Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 5252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5366283 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8-2 тоотод оршин байх Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: Монгол улсын иргэн, ВЮ86061410 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 12-214 тоотод оршин суух Мягмарын Жаргалсайханд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4.030.102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хэнтийхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч М.Жаргалсайхан нь 2015 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр манай Банк бус санхүүгийн байгууллагад биечлэн хандаж өөрийн эзэмшлийн Nissan Teana маркийн 46-71 УНТ улсын дугаартай автомашиныг барьцаалж 4.600.000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн зээл авах хүсэлт гаргасныг нь манай байгууллага хүлээн авч судлаад иргэн М.Жаргалсайханд өөрийнх нь хүссэн 4.600.000 төгрөгийн зээлийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлүүлэхээр зээлийн хорооны хурлын шийдвэр гарч 13-15040949 дугаартай Зээлийн гэрээг талууд харилцан тохирч, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэний үндсэн дээр байгуулсан ба мөнгийг бэлнээр өөрт нь олгосон болно. Зээлдэгч М.Жаргалсайхан нь 2015 оны 5 дугаар сарын 09-ны өдөр анхны зээл төлөлтөө хийсэн боловч ахин нэг ч удаа төлөлт хийлгүй өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагын зүгээс уг зээлийг төлүүлэхийн тулд авч болох бүх арга хэмжээг удаа дараалан авсаар ирсэн боловч хариуцагч өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлж барагдуулаагүй байна. Фидуцийн гэрээний дагуу Nissan Teana маркийн 46-71 УНТ улсын дугаартай автомашиныг Итгэлт Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 4.000.000 төгрөгөөр үнэлэгдэж, бид иргэн Г.Ганзоригт 3.500.000 төгрөгөөр худалдсан болно. Иймд хариуцагчаас 4.030.102 төгрөгийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК нь хариуцагч М.Жаргалсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4.030.102 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.Жаргалсайхан нь Прогресскапитал ББСБ ХХК-аас 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 13-15040949 тоот зээлийн гэрээгээр 4.600.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд 46-71 улсын дугаартай Nissan teana /ниссан теана/ маркийн автомашинаар хангахаар талууд тохирч талуудын хооронд зээлийн болон фидуцийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. /хх-ийн 6-7 дугаар тал/

Дээрх гэрээнүүдээс үзвэл талууд зээлийн болон фидуцийн гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож, мөнгийг зээлдэгч нь хүлээн авсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2, 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд хүчин төгөлдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулагджээ.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр дууссан байх бөгөөд хариуцагч зээлийн гэрээний хугацаанд 531.666 төгрөгийг төлснийг зээлдүүлэгч үндсэн зээлээс хасч тооцсон байх бөгөөд хариуцагч нь дахин төлөлт хийгээгүй тул фидуцийн гэрээний зүйл болох 46-71 улсын дугаартай Nissan teana /ниссан теана/ маркийн автомашиныг нэхэмжлэгч Итгэлт-Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэхэд 4.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн ба, 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг автомашиныг 3.500.000 төгрөгөөр тооцон бусдын өмчлөлд шижлүүлсэн болох нь хэрэгт авагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 40-16050260 дугаартай гэрээ, 40-16050260 дугаартай зээлийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно зааснаас үзэхэд зээлдэгч зээл, хүү төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг зээлдүүлэгч өөрийн эзэмшилдээ оруулснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуци дуусгавар болно.

Тодруулбал, иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаа талуудын эрх ашиг сонирхлыг тэгш хамгаалах нь Иргэний хуулийн үндсэн зарчим учир бөгөөд талууд фидуци байгуулснаараа зээлдэгч мөнгө эргэн төлөөгүй, төлөх чадваргүй болсон тохиолдолд зээлдүүлэгч нь хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө авч эрсдлээс өөрийгөө хамгаалж, харин зээлдэгч мөнгөн төлбөрийн үүргээс чөлөөлөгдөх агуулгатай.

Монгол улсын Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1, 240.1.5-д зааснаар хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болох зохицуулалттай бөгөөд энэ нь нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-ийн өмчлөлд фидуци бодитой шилжсэн байгаа учир хариуцагчаас зээлийн гэрээний үүрэг 4.030.102 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй юм.

Хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт барьцааны зүйлийг худалдан борлуулж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, хүрэлцээгүй бол бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах хэрвээ, барьцааны зүйлийг борлуулаад үүргийг хангуулахад хүрэлцсэн буюу илүү гарсан бол үлдсэн мөнгийг буцаан олгодгоороо фидуцээс ялгаатай болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч М.Жаргалсайханд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа мэдүүлсэн хаяг болох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 12-241 тоот хаягаар мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тухайн хаягт оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Жаргалсайханаас 4.030.102 төгрөг гаргуулах тухай гаргуулж нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Прогресскапитал ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.440 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ, Л.ЭНХЖАРГАЛ