| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06439/И |
| Дугаар | 5036 |
| Огноо | 2016-09-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 5036
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч-Сонгинохайрхан дүүрэг, 8-р хороо, Зүүн Баянцагааны 7-4А тоотод оршин суух, эмэгтэй, РД-НЙ89040608, Урианхай овогт Буянтогтохын Отгонцэцэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч-Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн Ард Аюушийн 8-225 тоотод оршин суух, эрэтэй, РД-ШЕ87101914, Боржигон овогт Баярсайханы Батжаргалд холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдэдээ тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Отгонцэцэгийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяацэцэг, хариуцагч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлт цуцлуулах, хүүхдэдээ асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Б.Отгонцэцэг нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Б.Отгонцэцэг миний төрсөн дүү бөгөөд хариуцагч Б.Батжаргалтай 2006 онд танилцаж, 2008 онд гэр бүл болсон. 2008-07-19 өдөр охин Батжаргалын Анужин төрсөн. Эд нар хамтдаа манай гэрт амьдарч байсан.Гэр бүлээр амьдарч байх хугацаанд Б.Батжаргал архи ууж, агсан тавьдаг, зүй бусаар авирлаж, хардаж, доромжилж, ажил хийлгэдэггүй байсан. Иймээс 2012 оноос салж, нийлж амьдарцгаасан. Салвал ална гэж заналхийлдэг байсан. Одоо сүүлийн 3 жил тусдаа амьдарч, охин нь ээжийнхээ асрамжинд байгаа. Б.Отгонцэцэг өөр бусадтай амьдарч, сая 08 сард хүүхэд төрүүлсэн тул гэрлэлтийг цуцалж өгнө үү?
Охин Б.Анужинг нэхэмжлэгч өөрийн асрамжинд авна. Б.Батжаргал өвчтэй байгаа гээд байгаа тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхээ больё.Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хариуцагч Б.Батжаргал тайлбартаа: Бид 2 жилийн өмнөөс салж тусдаа амьдарсан. Б.Отгонцэцэг бусадтай гэр бүлээс гадуур харилцаатай байсан.
Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охиныг ээжийнх нь асрамжинд байлгахад татгалзах зүйлгүй. Би 2-3 жилдээ хүүхдийн тэтгэлгийг төлөх чадваргүй байна. Би салснаас хойш сүрьеэгээр өвдөж, 2016 оны 01 сараас хөдөлмөрийн чадвараа алдаад байгаа юм. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн 0100952/Г-876/, төрсний 0181087/Г-2259/ гэрчилгээнүүд, өрхийн эмчийн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2006 онд танилцаж, 2008-05-23 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
2008-07-19 өдөр төрсөн охин Боржигон овогт Батжаргалын Анужин нь гэрлэгчдийн хүүхэд болох нь хүүхдийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Гэрлэгчид гэр бүлээр хамт амьдрах хугацаанд хариуцагч архи уудаг, агсан тавьж нэхэмжлэгчийг хэл амаар доромжилдог байдлаас гэрлэгчдийн хооронд таарамжгүй байдал үүсч, 2012 оноос зохигч тусдаа амьдарч, энэ хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох Б.Анужин эхийнхээ асрамжинд байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч 2 жилийн өмнөөс өөр бусадтай эр эмийн харилцаатай болж, 2016 оны 08 сард хүүхэд төрүүлсэн гэх бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсан байх боловч гэрлэгчид эвлэрэх хүсэлгүй болсон, нэхэмжлэгч хариуцагчтай цаашид гэр бүлээр амьдрах боломжгүй гэж үзэж байгаа байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Анужинг 18 насанд хүртэл асрамжлах үүргийг эхэд нь хариуцуулахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул хүүхдийг насанд хүртэл нь эхийнх нь асрамжинд байлгахаар асрамжийг тогтоолоо.
Нэхэмжлэгч хүүхдэдээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд анх нэхэмжилсэн байсан боловч түүнийг төлөөлөн нэхэмжлэгчийн эдлэх бүх эрхийг эдлэх, нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэйгээр оролцож байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяацэцэг шүүх хуралдааны явцад хариуцагч хүндээр өвчилсний улмаас хөдөлмөрийн чадваргүй болсон байгаа гэсэн хариуцагчийн тайлбарыг харгалзан, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шаардсан хэсгээ дэмжээгүй тул хүүхдийн тэтгэлгийг шийдвэрлэх шаардлагагүй байна.
Гэрлэгчид дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Урианхай овогт Буянтогтохын Отгонцэцэг, Боржигон овогт Баярсайханы Батжаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2008 оны 07 сарын 19 өдөр төрсөн охин Батжаргалын Анужинг 18 насанд хүртэл эх Б.Отгонцэцэгийн асрамжинд байлгасугай.
3. Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэсгээ дэмжээгүй болохыг дурдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авах хугацаа дууссанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ