| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/08287/И |
| Дугаар | 210/МА2025/00682 |
| Огноо | 2025-04-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/00682
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/02712 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Цалин, ээлжийн амралт, алдангид 8,437,295 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан цалин, ээлжийн амралт, алдангид 8,437,295 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сард ажлаас гарах хүсэлтээ хариуцагчид гаргасан. Улмаар 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл ажилласан үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна. /хх 41-42, 45/
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй.
4.1 Нэхэмжлэгч нь ажлаас гарах хүсэлтээ хариуцагчид гаргасан боловч ажил олгогч нь холбогдох шийдвэрийг бичгээр гаргаагүй байх тул тэрээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт гурван талт хороонд 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргасныг буруутгахгүй.
4.2 Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт гурван талт хорооны 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар талууд тохиролцоонд хүрээгүй болохыг тэмдэглэж, шийдвэрлэсэн. /хх 20-21/ Уг тэмдэглэлийг нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна. Иймд ..гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно гэж заасан. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд ажил олгогч нь ээлжийн амралтын мөнгийг тооцож ажилтанд олгох үүрэгтэй.
5.1 Хэргийн 5-6 дугаар талд авагдсан *******ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод хариуцагч ******* нь 2024 оны 02 дугаар сард цалин 4,437,338,43 төгрөг гэж, шимтгэл 1,064,961.20 төгрөг гэж тайлагнасан. Нэхэмжлэгч *******т цалинг шилжүүлсэн, хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон боловч ээлжийн амралтын мөнгийг бодож олгоогүй болох нь тогтоогдож байна. Иймд шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3 дахь хэсэгт зааснаар ээлжийн амралтын үндсэн хугацаа 15 хоногоор тооцож хариуцагч *******-аас 1,617,961 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
5.2 Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилласан хугацааны цалинг авсан тул алданги шаардах эрхгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч үүнд гомдол гаргаагүй.
6. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.6, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг болгон залруулан өөрчилнө.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/02712 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 104 дүгээр зүйлийн 104.6, 124 дүгээр зүйлийн 124.1-т гэснийг 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.БАЯСГАЛАН