| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/07085/И |
| Дугаар | 5263 |
| Огноо | 2016-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 5263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Монгол улсын иргэн ЦВ55091515 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, шархад 55-774 тоотод оршин суух Тайж овогт Тогоогийн Насанжаргалын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Т.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Т.Насанжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие ой модны аж үйлдвэрийн авто тээврийн 1 дүгээр баазад жолоочоор 1976-1991 он хүртэл 15 жил ажилласан. Энэ хугацаанд манай байгууллагын нэр олон удаа солигдсон. Үүнд 1982 оноос Мебель картоны үйлдвэр, 1983 оноос ой модны аж үйлдвэрийн яамны авто тээврийн 1 дүгээр бааз, 1988 оноос худалдаа үйлдвэрийн яамны авто бааз, 1991 онд үйлдвэр худалдааны ой модны нэгтгэлийн ойн авто бааз, 1992 онд Монгол улсын засгийн газрын өв өмч хувьчлалын комиссын 1992 оны 66 тоот тушаалаар авто тээврийн Олз компани болсон юм.Одоо тэтгэвэрт гарах болоод энд тэнд архиваар шүүлгэж үзэхэд акт гарч ирсэнгүй. Надад хөдөлмөрийн дэвтэр, бас өгөх өөр ямарч баримт байхгүй байна. Иймд намайг 1976 оноос 1991 он хүртэл тус баазад ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн Би Ардын Армийн 112 дугаар ангид 3 жилийн хугацаатай 1973.06.01-ний өдөр хуучнаар Найрамдлын райноос хугацаат цэргийн албанд татагдсан. Цэрэгт Тогоо овогтой Насанжаргал нэрээр явсан. Монгол улсын батлан хамгаалахыг төв архиваас лавлагаа авахад Тогоохүү овогтой Насанжаргал нэрээр цэргийн хугацаат алба хаасан лавлагаа гарсан юм. Иймээс Тогоогийн Насанжаргал нэрээр тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Т.Насанжаргал нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Т.Насанжаргал нь 1973 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл хугацаанд Ардын армийн 119 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, 1976 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Улаанбаатар хот, Ой модны аж үйлдвэрийн яамны авто тээврийн 1 дүгээр баазад жолоочын ажил албан тушаал эрхэлж байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Батлан хамгаалахын төв архивын лавлагаа, гэрч С.Ренчин, Ц.Мишигдорж нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдлоо.
Иймд хүсэлт гаргагч Т.Насанжаргалын хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Тогоогийн Насанжаргалыг 1973 оны 6 дугаар сарын 01-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл хугацаанд Ардын армийн 119 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч, 1976 оны 7 дугаар сарын 14-ны өдрөөс 1991 оныг хүртэл хугацаанд Улаанбаатар хот, Ой модны Аж үйлдвэрийн яамны авто тээврийн 1 дүгээр баазад жолоочын ажил албан тушаал эрхэлж байсан байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар Т.Насанжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ