Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2020/0189

 

Б.Л, Б.Ч нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-эрдэнэ, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч О.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 886 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Л, Б.Ч нарын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 886 дугаар шийдвэрээр: “2015 оны Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 23 дугаар зүйлийн 23.1.3, 23.4, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарын хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Нп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц давж заалдах гомдолдоо: “...Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд заасан үндсэн чиг үүргээ хариуцагч байгууллага хэрэгжүүлж, “Нп” ХХК-ийн хувийн хэргийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэснээр нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөөгүй, хөндөгдөх үндэслэлгүй байна. Гэтэл шүүх хариуцагч байгууллагыг Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 19.2-д заасан улмын бүртгэлд бүртгэхээс татгалзах нөхцөл байдал байгаа эсэхийг бүрэн нягталж үзээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хуулийн энэ заалтыг хариуцагч байгууллага зөрчсөн мэт байдлаар дүгнэсэн нь хууль бус болсон. Хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор мэдэгдээгүй бол уг хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тухайн хуулийн этгээдийн мэдээллийн санд орсон аливаа өөрчлөлтийг хариуцагч байгууллага бүртгэхээс татгалзах, улмаар бүртгэхийг хориглосон зохицуулалт байхгүй байна.

...С.Б “Хувьцаа бэлэглэх гэрээ, “Хувьцаагаараа гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ” зэргийг бичгээр байгуулж, нотариатаар гэрээний үнэн зөвийг гэрчлүүлсэн байгаа нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. Гэтэл анхан шатны шүүх “Нп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид орсон өөрчлөлтийг тус компанийн үүсгэн байгуулагч буюу талийгаач болсон С.Б нь гаргах ёстой байсан гэсэн хачирхалтай дүгнэлтийг хийж, Хуулийн этгээдийн бүртгэлийн газрыг тухайн асуудлаар буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч нь “Нп” ХХК-ийн 100 хувийн хувьцааг талийгаач С.Б-ийн өв мэтээр ташааран ойлгож, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр “Нп” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан “С.Б-г хувьцаа эзэмшигчээс хасаж, компанийн 100 хувийн хувьцааг Б.Н-д шилжүүлж, гүйцэтгэх захирлаар Б.Н-ийг томилсон” өөрчлөлтийг бүртгэсэн, үүнийг эс зөвшөөрч уг бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч нарын төлөөлөгчөөс “...компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг шийдвэр гарснаас хойш ажлын 15 өдрийн дотор бүртгүүлэх ёстой байхад хоёр жилийн дараа компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б-ийн хууль ёсны өвлөгчдөд мэдэгдэлгүйгээр бүртгэл хийсэн, хувьцаа эзэмшигчийн шийдвэрт Б.Н гарын үсэг зурж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилсон нь хууль бус байхад уг хууль бус шийдвэрийг үндэслэн компанийн мэдээлэлд өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирлаар Б.Н-ийг бүртгэсэн нь хууль зөрчсөн” гэж маргажээ.  

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “Нп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ”-ээр “Нп” ХХК-ийн 100 хувийн хувьцааг өөрийн хүү Б.Н-д бэлэглэж, тус компанийн хувьцаанд ноогдох эрхээ түүнд шилжүүлэн өгч, улмаар Хувьцаа эзэмшигчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаартай шийдвэрээр тус компанийн бүх хувьцааг Б.Н-д шилжүүлэх шийдвэрийг гаргасан байх боловч 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нас барсан байна.

Ийнхүү компанийн 100 хувийн хувьцааг эзэмших эрхтэй болсон Б.Н Хувьцаа эзэмшигчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2017/01 дүгээр шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлаас С.Б-г чөлөөлөн Б.Намнандоржийг гүйцэтгэх захирлаар томилж, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг баталсан байх бөгөөд үүний дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт өргөдөл гаргаж, үүндээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хувьцаа эзэмшигчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2017/01 дүгээр шийдвэрүүд, 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ”, компанийн шинэчилсэн дүрэм зэргийг хавсаргажээ.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “...хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд ...баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр, үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт, ...улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хавсаргах”-аар заасан, мөн зүйлийн 23.2-т “...улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 23.1-д зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй” гэж заасан, тухайн тохиолдолд, “Нп” ХХК-иас үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр хандаж гаргасан өргөдөл, холбогдох бусад баримтууд нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн байх тул хариуцагч улсын бүртгэлийн байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэлгүй, иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009/ 11 дүгээр зүйлийн 11.5.2-т улсын бүртгэгч “...бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”-аар заасны дагуу “Нп” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлүүд дээрх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна.

Нөгөөтээгүүр, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг зөвхөн “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, “үүсгэн байгуулах баримт бичиг уг хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”, “өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон” тохиолдолд л улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахаар заасан.  

Дээр дурдсанаар “Нп” ХХК-иас хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргахдаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д тусгайлан заасан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлсэн, өргөдөл гаргагчийн бүрдүүлэн ирүүлсэн баримт бичгүүд нь хуурамч, эсхүл хуурамчаар бүрдүүлснийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоосон гэх, үүсгэн байгуулах баримт бичиг нь хууль тогтоомжид заасан шаардлага хангаагүй гэх асуудлаар маргаангүй тул маргаан бүхий бүртгэлүүдийг хийсэн хариуцагч захиргааны байгууллагын үйл ажиллагаа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн холбогдох заалтуудад нийцсэн, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан байх хэдий ч бүртгүүлэх хугацаа хэтэрсэн нь улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хийхээс татгалзах үндэслэл болохгүй, энэ үндэслэлээр татгалзах зохицуулалт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуульд байхгүй. Нэгэнт талууд хүсэл зоригоо илэрхийлэн “Хувьцаа бэлэглэх гэрээ”, “Хувьцаагаар гэрчлэгдсэн эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан, уг гэрээнүүд нь хүчин төгөлдөр байх тул маргаан бүхий бүртгэлийг хийхээс татгалзах хуульд заасан үндэслэл бүрдээгүй, бүртгэл хууль зөрчөөгүй.

Тухайн асуудлаар нэхэмжлэгчээс  “...Улсын бүртгэлийн тухай хуулийн гол зорилго нь яагаад 15 хоногийн хугацаа тавьдаг гэхээр хувьцаа шилжүүлэх асуудлын суурь хэлцэл болж байгаа шийдвэр болон хувьцаа эзэмшигчийн хүсэл, зориг нь цаг хугацааны хувьд өөрчлөгдөх боломжтой. Хэрэв шийдвэр гарсан бол хууль тогтоогчийн санаа нь хуульд заасан хугацаандаа багтааж бүртгүүлэх, тухайн хугацаанд бүртгүүлээгүй бол шийдвэрийг шинэчлэх боломжтой” гэж маргасан, “Нп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаартай шийдвэрийг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хүчингүй болгосон, өөрчилсөн ямар нэг шийдвэр байхгүй, уг үйл баримттай нэхэмжлэгч талаас маргаагүй хэрнээ хувьцаа эзэмшигчийн шийдвэр өөрчлөгдөх боломжтой байсан гэж тайлбарлаж буйг хүлээн авах боломжгүй.

Захиргааны хэргийн шүүх нь “Нп” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15/03 дугаар, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2017/01 дүгээр шийдвэрүүд нь Компанийн тухай хуульд нийцсэн эсэх, Б.Н-ийг гүйцэтгэх захирлаар томилсон нь хүчин төгөлдөр эсэх, энэ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудлыг дүгнэхгүй, уг асуудлаар нэхэмжлэгч нар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, ийнхүү иргэний шүүхэд маргасан талаарх болон эрх бүхий этгээдээс тогтоосон баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн талаар баримтгүй байхад уг асуудлыг хянах, дүгнэлт хийх эрх улсын бүртгэлийн байгууллагад байхгүй юм.

Гэтэл анхан шатны шүүхээс “...2015 оны 05 дугаар сарын 05-нд “Нп” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт орсон гэж үзвэл хуульд заасан ажлын 10 өдрийн хугацааг дагах байсан ...“Нп” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч С.Б нь дүрмийн өөрчлөлт хийсэн талаар шийдвэр гаргаагүй, энэ талаар баримт байхгүй нь ...Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 “Энэ хуулийн 17.3-т шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэх байгууллага компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзана” гэсний дагуу хариуцагч захиргааны байгууллага бүртгэхээс татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаагүй байна” гэх зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагчийг буруутгасан. Мөн компанийн дүрмийн өөрчлөлийг бүртгэсэн бүртгэлтэй талууд маргаагүй, зөвхөн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг анхаараагүй.

Түүнчлэн С.Б нас барснаар “Нп” ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхээр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Н-с өөр этгээд өргөдөл гаргах боломжгүй болохыг анхаарахгүйгээр “...компанийнхаа дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийг тухайн үед компанийн 100 хувийн хувьцааг эзэмшигч, үүсгэн байгуулагч С.Б-ийн зүгээс гаргах байсан, ийнхүү гаргасан эсэхийг захиргаа шалгах ёстой байсан” гэж маргааны үйл баримтыг буруу дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Дээрх үндэслэлээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан маргаан бүхий бүртгэлийг бүртгэхээс татгалзах нөхцөл үүсээгүй, уг бүртгэл хийгдсэнээр хууль зөрчөөгүй, хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 886 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009/-ийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Л, Б.Ч нарын Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Нп” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн тухай болон гүйцэтгэх удирдлага томилсон тухай бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                  Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                                 Г.БИЛГҮҮН