| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2022/01205/И |
| Дугаар | 210/МА2025/00659 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00659
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 1,031,153,150 төгрөг гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулж, үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ******* нь *******-тай төвийн түрээсийн гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, хороонд байрлах, худалдаа үйлчилгээний зориулалттай, 969 м.кв талбайг, агуулахын зориулалттай, 70.98 м.кв талбайг 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 5 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон. Улмаар гэрээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Гэтэл 2020 оны 06 дугаар сарын 31-ний өдөр ******* нь бидэнд түрээслүүлж буй үйлчилгээний талбайн өмчлөх эрхийг *******-д шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.
1.2 *******-ийн зүгээс дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах саналыг *******-д тавьсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 дугаартай, Үл хөдлөх хөрөнгийг худалдан авах тусгай нөхцөлтэй түрээсийн гэрээ-г *******-тай байгуулсан. Түрээсийн гэрээний 4.1-д зааснаар түрээсийн төлбөр сард 65,000,000 төгрөг байх бөгөөд мөн гэрээний 7.5-д заасны дагуу 40,000,000 төгрөг нь тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авахад урьдчилгаа төлбөрт тооцогдохоор, 25,000,000 төгрөг нь түрээсийн төлбөрт тооцогдохоор заасан. Улмаар бид тухайн үл хөдлөх хөрөнгийн үлдэгдэл төлбөрийг зээлээр худалдан авахаар *******-д холбогдох материалаа өгч, зээлээ судлуулж байсан. Гэтэл *******-аас 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлөх албан бичгийг манай компанид ирүүлж, түүнээс хойш тогтмол нүүхийг шаардаж эхэлсэн.
1.3 Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд нийт 780,000,000 төгрөг, барьцаа 65,000,000 төгрөг, нийт 845,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн. ******* нь сар бүр төлсөн 65,000,000 төгрөгөөс Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийг түр өмчлөх хугацаанд гарах үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор түрээсэлсэн гэдэг ч тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар нэг зардал огт төлөөгүй. Дундын өмчийн хөрөнгийн засвар, үйлчилгээг болон гэх этгээд хариуцаж байсан бөгөөд нь менежментийн төлбөр гэх төлбөрийг *******-иас нэхэмжлээд байгаа.
Өөрөөр хэлбэл, ******* нь барьцааны үл хөдлөх хөрөнгийг түр өмчлөх хугацаанд гарах үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор гэх Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг ашиглаж, түрээсийн үйл ажиллагаа явуулсан атлаа үл хөдлөх хөрөнгийн дундын өмчлөлийн зардлаа огт төлөөгүй байна.
1.4 ******* нь тусгай зохицуулалттай, хуулийн тодорхой хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг тусгай субъект атлаа -иас барьцаанд хураасан үл хөдлөх хөрөнгийг түр өмчлөх хугацаанд гарах үйл ажиллагааны зардлаа нөхөж буй мэтээр дүр үзүүлэн, өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж түрээсийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Иймд ******* нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчсөн, мөн үл хөдлөх хөрөнгийг түр өмчлөх хугацаанд үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор гэж дүр үзүүлэн түрээсийн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.9 дэх хэсэгт заасны дагуу ******* болон *******-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан, 01/0101 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд төлсөн нийт 780,000,000 төгрөг, мөн уг гэрээний дагуу барьцаа төлбөрт шилжүүлсэн 65,000,000 төгрөг, нийт 845,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.
1.5 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01779 дугаартай магадлалаар *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар *******-иас 2022 оны 1, 2, 3, 4 сарын түрээсийн төлбөр 185,000,000 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэсэн. Магадлалын дагуу шүүхийн шийдвэр албадан биелүүлэх ажиллагаа явагдаж, ******* нь *******-д шүүхийн шийдвэрийн дагуу 185,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 1,153,150 төгрөг төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/ШТ2024/00336 дугаартай тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дээрх магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд үүрэг үүсгэсэн шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 185,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,153,150 төгрөг, нийт 186,153,150 төгрөгийг буцаан гаргуулна.
Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.9 дахь хэсэгт заасны дагуу ******* болон *******-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 01/0101 дугаартай түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд төлсөн 780,000,000 төгрөг, уг гэрээний дагуу төлсөн барьцаа 65,000,000 төгрөг, үүрэг үүсгэсэн шүүхийн шийдвэр хүчингүй болсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 185,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,153,150 төгрөг, нийт 1,001,153,150 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* болон *******-ийн байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0101 дугаартай түрээсийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, байр, давхар тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгийг ******* нь , -уудтай 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр ББГ/2020/0123 дугаартай Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан, нийт 6 зээлийн өр төлбөрөөс 15,062,205,240 төгрөгт тооцон шилжүүлэн авсан.
Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу шилжүүлж авсан хөрөнгийг өр барагдуулах, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар түрээсэлсэн бөгөөд *******-иас төлсөн түрээсийн төлбөр тооцон авсан 6 зээлийн өр төлбөрийг барагдуулах, хөрөнгө өмчлөхтэй холбоотойгоор гарч буй менежментийн төлбөрийг төлөх зэргээр зарцуулагдсан.
2.2 ******* болон нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр OUG-2021-071 дугаартай Менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, байр, , , 1-8 давхарын түрээсийн үйл ажиллагааг удирдах зохион байгуулах, түрээсийн орлогыг татан төвлөрүүлэх, орлого зарлагыг хуваарилах, шилжүүлэх, ашиглалт менежментийн үйлчилгээг үзүүлэх, банк нь түрээсийн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгийг хүлээн авахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулж, түрээсийн орлогоос үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалтын зардал, менежментийн зардал, урсгал болон төлөвлөгөөт засвар, эвдрэл гэмтлийг засан сайжруулсан, эсвэл шинээр сольсон зардлууд, холбогдох үл хөдлөх эд хөрөнгө, газар, орлогын татварыг тус тус суутган тооцсоны дараах түрээсийн цэвэр орлогыг шилжүүлэх харилцааг зохицуулсан. Гэвч нь тус төлбөрийг төлөөгүй тул банкны зүгээс 2023 оноос түрээслэгчидтэй гэрээ байгуулж, төлбөрийг банк өөрөө цуглуулж эхэлсэн.
2.3 Дээрх гэрээ байгуулагдахаас өмнө ******* нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд банкийг хариуцагчаар татаж шаардлага гаргасан бөгөөд тус шаардлагын хүрээнд талууд эвлэрч, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 дугаартай түрээсийн гэрээг байгуулсан. Талууд гэрээндээ түрээсийн төлбөр 65,000,000 төгрөг хэмээн тохиролцож, хугацааны эцэст гэрээний 7.1-7.4 дэх заалтууд биелсэн тохиолдолд худалдах, худалдан гэрээ байгуулан, худалдах боломжтой тохиролцоо байсан.
Гэвч гэрээний нөхцөл биелээгүй бөгөөд ******* нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21/244 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгийг банканд хүргүүлсэн. Тус хүсэлтийг хүлээн авч банк холбогдох судалгааг хийсэн боловч банк тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу гарсан тул зээл олгох боломжгүй тухай шийдвэрийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/0169 дугаар албан бичгээр *******-д мэдэгдсэн.
Иймээс холбогдох хугацаанд түрээс сунгахгүй талаар гэрээнд заасан нөхцөлийн дагуу 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэж, ирүүлсэн хүсэлтийнх нь дагуу зээл олгох боломжтой эсэхийг судалсан, холбогдох хариуг нь өгсөн, түрээслэх ач холбогдол байгаагүй тул түр өмчилж буй хөрөнгийг бусдад худалдсан, бусдад худалдсаныг мэдэгдсэн, гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө болохыг мэдэж байсан, энэ талаар 3 талт хэлцлийг хийсэн зэрэг үйл баримт байхад ийнхүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.
2.4 Маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрх *******-д шилжсэн байсныг ******* нь мэдэж байсан. Тодруулбал, банк болон *******-уудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэгт байрлах төвийн талбайг чөлөөлөх, хугацаа тохиролцох хэлцэл-ийн 1.6-д Төлбөр төлөгч нь 1.2-т заасан хугацаанд хөрөнгийг бүрэн чөлөөлж, хүлээлгэн өгөөгүй тохиолдолд ******* *******-уудын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн талбай чөлөөлөх, хугацаа тохиролцох хэлцлийн дагуу учруулсан хохиролд хоцорсон 1 хоног тутамд 30,000,000 төгрөгөөр тооцон *******-д төлнө. гэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд банкны гаргасан түрээсийн төлбөрт 520,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс Банк болон ******* нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Үүргийг харилцан тооцож, дуусгавар болгох эвлэрлийн гэрээ байгуулан *******-ийн гаргасан түрээсийн талбайд засан сайжруулалтын зардалд 222,884,870 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг *******-ийн гаргасан 2022 оны 05 дугаар сараас 2022 оны 12 сар дуустал хугацааны түрээсийн төлбөр болох 520,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцохоор тохирсон үндэслэлээр татгалзсаныг баталсан тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2023/01097 дугаартай захирамж зэрэг баримтуудаар нотлогддог.
2.5 -д Менежментийн үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний төлбөрөө төлбөл барьцаа 65,000,000 төгрөгийг буцаан өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1 Талуудын хооронд байгуулагдсан 01/0101 дугаар түрээсийн гэрээний хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 сарын хугацаанд хүчинтэй байхаар тохиролцсон. Гэрээний 7 дугаар зүйлд тодорхой нөхцөл биелсэн тохиолдолд түрээслэгч талд тэргүүн ээлжинд худалдан авах нөхцөл, хөнгөлөлт үүсэхээр заасан. Гэрээний хугацаатай холбогдуулан *******-иас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18/0161 дугаар мэдэгдэл хүргүүлсэн. Дээрх мэдэгдлийн хариу болгож нэхэмжлэгч талаас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 21/244 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичиг ирүүлсэн. Банк нэхэмжлэгчийн худалдан авах хүсэлттэй холбогдуулан зээлийн судалгаа хийсэн бөгөөд уг судалгаагаар тухайн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу гарсан.
Зээлийн хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэсэн талаарх 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 20/1-236 дугаартай албан бичгийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/0169 дугаарт мэдэгдлээр *******-д зээл олгох боломжгүй тухай албан бичгээр мэдэгдсэн. Иймээс түрээсийн гэрээний хугацаа дуусч, гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч худалдан аваагүй тул банкнаас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 18/0175 дугаар мэдэгдлээр түрээсийн гэрээг сунгах боломжгүй буюу түрээсийн гэрээг дуусгавар болсон.
3.2 ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор түрээсийн талбайг бүрэн чөлөөлж өгөөгүй, ашигласаар байсан тул 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 185,000,000 төгрөг гаргуулна.
3.3 Түрээсийн зүйлийг албадан чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
4.1 ******* тухайн талбайг худалдаж авах талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. 2022 оны 1, 2, 3, 4 сарын төлбөрийг *******-ийн зүгээс сард 25,000,000 төгрөгийг төлж байсан. Сарын 40,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Үүнийг ******* шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхээ -д шилжүүлсэн. -д 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шилжүүлж өгсөн байж ямар үндэслэлээр 2022 оны 1, 2, 3, 4 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна.
4.2 ******* Банкны тухай хуульд зааснаар банк өөрөө түрээсийн одоо хэрэгжүүлж байгаа зөвхөн үйл ажиллагааны зардлаа нөхөх зорилгоор түрээслэх ёстой байтал 2021 оны 01 сараас 4 сар хүртэлх хугацаанд ямар ч зардал гаргаагүй түрээсийн орлогоор банк үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
5.1 ******* нь *******-тай 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, , // байрлах, оффис, худалдаа үйлчилгээний төвийн давхарт байрлах 969,1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан. Уг гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох тус төвийн давхарт байрлах 1177,5 м.кв талбайгаас 969,1 м.кв талбайг худалдсан бөгөөд тус талбайг ******* эзэмшиж, ашигласаар байсан тул манай компани *******-д талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, төлбөр тооцооны маргааныг эцэслэх шаардлагыг тавьсан.
5.2 Гэрээний 2.2-т Үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн зөрчил бусдад ямар нэг хэлбэрээр барьцаалаагүй, худалдахаар гэрээ байгуулаагүй байх гэх мэт гэдгийг худалдагч бүрэн нотолсон байна гэж, 2.1.4-т Худалдагч нь одоогийн түрээслэгчээс түрээсийн төлбөр 25,000,000 төгрөгийг тухайн талбайг суллуулах хүртэл сар бүр авч Худалдан авагчийн дансанд шилжүүлж өгнө гэж заасан. Мөн тус үйл баримт нь *******-д хүргүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1160 дугаартай албан бичиг, түүний хариу 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 07/1061 тоот албан бичгээр нотлогдоно.
Ийнхүү тохиролцсоны үндсэнд ******* нь *******-д холбогдуулан 2022 оны 01 сараас 2022 оны 04 сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох 185,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага гарган оролцсон бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг хангасны үр дагавар болох 185,000,000 төгрөгийг манай байгууллага руу шилжүүлсэн. Шүүх нэхэмжлэгч *******-ийн 185,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх юм бол манай байгууллагын эрх ашиг хөндөгдөнө гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
6.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9 дэх заалтад зааснаар *******, *******-ийн хооронд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 01/0101 дугаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч -иас түрээсийн төлбөрт төлсөн 780,000,000 төгрөг, барьцаа 65,000,000 төгрөг, Шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 185,000,000 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 1,153,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч -ийн нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулах, Хан-Уул дүүрэг, хороо, // байрлах өмчлөлийн , худалдаа үйлчилгээний төвийн давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,163,716 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 150,000 төгрөг нөхөн гаргуулж Улсын орлогод оруулж, хариуцагч -иас 5,313,716 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч -иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1 Түрээсийн гэрээг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2021/01440 дугаар зохигчдын эвлэрлийг баталсан захирамжийн дагуу байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу түрээсийн гэрээг байгуулсан. Тухайн үед түрээсийн гэрээг байгуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж түрээсийн гэрээний нөхцөлүүдийг тохирч гэрээ байгуулсан атлаа дараа нь тус гэрээг үндэслэлгүй байсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
7.2 Шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар дүгнэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/ШТ2024/00336 дугаар тогтоолд ...сөрөг нэхэмжлэлийн тухайд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул үүнээс хойш нэхэмжлэгч *******-ийг уг түрээсийн талбайг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэж үзнэ. Нэхэмжлэгчийн эзэмшил хууль бус байх тул хариуцагч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнээд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна... Гэтэл... *******-ийн өмчлөлд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгосон байжээ. Уг нөхцөл байдал нь хэргийн шийдэлд нөлөөлөхөөр байх тул... шийдвэр... магадлалыг хүчингүй болгон гэж дүгнэжээ.
Дээрх дүгнэлтээс үзэхэд шинээр илэрсэн нөхцөл байдал нь үл хөдлөх хөрөнгө *******-ийн өмчлөлд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгосноос хойших маргааны үйл баримтад хамаарах бөгөөд өмчлөх эрх шилжихээс өмнө хийгдсэн түрээсийн гэрээ түрээсийн гэрээний үүрэг, талуудын харилцаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрчлөгдсөн, шинээр илэрсэн нөхцөл байдал нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 210/MA2022/01779 дугаар магадлалд дурдсанчлан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0101 тоот гэрээг түрээсийн гэрээг үндэслэлтэй гэж дүгнэсэн хэсэгт цаг хугацааны хувьд хамаарахгүй, түүнээс өмнөх үйл баримтыг дүгнэсэн шийдвэрийг харин ******* нь өмчлөгч биш атлаа 2022 оны 01 сараас түрээсийн төлбөр нэхэмжилсэн хэсэгт хамаарах бөгөөд энэ хүрээнд анхан шатны шүүх дүгнэлт хийх байсан.
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 210/MA2022/01779 магадлал хүчингүй болсон хэдий ч түрээсийн гэрээг үндэслэлтэй талаар дүгнэлт хийсэн.
7.3 Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэнээс үүсэх үр дагаврын зохицуулалтыг баримталсан. Гэтэл энэ тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг 1 жил 4 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан атлаа түүнд төлсөн төлбөрөө буцаан шаардаж авахаар нэхэмжлэл гаргасан байгаа нь хэн үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа болохыг бүрэн утгаар нь олж дүгнэж чадаагүй. Талуудын хооронд анхнаасаа өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн төлбөрийг хүлээн авах эрхийг олгосон тохиролцоо байхгүй, мөн Иргэний хуулийн 339 дүгээр зүйлд зааснаар маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг огт үнэ төлбөргүйгээр ашиглах хүсэл зориг байгаагүй.
Иймд түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тохиолдолд ч хэн нэгэн этгээд өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй, ийм гэрээ байгуулаагүй бол бусдын өмчлөл, эзэмшлийн зүйлийг үнэ төлбөргүй ашиглах, түүнээс олох орлогыг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул барилгын эд хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулан орлого олсон байх тул бусдын эд хөрөнгийг ашигласны төлбөрийг төлөх үүргийг ******* хүлээх нь шударга юм.
7.4 Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нийт 1,001,153,150 төгрөг гаргуулах гэж тодорхойлсон, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг 5,163,716 төгрөгийг төлсөн. Гэтэл шүүхээс 30,000,000 төгрөгийг дутуу тооцож нэхэмжилсэн байна гэж, түүндээ нийцүүлэн нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үнийг тодорхойлох нь нэхэмжлэгчийн үүрэг байна. Гэтэл шүүхээс зохигчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, маргааны хүрээ хэмжээнээс хэтрүүлэн шийдвэр гаргасан нь талуудад тэгш хандах, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.
7.5 Мөн 185,000,000 төгрөгийг хүчингүй болсон магадлалын дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч нэхэмжилсэн. Тус төлбөр нь 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарын түрээсийн төлбөр бөгөөд тус төлбөрийг өмчлөгчийн хувьд *******-д төлөх үндэслэлтэй гэж Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 210/MA2022/01779 магадлалаар шийдвэрлэсэн. Тус дүгнэлттэй холбоотой өмчлөгч өөрчлөгдсөн тул *******-ийг нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэх, эсхүл ******* нэгэнт нэхэмжлэгчийн шилжүүлсэн 185,000,000 төгрөгийг *******-д шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн 185,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.
Гэтэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/Ш32025/06799 дугаар захирамжаар *******-иас 2022 оны 01 сараас 2022 оны 04 сарын хооронд үндэслэлгүй хөрөнгөжсөн талаарх бие даасан шаардлага гаргасан байтал ******* 185,000,000 төгрөгийг *******-д төлсөн байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж гомдол гаргах эрхгүй захирамж гаргасан. Энэ нь шинээр өмчлөгч болсон *******-д нэгэнт төлсөн төлбөрийг буцаан *******-аас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж хариуцагч *******-ийн эрхийг ноцтой зөрчсөн.
Өөрөөр хэлбэл, бид өөрийн өмчлөлд байсан үл хөдлөх хөрөнгөө *******-д худалдаж, түүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар нэхэмжлэгч 2022 оны 01 сараас 2022 оны 04 сарыг дуустал ашигласан байтал нэхэмжлэгчийн хууль бусаар эзэмшиж ашигласан хугацааны төлбөрийг анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу банк *******-д төлөх нөхцөл бүрдээд байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгчийн тайлбарын агуулга:
8.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.6 дахь хэсэгт зааснаар ердийн журмаар шийдвэрлэнэ гэдэг нь уг хэрэг эхлээд анхан шатын журмаар шийдвэрлүүлэхийг ойлгоно. Түүнээс биш зөвхөн шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбогдуулсан болон түүнээс хойших хугацааны үйл баримтыг шүүх дүгнэх эрхтэй, бусад үйл баримтыг давж заалдах шатны шүүхийн хүчингүй болсон магадлалын дагуу шийдвэрлэх ёстой байсан ба хууль хэрэглээг хүртэл энэ хэмжээнд баримтлах ёстой байсан гэх ерөнхий агуулгаар гомдол гаргасан. Гэтэл уг хэрэг шинээр ирсэн нөхцөл байдлын улмаас давж заалдах шатын шүүхийн тогтоолоор хүчингүй болгож анхан шатын шүүхэд буцаасны дараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн.
8.2 Мөн өмнө хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж хэргийн үйл баримт өөрөөр илэрсэн. Давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ хууль хэрэглээний хувьд болон нотлох баримтын хувьд буруу дүгнэсэн буюу алдаатай дүгнэсэн зүйлүүд байдаг. Тэгэхээр уг нөхцөл байдлыг залруулах ёстой гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна. Хариуцагч тал өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалтай адилхан байдлаар дүгнэх ёстой гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Жишээлбэл, өмнө давж заалдах шатны шүүх хүчингүй болсон магадлалаа талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэн нотариатаар бичигдсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн. Гэтэл нэгдүгээр хавтаст хэрэгт түрээсийн гэрээ эх хувиараа 6-16 дугаар талд нотлох баримтаар авагдсан. Гэтэл түрээсийн гэрээ улсын бүртгэлд бүртгэгдэж нотариатаар гэрчлэгдсэн зүйл байхгүй. Уг баримтыг өмнө давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ улсын бүртгэлд бүртгэчихсэн гэрээ байна гэж алдаатай дүгнэсэн.
8.3 Хариуцагч тал уг хэрэг дээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг хэрэглэх ёстой гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахлаар нь үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй учраас хариуцагч тал түрээсийн орлого олох эрхтэй гэж хэлсэн. Гэтэл эсрэг талд нь өрсөлдөөний хэм хэмжээ буюу Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт, 6 дугаар зүйлийн 6.1-6.6-д тодорхой заасан. Банкны тухай хуулийг баримтлах эсвэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийг баримтална. Хуульчийн хувьд би нэгдүгээрт банк Иргэний хуулийн нийтлэг зохицуулалтаар өрсөлдөөний хэм хэмжээг баримтлахдаа нарийвчилсан зохицуулалттай хэм хэмжээ, хоёрдугаарт сүүлд батлагдсан хэм хэмжээг баримтална. Уг харилцаанд ******* нь Монгол банкны хяналтад байдаг тусгай зөвшөөрөлтэй. Банкнаас авсан зээл төлөлттэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч нь түрээсэлсэн асуудалд Банкны тухай хуулийг хэрэгсэхгүй болгосон атлаа ямар шалтгаанаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримталж тайлбарласныг ойлгохгүй байна.
Банкны тухай хуульд зааснаар банк үйл ажиллагааны зардлаа нөхөхийн тулд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх зохицуулалттай бөгөөд өөр байдлаар түрээсийн орлого олохыг хуулиар хориглосон. Уг зохицуулалтыг харгалзан үзэхгүйгээр яаж Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг хэрэглэх гэж байгааг ойлгохгүй байна. Эдийн засгийн агуулгаараа Иргэний хуулийн 492 дугаар зүйл заалтыг хэрэглэж банк түрээсийн орлого олох эрхтэй бол Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт банкны үйл ажиллагааг хязгаарласан заалт байх хэрэггүй болно. Учир нь эдийн засгийн агуулгаар уг хуулийг тайлбарлахад Монгол Улсын эдийн засгийн 80 хувийг банк бүрдүүлдэг учраас банкны үйл ажиллагааг хязгаарлах шаардлагын хүрээнд Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг баталсан. Банк түрээсийн гэрээ байгуулахын бол зардлаа нөхөх зорилгоор түрээсэлнэ, харин ашиг олох зорилгогүй. Өөрөөр хэлбэл, банк түрээсийн орлогоо нөхөх зорилгоор түрээсэлсэн гэж үзэхэд хүчин төгөлдөр бусд тооцонгуут эргээд түрээсийн орлогоороо хөрөнгөжих хууль зүйн агуулга бүрдэх учраас ерөнхий агуулгын хувьд тусгайлсан харилцаанд Банкны тухай хуулийг илүү хэрэглэнэ гэж үзэж байна.
8.4 Анхан шатны шүүхийн шийдвэрийг худлаа тайлбарлаж болохгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад түрээсийн гэрээний дагуу төлсөн 780,000,000 төгрөг, барьцаа 65,000,000 төгрөг, хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 185,000,000, улсын тэмдэгтийн хураамжид 1,153,150 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэсэн. Гэтэл бидний нэхээгүй 30,000,000 төгрөгийг нэмээд хангачихсан мэт анхан шатны шүүхийн шийдвэрийг гуйвуулж тайлбарлаж болохгүй. Нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө 158,000 төгрөг дутуу төлснийг гаргуулахаар шийдвэрлэсэн.
8.5 Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус харилцаа мөн эсэхийг иргэний хэргийн шүүх тогтооно. Банкны зээлийн шимтгэлтэй холбоотой асуудлыг өнөөдөр гурван шатны шүүхээр шийдвэрлэдэг байхад заавал Монгол банк тогтооно гэсэн асуудал байхгүй. Банк үйл ажиллагааны зорилгоо зөрчиж ашиг олсон асуудлыг зөвхөн Монгол банк тэргүүн ээлжинд тогтоох ёстой байсан, иргэний хэргийн шүүх энэ талаар дүгнэлт гаргах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй.
8.6 Нэхэмжлэгч тал -аас мөнгө нэхээгүй. ******* -ийн хоорондын харилцаа уг харилцаанаас тусдаа асуудал тул хүчин төгөлдөр бус хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулах шаардлагыг үгүйсгэж байгаа нь үндэслэл болохгүй гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
9.1 Хариуцагч талын гаргасан гомдлыг дэмжиж оролцож байна. Шинээр илэрсэн нөхцөл байдал нь хэргийг шийдвэрлэсний дараа шинээр баримт гарч ирсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр бол шинээр илэрсэн гэх үндэслэлээр хянана гэж заасан. Шинээр илэрсэн нотлох баримтыг тухайн хэрэгт өөрчлөлт оруулж чадах эсэх нь тодорхойгүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгох нэг үндэслэл байдаг. Нэхэмжлэл гаргасны дагуу тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн байхад дахин шинээр илэрсэн нотлох баримтын хүрээнд уг хэргийг дахин бүхэлд нь хянуулах боломжгүй. Учир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нэг удаа л шүүхээр хянан шийдвэрлүүлсэн тохиолдолд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж хуулиар зохицуулсан. Өмнө нь хянан шийдвэрлүүлсэн нэхэмжлэлийг хоёр дахь удаагаа шүүхээр шийдвэрлүүлж байгаа мэт нөхцөл байдлыг үүсгэж байна.
9.2 Гуравдагч этгээдийн зүгээс түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагч талаас мөнгө авсан тул бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан. Гэхдээ уг хэргийг шийдвэрлэхдээ *******-ийг нэхэмжлэгчид 185,000,000 төгрөгөө өгөөгүй гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр уг 185,000,000 төгрөгийг хэн авах, хэн нь хэндээ өгөх ёстой гэдэг нь тодорхойгүй.
Мөн 185,000,000 төгрөгтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн. Гэтэл анх нэхэмжлэгч *******-д өгөхгүй юм байна, өмчлөгч нь учраас өгөх ёстой байсан гэх агуулгаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг нь хангасан ба гуравдагч этгээд 185,000,000 төгрөгөө авъя гэхэд хүлээн авахаас татгалзаж гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэх эсэх нь тодорхойгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, нийт 1,031,153,150 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь банк атлаа бусдаас барьцаанд хураасан үл хөдлөх хөрөнгийг түр өмчлөх хугацаанд гарах үйл ажиллагааны зардлаа нөхөж буй мэтээр дүр үзүүлэн, өндөр үнэтэй түрээсийн гэрээ байгуулж, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчсөн тул талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус. Иймд гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаанд төлсөн 780,000,000 төгрөг, уг гэрээний дагуу төлсөн барьцаа 65,000,000 төгрөг, шүүхийн шийдвэрийн дагуу төлсөн 185,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,150 төгрөгийг тус тус буцааж гаргуулна гэж тодорхойлсон.
2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг ...түрээсийн гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэл үндэслэлгүй, ...2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 185,000,000 төгрөг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гарган маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түрээсийн зүйлийг чөлөөлүүлэх сөрөг шаардлагаасаа татгалзсан. /3хх 7/
2.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд хариуцагчийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.
3. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна.
3.1 Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, , давхар тоот хаягт байршилтай, 1177,5 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт -ийн өмчлөлд, улмаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *******-ийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн. /1хх 127, 2хх 54-56, 188/
3.2 Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 969.1 м.кв талбайг ******* нь *******-д түрээслүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 01/0101 дугаартай Түрээсийн гэрээ-г байгуулсан. Гэрээнд түрээслүүлэгч ******* нь тухайн 969.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөр төлөхөөр заасан. /1хх 6-13/
3.3 ******* дээрх гэрээний дагуу 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 780,000,000 төгрөгийг, мөн барьцаа 65,000,000 төгрөгийг тус тус *******-д төлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар түрээсэлж байсан.
3.4 Улсын бүртгэлийн байгууллагаас дээрх 969.42 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр -ийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /2хх 57, 222, 227/
3.5 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02127 дугаар шийдвэрээр хариуцагч *******-иас 480,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн. /1хх 206-215/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01779 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдох үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-иас 185,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан хариуцагч *******-д олгож, түрээсийн зүйлийг нэхэмжлэгч *******-ийн эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. /2хх 1-11/ Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/01347 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан. /2хх 28/
3.6 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШЗ2022/15887 дугаар захирамжаар шүүхийн дээрх шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсний дагуу /2хх 33-34/ нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 1,153,150 төгрөгийн хамт хариуцагчид төлж, түрээсийн зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч *******-д хүлээлгэн өгсөн. /2хх 108, 111/
3.7 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 23-1/49 дугаар тогтоолоор дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. /3хх 54-57/
3.8 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/ШТ2024/00336 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01779 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. /2хх 78-83/
4. Анхан шатны шүүх талуудын байгуулсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
4.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтаар хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтооно. Харин нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдэгт хууль болон нийгмийн зан суртахуунтай зөрчилдсөн, үл нийцсэн хэлцлийг хамааруулна үзнэ.
4.2 Түүнчлэн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл, зориг, эрмэлзэлгүй байдаг бөгөөд талуудын хэн аль нь гэрээний дагуу хууль зүйн үр дагавар гаргахыг хүсдэггүй. Харин мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэгт заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл гэдэгт тухайн хуулийн этгээд нь үүсгэн байгуулах гэрээ, дүрэмд тусгагдсан үйл ажиллагааны үндсэн зорилгыг зөрчсөн, ийнхүү тухайн үйл ажиллагаа нь мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байхыг ойлгоно.
5. Хариуцагч ******* нь Хан-Уул дүүрэг, хороо, гудамж, , давхар тоот хаягт байршилтай, 1177,5 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг -тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт тооцон 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон мөн өдрийн ББГ/2020/0123 дугаартай, Зээлийн төлбөрт тооцон хөрөнгө шилжүүлэх гэрээ-ний дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. /1хх 128-136, 2хх 54-56, 136-142/
6. Ийнхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс 969.1 м.кв талбайтай хэсгийг нэхэмжлэгчид түрээслүүлэхээр тохиролцсон нь хуулийн дээрх зохицуулалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл, талуудын байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0101 дугаартай Түрээсийн гэрээ-ээр түрээслүүлэгч ******* нь Хан-Уул дүүрэг, хороо, // байрлах, өмчлөлийн, , худалдаа үйлчилгээний төвийн давхарт байрлах, 969.1 м.кв талбайг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, сарын 65,000,000 төгрөгөөр 12 сарын хугацаатай түрээслэгч *******-д түрээслүүлэхээр харилцан тохиролцсоныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.9 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
6.1 Тодруулбал, Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Банк, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.1-6.2.6-д зааснаас бусад үйл ажиллагаа эрхлэхийг хориглох бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар хөлслүүлэх, түрээслүүлэх, худалдах үйл ажиллагаа үүнд хамаарахгүй. гэж заасан. Хариуцагч ******* уг үл хөдлөх хөрөнгийг зээлийн өр төлбөртөө тооцон бусдаас шилжүүлэн авч, улмаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үйл ажиллагааны зардлыг нь нөхөх зорилгоор нэхэмжлэгчид түрээслүүлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу Банкны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг эрхэлсэн гэж үзэхгүй.
6.2 Түүнчлэн, хариуцагч нь дээрх зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид түрээслүүлснийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх хэсэг заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд тооцохгүй. Учир нь, хариуцагч нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг болон 6.2 дахь хэсэгт заасан үйл ажиллагааг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд зээлийн барьцаалсан эд хөрөнгийг зээлийн төлбөр төлүүлэх, өр барагдуулах зорилгоор түр эзэмших болон өмчлөх, үйл ажиллагааны зардлаа нөхөх зориулалтаар нэхэмжлэгчид түрээслүүлсэн нь хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэлд хамаарахгүй.
6.3 Мөн хэрэгт авагдсан баримтаар талууд дээрх түрээсийн гэрээгээр эрх, үүрэг хүлээх хүсэл, зориг, эрмэлзэлгүй, гэрээний дагуу хууль зүйн үр дагавар гаргахыг хүсээгүй байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд түрээсийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох нь үндэслэлгүй. Түүнчлэн, хэлцлийн хүчин төгөлдөр байдал нь 780,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагын үндэслэл болж буйг анхан шатны шүүх анхаараагүй нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нь бие даасан шаардлага болж чадахгүй.
7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7.1 Гэрээгээр ******* нь маргааны зүйл болж буй 969.1 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар *******-д 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, сарын 65,000,000 төгрөгөөр, 12 сарын хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч ******* нь түрээсийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн хариуцагч нь 1177,5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсэг болох 969,1 м.кв талбайг нэхэмжлэгчид түрээслүүлэхээр бичгээр гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй.
7.2 Гэрээний дагуу хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг нэхэмжлэгчид шилжүүлсэн, нэхэмжлэгч нь түүнийг үйлчилгээний зориулалтаар ашиглаж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны түрээсийн төлбөрт нийт 780,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгтэй харшлаагүй байна.
7.3 Гэрээний 7.3-т түрээслэгч нь уг түрээсийн талбайг худалдан авах хүсэлтээ 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор ирүүлнэ. гэж, 7.4-т түрээслэгч нь 7.3-т заасны дагуу түрээсийн талбайг худалдан авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд урьдчилгаа төлбөр болон түрээсийн төлбөрөөс үндсэн төлбөрт тооцох дүнгийн нийлбэр нь 720,000,000 төгрөгөөр багагүй байна. гэж, 7.5-д Түрээслэгч нь гэрээний 7.3-т заасан хугацааны дотор худалдан авах хүсэлтээ ирүүлсэн, түрээсийн талбайн үнийн дүнгийн 5 хувиас багагүй дүнгээр урьдчилгаа төлбөрийг төлсөн, гэрээний хугацаанд буюу 12 сарын түрээсийн төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд гэрээний 4.1-т заасан сар бүрийн түрээсийн төлбөрөөс 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнэд тооцно. гэж, 7.6-д Гэрээний 7.3-т заасан хугацаны дотор нөхцөлүүд бүрэн биелээгүй тохиолдолд 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнэд тооцох нөхцөл хэрэгжихгүй. гэж тус тус заасан.
7.4 *******-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...Танай компанийн түрээсэлж буй Хан-Уул дүүргийн , // байрлах өмчлөлийн , худалдаа үйлчилгээний төвийн давхарт байрлах 969.1 м.кв талбайн түрээсийн хугацаа дуусаж байгаа тул цаашид гэрээнд заасны дагуу худалдан авах талаар тодорхой хариуг ажлын 2 хоногт багтаан бичгээр мэдэгдэнэ үү. Талбайн түрээсийн хугацаа дуусах 2021 оны 12 сарын 31-ний өдрөөс хойш түрээсийн хугацааг сунгахгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл *******-д хүргүүлжээ. /1хх 107/
Улмаар, ******* 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/244 дугаартай Хүсэлт гаргах тухай албан бичгээр ... санхүүгийн чадавхи хараахан сайжраагүйн улмаас гэрээний хугацаа дуусахад нэг доор бүрдүүлж чадахааргүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд бид дээрх түрээсийн гэрээг өмнөх гэрээний нөхцөлүүдтэй адилаар дахин 6 сараар сунгаж 2022 оны хагас жил гэхэд нийт 720,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн өмнө нь санал болгож байсан зээлийн гэрээний нөхцөлийн дагуу худалдан авах хүсэлтэй байна. гэх хариу санал хүргүүлсэн. /1хх 108/
******* нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18/0169 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ...танай хүсэлтийг банк шийдвэрлэх боломжгүй байгаагаа энэхүү албан бичгээр мэдэгдэж байгаа бөгөөд гэрээнд заасны дагуу 2021 оны 12 сарын 31-ний өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 4,364,500,000 төгрөгийг төлж худалдан авна уу гэх мэдэгдлийг хүргүүлсэн байна. /1хх 109/
7.5 Нэхэмжлэгч нь гэрээний 7.3, 7.5-д заасан нөхцөлийг биелүүлээгүй байх тул гэрээний 7.6-д зааснаар 40,000,000 төгрөгийг худалдан авах хөрөнгийн үнэд тооцох үндэслэлгүй байх тул түрээсийн төлбөр 65,000,000 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байх тул уг хугацааны түрээсийн төлбөрт төлсөн 780,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас буцаан шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангана. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу түрээсийн төлбөрт шилжүүлсэн нийт 780,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхгүйгээс гадна мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг дээрх хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.
8. Гэрээний 6.1-т Түрээслэгч нь түрээсийн барьцаа төлбөрт нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын 5 хоногийн дотор түрээслүүлэгчийн дансанд байршуулна. гэж заасан. Талуудын уг тохиролцоо нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна. Нэхэмжлэгч нь барьцаа 65,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, зохигч үүнд маргаагүй.
8.1 Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болохоор заасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь барьцаа 65,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх барьцаа 65,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний 6.2-т нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас хариуцагчид хохирол учруулсан тохиолдолд тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан байх боловч тухайн нөхцөл байдал буюу барьцаагаар хохирлыг хангуулах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд уг хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй. Харин анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ барьцааны эрх дуусгавар болсон Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасан зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулах замаар залруулав.
9. ******* нь шүүхийн шийдвэрийн дагуу *******-д улсын тэмдэгтийн хураамжид 1,153,150 төгрөг төлснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. Учир нь, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 210/ШТ2024/00336 дугаар тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2022/02127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01779 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэснээр шүүхийн шийдвэрийн дагуу үүссэн үүрэг хожим дуусгавар болох тул дээрх шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт төлсөн 1,153,150 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт нийцсэн байна.
10. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01/0101 дугаартай Түрээсийн гэрээ-ний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон, талууд гэрээний хугацааг сунгаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй.
10.1 Дээрх 969.42 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *******-ийн өмчлөлд өөрчлөгдөн бүртгэгдсэн байна. /2хх 57/ Түрээсийн зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн, тэрээр уг гэрээтэй холбоотой хариуцагчид холбогдуулан гомдлын шаардлага гаргаагүй нөхцөлд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмнө түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөх үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт бусдын өмчлөлийн эд хөрөнгийг бусдад түрээслүүлэхийг хориглоогүй. Иймд хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид 2022 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд түрээслүүлсэн хугацааны төлбөрийг шаардах эрхтэй.
10.2 Нэхэмжлэгчээс дээрх хугацааны түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 210/МА2022/01779 дугаар магадлал шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгохоос өмнө шүүхийн шийдвэр биелэгдсэн байгаа нь хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Иймд энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
11. Хариуцагч *******-ийг түрээсийн төлбөр 185,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргуулан авсан гэж үзсэн тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс дахин шаардах эрхгүй. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.
12. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагаасаа татгалзсан байхад анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд шийдвэрт хариуцагч уг шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
13. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2025/01320 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******-аас 66,153,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 965,000,000 төгрөг гаргуулах хэсгийг, нэхэмжлэгч *******-д холбогдох, түрээсийн төлбөрт 185,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж тус тус өөрчлөн дугаарлаж,
тогтоох хэсэгт 2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-д холбогдох, Хан-Уул дүүрэг, хороо, // байрлах өмчлөлийн , худалдаа үйлчилгээний төвийн давхарт байрлах 969.1 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг шаардлагаасаа хариуцагч ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж нэмж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,163,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 150,000 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч *******-иас 488,715 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,153,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******-аас төлсөн 5,340,285 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН