Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 117

 

                                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Ө.Мөнхнавч,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

Шүүгдэгч Г.Г нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г. Г-т холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,  Г. Г, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Яллагдагч Г.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт дөрвөн замын уулзвар дээр өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 8.18 дахь заалтуудыг зөрчин иргэн Х.Т-н жолоодож явсан ...улсын дугаартай Тоёота Витц маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч С.Б-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “...2019 оны 04 дүгээр сарын 18-ны өмнөх өдөр нь найз нартайгаа уусан байсан Маргааш нь Б залгаад хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Очиход цээжнээс нь цус алдсан байсан. Яарч яваад хэрэгт орсон ...” гэв.

 

                  Шүүгдэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 18-ны өглөө би гэртээ унтаж байхад манай найз Б утсаар яриад найз нь ард байна хурдан ир хүрээд ир намайг аваад эмнэлэг хүргээд өгөөч гэсэн юм. Тэгэхэд багцаагаар цаг 07 цаг болж байсан байх. Тэгээд л би босоод өөрийнхөө эзэмшлийн ...улсын дугаартай хар өнгийн Кровн маркийн автомашиныг бариад гарсан юм. Би урьд шөнө нь архи уучихсан байсан ба өглөө босоход миний архи гараагүй байсан юм. Тэгээд би арын төмөр зам ороод найз Б-ийг Оргил худалдааны төвийн хажуугаас авахад Б цээжээ барьчихсан байдалтай зогсож байсан тэгээд миний машинд орж ирээд яаралтай эмнэлэг хүргээд өг хүнд хутгалуулчихлаа гэсэн. Тэгээд л би тэндээсээ эргээд засмал замаар чигээрээ урагшаа аймгийн эмнэлэг рүү давхисан. Тэгээд л би дөрвөн замын гэрлэн дохион дээр ирэхэд улаан гэрэл асчихсан байсан би тухайн үед яараад гэрлэн дохион дээр зогсож байсан машины хажуугаар нь гараад зогсолгүй чигээрээ улаан гэрлээр гарсан юм. Гэтэл миний баруун гар талаас улаан өнгийн суудлын автомашин орж ирээд би тэр машины хажуу бөөрнөөс нь мөргөчихсөн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 113-114 дүгээр хуудас/

                 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10 дугаар хуудас/

 

                 Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

            Насанд хүрээгүй хохирогч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 ны 04 дүгээр сарын 18-ны өглөө гэрээсээ гараад такси бариад 1 дүгээр сургууль орох гээд явсан юм. Миний суусан машинд надаас өөр хүн байгаагүй ба би арын суудал дээр суугаал явж байсан юм. Тэгээд л төв 4 зам дээр ирээд манай машин чигээрээ зүүн тийшээ явж байхад л гэнэт машин тормоз гишгэж байгаа юм шиг чахрах чимээ сонсогдож байсан тэгээд л гэнэт юу болсныг нь бол мэдэхгүй би ухаан алдсан байсан ба нэг сэрэхэд нь нэг нь намайг машинаас гаргаад машинд суулгаад эмнэлэгт очсон. Миний сууж явсан машин зөөлхөн явж байсан ба яг хэдэн км цагийн хурдтай явсаныг нь бол мэдэхгүй байна... Би уг машинтай явж байгаад осолд ороод эгмээ хугалсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 66 дугаар хуудас/

 

                  Иргэний нэхэмжпэгч Х.Т-ийн: “...2019 оны 04 сарын 18-ны өглөө би өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай автомашинтайгаа таксинд хүн авх гэж явж байгаад офицерийн байрнаас нэг хүүхэд аваад засмал замаараа чигээрээ зүүн тийшээ 1 дүгээр 10 жил орох гээд 07 цаг 40 минутын үед төв 4 замын уулзвар дээр би ногоон гэрлээр гараад чигээрээ явж байхад 4 замын голд гэнэт л хойш талаасаа нэг машин их хурдтай орж ирээд миний машины зүүн гар талаар мөргөчихсөн юм....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/

 

                  Гэрч Ж.Б-ийн: “...найз Г луу яриад Оргил худалдааны төв дээр гялс хүрээд ирээд аваадахаач гэж дуудсан юм. Тухайн үед цаг хэд болж байсныг нь бол санахгүй байна. Удалгүй Г өөрийнхөө хар өнгийн Кровн маркийн машинтай хүрээд ирсэн. Тэгээд би Г-т сая хүнд хутгалуулчихлаа гээд хэлчихсэн юм. Тэгээд Г сандраад намайг эмнэлэг хүргэж өгөхөөр явсан. Би тухайн үед суудлыг нь хойш нь хэвтүүлээд хэвтэж явсан юм. Тухайн үед Г архи уусан байсныг нь бол би мэдэхгүй. Яаж яваад машинтай мөргөлдсөнийг нь бол би хараагүй би хэвтэж явсан юм. Тухайн үед гэрлэн дохион дээр зогсож байгаа машинуудыг тойроод явж байх шиг байсан тэгээд машинтай мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 125-126 дугаар хуудас/

 

                  Шинжээчийн ... дугаартай “...С.Б-гийн биед зүүн эгэм ясны хугарал, тархи доргилт, цээжний баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохос зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. С.Б-ийн биед учирсан зүүн эгэм ясны хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх- ийн 46-47 дугаар хуудас/

 

                  Шинжээчийн .... дугаартай “...Тоёота кровн маркийн ...улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг /Жолоочийн үүрэг/-ийн 3.7.а-д заасан “Жолоочид... эсхүл, согтууруулах ундаа. ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн дүрмийн 8 дугаар бүлэг /Замын хөдөлгөөн зохицуулах дохио/-ийн 8.18-т заасан “Гэрэл буюу зохицуулагчийфхориглосон дохиогоор жолооч (Зогс шугам)-ын өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 118-119 дүгээр хуудас/,

 

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өглөө Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт дөрвөн замын уулзвар дээр өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай Тоёота Кровн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 8.18 дахь заалтуудыг зөрчин иргэн Х.Т-ийн жолоодож явсан ...улсын дугаартай Тоёота Витц маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч С.Б-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

           Шүүгдэгч  Г. Г-г согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан насанд хүрээгүй хохирогч С.Б-гийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ ... гомдол санал байхгүй...”, иргэний нэхэмжлэгч Х.Т “...шүүх хуралд суухгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт болох жолоочийн үнэмлэх шүүхэд ирсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Г-ын хураагдан ирсэн жолоочийн үнэмлэхийг Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Г.Г-ыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчин явсан насанд хүрээгүй хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд  хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т 2 / хоёр / жил хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

         

3.  Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Шүүгдэгч Г.Г тэнссэн хугацаанд хязгаарлах албадлагын арга хэмжээг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5.Тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8, 6.9 дэх зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймаг дахь Замын цагдаагийн газар шилжүүлсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.Г-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА