Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/01676

 

О.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01382 дугаар шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025 дугаар магадлалтай,

           Нэхэмжлэгч: О.Э

           Хариуцагч: У-д холбогдох

          Үндсэн нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 706.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

    Сөрөг нэхэмжлэл: зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн  гаргасан гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г, өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн төлөөлөгч С.Б, нарийн бичгийн дарга Д.Дүүрэнжаргал нар оролцов.

         О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн У Жиан Гуа /WU  JIANGUO/-д 2015-09-15-ны гэрээ байгуулан 450 сая төгрөг зээлүүлсэн. Зээл нь 7 хоногийн хугацаатай, хүүтэй, гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор байгаа. Мөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүүгээ төлөхгүй байна. Иймд үндсэн зээл 450 сая төгрөг, хүү 31 500 000 төгрөг, алданги 225 000 000 төгрөг нийт 706.500.000 төгрөг гаргаж өгнө үү гэжээ. 

       Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбарт: Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. 1 тэрбум төгрөгийн дүрмийн сантай компанийн 85 хувийн хувьцааны төлбөрийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд байршуулах шаардлага гарсан учир уг 450 сая  төгрөгийг авсан. 850 сая төгрөгийг Санхүүгийн зохицуулах хорооны дансанд хийсэн.  Хийгээд  7 хоногийн дараа дүрмийн санд байршуулсан мөнгийг “Алъяанс финанс” ББСБ-ын дансанд дүрмийн сангийн буцаалт гэж шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгийг О.Э  гарын үсгээ зуран авсан байгаа.Өөрөөр хэлвэл, ББСБ-с О.Эийн гарын үсгээр зарлга гарсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

        Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Зохигчдын хооронд зээлийн гэрээний асуудал үүсээгүй. Тухайн үедээ дүрмийн сан байгуулах гэж зээлийн гэрээ нь Иргэний хуульд заасны дагуу халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

        Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан өгсөн тайлбартаа: Зээлийн гэрээ байгуулж мөнгө өгсөн. Мөнгөө бэлнээр өгсөн учраас хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж байна.  Заасан мөнгөн дүн хариуцагчийн дансанд орсон нь нотлогддог. Хариуцагч 85 хувийн хувьцааны өмчлөгч болсон,уг хувьцааг зарсан мөнгө би авсан. Харин одоо зээлийн гэрээний мөнгөө шаардаж байна.  Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01382 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан БНХАУ-ын иргэн У Жиан Гуа /WU  JIANGUO/-с 706 500 000 төгрөг гаргуулж О.Э-д олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 4 409 000 төгрөг, хариуцагчаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагчаас 3 690 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч  сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2 337 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр  сарын 11-ний өдрийн 2025 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01382 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан үндсэн болон сөрөг  сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна. 

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн хяналтын гомдолдоо: О.Э өөрийн  хувьцааг хариуцагчид  850 000 000 төгрөгөөр зарсан. Энэхүү мөнгө нь Санхүүгийн зохицуулах хорооны данснаас “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн дансанд орж ирснийг нэхэмжлэгч захиран зарцуулсан, үүнтэй маргахгүй.  2015-09-15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж,хариуцагчийн данс руу  шилжүүлсэн ч уг мөнгийг буцааж аваагүй. 450 сая төгрөгөө өгөхгүйн тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад янз бүрийн арга хэрэглэн тайлбар хийж байна. О.Эд   450 сая төгрөгийг буцааж өгсөн гэх баримт байхгүй байхад давж заалдах шатны шүүх  нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн мөнгөө дансаар буцааж авсан мэтээр үзсэнд гомдолтой.  Хариуцагч нь “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байгаа.   О.Э өөрийн хувьцааг  зарсан 850 сая төгрөгөө хэрхэн зарцуулсан талаараа бичсэнийг давж заалдах шатны шүүх салаа утгаар үнэлж дүгнэсэн. “Альянс финанс групп ББСБ” ХХК-ийн 85 хувийн хувьцаа худалдсан, 450 сая төгрөгийн зээл өгсөн этгээд нь нэг хүн буюу нэхэмжлэгч юм. Харин 85 хувийн хувьцааг худалдаж авсан, 450 сая төгрөг зээлж авсан этгээд нь  хариуцагч болно. Иймд  магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         О.Э нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр БНХАУын иргэн У Жин Гуа /WU JIANGUO/-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015-09-15-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 450.000.000 төгрөг, хүү 31.500.000 төгрөг, алданги 225.000.000 төгрөг нийт 706.500.000 төгрөг шаарджээ. /хх 1, 99/

         Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй /хх 53-55/ маргахдаа 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж 2015-09-15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна. /хх 61, 112/

         Анхан шатны шүүх “...талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна... мөнгийг хариуцагчид шилжүүлсэн /хх 1-н 19/  боловч буцааж төлөөгүй нь тогтоогдсон...” гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх “... О.Ээс авсан мөнгөө буцаан өгсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд тэрээр зээлийн гэрээний үүргийг  зохих ёсоор гүйцэтгэж, дуусгавар болсон...” гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ. 

        Давж заалдах шатны шүүх хуулийн этгээдэд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч авсан үйл баримтыг иргэд хоорондын зээлийн төлбөрийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгсөн  мэт дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.  

        Нэхэмжлэгч 2015 оны 9 сарын 15-ны өдөр зээлийн гэрээнээс гадна 110.000.000 төгрөгийг хариуцагчид өгсөн гэх боловч энэ нь 450.000.000 төгрөгийн тооцоонд орсон эсэх мөн хувьцаа худалдах-худалдан авах асуудалтай холбоотой тооцоо зохигчдын хувьд дууссан эсэх нь тодорхойгүй байх тул талуудын хооронд үүссэн маргааны талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.  

       Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  дүгнэв. 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2017/01382 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2025 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 3.690.000 төгрөгийг О.Эд захирамжаар буцаан олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ