| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06946/И |
| Дугаар | 5345 |
| Огноо | 2015-10-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 5345
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 27-р байрны 00 тоотод байрлах, Хулантай СӨХ-ны нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 3-р хороолол, 33А байрны 8 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЗП77031415, Тарва овогт Шарав-Осорын Гантөгсөд холбогдох,
нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 298 088 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хулантай СӨХ хариуцагч Ш.Гантөгсөөс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 298 088 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай Хулантай СӨХ нь 2014 онд үүсгэн байгуулагдаж Баянгол дүүргийн 7-р хорооны 27, 33 байруудыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг. Бид иргэдийнхээ ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж Монгол улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын эд хөрөнгийн тухай хууль болон бусад хуулийн дагуу үйл ажиллагааг хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн.
Сууц өмчлөгч Ш.Гантөгс Хулантай СӨХ хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулж, сар бүрийн хуримтлалын төлбөрийг өгөлгүй удаж, их хэмжээний хуримтлал үүсгэж холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байна.
Иймд Ш.Гантөгсөөс 2015 оны 8-12 сар, 2016 оны 1-7 сар хүртэлх хугацааны СӨХ-ны нийт төлбөрт 298 088 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай Хулантай СӨХ иргэн Ш.Гантөгст холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 298 088 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч сайн дураараа 2016 оны 10 сарын 6 өдөр 192 150 төгрөгийг дансанд шилжүүлсэн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл баримтыг судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хулантай СӨХ нь хариуцагч Ш.Гантөгст холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардалд 298 088 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Хулантай СӨХ нь нэхэмжилсэн 298 088 төгрөгөөс 192 150 төгрөгийг хариуцагч Ш.Гантөгс 2016 оны 10 сарын 6 өдөр сайн дураараа төлж барагдуулсан шалтгаанаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай хүсэлтээ ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу түүний татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 9 592 төгрөгөөс 50 хувийг буцаан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ш.Гантөгсөөс нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний 2015 оны 08 сараас 2016 оны 7 сарыг дуусталх хугацааны зардалд 298 088 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Хулантай СӨХ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 9 592 төгрөгөөс 4 796 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4 796 төгрөгийг буцаан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжийн талаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ