Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 040

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 415 дугаар шийдвэртэй, Монгол сафари ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нацагдорж /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэг талын санаачилгаар гэрээг цуцалснаас учирсан хохирол 10.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 23 дүгээр тогтоолын 1 дүгээр заалтаар тус сумын нутагт Эзэрлэг агнуурын бүс нутгийн зураглал, хилийн цэсийг баталж, 2 дугаар заалтаар бүс нутгийн менежментийг "Монгол Сафари" ХХК-д хариуцуулж гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг даргад зөвшөөрсний дагуу манай компани Буянт сумын Засаг даргатай Эзэрлэг агнуурын бүс нутагт Агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээ-г 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс байгуулан ажиллаж байсан. Гэтэл Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн уг гэрээг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас Монгол сафари ХХК-тай байгуулсан агнуурын бүс нутгийн менежментийн гэрээг хүчингүй болгох тухай Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаар тогтоол гарсан гэсэн үндэслэлээр цуцалсан. Амьтны тухай Монгол Улсын хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Сумын Засаг дарга гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, цуцлахыг үүрэг болгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тус сумын Засаг дарга нь Монгол сафари ХХК-тай байгуулсан гэрээг 4 сарын дараа тухайн гэрээнд хамааралгүй үндэслэлээр цуцалсан бөгөөд Монгол сафари ХХК-ны зүгээс тухайн гэрээнд заасан үүргээ зөрчсөн, мөн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй талаар тогтоогдсон зүйл байхгүй. Иймд гэрээг цуцалснаас манай компанид учирсан хохирол болох гэрээ байгуулсантай холбоотой хийгдсэн, хэргийн материалд авагдсан Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан зэрэг баримт бичгийг боловсруулах, батлуулахад зарцуулсан 10000000 /арван сая/ төгрөгийг Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэнгээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: ... Монгол сафари ХХК-тай байгуулсан гэрээг дараах нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлээр цуцалсан. Монгол сафари ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ маш хангалтгүй биелүүлсэн бөгөөд агнуурын бүс нутагт менежмент төлөвлөгөөний дагуу хийвэл зохих ажлуудыг хийгээгүй нөхцөл байдал удаа дараа илэрсэн. Тус компани нь Буянт суманд ирээгүй, нэг ч удаа ажиллаагүй, гэрээний нэг ч заалтыг биелүүлээгүй. Буянт сумын Засаг дарга болон Монгол сафари ХХК-ийн хооронд байгуулсан гэрээг албан ёсоор цуцалсан талаар тус компанид 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1/214 бүхий албан бичгээр мэдэгдэж байсан бөгөөд үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч байхад тус компани нь Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хандаагүй учир гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын тушаалын 1 дүгээр хавсралтад Буянт суманд Орман ан ХХК, Нармандах нөхөрлөлтэй хамтарч 2015 онд 2 толгой угалз агнахыг зөвшөөрсөн бөгөөд Монгол сафари ХХК-д Буянт сумын нутаг дэвсгэрээс угалз агнахыг зөвшөөрсөн заалт байхгүй. Тийм ч учраас сумын Засаг дарга би Монгол сафари ХХК-ийн ерөнхий захирал У.Буяндэлгэртэй 2015 онд гадаадын анчнаар олзворын чиглэлээр ан хийлгэх гэрээ хийгээгүй. Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Агнуурын бүс нутаг тогтоох тухай 33 дугаар тогтоолоор Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежментийг Баян-Өлгий аймгийн Орман-Ан ХХК, Нармандах ТББ-д 5 жилийн хугацаатай хариуцуулан хамгаалуулах гэрээ хийсний дагуу Орман-Ан ХХК, Нармандах ТББ нартай хамтран Агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг өнгөрсөн хугацаанд хангалттай хэрэгжүүлж байна. Тус компанийн хохирсон гэх 10,000,000 төгрөгийг ямар байгууллагын шийдвэрээр, ямар байгууллагад, юуны учир төлсөн нь тодорхойгүй байна. Иймд дэээрх нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 415 дугаар шийдвэрээр: 1. Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаас 5000000 /таван сая/ төгрөгийг гаргуулан Монгол Сафари ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5000000 /таван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай; 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174950 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргаас 94950 төгрөг гаргуулан Монгол Сафари ХХК-д олгосугай. гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг дарга Т.Мэндсүрэн би Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 415 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Монгол сафари ХХК-ийн шүүхэд гаргасан төлбөр төлсөн гэх бөөндөө бичигдсэн 20.000.000 төгрөгийн төлбөрийг чухам юуны төлбөр, ямар зардал хаана, хэзээ, хэнд төлсөн гэдгийг нэхэмжлэгч тал нарийвчлан нотлох баримтаар нотолж чадаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ. гэснийг ноцтой зөрчиж байна. Монгол сафари ХХК нь гэрээнд гэрээний үүргээ биелүүлээгүй байж төсөвт байгууллагаас 5.000.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 415 дугаар шийдвэрийг хүчингүйд тооцож, Монгол сафари ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээний болон үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагатай холбоотой заалтыг талуудын хооронд үүссэн маргаантай харилцаанд зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Зохигчдын хооронд 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 07 дугаартай Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах урт хугацааны гэрээ (хэргийн 7-10 дугаар тал) байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч Монгол сафари ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, тус сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө зэрэг 2 төрлийн баримт бичгийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн байжээ. Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/214 дүгээр албан бичгээр дээрх урт хугацааны гэрээг цуцалсан учраас нэхэмжлэгчээс гэрээг цуцалсантай холбогдуулан учирсан хохирол буюу дээрх 2 төрлийн баримт бичгийг Монголын анчдын нийгэмлэгээр гүйцэтгүүлсэн зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Нэхэмжлэлийн шаардлага (хэргийн 3 дугаар тал), тодруулга (хэргийн 190 дүгээр тал), нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээг цуцлагдсан гэж үзэж, гэрээний үүргийг биелүүлсэнтэй холбогдуулан учирсан хохирлыг гэрээг цуцалсан буруутай талаас шаардсан байна. Харин гэрээг цуцалсан хариуцагчийн үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хариуцагч тал Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах урт хугацааны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон үндэслэлээ Монгол сафари ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд, урт хугацааны гэрээг хариуцагч талын санаачилгаар цуцалсан асуудалд нэхэмжлэгч буруугүй бөгөөд тэрээр гэрээг цуцлагдсан гэж үзэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад Монгол сафари ХХК-аас гарсан зардлыг нэхэмжилсэн харилцаанд анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1.-т заасан шаардах эрхийн агуулгыг хэрэглэсэн нь үндэстэй байна.

Монгол сафари ХХК-ийн хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээний 4.3.1.-4.3.9 дэх заалтын агуулга, тус сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежментийн төлөвлөгөө (хэргийн 49 дүгээр тал, хүснэгт 5.) зэргээс үзвэл, талуудын хооронд Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, тус сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө зэрэг 2 төрлийн баримт бичгийг боловсруулах асуудлаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т заасан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн ба захиалагч буюу хариуцагч Буянт сумын Засаг дарга нь талуудын хооронд байгуулагдсан урт хугацаатай гэрээг цуцалснаар ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлэхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайлан, тус сумын Эзэрлэг агнуурын бүс нутгийн менежмент төлөвлөгөө зэрэг 2 төрлийн баримт бичгийг мэргэжлийн байгууллагаар 10.000.000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж, 20.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, Монгол сафари ХХК-ийн кассын зарлагын ордер (хэргийн 12 дугаар тал) зэрэг баримтуудыг гаргаж өгчээ. Эдгээр санхүүгийн баримтуудыг зохигчдын тайлбар, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1/214 дүгээр албан бичигт (хэргийн 11 дүгээр тал) дурдагдсан төлөвлөгөө, тайлан боловсруулахад шаардагдах 5.0 сая төгрөгийг буцаан төлөх нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан тухай болон тус аймгийн Улаанхус сумын Засаг дарга, Монгол сафари ХХК-ийн хооронд байгуулагдсан энэ төрлийн гэрээний үйл баримттай харьцуулан дүгнэвэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Буянт сумын Засаг даргаас 5.000.000 төгрөг гаргуулан Монгол сафари ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 415 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА

 

 

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

С.ӨМИРБЕК