| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2024/01335/И |
| Дугаар | 225/МА2025/00020 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 225/МА2025/00020
| 2025 оны 05 сарын 07 өдөр | Дугаар 225/МА2025/00020 |
М.Пгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШШ2025/00219 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.Пгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10,392,366 (арван сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран зургаа) төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажилд олгогчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Т.Долгорсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.П, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч байгууллагын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Д, түүний өмгөөлөгч Э.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Эрхлэгч намайг өрөөндөө дуудан 2024 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн БҮ11 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай гэх утга бүхий тушаалыг надад танилцуулсан.
Тус тушаалд ...ажлын байранд архидан согтуурч, хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам зөрчин, хүүхдийн эрхэнд халдан зодож, ноцтой зөрчил гаргасан... гэсэн зүйлийг дурдсан байсан.
...Маргааны гол зүйл болох намайг чөлөөлсөн тушаалд намайг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр архи ууж ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс ...ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчиж бүтэн 1 сар 20 хоногийн дараа хариуцлага тооцож байгаа нь хуульд заасан хугацаа өнгөрсөн буюу арга хэмжээ тооцсон нь үндэслэлгүй байна.
...Иймд М.П намайг Хөвсгөл аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10,392,366 төгрөгийг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авна уу... гэжээ.
Хариуцагч байгууллагын эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...нэхэмжлэгч нь 2023 оны хичээлийн жилд ёс зүйн зөрчил олон гаргаж, шат дараатай олон арга хэмжээ авсан ч хүүхдийн эрхийг удаа дараа зөрчиж, ажлын байрны ёс зүйн зөрчлийг гаргасан хэвээр байсан тул 2023 оны 5 сарын 23-нд халах шийдвэр гаргаж хамт олонд танилцуулахад хамт олон батлан даалтаар энэ хүнийг бид дааж авъя, эргэн харах боломж өгөөч гэж гуйсны дагуу бид дахин ярилцаж, хамт олноо хүндэтгэсний дагуу гаргасан шийдвэрээсээ буцаж байсан удаатай.
...миний тушаалыг 3 дугаар сарын 20-ны өдөр аваагүй байж сонсох ажиллагаа гэсэн тоотыг минь аваад гарсан. Тушаалыг миний ширээн дээр шидээд чамаас тушаал авахгүй гээд гарсан. ...Гэхдээ хугацаа хамаагүй би эвлэрэх гэж их үзсэн. 2023 онд хамт олны дэргэд хэрэлдэж маргаагүй. 2024 онд ч тийм зүйл болоогүй. Бид хоёрын дунд хэрэлдэж маргасан асуудал огт байхгүй. гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШШ2025/00219 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.Пг Хөвсгөл аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10,392,366 (арван сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран зургаа) төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажилд олгогчид даалгах тухай М.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,000 (нэг зуун жаран мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Т.Долгорсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: ...иргэний хэргийн онолын үүднээс шүүхийн шийдвэр эргэлзээгүй байх нь шүүхийн шийдвэрийн үндсэн шаардлагуудын нэг юм. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй, тодорхой, ойлгомжтой, заавал биелэгдэх шинжтэй байхыг шаарддаг. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд нийцсэн төдийгүй бодит нөхцөл байдалд үндэслэсэн байх ёстой бөгөөд энэ нь нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, үнэлж, дүгнэсэн байхыг шаарддаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр дээрх хууль ёсны шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал,
1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...М.Пгийн нэхэмжлэлийг Хөдөлмөрийн хуульд тусгайлан заасан зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв... гэсэн атлаа,
Шүүх Хөвсгөл аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай тушаалд дүгнэлт өгөөгүй болно.. гэж бичсэн нь ойлгомжгүй болжээ.
Учир нь нэхэмжлэгч М.Пг ажлаас чөлөөлөхдөө хүүхдийн эрхийг зөрчсөн, ажлын байран дээр архи уусан гэдгийг нотолж чадаагүй, энэ асуудлаар дүгнэлт хийгээгүй байж түүнийг шүүхээс хуульд тусгайлан заасан зөрчил гаргасан гэж үзэх ямар ч боломжгүй юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...нэхэмжлэгч нь маргааныг эрх бүхий байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна... гэж дүгнэсэн нь өрөөсгөл.
Үнэн хэрэгтээ хавтаст хэргийн материалд Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн Холбооны 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 44 дүгээртэй албан бичиг /хх-ийн 12-р тал/ авагдсан байх бөгөөд тус албан бичигт:
Б сумын Цэцэрлэгийн багш М.Пгээс 2024 оны 4 дүгээр сарын 17-нд Хөвсгөл аймгийн ҮЭ-ийн холбоонд өргөдөл ирүүлсэн байна. Өргөдлийн судалж үзээд таньд дараах хариуг өгч байна. Мөрөн сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах хороо бүрдэл болоогүй тул та уг асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг зөвлөж байна... гэсэн хариуг ирүүлсэн байх тул М.Пг урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, энэ талаар гомдол гаргаагүй байна гэж үзэх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэгч М.Пг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан ...30 хоногийн дотор багтаж аван зөвлөмжид үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэх, 79.7.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зохицуулсныг үндэс болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай байжээ.
Энэхүү нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШШ2025/00219 дүгээр шийдвэр бүхий иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр, бүхэлд хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
1.Нэхэмжлэгч М.П нь Хөвсгөл аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор 10,392,366 (арван сая гурван зуун ерэн хоёр мянга гурван зуун жаран зургаа) төгрөг гаргуулж, ажилгүй байх хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулж бичилт хийлгэхийг ажилд олгогчид даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
2.Шүүх Нэхэмжлэгч нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр буюу 92 дахь хоног дээрээ шүүхэд нэхэмжлэл гаргасан нь урьдчилсан шийдвэрлүүлэх журам зөрчсөн. Мөн энэ талаараа гомдол гаргаагүй, 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Б/11 дугаартай М.Пг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан гэдгийг мөн үеэс нэхэмжлэгч нь маргааныг эрх бүхий байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх боломжтой байхад энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй нь шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болж байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хөвсгөл аймгийн Б сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар нэхэмжлэгч М.Пг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлжээ.
4.Ажилтан ажил олгогчийн тушаалыг эс зөвшөөрч Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоонд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хандаж тус холбооноос 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хариу /хх-ийн 12 дугаар тал/ өгсөн байх ба нэхэмжлэгч анх 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан /хх-ийн 53-54 тал/, дахин 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан /хх-ийн 1 тал/байна.
5.Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д ...шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
6.Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний холбооны албан бичгийг хэзээ хүлээн авсан талаарх баримтаа шүүхэд гаргаагүй учир албан бичгийн огноо буюу 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоологдоно. Нэхэмжлэгч дээрх байгууллагын шийдвэрийг хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.
7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан ...М.Пг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд дээр дурдсан албан бичгийг нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан ...30 хоногийн дотор багтаж аван зөвлөмжид үндэслэн 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, гэх, 79.7.-д заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус зохицуулсныг үндэс болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх учиртай... гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.Учир нь:
8.Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гомдол гаргах хуулийн хугацаа хэтрүүлснээс гадна уг нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.4-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан улмаар уг тасалдал зогсож, хугацааг шинээр тоолох үндэслэл бий болсон гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Мөн нэхэмжлэгч нь ...миний нэхэмжлэлийг шүүх олон удаа татгалзаж байгаа... гэж тайлбарлаж байх хэдий ч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаагүй.
9.Зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ...хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй байна.
10.Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 160,000 төгрөг төлж, үлдэгдэл хураамжийг 1 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 91,428 төгрөг тушаажээ /хх-ийн 13, 14, 87 дугаар тал/.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа төлсөн нийт 251,428 төгрөг, давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 160,000 төгрөгийг тус тус буцаан олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, Т.Долгорсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 320/ШШ2025/00219 дүгээр шийдвэрийн Тогтоох нь: хэсгийн 2 дахь заалтыг 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Пгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,428 /хоёр зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун хорин найм/ төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 160,000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Б.СОСОРБАРАМ
Л.ЭРДЭНЭБАТ