| Шүүх | Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 169/2017/0010/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2017-05-09 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Ж.Очирбат |
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 09
П.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ж.Очирбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч П.Эрдэнэбилэг
Нарийн бичгийн дарга С.Уянга нарыг оролцуулан хийж, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбатын шийдвэрлэсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр П.Эрдэнэбилэгт холбогдох эрүүгийн 201612000205 тоот хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1957 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар баг “Алагийн цагаан худаг” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хоньчин овогт Пэрэнлэйн Эрдэнэбилэг /РД:ЗП57051518/
П.Эрдэнэбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг “Алагийн улаан овоо” гэх газар Д.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх:
Шүүгдэгч Хоньчин овгийн Пэрэнлэйн Эрдэнэбилэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж,
Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй, П.Эрдэнэбилэг нь хохирогч Д.Батсайханд 322000 /гурван зуун хорин хоёр мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2-т зааснаар хохирогч Д.Батсайханы нэхэмжлэлээс 1.837.400 /нэг сая найман зуун гучин долоон мянга дөрвөн зуун/ төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Д.Батсайхан нь хэлэлцээгүй орхисон болон хойшид гарах эмчилгээний зардлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгээс нэхэмжлэх эрхтэйг зааж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгийн эзэмшлийн 2 тооны үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагч Ш.Бямбасүхийн 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож,
Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэбилэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эрдэнэбилэгт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэжээ.
Прокурор Ж.Очирбат эсэргүүцэлдээ: Шүүгдэгч П.Эрдэнэбилэгийн биеийн байцаалтанд төрсөн газар, эрхэлсэн ажилтай, эсвэл ажилгүй талаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт бичээгүй нь Эрүүгйин байцаан шийтгэх хуулийн 295 дугаар зүйлийн 295.1.4 дэх хэсэгт заасан “шүүгдэгчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн газар, он, сар, өдөр, түүний оршин суугаа болон ажлын газар, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол, мэргэжил, гэр бүлийн байдал, урьд ял шийтгүүлсэн эсэх, хэрэгт ач холбогдол бүхий биеийн байцаалтын талаарх бусад мэдээ” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих” гэсэн заалтыг шийтгэх тогтоолд удирдлага болгоогүй, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтад “ ... энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай ...” гэжээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2 дахь хэсэгт заасан “Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн , хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ” гэсэн шаардлагад нийцэхгүй байна.
-Мөн шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт 298 дугаар зүйлд заасан “ Тогтоолын тогтоох хэсэгт шийдвэрлэвэл зохих бусад асуудал гэсэн заалтыг удирдлага болгоогүй, хэргийн хохирол иргэний нэхэмжлэл, эд мөрийн баримт, байцаан шийтгэх ажиллагааны зардал, тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих журмыг тайлбарлажээ. Уг тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ Шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.
Тогтоолын 4 дэх заалтанд “... хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгөгүй гэж тусгасан байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэр томъёоны хувьд эд мөрийн баримтаар хураасан хөрөнгө гэсэн ойлголт байхгүй байтал эд мөрийн баримтаар хураагдсан хөрөнгө гэж хуулийн нэр томъёог буруу хэрэглэжээ.
Иймд Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хуулийн шаардлагад нийцүүлэн өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгчөөс: П.Эрдэнэбилэгт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нь үндэслэлтэй.
Өмгөөлөгчийн зүгээс тэнсэж, хянан харгалзсан хугацааг доод хэмжээгээр тогтоон өөрчилж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлагад нийцүүлэн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.
П.Эрдэнэбилэг нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг “Алагийн улаан овоо” гэх газар Д.Батсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэцүүлэгт судлагдсан
Гэрч Ш.Бадамцоогийн “...Би 2016.11.10-ны өдөр Сайнцагаан сумын 2-р баг “Алагийн улаан одоо” гэх газарт байх гэрээсээ гараад 12 цагийн үед аймагт ирсэн. Тэгээд аймагт байхад 22 цагийн үед хүү Ууганбат руу манай нөхөр Батсайхан утсаар залгаад тархи хагарсан, гар хөдлөхгүй, толгой өвдөөд цус их гарсан байна гэхээр нь би хүүгийн хамт ... очиход Батсайхан ганцаараа гэрийн зүүн хойд талд хэвтэж байсан. Манай гэрийн зуухны хойд талд цус болсон байсан. Тэгээд Батсайханыг аваад шууд аймгийн эмнэлэгт ирсэн. “ гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч Ж.Болормаагийн “... П.Эрдэнэбилэг 2016.11.10-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Дэлгэрцогт сумын 3-р баг “Алагийн цагаан худаг” гэх газарт нутаглаж байсан гэрээсээ худгаас ус авна, үхэр услана гээд гараад явсан. Тэр орой 18 цаг өнгөрч байхад манай нөхөр П.Эрдэнэбилэг нилээн согтуу ирээд Батсайханыд очоод, Батсайхантай шил архи уугаад, тэгээд хоорондоо маргалдсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Гэрч Б.Ууганбатын “...Намайг 2016.11.10-ны өдөр аймгийн төвд байхад 22 цагийн үед аав Батсайхан утсаар залгаад толгой хагарсан, гар хугарсан, ирээд ав, эмнэлэгт үзүүлэх гэсэн юм гэж ярихаар нь би ээж Бадамцоогийн хамт Сайнцагаан сумын 2-р баг “Алагийн улаан овоо” гэх газарт байсан гэртээ очсон. Тэгэхэд аав Батсайханы нүүр цус болсон гэрийн зүүн хойд талд хивсэн дээр цус гоожсон байдалтай байсан. Тэгээд шууд аавыг аваад аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. “ гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
Гэрч Ц.Батбилэгийн “ ...2016.11.11-ний өдрийн 02 цаг өнгөрч байхад яаралтай тусламжийн тасагт үзүүлэх хүн ирлээ гэхээр нь яаралтай тусламжийн өрөөнд очиж өвчтөнг үзэхэд 50 орчим настай эрэгтэй, толгойн ар дагзны хэсэгт 8 см орчим язарч урагдсан шархтай, баруун талын гараа сойсон байдалтай хүн байсан. ...Язарсан шарханд оёдол тавьсан. Батсайханы цээжний баруун гарын рентгэн зургийг 2016.11.11-ний өдрийн өглөө авахуулж зургийг үзэхэд баруун гарын шууны богтос яс гандан хэсгийн 3/1 ташуу хугарч зөрсөн байсан учраас зөрүүг битүү аргаар засаж гөлтгөнөн аравч тавьсан. Цээжний рентгэн зураг дээр баруун талд 3 хавирга хугарсан гэмтэл байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.11.17-ны өдрийн №160200491 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016.12.22-ны өдрийн 43 дугаар дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүхээс П.Эрдэнэбилэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг Эрүүгийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн нь ялтны үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон, хууль ёсны болжээ.
Прокурорын эсэргүүцэлд “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлд заасан “Шүүхийн тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих” гэсэн заалтыг шийтгэх тогтоолд удирдлага болгоогүй” гэжээ. Шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийг удирдлага болгоогүй боловч тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж өгсөн байх бөгөөд үүний дагуу прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл гаргасан байна. Үүнээс дүгнэхэд анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгийг удирдлага болгоогүй нь хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дугаар заалтад эд мөрийн баримт, иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой заажээ.
Прокурорын эсэргүүцэлд дурдагдсаны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр Давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, 315.1.1, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БЯМБАЖАВ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ