Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 4988

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 71А байрны 39 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧГ85091611, Гэндэнсүрэн овогт Наранбаатарын Батжаргалын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 71А байрны 39 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УР82052604, Монгол овогт Чулууны Лхагвасүрэнд холбогдох

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Батжаргал, хариуцагч Ч.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг шүүх хэлэлцлээ. 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Бид 2006 онд танилцаж, 2007 онд хүүхэдтэй болсон тул 2008-07-04 өдөр гэрлэсэн. Хамт амьдрах хугацаанд би гэр бүлдээ халамжгүй, өр зээлд ордог байсан нь үнэн. Эхнэр зүрхний хагалгаанд орсон. Цаашид тайван байх шаардлагатай тул энэ байдлыг нь хангахаар бид гэрлэлтээ цуцлуулахаар ярилцсан юм. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү?

Хүү Батжаргалын Бат-Эрдэнэ 2007-02-05 өдөр төрсөн. Хүүг эхийнх нь асрамжинд байлгана. Хүүхдэдээ тэтгэлэг төлнө. Бидэнд зээлээр авсан орон сууц бий. Түүнийг эхнэр, хүүхдэдээ үлдээнэ. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.

Хариуцагч тайлбартаа: Н.Батжаргалтай 2006 онд танилцаж, 2007 онд хүүтэй болж, 2008 онд гэр бүл болсон. Хамт 10-аад жил амьдрах хугацаанд Н.Батжаргал гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд байдалд байлгасан. Өр тавьдаг. Түүнийг нь хүмүүс нэхээд би төлдөг. Үүнээс болж би 2009 онд зүрхний хагалгаанд орсон. Н.Батжаргал намайг хуурч их өр тавьдаг. Худлаа их ярьдаг. Үүнээс болж хэрүүл маргаан үүсдэг. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүгээ өөрийн асрамжинд авна. Эцгээс нь тэтгэлэг нэхэмжилнэ. Орон сууцны зээлээр авсан одоо энэ амьдарч байгаа орон сууцыг хүү бид 2 авна гэв. 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн 0101042/Г-1722/ гэрчилгээ, төрсний 0000818705/Г-997/ гэрчилгээ, өрхийн эмчийн тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000196097 гэрчилгээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагч нар 2008-07-04 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2007-02-05 өдөр хүү Батжаргалын Бат-Эрдэнэ төрсөн болох нь зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэрлэгчид  гэр бүлээр хамт амьдрах хугацаанд нэхэмжлэгч өр тавьж, гэр бүлээ эдийн засгийн талаар хүнд нөхцөл байдалд оруулдаг байснаас гэрлэгчдийн хооронд таарамжгүй харилцаа үүсч, бие биеэ харилцан итгэх, хүндэтгэх явдал үгүй болгосноос цаашид гэр бүлээр хамт амьдрах боломжгүй гэж гэрлэгчид үзэж байгаа байх бөгөөд гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх нь гэр бүлийн гишүүдийн эрх ашиг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Бат-Эрдэнийг хариуцагчийн асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа тул Б.Бат-Эрдэнийг 18 насанд хүртэл эхийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжиндаа авч байгаа  хариуцагч  хүүхдийн эцгээс тэтгэлэг гаргуулахаар шаардах эрхтэй болно.    Зохигч гэр бүл байх хугацаанд орон сууцны зээлээр худалдаж авсан Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Энх тайваны өргөн чөлөө, 71А байрны 39 тоот 42, 1 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүд дундаа хамтран өмчлөх эрхтэй хөрөнгө байх бөгөөд уг орон сууцыг нэхэмжлэгч хариуцагч нар хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000196097 гэрчилгээгээр тогтоогдож байна.

            Орон сууцыг хариуцагч өөрийн өмчлөлд бүхэлд нь шилжүүлэн авахаар шаардсныг нэхэмжлэгч  хүлээн зөвшөөрч байгаа нь гэр бүлийн гишүүд хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө харилцан тохиролцож хувааж болох тухай  Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт заасан заалтад харшлахгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх батлах нь зүйтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200  төгрөгийг улсын  орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс  21556  төгрөгийг   гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.             

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 132   дугаар  зүйлийн 132.6 дахь  хэсгийг  удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан   Гэндэнсүрэн овогт Наранбаатарын Батжаргал, Монгол овогт Чулууны Лхагвасүрэн нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан  2007 оны 02 сарын 05  өдөр төрсөн хүү  Батжаргалын Бат-Эрдэнийг  18 насанд хүртэл эх  Ч.Лхагвасүрэнгийн  асрамжинд байлгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн 38.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан Б.Бат-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Батжаргалаас  тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсгийг баримтлан Баянгол дүүрэг, 2-р хороо, 2-р хороолол, Энх тайваны өргөн чөлөө, 71А байрны 39 тоот 42.1м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөс нэхэмжлэгч Н.Батжаргал хасагдахаар хүлээн зөвшөөрснийг баталсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63  дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсэгт  заасныг баримтлан  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн   төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 21556 төгрөгийг  гаргуулан улсын орлогод тус тус олгосугай.

6. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор  зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш  14  хоногийн дотор   давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг  дурдсугай.                                          

 

                                         

                           ДАРГАЛАГЧ                                             Д.НАРАНЦЭЦЭГ