Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 38

 

 

Э.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Д.Булганцэцэг,

хохирогч А.П,

хохирогч нарын өмгөөлөгч П.Амгаланбаатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1299 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар магадлалтай, 201525040245 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч нарын өмгөөлөгч П.Амгаланбаатарын гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Э.Г нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах”, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Гыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, мөн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Э.Гт прокуророос Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Э.Гыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Э.Гыг 1 жил хорих ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Э.Гт Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос Э.Гт Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, 1 дэх заалтын “Э.Гыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг, мөн бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай” гэснийг “Э.Гыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай” гэж өөрчилж, 3, 4, 7 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсэн байна.

 

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Булганцэцэг, өмгөөлөгч П.Амгаланбаатар, хохирогч А.П нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч А.П, М.Эрдэнэ-Очир нарын өмгөөлөгч П.Амгаланбаатар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Шүүгдэгч Э.Г нь хохирогч М.Эрдэнэ-Очиртой машин тавьсан асуудлаас болж маргалдан улмаар түүнтэй барьцалдан авч нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохьсноос биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь тогтоогдсон. Э.Г хохирогч М.Эрдэнэ-Очирт хөнгөн гэмтэл учруулах явцдаа хохирогч А.Пын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Гэрч Л.Батхишиг, Б.Тэнгис, Ц.Энхцэцэг, Ц.Энхсаруул нар нь шүүгдэгчийн төрөл садны хүмүүс бөгөөд хэрэгт хувийн сонирхолгүй хөндлөнгийн гэрч биш төдийгүй шүүгдэгч Э.Г хохирогч М.Эрдэнэ-Очирыг цохиж байх үед хохирогч А.П голоор нь орж салгах гэж сарвалзсан гэдгийг тогтвортой мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүлэгт хохирогчийг цохиж нүдсэн асуудал байхгүй гэдэг нь үндэслэлтэй бөгөөд хохирогчийн миний гарыг базаж мушгисан гэсэн мэдүүлэгтэй тохирч байна гэж үзэж байна. Хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжаа шууд заадаг. Хохирогч А.Пын биед баруун гарын 4, 5 дугаар хурууны шивнүүр ясны зөрөөгүй далд хугарал, баруун гарын 2, 3 дугаар хурууны угийн шивнүүр ясны цууралт гэмтлүүд учирсан бөгөөд уг гэмтлүүд гарыг нь базах, атгах, мушгих үед үүсэх боломжтой гэсэнтэй хохирогчийн мэдүүлэг тохирч байна. Хохирогч хувийн байдлын хувьд нялх хүүхэдтэй, өөрөө хүүхдээ асарч чадахгүй хүнээр асруулж байсан. Мөн эх хүнийхээ хувьд хүүхдээ асарч чадахгүй байдал нь сэтгэл зүйн хувьд дарамттай байгааг анхаарч үзэхийг хүсэж байна. Ийм нөхцөл байдалд оруулсан хүнд туйлаас их гомдож байгаагаа шүүх хуралд өөрөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд шүүгдэгч гэмшсэн шинжгүй, илт үл тоосон байдалтай байгаа нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж, хохирлыг төлөхөөс зайлсхийсэн байдлаас тодорхой харагдаж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хохирогч А.П хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Прокурор Д.Булганцэцэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Э.Г нь хохирогчид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь нотлогдож, тогтоогдсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийсэн. Шинжээч эмч хохирогчид учирсан гэмтэл ташуу байрлалтай, нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Тухайн үед хохирогч жирэмсэн байсан. Хуруугаа хугартал жирэмсэн эмэгтэй хэн нэгнийг цохих боломжгүй. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл муутай дүгнэлт хийсэн. Иймд магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

 

Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Э.Г нь 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр байрны гаднах автомашины зогсоол дээр М.Эрдэнэ-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг цохиж, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэн Э.Гыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад заасан хөнгөн гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн үндэслэлээр Э.Гыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсэгт “тухайн хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн шүүгч, өмгөөлөх үүргээ гүйцэтгэж байх явцад тухайн хэргийн байдлыг мэдэх болсон өмгөөлөгч, өвчний улмаас хэргийн нөхцөл байдлыг зөв ойлгож, зөв мэдүүлэх чадваргүй болсон, үүргээ гүйцэтгэх замаар уг хэргийн байдлыг мэдэх болсон эвлэрүүлэн зуучлагч нарыг гэрчээр байцааж болохгүй” гэж тодорхой заасан байх тул мөрдөн байцаалтын шатанд нэр бүхий хүмүүст Эрүүгийн хууль сануулж тэдгээрээс авсан мэдүүлгүүдийг давж заалдах шатны шүүхээс үнэлж, А.Пын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх Э.Гын үйлдэл нь тогтоогдоогүй гэж дүгнэн түүнд холбогдох Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч нарын өмгөөлөгч П.Амгаланбаатарын гаргасан “...Э.Г нь А.Пыг зодож, биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан” гэх гомдлыг хянан үзвэл:

Хохирогч А.П нь хэдийгээр “...Тэр залуу дахин гүйж ирээд манай нөхрийг гараа зангидаж байгаад зодоод байсан. Би нөгөө залууг болиоч гэсэн чинь миний гарыг базаж мушгисан. Тэгсэн миний гарын хуруу хавдсан” /хх-13-14 дүгээр хуудас/ гэж мэдүүлдэг боловч түүний нөхөр, хохирогч М.Эрдэнэ-Очир “...Би машиныхаа цонхыг онгойлгосон чинь нэг залуу намайг шууд цохьсон. Яг тэр үед эхнэр орцноос гараад ирсэн ба машинаас буутал намайг эхлээд цохьсон залуу хэд хэдэн удаа толгойн тус газарт цохьсон. Би цохиулахгүй гээд өөдөөс нь тэвэрсэн. Манай эхнэр хэнтэй маргалдсан болон хэн гарыг нь хугалсныг мэдэхгүй байна” /хх-12 дугаар хуудас/, мөн сэжигтэн Э.Г “...Тэр залуу бүсэлхийгээр тэврээд хөлөө тавиад унагаах гээд байсан. Тэр үед нь нэг удаа эрүүнд нь, нэг удаа цээжинд нь цохьсон. Эхнэрт нь гар хүрээгүй” /хх-30-31 дүгээр хуудас/, түүнчлэн гэрч Ц.Энхцэцэг, Ц.Энхсаруул, Б.Тэнгис, Л.Батхишиг нар Э.Г нь М.Эрдэнэ-Очиртой зодолдох үедээ А.Пд гар хүрээгүй талаар тус тус мэдүүлсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын явцад шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж дүгнэв.

 

Иймд хохирогч нарын өмгөөлөгч П.Амгаланбаатарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1299 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 07 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч нарын өмгөөлөгч П.Амгаланбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ