| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Адъяа |
| Хэргийн индекс | 167/2019/0102/Э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2019-06-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б,
Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн,
Шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Э-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-ын Б-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Б нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр насанд хүрээгүй хохирогч Б.Б-ыг алгадаж зодсоны улмаас зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “…2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн үед ардаас нэг хүүхэд хөөе гэж хэд хэдэн удаа хашгирахаар нь эргээд хартал миний ард Б.Б байсан. Тэгээд Б-ыг дуудахад сургууль руу гүйгээд орсон. Би араас нь ороход Б зугтаагаад эмчийн өрөөний тэнд очсон. Би барьж аваад зүүн хацар дээр нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгээд зүүн бугалга хэсэг газарт нь баруун гараараа 1 удаа цохиод багш нарын өрөө рүү авч орсон. Урьд нь мөн ийм зүйл гарч байсан учраас яагаад ёс зүйгүй үйлдэл гаргаж байгаа юм бэ гэж хэлсэн. Б уучлаарай багшаа гэж хэлээд хамт сургуулиас гарсан …” гэв.
Шүүгдэгч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...би Б-ы зүүн хацар дээр нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгээд зүүн бугалга хэсэг газарт нь баруун гараараа 1 удаа цохисон ...эмч нарын өрөөний ойролцоо Б-ы бие хэсэгт нь баруун гараа савах маягтай ухас хийгээд зүүн гараас нь бариад авсан ...хүүхдийн биед хүрч ёс зүйгүй үйлдэл гаргаснаа бол хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх- ийн 45-р хуудас /,
Насанд хүрээгүй хохирогч Б.Б-ы: “2019 оны 04 дүгээр сарын 15- ны өдөр сургуулиасаа гараад явж байхад багш Б сургуулийн үүдэнд миний урд талд явж байсан би араас нь хөөе гээд дуудсан чинь багш эргэж хараад уурлаад миний өөдөөс хүрээд ирсэн. Тэгээд би зугтаагаад сургууль руу гүйгээд орсон. Би эргээд Б багш дээр хүрээд очсон юм ...Тэгээд намайг сургууль дотор коридорт эмчийн өрөөний үүдэнд миний зүүн чих рүү баруун гараараа нэг удаа алгадсан.. Тэгээд багш нарын өрөө лүү дагуулж оруулаад гар хөлөөрөө маш олон удаа цохисон ...багшид цохиулчихаад гэр лүүгээ алхаад явж байхад толгой эргээд чих дүнгэнээд халуу оргиод зовиуртай байсан ...Б багш миний зүүн чих рүү цохих үед чихэнд их сонин ян хийх сонсогдсон. Тэгээд л шууд толгой эргээд юм сонсогдохоо больсон. Тэр үед би багшдаа уучлаарай гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6-р тал/
Насанд хүрээгүй хохирогч Б.Б эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар тогтоосон 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02/0223 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Б.Б биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-р тал/
Гэрч Б.О-ийн: “...багш нарын өрөөнд ганцаараа ном уншаад сууж байтал гэнэт түс тас гэх чимээ гарсан гаднаас багш Б Б-тай хамт орж ирээд Б Б-ны нүүрэн хэсэг рүү нь баруун гараараа Б-ны зүүн хацар дээр нэг удаа алгадсан ...Б багш Б-д би чамд олон удаа хэлж, олон удаа сануулсан биз дээ л гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р тал/
Гэрч О.М-ын: “...чих хамар хоолойд Б-ыг үзүүлсэн ...зүүн чихний хэнгэрэг цоорсон байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-р тал/
Насанд хүрээгүй гэрч Ч.Г-ын: “...Б-аас чихээ яачихсан гэж асуухад Б багшид өчигдөр зодуулчихсан гэж хэлж байсан ...миний зүүн чих дүнгэнээд сийгээд байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/
Гэрч М.М-ын: ”...Багш Б-ны мөрөн дээр нь гараа давуулчихсан 2 хүн хамт гарч ирээд багш нарын өрөө лүү орсон. Тэгээд л удалгүй пас пис сонсогдсон. Би тухайн үед хүүхэд зодчихвуу гэж бодоод сууж байтал Б, багш хоёр гараад ирсэн. Тухайн үед гарсан чимээ бол нэг цохих шиг дуу чимээ гарсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/
Насанд хүрээгүй гэрч О.Б-ийн: "...Б багш эргэж хараад л Б-нг нааш ир дээ гэсэн Б шууд зугтаагаад сургууль руу орсон. Араас нь Б багш туугаад 2-уулаа ар араасаа сургууль руу орсон...хэсэг хугацааны дараа Б багш Б 2 сургуулиас гараад ирсэн. Б багш шууд машиндаа суугаад яваад өгсөн Б над дээр сая Б багшид зодуулчихлаа гэж хэлж байсан ...зүүн чих хацар хэсэг нь улайчихсан байсан ...чих дүнгэнээд байна гээд яваад байсан...” гэсэн мэдуүлэг. /хх- ийн 18-19-р тал/
Гэрч С.З-ын: “...хүүхдийн биед үзлэг хийхэд гэмтлийн гаралтай хэнгэрэг нь цоорсон байсан. Шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-р тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн ....-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр насанд хүрээгүй хохирогч Б.Б-ыг алгадаж зодсоны улмаас зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч А-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Б-д гэмт хэргийн улмаас 1 458 598 төгрөгийн хохирол учирсан боловч шүүгдэгч А.Б төлж барагдуулаагүй байх тул бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-аас 1 327 998 /нэг сая гурван зуун хорин долоон мянга есөн зуун ерэн найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б-д олгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар хохирлын 1 327 998 төгрөгийг хохирогчид 10 сарын хугацаанд төлж барагдуулсугай.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.АДЪЯА