрөгийн цалин олгогдсон. Энэ 13,000,000 төгрөг буюу нэхэмжилж байгаа үнийн дүнгээс авсан 483,000 төгрөгөө хасаж тооцсон үнийн дүн гэдгийг хэлмээр байна. Дотоод хяналт шалгалтын аудитын дүгнэлтээр 2023 онд нэхэмжлэгч нэг ч төгрөгийн цалин авахгүй ажилласан гэдэг нь тогтоогдож байгаа.
Хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 10 дугаар сард А-н дарга солигдож Я.Ч томилогдож, 11 дүгээр сараас тухайн байгууллагын санхүүжилт хэвийн үргэлжлээд, 11 дүгээр сарын сүүлээр ажилчдын цалинг ердийн хэвийн байдлаар олгож эхэлсэн.
Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан 90 хоногийн хугацааг тухайн үеэс тоолох ёстой гэж харж байгаа.
Санхүүжилт орсон үеэс буюу 2023 оны 11 дүгээр сарын сүүлээс тоолбол нэхэмжлэгч 90 хоногийн буюу гурван сарынхаа дотор нэхэмжлэлээ гаргасан бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд нэхэмжлэгч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, албан ёсоор хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3 болон 43.2.1-т заасны дагуу хийж гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин хөлсийг авах эрхтэй гэж харж байгаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа учраас шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
8. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 76 дугаартай шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа. Учир нь А-н санхүүжилтийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Засаг даргын 1\545 дугаартай албан бичгээр ахмад настны хөгжлийн сангаас олгодог санхүүжилтээ зогсоосон гэдэг чиглэл өгсөн.
Чиглэл өгөөд цалин нь олгогдох боломжгүй болсон нөхцөл байдлын талаар нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Н мэдэж байсан. Өөрөө ч сая хэлж байна. Хамт ажиллаж байсан Б болон бусад хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргаад цалингаа авсан гэдэг зүйл яриад байгаа юм.
Тэгвэл эрх зүйн хувьд анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа тухайн даргын үед харилцан тохироод Засаг даргатай ахмад настны зохих цалин хөлсийг олгосны дараа, эрх хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж шаардлагатай санхүүжилтийг авсны дараа олгохоор үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан гэж үзнэ гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа.
Ё.Б даргын үед Ш.Н-тай санхүүжилт олгосны дараа манай байгууллагад ажилласан хугацааны цалинг олгоё гэсэн шийдвэр гаргаагүй, энэ талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй байхад анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлээр хойшлуулсан гэдэг байдлаар хөөн хэлэлцэх хугацаа зогсоогүй, тасалдаагүй байна гэж үзэж, Ш.Н-д 13,737,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 2.2-т хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гаргана гэсэн заалтыг мөрдөх байсан гэх шаардлагыг эхний хурал дээр гаргаж байсан.
Ш.Н бүхэл бүтэн 2 жил 6 сарын дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан. Тухайн байгууллагын гол санхүүжилтийг зогсоосныг өөрөө мэдэж байсан. Хэрвээ энэ асуудлаар эрх зүйн байдал, хөдөлмөрлөх эрх нь ч юм уу, цалин мөнгө авах, хөлс авах эрх нь зөрчигдөөд байгааг мэдэж байгаа тохиолдолд захиргааны хэргийн эсвэл иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаад, Засаг даргыг гуравдагч этгээдээр татан оролцуулж өөрийнхөө асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлэх боломжтой байсан.
Өөрийнх нь эрх ашиг нь зөрчигдөөд, бусад хамт ажиллаж байгаа хүмүүс нь бүгдээрээ цалин, мөнгөний талаар нэхэмжлэлээ гаргаад хуулийн хугацаанд авч байгаа шүү дээ. Тухайн үед санхүүжилт зогссон боловч Увс аймгийн А өөрийн оффисоо бусад байгууллагад түрээсэлсэн мөнгө болон Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтарч ажиллаад олсон орлогоосоо зохих хэмжээний цалин өгөөд ирсэн.
Эрх зүйн хувьд Ш.Н эрх нь зөрчигдсөн гэдгийг мэдчихсэн, Увс аймгийн Засаг даргаас санхүүжилт орж ирэхээр цалингаа авахаар даргатайгаа тохирсон гэдэг зүйл яриад байгаа болохоос албан бичгээр гэрээ контракт ч юм уу эрх зүйн үр дагавар үүсгэх баримт үйлдэгдээгүй байдаг.
Тухайн үед эрх нь хөндөгдөж байсан бол нэхэмжлэлээ гаргаад явах боломжтой байсан. Нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 13,637,000 төгрөгийн цалинг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаагаар тухайн цалин нэхэмжлэх эрх нь дуусгавар болсон гэж үзэж байна.
Ийм учраас анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 76 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагч Я.Ч-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00076 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч Ш.Н нь хариуцагч Увс аймгийн А-д холбогдуулан, 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Хариуцагч Увс аймгийн А-н дарга Я.Ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: “2021 онд аймгийн А-н даргаар ажиллаж байсан Ё.Б үйл ажиллагаагаа тайлагнаагүй, алдаа зөрчил гаргасан учраас аймгийн Засаг дарга Увс аймгийн А-тай хамтарч ажиллаагүйн улмаас тус байгууллага санхүүжилт аваагүй байсан. Гэхдээ тухайн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулж өдрийн үйлчилгээний санхүүжилт авдаг, Ч СӨХ-ийг өөрийн байранд байрлуулж, түрээсийн орлого авдаг байсан байна лээ. Тухайн үед Ш.Н нь өдрийн үйлчилгээний хөлс нэрээр байгууллагын данснаас 2021 онд 1,453,000 төгрөг, 2022 онд цалин 486,000 төгрөг гаргаж авч байсан нь санхүүгийн баримтаар нотлогддог.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь тухайн цалин мөнгөө цаг хугацаанд нь авч чадахгүй, эрх нь зөрчигдсөн бол 90 хоногийн дотор гомдол гаргаж асуудлаа шийдүүлэх боломжтой байсан. Ш.Н нь хөөн хэлэлцэх хугацааны талаар мэдэж байсан гэж үзэж байна. 2021 оны санхүүжилт зогссоноос болж авч чадаагүй цалингаа хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар маргасан байна.
4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Увс аймгийн А-с цалин 13,637,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Н-д олгож шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
5.1. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.
Харин хөдөлмөрийн эрхийн харилцаанд оролцож байгаа этгээдийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар шүүхэд мэдүүлэх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааны талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор буюу 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, эсхүл хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхээр, маргалдагч тал маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл гурван талт хороонд, хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандахаар мөн хуулийн 154.3-154.8 дахь хэсгүүдэд тус тус журамласан байна.
Иймд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхийн маргаан буюу ажил олгогчоос цалин хөлс гаргуулах шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар гурван сар буюу 90 хоногийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх тул нэхэмжлэгч Ш.Н нь дээрх хуульд заасан хугацааны дотор ажил олгогчоос цалин хөлс гаргуулахтай холбоотой гомдлоо гаргах эрхтэй байна.
5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3-т “ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтэй тохирсон цалин хөлс авах” эрхтэй гэж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох” үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч Увс аймгийн А нь нэхэмжлэгч Ш.Н-ын 2021 оны 3 дугаар сарын цалин хөлсийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор олгосон байх ёстой ба ийнхүү тухайн сарын цалин хөлсийг олгоогүй үеэс буюу 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг нэхэмжлэгч Ш.Н-ыг цалин хөлс авах эрх нь зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдөр гэж үзэж, уг хугацаанаас эхлэн ажил олгогчоос цалин, хөлсөө шаардах шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй байна.
5.3. Нэхэмжлэгч Ш.Н нь цалин хөлс авах эрхээ зөрчигдсөн гэж мэдсэн үе буюу 2021 оны 4 дүгээр сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр, уг хугацааг хэтрүүлэн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
6. Анхан шатны шүүх шийдвэртээ, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-т: “үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан бол ийнхүү хойшлуулсан хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоно” гэж заасны дагуу хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ш.Н-д цалин хөлс олгохыг хойшлуулсан хугацаанд буюу 2021 оны 3 дугаар сараас хойш Увс аймгийн А нь Увс аймгийн Засаг даргатай ахмад настны эрх, хууль ёсны сонирхлыг төлөөлөн хамгаалах чиглэлээр гэрээ байгуулж, шаардлагатай санхүүжилтийг авах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзнэ” гэх дүгнэлт хийсэн нь нотлох баримтад үндэслээгүй байна.
Хэргийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Ш.Н урьд нь өөрийн цалин хөлс гаргуулахаар хариуцагч Увс аймгийн А-с шаардаж байсан, хариуцагч нь цалин хөлс олгохыг тодорхой хугацаагаар хойшлуулж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, ийм нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байхад шүүхээс хариуцагч үүргийн гүйцэтгэлийг хойшлуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг, хариуцагч татгалзаж буй үндэслэлээ тус тус шүүхэд нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ш.Н нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан хугацааны дотор ажил олгогчоос цалин хөлсөө гаргуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэдгээ баримтаар нотлоогүй байна.
7. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэх хариуцагч талын тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Дээрх үндэслэлүүдээр, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор эрхээ хэрэгжүүлээгүйгээс гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ш.Н-ын “2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуустал хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 318/ШШ2025/00076 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 158 дугаар зүйлийн 158.1.5-т заасныг тус тус баримтлан хариуцагч Увс аймгийн А-д холбогдох, 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сарыг дуусталх хугацааны цалин 13,637,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Ш.Н нэхэмжлэл гаргахдаа, хариуцагч Увс аймгийн А давж заалдах гомдол гаргахдаа тус тус улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ