| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Алтан |
| Хэргийн индекс | 152/2024/00528/и |
| Дугаар | 224/МА2025/00016 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 224/МА2025/00016
Д.У нарын нэхэмжлэлтэй,
Г.Г-д холбогдох
иргэний хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, ерөнхий шүүгч Л.Алтан, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 318/ШШ2025/00066 дугаар шийдвэртэй,
Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О нарын нэхэмжлэлтэй, Г.Г-д холбогдох хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Л.Алтангийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О нар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О нарын нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “1-рт, Г.Г нь Х нөхөрлөл ББН-ийн даргаар ажиллаж байхдаа 2023 оны 10 дугаар сараас эхлэн байгууллагын өрөө тасалгааг зориуд өөрчилж ажлын байран дээрх ялгаварлан гадуурхал үүсгэж эхэлсэн ба энэ нь 2024 оны 8 дугаар сар хүртэл үргэлжилсэн. Байгууллагын ажилчдын хурлыг 7 хоногт ажлын бус цагаар буюу өглөөний 7 цагт явуулж, бидэнд мэдэгдэхгүйгээр хуралддаг. Хурлаар ямар асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэн талаарх мэдээлэл нь нууц байдалтай байдаг. 2-рт, Г.Г нь байгууллагын ажилтнуудын дунд ашиглаж байгаа групп чатаас тусдаа Х ӨЭМТ-ИЙН ХАМТ ОЛОН гэсэн чат нээж, Г.С, А.О нарыг гишүүнээр нэмсэн боловч буцаад хассан, бусад 3 нэхэмжлэгчийг анхнаасаа групп чатад оруулаагүй. Тухайн чатад байгууллагын бүх мэдээ мэдээлэл бичигддэг боловч биднийг чатдаа оруулахгүйгээр бидний мэдээлэл авах боломжийг хааж, ялгаварласан. 3-рт, Г.Г нь үйлчлүүлэгч нарын дэргэд болон хамт олны дэргэд бид нарыг өндөр дуугаар загнаж, дайрч давшилж, уурлаж харьцдаг. Мөн ажилласан жил, нас, албан тушаалаар нь шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах зэргээр ажлын байрны дарамт учруулж байгаа нь бидэнд ажил хийхэд хэцүү, сэтгэл зүйд хүндээр нөлөөлж маш их дарамттай байна. 4-рт, Г.Г нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, их эмч Г.С, ахлах сувилагч Т.Ч, багийн эмч Л.Г нарт сануулах арга хэмжээ авна гэж аман хэлбэрээр сүрдүүлж, сэтгэл зүйд нөлөөлж дарамт учруулсан, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан.
Биднээс асуухгүйгээр ажлын байрыг сольсон, цалин удаа дараа хассан, урамшуулал олгоогүй. 5-рт, 7 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас Х өрхийн эрүүл мэндийг төвийг шалгасан. Үүнд 2, 4 дүгээр баг хариуцаж байсан сувилагч Д.У миний бие гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээ үзүүлсэн нь үнэн, анхан шатны маягт дээр бүртгэлтэй хүмүүс байхад үзүүлээгүй байна гэж надад мэдэгдэхгүйгээр цалингаас 400,000 төгрөг хасаж, суутгаж авсан байсан ба цалин оруулсны дараа надад 2024 оны 7 дугаар сарын 25-нд сахилгын арга хэмжээ авч байна гэж албан тоот өгч, сэтгэл зүйд маш хүндээр нөлөөлсөн. 6-рт, Т.Ч-ын хүүхдүүдэд хүүхдийн баяраар бэлэг өгөөгүй, мөн өнчин өрөөсөн, хөдөлмөр хийх чадваргүй хөгшин, шар авгай гэх мэтээр гаднах төрхөөр нь доромжилсон. Д.У-ын нөхрийн бие муудаад өрхийн эмнэлэг дээр ирэхэд яаралтай тусламжийн шүүгээг цоожилчхоод түлхүүрийг нь өгөхгүй, яаралтай тусламж үзүүлээгүй. Г.Г 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээж авсан. Г.Г нь бензин олгох тушаалын дагуу Л.Г-т 02-03 дугаар сарын бензинийг өгсөн, 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх бензинийг өгөөгүй. Г.Г нь 2024 оны 02 дугаар сар буюу ажлаа хүлээж аваад цагаан сарын өмнө бүх ажилчдад урьдчилгаа өгчхөөд бидэнд урьдчилгаа өгөөгүй. Хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй. Энэ мэтээр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт үүсгэдэг. Г.Г-г яагаад биднийг ялгаварлан гадуурхаж байгаа вэ гэхээр байгууллагын дарга болоход бидний зүгээс эсрэг санал өгсөн. Тиймээс биднийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Г.Г-ийн татгалзлын үндэслэл: “Миний бие Х өрхийн эмнэлэгт 2015 оноос хойш ажиллаж байгаа. 2017 оноос хойш тухайн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2022 оны 3 дугаар сард Улаангом сумын Засаг даргын захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн учраас шүүхэд гомдол гаргаж 2022 оны 5 дугаар сард шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлтээ өгсөн. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй явсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн. Улмаар Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дарга 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр албан тушаалд томилсон тушаал гарсан. Тухайн тушаалыг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ахлах сувилагч Т.Ч файлаар хүлээж авсан. Миний бие 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тушаалаа хүлээж авсан боловч 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2 шийдвэр гүйцэтгэгчтэй очиж ажлаа хүлээлцэж авсан.
Шүүхийн шийдвэр 2022 оны 5 дугаар сард гарахад нэхэмжлэгч нар надтай хамтарч ажиллах хүсэлгүй байсан. Намайг даргын ажлаа хүлээж авахад надтай ажиллах сонирхолгүй байгаагаа илэрхийлж холбогдох газруудаар миний эсрэг гомдол гаргаж явсан. Нэхэмжлэгч нар холбогдох байгууллагад гомдол гаргах бүрд би шалгагдаж 2024 онд 3 удаа ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд одоо Х өрхийн эрүүл мэндийн даргын албан тушаалаас чөлөөлөгдөж шүүхээр асуудлаа шийдүүлэх гээд явж байгаа. Миний зүгээс удирдлагын чиг үүргийн хүрээнд ажлаа хийх гэхээр нэхэмжлэгч нар тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, өөдөөс тайлбар тавьдаг, бид чамайг дэмжихгүй, чи дахин ажлаасаа халагдана гэх зэргээр хэл амаар доромжилж, ажлын цагаар гараад явдаг байсан. Цагийн бүртгэлийг өөр хүн хариуцдаг байсан. Ажилчид ажил дээр 3-4 цаг тасалсан ч цагийн бүртгэл бүрэн ажилласнаар бүртгэж байсан. Тиймээс миний зүгээс ажлын бүтээмжийг чанаржуулах зорилгоор ажлын цагийг үнэн зөв бүртгээд тооцогдсон ажлын цагаар цалинг олгохоор бодож цагийн бүртгэлийн хуудастай тулгаж цалинг олгож, тасалсан цагийн цалинг хасаж тооцсон. Ажлын бус цагаар хуралддаг гэх тайлбарын тухайд, зуны улирал болж байгаа тул өглөө 7 цагт хуралдаад 16:00 цагт ажил тарахаар хуралдаад шийдсэн ба 1 сар гаруй хугацаанд л ингэж хуралдсан. Нэхэмжлэгч Т.Ч-ын тухайд, би хүнийг өнчин өрөөсөн, хөгшин шар авгай гэж дуудахаар тийм хүмүүжилгүй хүн биш, тийм эрх ч байхгүй.
Д.У-ын хувьд, миний бие Эрүүл мэндийн даатгалд нэхэмжлэгч нартай холбогдуулж санаатайгаар хүний регистр ашиглаж даатгалаас мөнгө авсан гэх агуулгатай гомдол гаргасан ба тухайн гомдолтой холбогдуулж Эрүүл мэндийн даатгалын газраас 3 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж манай байгууллагад шалгалт хийсэн. Тухайн шалгалтын хүрээнд манай байгууллагад 4,570,000 төгрөгийн акт тавигдсан байсан ба Эрүүл мэндийн даатгалын улсын байцаагчаас 2024 оны 6 дугаар сард хугацаатай бичиг ирүүлсэн. Тухайн бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор холбогдох хүмүүст сануулах арга хэмжээ авч, тухайн мөнгийг нь гаргуулж авсан. Байгууллагын групп чатын тухайд, миний бие анх ажил хүлээж авснаасаа хойш хуучин группт мэдээ мэдээлэл оруулахад хэл амаар доромжилж, удирдлагын зүгээс шаардлага тавьж, ажил санаачлахад сөрөг утгатай зүйл бичиж, эможи дарах зэрэг хандлага гаргадаг байсан тул 2024 оны 4 дүгээр сард өөр уур амьсгалтай, нэг нэгнээ доромжилдоггүй, групп чат нээж үзье гэж бодож, би шинэ групп чат нээж, тухайн группт ажилтай холбоотой зүйлс бичнэ, хэн нэгнийгээ хэл амаар доромжлохгүй шүү гэж хэлж сануулж, цөөхөн хүнийг нэмээд бусад хүмүүсээ нэмээрэй гэж хэлсэн. Тухайн үед Г.С, А.О нарыг группт нэмсэн ба миний бие бусад нэхэмжлэгч 3 хүнтэй найз биш байсан учраас нэмээгүй. Тухайн группт байсан 2 хүн группт байгаагүй хүмүүсээ нэмэх боломж нь байсан. Г.С-д эрт илрүүлэгт яваагүй гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан. Урамшууллын тухайд, миний зүгээс ажил дүгнэх ажлын хэсэг байгуулж комисст Л.Г-г оролцуулсан боловч орохоос татгалзсан. Ажил дүгнэх 2 ажилтан орой хүртэл сууж ажил дүгнэсэн ба бүх ажилчид өрөөнд нь орж ажлаа дүгнүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар ажлаа дүгнүүлэхээс татгалзсан учраас урамшуулал авч чадаагүй гэж үзэж байна. Эх үрсийн баярын тухайд, манай байгууллагын нийт 24 хүнд хүүхдүүдийнх нь тоогоор бэлэг авсан. 2024 оны 5 дугаар сарын сүүлээр миний бие акттай байсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш очиж бэлгээ тараана, бүх ажилчдаа бэлэн байлгаарай гэж нэг ажилтандаа хэлсэн. Ажил дээрээ очиж хүмүүстээ бэлгээ тараагаад 4 хүний бэлэг үлдэхээр нь сахиул, үйлчлэгчид 4 хүний бэлэг үлдсэн, ажилдаа ирэхээр нь өгөөрэй гэж хэлээд явсан. Орой нь жолооч С эмч ирж бэлгээ авсан, үлдсэн 3 хүн бэлгээ аваагүй гэхэд нь үлдээчихвэл өөрсдөө авах байхаа гэж хэлсэн. Түүнээс биш би хүн ялгаж бэлэг өгөлгүй үлдээгээгүй. Өөрсдөө ч бэлэг авахаас татгалзсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
4. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 318/ШШ2025/00066 дугаар шийдвэрээр:
- Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О нарын хариуцагч Г.Г-д холбогдох хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж олгохоор шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч нар давж заалдсан гомдолдоо: “...Х өрхийн эмнэлгийн ажилчид болох Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О бид ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхээс Х өрхийн эмнэлгийн эрхлэгчийн зүгээс ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт байгаагүй харин дарга, ажилчдын хооронд үл ойлголцол байсан гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдсэнд гомдолтой байна.
Шүүх болсон үйл явдал, түүний өрнөсөн цаг хугацаа, үр дүн, уялдаа холбоонд зөв дүгнэлт хийж чадаагүйн улмаас үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн үндэслэх хэсгийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй байна. Шүүхийн шийдвэр ойлгомжтой байх ёстой билээ, гэтэл нэхэмжлэгч бид нарыг хэл амаар доромжлох, хурал цуглаандаа оруулахгүй байх, аливаа мэдээллээ нуух, илтэд дорд үзэж харьцах, ажлаас хална гэж сүрдүүлэх зэрэг үйлдлүүд нь ажлын байрны ялгаварлан гадуурхалт биш, хоорондын үл ойлголцол гэж яагаад дүгнэх болов. Энэ 2-ын хооронд ямар ялгаатай ойлголт байгаа болон бусад шинж байдлыг нь нарийвчлан тайлбарлаж байж дүгнэлтээ хийх ёстой гэж үзэж байна. Шүүх өөрийн дотоод итгэлээр дүгнэж болох боловч харин үндэслэлээ тайлбарлах үүрэгтэй. Энэ тохиолдолд үндэслэлээ тайлбарлаагүй тул бидэнд яагаад гэдэг асуулт үүсэж байгаа тул гомдолтой байна. Жишээ нь: хэрэгжүүлэхгүй байж ажлаас халах мэдэгдэл өгч байгаа нь тухайн хүнд дарамт стресс үүсгэх, хамт олны дунд тухайн хүний талаар сөрөг ойлголт төрөх, бусад ажилчдад айдас төрүүлэх зорилготой, мөн өөрийгөө дөвийлгөх, надтай сөргөлдөх шаардлагагүй гэдгийг, шударга шүүмжлэлийг дарах, эрх мэдлээ тунхаглах үйлдэл гэж бид харж байна. Мөн байгууллагын үйл ажиллагааны талаар аливаа мэдээллийг мэдээллийн самбар болон хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслээр мэдээлдэггүй, зөвхөн өөрийн хөтөлдөг албан бус групп чатаар мэдээлдэг, гэтэл уг чатын админ нь Г.Г өөрөө байхын зэрэгцээ зарим ажилчдаа эхнээс нь оруулаагүй, заримыг нь өөрөө хассан зэрэг үйл баримт тогтоогдсон байхад шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Өөрөө ажлаа хийж чадахгүй байснаас болж тухайн эмнэлгийн ажилчид төдийгүй үйлчилгээ авдаг 11,000 орчим иргэд хүртэл хохирч байгаа бөгөөд энэ бүхнийг засахын тулд шударга шүүмжлэл хэлсэн, дарга сонгох сонгуульд эсрэг санал өгсөн бид нарыг хувийн өш хонзонгийн үүднээс ялгаварлан гадуурхах болсон. Өнөөдөр манай өрхийн эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоосон, гэрээгээ цуцалсан байдалтай байгаа нь бидний шүүмжлэл үнэн зөв байсан болохыг баталж байна. Бидэнд тохиолдсон шиг ялгаварлан гадуурхалт манай аймагт олон байгууллагад байдаг бөгөөд ажилчид хохирч, ихэнх нь ажлаасаа гарч, дарга нар улам их эрх мэдэлтэй болж төгсдөг байдал хавтгайрсан бөгөөд бид анх удаа зориг гарган шүүхэд хандсан бөгөөд бидний гомдлыг хүлээн авч шударгаар шүүн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
6. Нэхэмжлэгч Л.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би эрүүл мэндийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа, багийн эмч байна. Энэ иргэний хэрэг маргаан нь 2024 оны 02 сарын 01-ний өдрөөс эхэлсэн. 2017 онд манай дарга нарийн мэргэжлээр сурч ирсэн тул бид Г.Г эмчийг даргаар сонгосон. Даргаар нийт 5 жил ажиллахдаа жилд 2 удаа нийт 10 удаа ажил шалгахад манайх дандаа сүүлийн байранд орж байсан. Бас ашиг сонирхлын зөрчилтэй, тиймэрхүү хандлага гаргаж байгаа. Бид дэмжиж туслаад 5 жил байлгасан. Тэгээд 5 жилийн дараа бид О эмчийг даргаар сонгосон. Гэтэл энэ хүн 2 жилийн хугацаанд шүүхээр явж байгаад ажлаа аваад хамгийн түрүүнд, өөрийнх нь эсрэг санал өгсөн 5 хүнийг дарамталж эхэлсэн. Эхлээд ажлын байрыг нь сольж, дараа нь өрөөнүүдийг нь солиод, өөрөө 2 номерын өрөөнд дарга, нягтлан, няравтайгаа сууна гэсэн. Албан газар нярав, нягтлан, дарга 3 хамт сууна гэж хэзээ ч байхгүй байх. Тэгээд бид хэдийн ажлын байрыг сольсон. Дараа нь цалинг маань 2-8 сар хүртэл хугацаагаар хассан.
Би 30 гаруй жил ажиллаж байхдаа ийм дарга үзэж байгаагүй. Байгууллагын нэг хамт олон гэдэг группэд бид 5-ыг үлдээгээд өөрөө Х өрхийн эмнэлгийн хамт олон гээд шинэ групп чат нээсэн. Түүндээ бид 5-ыг оруулаагүй. Мөн тэр чатдаа хурал болон бусад бүх мэдээллийг оруулдаг. Бид нарт ямар ч мэдээлэл байдаггүй. Мөн нөхөр нь намайг 138,000 дагагчтай Увс аймгийн группт улсын мөнгө завшсанаа тайлбарла гэсэн байсан. Хөдөлмөрийн хуульд 60 хувиас доош групптэй хүмүүс ажлаа хийж болно гэж заасан байгаа. Монголын өрхийн холбооны гишүүн Хажидмаа гэдэг хүн манайд ирээд “чи энэ хүмүүсийн цалинг хассан байна, энэ бол хамгийн хэрцгий шийтгэл шүү, энэ хүмүүсээс уучлалт гуйгаарай” гэхэд уучлалт гуйсан. Аймгийн хүний эрхийн комисст гомдлоо гаргахад Хонгорзул гэдэг дарга нь манайд ирж 5 хоног ажиллахдаа, зөвхөн та 5-н ажлын цагийг бүртгэдэг юм байна, бусад ажилчдын цагийг бүртгэдэггүй юм байна гэж хэлсэн.Тэр нь ч батлагдсан”гэв.
7. Нэхэмжлэгч Д.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г эмч намайг “чи хүн биш, хүн биш юм чинь би чамтай яаж харьцах вэ гэдэг байдлаар их доромжилдог. Мөн мал юм чинь мал хүнтэй яаж ярилцах вэ гэж мэдлэг боловсролоор маань их доромжилдог, би эмч хүн, чи сувилагч хүн, чи над шиг мэдлэг боловсролтой болчхоод надтай харьцаарай гэж хэлж байсан. Дараагаар нь, чамаас дээр мэдлэг боловсролтой хүнд чи ажлаа өг гэж мэдлэг боловсрол, ур чадвараар минь доромжилсон. Би 2020 онд эх баригчаар төгсөж ирэхэд манай өрхийн эмнэлэгт эх баригч ажиллуулахгүй, сувилагчаар сурахгүй бол чамайг өрхийн эмнэлэгтээ ахиж ажиллуулахгүй гэж хэлээд би нялх хүүхэдтэй байхдаа 2021 онд Говь-Алтай аймгийн анагаахын сургуулийг сувилагчаар төгсөж ирж байсан. Тэгээд хууль шүүхээрээ яваарай, та нарт үйлчилдэг хууль шүүх гэж байхгүй шүү, миний хувийн эмнэлгээс гарч, ажлаа өг гэсэн. Надад ажлаас халагдах мэдэгдэх хуудас 2024 оны 6 сарын 17-нд өгч байсан, мөн 7 сарын 25-нд үндэслэлгүйгээр миний цалингаас 523,000 төгрөг суутгаж байсан. Ажлын байранд чам шиг хар авгай, бузар авгай гэж хэлж байсан. Хажуугаар зөрөхдөө дандаа мөрлөж өнгөрдөг” гэв.
8. Нэхэмжлэгч А.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г.Г эмч нь байгууллагын камерыг өөрийнхөө утастайгаа холбож, бидний эрхийг зөрчиж байгаа, мөн шинээр орж ирсэн залуучуудыг өөрийнхөө талд оруулж биднийг талцуулж, хөгшин залуугаар нь ялгаварлан гадуурхаж байгаа” гэв.
9. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгаа эсэхийг тогтоолгох талаар гаргасан манай аймгийн анхны хэрэг болов уу гэж би бодож байна. Энэ хэргийн нь үйл явдал, процесс цаг хугацааных нь хувьд жоохон анхаармаар юм шиг санагддаг. Урьд нь зөв зүгээр хамт ажиллаж байсан хүмүүс энэ даргыгаа ажлаа аваад анхныхаа хурал хийсэн өдрөөс эхэлж та 5-ын ажлын байраар оролдоно гэдгийг хэлж байсан гэдгээс авхуулаад явсаар сүүлд ажлаасаа халагдах хүртэл үргэлжилсэн 5 сарын процесс байгаа юм. Шүүх хавтаст хэрэг дотор байгаа тодорхой зарим зүйлүүдийг зөв дүгнэж чадаагүй гэж харж байгаа. Тэгэхээр юуны өмнө урамшуулал олгоогүй гэдэг юм уу, цалин хассан ч гэдэг юм уу иймэрхүү зүйл байсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 154-д заасны дагуу хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах ёстой байсан. Хандаагүй учраас хүлээж авах боломжгүй байна гэж шийдээд байгаа. Тэгэхээр энэ хүмүүс яг одоо цалин мөнгөнийхөө холбоотой асуудлыг маргаан таслах комисст хандаж ч болно, хандахгүй ч байж болно. Ялгаварлан гадуурхалт гэдэг их том ойлголтын дотор цалин хөлсийг хассан, айлгасан зүйлүүд чинь багтаад явж байгаа. Тийм учраас зөвхөн 154 дүгээр зүйлийг бариад хөдөлмөрийн маргаан таслах зөвлөлд хандаагүй байна гэдэг утгаар нь урамшууллыг нь олгоогүй, өөр ажилд дур мэдэн шилжүүлсэн гэдгийг шууд хүлээж авахгүй байна гэдгийг буруу шийдсэн гэж харж байна. Дараагийн ээлжид нь хамт олныг хоёр хуваачихсан, тэр групп чат гэдэг зүйлийг шүүх юу гэж дүгнэсэн гэвэл, ажил хэргийн зориулалтаар ашиглагдах албан ёсны хэрэгсэл гэж үзэхээр тус төвийн хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагүй байх тул нэхэмжлэгч нарын дээрх тайлбарыг хүлээж авах боломжгүй байна гэж тайлбарласан. Тэгвэл тусдаа групп чат нээсэн мэдээллийг дамжуулж байсан гэдэг дээр хоёр тал аль аль нь маргаагүй, өөрөө ч хэлдэг, би энэ групп чатыг нээсэн гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр урьд нь хэрэглэж байсан групп чатыг яагаад шууд болиулж байгаа юм, яагаад өөр групп чат шууд нээж байгаа юм. Ийм шаардлага байсан юм уу? Тэгвэл яагаад шинэ групп чатад миний үйлчлүүлэгч нарыг оролцуулаагүй юм бэ гэдэг асуудал байгаад байгаа. Гэтэл шүүх үзэхдээ дотоод журамдаа зохицуулчихсан, албан ёсны хэрэгсэл биш учраас хүлээж авах боломжгүй байна гэж, дотоод журам дээр байхгүй байгаа ч гэсэн яг процесс дээрээ хоёр тал аль аль нь групп чат нээгээд тэрүүгээр харилцаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн байгаа учраас харилцааны хэрэгсэл дотор хүмүүсийг оруулахгүй хасжээ гэдгийг тогтоочих байсан боловч үүнээс болоод энэ групп чатаар мэдээллээ нууц байдлаар дамжуулдаг байснаас болоод саяын яриад байгаа эх хүүхдийн бэлэг буюу хүүхдийн баяраар хамт олондоо өгсөн бэлгүүдээс зөвхөн энэ таван хүн аваагүй байна. Энэ чинь өөрөө эргээд энэ 5 хүнээс гадна ард нь байж байгаа хүүхдүүдийг хүртэл ялгаварлан гадуурхаж байгаа хэлбэр болж байна. Тэгээд групп чатаараа хурал нууцаар 7 цагт хийдэг. Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу бүх ажилтнууд хуралдаж, хамтын шийдвэрээ гаргах ёстой байтал гишүүд нь хуралдаа орж чаддаггүй, тийм учраас цалин хөлс хасаж байна уу, хэн хэнийг шагнаж урамшуулж байна, нөхөрлөлийн талаар ямар шийдвэр гаргаж байна вэ гэдгийг мэдэх боломж бололцоог нь хаачихсан. Үндсэн хуулийн 14.2, Хөдөлмөрийн хуулийн 6.1-д байгаа заалтуудыг зөрчөөгүй байна гэж үзэж байгаа нь харамсалтай байна. Үзэл бодлоор буюу өөрөөр хэлбэл даргын сонгууль дээр дэмжээгүйн төлөө ялгаварлан гадуурхсан, эрүүл мэндийн байдлаар, өөрөөр хэлбэл группт байдаг талаас нь ялгаварлан гадуурхсан, гадаад төрхөөр нь ялгаварлан гадуурхсан гээд хамгийн гол нь шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхах гэж байгаа. Тэгэхээр хариуцагч би тэгээгүй гээд хэлчхэж байгааг үндэслээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод явж байгаа маань үндэслэлтэй шийдвэр болж чадсангүй гэж үзэж байна” гэв.
10. Хариуцагч Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ажлын байран дахь ялгаварлан гадуурхалт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2024 оны 2 сарын 8-нд би өрхийн эмнэлгийн даргын албан тушаал авсан, тухайн үед намайг ажил авч байхад ажлын цаг дэндүү сул задгай, ерөнхийдөө хийсэн хийгээгүй хэмжээнд адилхан байж байгаад л цалингаа авчихдаг байсан учраас би 2 сараас нь эхлээд ажлын цаг бүртгээд ажилласан цагаар нь тооцож цалинг нь олгож эхэлсэн. Харин тэр хуучин групп чат гээд байгаа нь тухайн үед хамт олны групп чат ажил гэхээсээ илүү хэл ам хэрүүл тэмцэл их болдог байсан учраас би 2 сар ажлаа хийе гэдэг байдлаар яваад сүүлдээ 4 сарын 10-наар групп чатаа шинээр нээсэн. Тухайн үедээ би долоон хүнийг л нэмсэн. Нэхэмжлэгч нарын таван хүнээс би 2-той нь найз байсан учраас 2 хүнийг нэмсэн, тэгээд бусад хүмүүсээ нэмээд өгөөрэй энэ групп чатаар ажлын шаардлагаар ярихаас биш хэрүүл тэмцэл хийсэн юм яригдахгүй шүү гэдэг байдлаар групп чатаа нээгээд оруулж байсан. Тэгээд хууль журмынх нь дагуу нэхэмжлэгч талд шаардлагаа тавихад урдаас дандаа эсэргүүцсэн, янз бүрийн үйлдэл гаргадаг байсан. Иймд анхан шатны шийдвэрийг хэвээр баталж өгөхийг хүсэж байна” гэв.
11. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан санал, тайлбартаа: “Хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож саналаа гаргаж байна. Юуны өмнө бид хэрэгт авагдсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэж мэтгэлцэх ёстой. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нар хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгаа эсэхийг тогтоолгоё гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ч гэсэн анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа өнөөдрийн шүүх хуралдааны процесс дээр яригдаж байгаа, хэл амаар доромжилдог, мал, тэнэг гэх мэтчилэн ярьж байгаа зүйлүүд огт яригдаагүй. Энэ үндэслэлүүдээ юу гэж тайлбарладаг вэ гэхээр цалин урамшууллыг хассан, цагийн бүртгэлийг үндэслэлгүйгээр хөтөлсөн, дээрээс нь сануулах шийтгэл оногдуулсан, сахилгын шийтгэл оногдуулсан, ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлүүдийг ярьж маргаж байсан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бүгд тусгагдчихсан, шүүх хуралдааны бичлэгт байгаа.
Анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн ялгаварлан гадуурхалт гэдэг нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэнгүүт өнөөдрийн шүүх хуралд орж ирээд ямар нэгэн байдлаар доромжилж байсан юм шиг нөхцөл байдлуудыг ярьж эхэлж байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нөлөөлөх зүйл биш гэж харж байна. Цалин урамшууллыг хасаж ялгаварлан гадуурхсан гэдэг асуудлыг ярьж байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-т: ажил олгогч цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй гээд ажил олгогчид үүрэг болгоод заасан, тухайн цагийн бүртгэлийг хөтөлж байгаа зорилго маань өөрөө ажилчдыг ялгаварлан гадуурхах зорилгыг агуулж байгаа асуудал биш. Хийснээрээ цалинжих ёстой учраас хөдөлмөрийн тухай хуулийнхаа заалтыг хэрэгжүүлж ажиллаж байгаа, ингээд хууль хэрэгжүүлээд ажиллахаар бид тавыг ялгачихлаа гэдэг.
Хэрэгт нэхэмжлэгч талаас анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтаар гаргаж өгсөн цалин, цагийн бүртгэлүүд авагдсан байгаа. Тухайн цалингийн тооцоонуудаас харахад, зөвхөн нэр бүхий 5 нэхэмжлэгчийн цагийг бүртгээд цалинг хасаж тооцоод байсан асуудал байдаггүй, 24 ажилчны цагийн бүртгэлийг хөтлөөд, ажил тасалсан, хоцорсон хүмүүс нь тухайн цагийнхаа бүртгэлийн дагуу цалинжаад явсан. Хариуцагч болох Г.Г эмч дээр ч гэсэн цагийн бүртгэл нь хөтлөгдөөд яг тухайн цагийн бүртгэлийнхээ дагуу хоцорсон цагууд дээрээ цалин дутуу олгогдоод явсан асуудал байгаа.
Тэгэхээр хөдөлмөрийн хуулиа хэрэгжүүлж ажилласныг ялгаварлан гадуурхах зорилгоор хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй. Мөн дээрээс нь 2 сард буюу цагаан сар хүртэл урамшууллын урьдчилгаа олгохдоо, энэ 5 хүнийг ялгачихлаа гэж ингэж яриад байгаа юм. Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.5-д: цалинг урьдчилаад авах тохиолдолд ажилтан нь өөрөө хүсэлт гаргана гэсэн зохицуулалттай байгаа. Өөрөөр хэлэх юм бол, ажилтан нь өөрөө хүсэлт гаргаагүй байхад ажил олгогч цалинг урьдчилж өгөх ямар ч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, урьдчилаад олгохгүй байснаараа нэхэмжлэгч буюу нэр бүхий 5 хүний эрхийг зөрчиж байгаа асуудал биш. Урьдчилаад аваагүй хүмүүс сарын төгсгөлөөр бүтнээрээ цалингаа авчихсан нь цалингийн тооцоон дээрээ байж байгаа.
Энэ Х өрхийн эрүүл мэндийн төв гэдэг байгууллага чинь хэдий төрийн байгууллага биш боловч төрийн үйлчилгээг гэрээний үндсэн дээр ард иргэдэд үзүүлж байгаа, орон нутгаас санхүүжээд явж байгаа. Тэгэхээр энэ байгууллагын үйл ажиллагаа зөвхөн нэг фейсбүүк групп чатаар явагддаг байсан юм шиг өнөөдөр яриад байна. Гэтэл ажилчдынхаа хурлыг хийгээд хурлынхаа протоколыг үйлдээд явсан процесс байгаа. Мөн шүүх бүрэлдэхүүнийг шүүхийн шийдвэрийг гаргахдаа анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлийг анхаарч үзээсэй гэж бодож байна. Өнөөдөр 5 нэхэмжлэгчийн хүүхдүүдэд бэлэг өгөөгүй, бэлгийг нь бүүр ор мөргүй хасчихсан юм шиг ийм асуудлыг ярьж байгаа. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд энэ зарыг тараахад 2 нэхэмжлэгч ирээд бэлгээ цагтаа авчихсан, 3 нь өөрөө тухайн үедээ ирээгүй учраас бэлгээс хоцроод үлдсэн, бэлгийг нь үлдээгээд явсан гэдэг асуудал ярьдаг. Энэ талаар нэхэмжлэгч талын хүсэлтээр орж ирсэн гэрч ч гэсэн тодорхой хариулдаг. Тэгэхээр ийм процесс байхад өнөөдөр 5 уулаа байгаагүй юм шиг ярьж байна. Мөн хурал цуглаанд оруулдаггүй гэдэг асуудлыг ярьж байна. Хурлыг зөвхөн фейсбүүк чатаар зарлаад байгаа асуудал биш, байгууллага дотроо өдрийн найман цаг хамт ажиллаж байна, хурлын дараа бүх ажилчдадаа тараадаг. Энэ хүмүүс яадаг вэ гэхээр даргатай хамтарч ажиллахгүй гэдэг шалтгаанаар тавьсан үйл ажиллагааг нь эсэргүүцдэг.
Энэ 5 хүн байгууллагын дотоод журмыг зөрчиж, хэлсэн цагт нь хурал цуглаанд ирж оролцохгүй, шинэчлэн баталсан дүрэм журамтай нь танилцахгүй байсан тул тус бүрд нь албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Албан бичгээр мэдэгдэл хүргүүлээд байгууллагын дотоод журам шинэчлэгдсэнээс хойш жил өнгөрөөд байхад энэ хүмүүс байгууллагын даргын үйл ажиллагааг эсэргүүцээд одоо хүртэл дотоод журамтайгаа танилцаагүй гэдэг нь нотлогддог. Өөрөөр хэлэх юм бол энэ мэтчилэн байгууллагын даргын зүгээс үйл ажиллагаатай холбоотой гаргаж байгаа бүх асуудлуудыг эсэргүүцдэг, сахилгын шийтгэл оногдуулчихлаа, ажлаас халчихлаа гэдэг асуудлуудыг яриад байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нарыг ажиллаж байх хугацаанд нь нэг ч удаа ажлаас чөлөөлсөн шийдвэр гараагүй. С гэдэг хүнд мэдэгдэл өгсөн, тэр мэдэгдэл нь ямар утга агуулгатай вэ гэхээр Г.Г гэдэг хүнийг анх ажлаас нь чөлөөлөхдөө С-г тухайн эрүүл мэндийн төвийн даргаар томилсон. Тэгээд буцаад шүүхийн шийдвэр гараад ажилдаа ороход С-г ажил олгогч буюу эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй. Энэ байгууллага нь 2 даргатай юм шиг нөхцөл байдал үүссэн, тийм учраас С-г Г.Г нь би ажлаа авсан гээд ажлаас чөлөөлөх боломжгүй учраас та эрх бүхий этгээдэд хандаад энэ асуудлаа шийдвэрлүүлсний дараагаар хоёулаа гэрээгээ хийгээд ажилдаа ороод явъя гэдэг байдлаар мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Үүнийг дарамтлах зорилгоор мэдэгдэл өгсөн гэж ярьдаг. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байна гэдэг асуудлаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргадаг боловч гаргаад байгаа үндэслэлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6.1-д заасан үндэслэлд хамаарахгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 318/ШШ2025/00066 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
2. Нэхэмжлэгч нар Г.Г-д холбогдуулан хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд:
2.1. Г.Г өрхийн эмнэлгийн даргаар ажиллахдаа ажилтнуудын өрөө тасалгааг зориудаар өөрчилж, ажлын байран дээрх ялгаварлан гадуурхал үүсгэж эхэлсэн. Байгууллагын ажилтнуудын хурлыг 7 хоногт ажлын бус цагаар буюу өглөөний 7 цагт зарлан явуулж, хурлын мэдээ, мэдээллийг бидэнд мэдээлдэггүй.
2.2. Г.Г нь тусдаа групп чат нээж Г.С, А.О нарыг нэмсэн боловч буцаад хассан, бусад нэхэмжлэгч нарыг анхнаасаа групп чатад оруулаагүй.
2.3. Г.Г нь үйлчлүүлэгчид болон хамт олны дэргэд бид нарыг өндөр дуугаар загнаж , дайрч давшилж, уурлаж харьцдаг
2.4. Г.Г нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж их эмч Г.С, ахлах сувилагч Т.Ч, багийн эмч Л.Г нарт сануулах арга хэмжээ авна гэж амаар сүрдүүлж, сэтгэл зүйд нөлөөлж дарамт учруулсан, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан. Биднээс асуухгүйгээр ажлын байр сольсон, цалин удаа дараа хассан, урамшуулал олгоогүй, сахилгын шийтгэл ногдуулсан.
2.5. Т.Ч-ын хүүхдүүдэд хүүхдийн баяраар бэлэг өгөөгүй, мөн өнчин өрөөсөн, хөдөлмөр хийх чадваргүй хөгшин, шар авгай гэх мэтээр гаднах төрхөөр нь доромжилсон. Д.У-ын нөхрийн бие муудаад өрхийн эмнэлэг дээр ирэхэд яаралтай тусламжийн шүүгээг цоожилчихоод түлхүүрийг нь өгөхгүй, яаралтай тусламж үзүүлээгүй. Г.Г нь Л.Г-д бензин олгох тушаалын дагуу 02-03 дугаар сарын бензинийг өгсөн, 4 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх бензинийг өгөөгүй. Г.Г нь 2024 оны 02 дугаар сар буюу ажлаа хүлээж аваад цагаан сарын өмнө бүх ажилчдад урьдчилгаа өгчихөөд бидэнд урьдчилгаа өгөөгүй. Хөдөлмөрийн дотоод журамтай танилцуулаагүй.
2.6. Энэ мэтээр хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт үүсгэдэг. Г.Г-г яагаад биднийг ялгаварлан гадуурхаж байгаа вэ гэхээр байгууллагын даргаар сонгогдоход нь бидний зүгээс эсрэг санал өгсөн тул биднийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3. Хариуцагч Г.Г нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
3.1. Миний зүгээс удирдлагын чиг үүргийн хүрээнд ажлаа хийхээр нэхэмжлэгч нарт тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, өөдөөс тайлбар тавьдаг, бид чамайг дэмжихгүй, чи дахин ажлаасаа халагдана гэх зэргээр хэл амаар доромжилж, ажлын цагаар гараад явчихдаг байсан.
3.2. Ажилтнуудын цагийн бүртгэлийн хуудсанд үндэслэж, цалинг олгож, тасалсан цагийн цалинг хасаж тооцсон. Г.С-д эрт илрүүлэгт яваагүй гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан. Урамшууллын тухайд, миний зүгээс ажил дүгнэх ажлын хэсэг байгуулж комисст Л.Г-г оролцуулсан боловч орохоос татгалзсан. Ажил дүгнэх 2 ажилтан орой хүртэл сууж ажил дүгнэсэн ба бүх ажилчид өрөөнд нь орж ажлаа дүгнүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч нар ажлаа дүгнүүлэхээс татгалзсан учраас урамшуулал авч чадаагүй гэж үзэж байна.
3.3. Ажлын бус цагаар хуралддаг гэх тайлбарын тухайд зуны улирал болж байгаа тул өглөө 7 цагт хуралдаад 16:00 цагт ажил тарахаар хуралдаад шийдсэн ба 1 сар гаруй хугацаанд л ингэж ажилласан.
3.4. Нэхэмжлэгч Т.Ч-ын тухайд, хүнийг өнчин өрөөсөн, хөгшин шар авгай гэж дуудах тийм хүмүүжил надад байхгүй, тийм эрх ч байхгүй.
3.5. Тухайн үед Г.С, А.О нарыг групп чатад нэмсэн ба миний бие бусад нэхэмжлэгч 3 хүнтэй фэйсбүүк найз биш байсан учраас нэмээгүй. Тухайн групп чатад байсан 2 хүн группт байгаагүй хүмүүсээ нэмэх боломж нь байсан.
3.6. Нэхэмжлэгч нарт дотоод журамтай танилцах тухай албан бичиг хүргүүлэхэд танилцаагүй.
3.7. Эх үрсийн баярын тухайд, манай байгууллагын нийт 24 хүнд хүүхдүүдийнх нь тоогоор бэлэг авсан. 2024 оны 5 дугаар сарын сүүлээр миний бие акттай байсан бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр үдээс хойш очиж бэлгээ тараана бүх ажилчдаа бэлэн байлгаарай гэж ажилчиндаа хэлсэн. Ажил дээрээ очиж хүмүүстээ бэлгээ тараагаад 4 хүний бэлэг үлдэхээр нь сахиул, үйлчлэгчид 4 хүний бэлэг үлдсэн ажилдаа ирэхээр нь өгөөрэй гэж хэлээд явсан. Орой нь жолооч С эмч ирж бэлгээ авсан, үлдсэн 3 хүн бэлгээ аваагүй гэхэд нь үлдээчихвэл өөрсдөө авах байхаа гэж хэлсэн. Түүнээс биш би хүн ялгаж бэлэг өгөлгүй үлдээгээгүй. Өөрсдөө ч бэлэг авахаас татгалзсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлан, маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О нарын, хариуцагч Г.Г-д холбогдох хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалт байгааг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч нар эс зөвшөөрч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
5. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг зөв тодорхойлж, хэргийн оролцогчдоос гаргаж, хэрэгт цугларсан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Хариуцагч Г.Г нь Увс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг, “Х” өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байсан, нэхэмжлэгч нар мөн тус эрүүл мэндийн төвд их эмч, багийн эмч, ахлах сувилагч, сувилагчаар ажилладаг байх ба Г.Г нь нэхэмжлэгч нартай хөдөлмөрийн харилцаанд оролцож, ажил олгогчийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцдаа эдгээр ажилтнуудыг ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан гэх үйл баримт тогтоогдоогүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
7. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2-т: “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж,
- Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т: Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, нийгмийн болон гэрлэлтийн байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, улс төрийн үзэл бодол, үйлдвэрчний эвлэлийн гишүүн эсэх, эрүүл мэндийн байдал, жирэмсэн болон амаржсан эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, хөгжлийн бэрхшээл, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно” гэж тус тус заасан байна.
Анхан шатны шүүхээс, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрээр дүгнэлт хийж, зохигчдын хоорондох хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудаар хориглосон ялгаварлан гадуурхалт бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан нотлох баримтыг үнэлэх үндэслэл, журмыг зөрчөөгүй байна. Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, хариуцагч Г.Г-ийн зүгээс нэхэмжлэгч нарыг нийгмийн байдал, үзэл бодол, нас, хүйс, эрхэлсэн ажил, албан тушаал, эрүүл мэндийн байдал зэргээр нь ялгаварлан гадуурхсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан, “ хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч Г.С, ахлах сувилагч Т.Ч, багийн эмч Л.Г нарт сануулах арга хэмжээ авна гэж амаар хэлж сүрдүүлсэн, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан, бидэнд мэдэгдэхгүйгээр ажлын байрыг сольсон, цалинг удаа дараа хассан, урамшуулал олгоогүй” гэх зэрэг гомдлоо хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх эрх бүхий байгууллага болон шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн, улмаар хариуцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нарын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн үйл баримтыг тогтоосон талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд хөдөлмөрлөх явцад эрх нь зөрчигдсөн тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
8. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан, мөн нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтуудаа шүүхэд гаргаж өгөхийг танилцуулсан талаарх баримтууд хэрэгт авагдсан ба шүүхээс талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангасан, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
9. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 318/ШШ2025/00066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 318/ШШ2025/00066 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.С, Т.Ч, Л.Г, Д.У, А.О нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.АЛТАН