| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 184/2024/03868/И |
| Дугаар | 210/МА2025/00703 |
| Огноо | 2025-04-30 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 210/МА2025/00703
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 39,969 м.кв талбайтай газарт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулж, холбогдох зардлыг гаргуулж, эзэмшил газраа чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 39,969 м.кв талбайтай газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сард 15 жилийн хугацаагаар сунгуулсан.
1.2 *******-ийн эзэмшигч байсан ******* нас барсан тул газрыг өв залгамжлалаар авга дүү болох ******* өвлөн авсан. Гэтэл ******* нь бидний эзэмшил дээрх газар дээр манай байгууллагын болон төрийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр 72x24 метрийн харьцаатай үйлдвэрийн барилга болон газрыг тойрсон хашаа барьж, цахилгаан хангамжид холбосныг олж мэдсэн бөгөөд газрын гэрчилгээ сунгагдах хүртэл хуулийн дагуу арга хэмжээ авч чадахгүй байсан тул хүлээхээс өөр арга байсангүй.
1.3 Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар барилгын төвөгшлөөс хамаарч барилга байгууламжийг шинээр барих зөвшөөрлийг Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас авдаг. Энэхүү зөвшөөрлийг авсан бол бусдын газар дээр барилга байгууламж барих гэж байгаа талаар олж мэдэх боломж бүрдэх байсан. Гэтэл огт зөвшөөрөл аваагүй. Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 211 тоот тушаалаар Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллын зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрмийн нэгдүгээр хавсралт дахь 2.8-д заасан Үйлдвэр, худалдааны барилга байгууламж нь 36 м хүртэл алгасалтай бол бага төвөгшилтэй ангилалд ордог гэж заасан байх тул энэ ангилалд багтаж байна. Тиймээс зайлшгүй барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас авах байсан.
1.4 2021 онд *******-ийн хувьцаа эзэмшигч, миний төрсөн дүүгийн хадам аав миний төрсөн дүү болох аар дамжуулан миний авга ах *******той газрыг сонирхож буйгаа илэрхийлэн дамжуулан ярилцаж байсан. 2021 оны хэлцлийн явцад бид дүүгийн хадам аав тул хэлэлцэж тохирсон зүйлсээ өгч авалцаж болох байх гэж итгэснээр гэрээ хэлцэл дээр гарын үсэг зураагүй байхад барилга байгууламж, хашаа барих үед нь хүндрэл чирэгдэл учруулаагүй бөгөөд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж ойлгож байсан.
Гэтэл 2022 оны 04 дүгээр сард гэр бүл цуцлах болсноор үл ойлголцол үүсэж эхэлсэн. Нэгэнт гэр бүл салж байгаа тул авга ах өөрийн газрын эрхийн үнийн талаар дахин тохиролцох шаардлагатай гэж үзсэн тул нь газрын эрх шилжүүлж авах хэвээрээ эсэх талаар асуухад хэвээрээ хэмээн манай компанийн газрын эрхийн төлбөрт Дорнод аймагт газар эзэмшдэг, түүн дээрээ тодорхой хэмжээний барилга байгууламж нь баригдсан Ямааны фермер бий болгох зорилготой, *******-ийн 50 хувийн хувьцааг өгөхөөр ярилцаж, гэрээгээр албажуулах талаар тохирон хэд хэдэн удаа и-мэйлээр гэрээний нөхцөл солилцсон боловч худалдан авагч талын зүгээс болон ******* нь ямар нэгэн хүсэл зорилгоо илэрхийлж гэрээ хэлцэл үргэлжлэн хийгдээгүй. Хуучин хувьцаа эзэмшигч нас барж, *******ыг өв залгамжлагч болсныг мэдсээр байж надтай огт холбогдохгүй байгаа нь бидэнтэй хэлцэлд хүрэх сонирхол байхгүйг илтгэж байна.
1.5 Иймд цаашид би өөрийн компанийн эзэмшлийн газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулахаар өөр хөрөнгө оруулагч нартай харилцан тохирсон тул хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг яаралтай албадан буулгахыг хугацаатай даалгуулах, холбогдох зардлыг буруутай этгээд болох *******-аас гаргуулж, эзэмшил газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь 2021 оны 06 дугаар сард өөрийн компанийн эзэмшилд байдаг Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай, 40,000 м.кв талбай бүхий газраа ашиглуулахыг бидэнд санал болгосон. Тус газар дээр барилга байгууламж баривал маш ашигтай, газрын эзэмших ашиглах хугацаа урт, цаашдаа ч сунгагдаад явах боломжтой, үл хөдлөх хөрөнгө барьж, үйл ажиллагаагаа удаан хугацаанд тогтвортой явуулах боломжтой хэмээн биднийг ятгаж, итгэж үнэмшүүлснээр бид зөвшөөрч тухайн газар дээр нь цэвэрлэх байгууламж бүхий объект барихаар шийдсэн. Ийнхүү тухайн газрыг ашиглахаар харилцан тохиролцож, *******-аас 2021-2023 оны хооронд одоогийн байдлаар 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулан, 2,800 м.кв талбайтай үйлдвэрийн барилга байгууламж, уурын зуухны барилга, гүний худгийг барьж, нийт 36 ширхэг бүхий гурван иж бүрдэл тоног төхөөрөмж суурилуулах зэргээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөгийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа.
2.2 Бид тай тохиролцсоны дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлж, газрын хугацааг сунгах асуудлыг хариуцаж байсан. Гэтэл *******-ийн зүгээс биднийг гэнэт газар чөлөөл, барилга байгууламжаа буулгаад авч яв, манайх газраа зарахаар болсон гэх хууль бус шаардлага тавьж, үйл ажиллагаа явуулахад саад болж эхэлсэн. нь биднийг газраас салгаж болохгүй үл хөдлөх хөрөнгө болох том хэмжээний, өртөг өндөртэй байгууламж барьчихвал буулгах, нураах боломжгүй болно гэдгийг эхнээсээ тооцож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, биднээр их хэмжээний хөрөнгө оруулалтаар босгох барилга байгууламж бариулж аваад хөөх зорилготойгоор анхнаасаа худал хэлж байсан байна.
2.3 Бидэнтэй харилцан тохиролцох үед компани буюу газрыг өөрийн хамаарал бүхий, эрх зүйн чадамжгүй этгээд болох *******д шилжүүлсэн байснаа нууж, өөрийн газар мэт итгүүлж хэлцэл байгуулсан. Мөн уг газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ашиглах, захиран зарцуулах эрхийг нь 2019 онд түдгэлзүүлсэн байсныг нууж, биднийг хохироож байна. Бид бүхий л хөрөнгө, мөнгөө зарцуулсан объектоо нурааж, буулгаж авч явах ямар ч боломжгүй тул үнийг нь төлүүлж авъя гэхэд өгөхгүй эсвэл хэт бага үнээр үнэлж зар гэсэн.
2.4 Бидний зүгээс *******-ийн үүсгэн байгуулагч ын хууль бус, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг таслан зогсоох, дээрх гэмт хэргүүдийг үйлдэхээр завдаж байгаа үйлдлийг хуулийн дагуу шалгуулахаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд холбогдогчийн эгч, *******-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй байгаа ******* нь энэ талаар мэдэж байгаа. Тус хэрэгт өөрөө хүсэлт гомдол гаргасан мөртлөө огт мэдээгүй мэт дүр эсгэж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, одоогийн захирлын төрсөн дүү болох нь тус газарт хөрөнгө оруулалт хийлгүүлж, өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох авга *******, төрсөн эгч ******* зэргийг ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжих, бусдад их хэмжээний хохирол учруулахаар завдаж байгаа болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож байгаа.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 2,600,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-нд олгож, Сонгинохайрхан дүүргийн ******* хороо, ******* хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 39969 м.кв га газрын эзэмшигчээр *******-ийг бүртгэхийг нд даалгаж, Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-нд холбогдуулан гаргасан ...зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулж, холбогдох зардлыг гаргуулах...тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 13,157,950 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд хандсан эцсийн зорилго нь “өөрийн эзэмшил газраас бусдын эд хөрөнгийг чөлөөлүүлэх, холбогдох зардлыг нь буруутай этгээдээс гаргуулах”-д байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дахь хэсэгт заасанд хамаарч байгаа юм. Нэхэмжлэгчийн эзэмшлийн газарт хариуцагч хуулийн этгээд 80%-ийн гүйцэтгэлтэй гэх сэндвичин барилгаа *******-ийн захирал *******ын дүү болох ын зөвшөөрлийн үндсэн дээр барьсан гэж маргадаг.
Энэ нь хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хариу тайлбар, Эрүүгийн 230803438 дугаартай хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирал мэдүүлэг, ******* болон *******-иудын хувьцаа эзэмшигч бөгөөд ын хадам аав байсан ын мэдүүлэг, *******-ийн захирал *******ын дүү болох гэрчийн мэдүүлгүүдээр хариуцагч ******* нь ын зөвшөөрлийн дагуу барилга барьсан болохоо хөтөлбөргүй илэрхийлсэн байна.
Хариуцагч хуулийн этгээд тухайн газрын жинхэнэ эзэмшигч *******, түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдтэй гэрээ хэлцэл байгуулаагүй, тухайн газрыг ын эзэмшлийн газар биш гэдгийг анхнаасаа мэдэж байсан нь дээрх мэдүүлгээр тодорхойлогдож байна. Хариуцагч ******* нь газар эзэмшигч *******-тай аливаа биет байдлаар холбогдоогүй, тухайн 4 га газрыг худалдан авах тохиролцоо хийгээгүй, дан ганц газрыг ашиглахаар *******, *******-ийн хувьцаа эзэмшигч нь өөрийн хүргэн тай ярилцаж байсан нь *******-ийг *******-тай “газар худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан гэж үзэхгүй. Хариуцагч хуулийн этгээд *******-тай ямар нэгэн хэлцэл хийсэн мэтээр тухайн 4 га газар дээр нэхэмжлэгчээс зөвшөөрөл авалгүйгээр сендвичин барилга барьсан нь *******-ийн захирал *******ын Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх”-ийг ноцтойгоор зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт бүхэлд нь үндэслэлгүй.
4.2 *******-ийн захирал *******ын дүү болох нь өөрийн хадам аав ад газар олж өгөх гээд тухайн үед өөрийн авга ах болох *******н эзэмшлийн *******-ийн 4 га газрыг зуучлахаар оролцож байсныг үгүйсгэхгүй боловч дан ганц ын зуучлалын үйл ажиллагаанд үндэслэж талуудын хооронд “Газар худалдах, худалдан авах гэрээ” хэлцэл байгуулагдсан гэж үзэхгүй, хариуцагчийн удаа дараагийн дурдаад байгаа тай харилцсан харилцаагаар *******-ийн газрыг эзэмших эрх үүснэ гэсэн ойлголт байхгүй учир түүнийг тухайн 4 га газрын шударга эзэмшигч гэж үзэхгүй юм.
Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын үед хариуцагч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал ******* тай тохиролцоод тухайн газар дээр 2021 оны 6 сараас барилгын суурийн ажил эхэлсэн гэж мэдүүлдэг. Гэтэл хэргийн 87-88 талд авагдсан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нь хамгийн сүүлийн байдлаар *******-ийн гүйцэтгэх удирдлагын мэдээлэлд 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдэж, 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хувьцаа эзэмшигчээс хасагдаж, 2015 оноос гүйцэтгэх захирлаар хасагдсан буюу Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан гүйцэтгэх удирдлагад хамааралгүй болсон байна. Үүнээс хойш 10 жилийн дараа *******-ийн эзэмшлийн газрыг өөрийн хадам аав ад туслах зорилгоор зуучлахаар оролцсон нь *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж *******-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийсэн гэж үзэх боломжгүй.
4.3 Талуудын хооронд гэрээ байгуулах санал, түүнийг хүлээн авсан гэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл байхгүй буюу гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл бүрдээгүй бол тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Харин эсрэгээрээ шүүхээс хариуцагчийн хүсэлтээр прокурорын байгууллагаас нотлох баримт шаардахад прокурорын байгууллагаас 2021.06.04-ний өдрийн огноотой “Узуфруктын гэрээ” гэх №2021/01 дугаар гэрээг гаргаж өгсөн. Энэхүү гэрээгээр нэг талаас *******-ийг төлөөлж ******* гээд /тамга тэмдэгтэй мөртлөө гарын үсэггүй/ байна, нөгөө талаас *******-ийг төлөөлж гээд /тамга тэмдэггүй мөртлөө гарын үсэг зурсан/ үйл баримт байна. Тус гэрээний агуулгаас харвал маргаан бүхий газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулж, хэн аль нь үр шим хүртэх зорилготой байснаас гадна, гэрээг нотариатаар гэрчлүүлэх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх, түүнтэй холбогдон гарах зардлыг Узуфрукт эзэмшигч хариуцахаар байжээ.
Тодруулбал, ******* болон *******-иудын хувьцаа эзэмшигч өөрийн хүргэн болох аар зуучлуулан “маргаан бүхий газрыг хязгаартайгаар эзэмших, ашиглах эрх” олж авах хүсэл сонирхолтой байсан нь энэхүү гэрээний талын эрх бүхий этгээдүүдийн нэршил тодорхойлогдох бөгөөд тухайн үедээ нь өөрийн хадам аав , *******-ийн гүйцэтгэх захирал ******* нартай нэг ашиг сонирхлын төлөө ажилласан байсныг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Нөгөө талаас, нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс Узуфрукт гэрээ байгуулсан эсэх, тэрхүү гэрээг хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, нэхэмжлэгч хуулийн этгээдээс хариуцагчид тухайн 4 га газар дээр барилга барих зөвшөөрөл олгосон уу гэдэг асуудалд маргаж байхад шүүхээс өөрийн сайн дураар Узуфрукт гэрээг хүчин төгөлдөр бус гэдэг байдлаар дүгнэж, улмаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэн нэхэмжлэгчийн өмнөөс тухайн 4 га газрын үнийг тодорхойлох замаар газрыг хариуцагчийн эзэмшилд үлдээсэн нь Иргэний хуулийн 106 болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
4.4 Тухайн 4 га газартай холбоотой асуудал 2020-2021 оны хооронд хөндөгдсөн болох нь прокуророос ирүүлсэн , *******. нарын мэдүүлгээр тодорхойлогдож байна. 2020-2021 оны байдлаар иргэн нь *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээд байсан болох нь *******-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл, хариуцагч удаа дараа ын зөвшөөрлөөр сендвичин барилгаа маргаан бүхий газар дээр барьсан гэдэг, нь тухайн үед *******-ийн эрх бүхий этгээд болох *******той авга дүүгийн харилцаатай байсан учраас нь тухайн үед *******-ийн гүйцэтгэх захирлын хувиар тухайн газрыг өөрийн хадам аав болох *******, *******-иудын хувьцаа эзэмшигч ын гуйлтаар, хариуцагч *******-д ашиглуулахын тулд зуучлалын үйл ажиллагаа явуулсан нь хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгээр тодорхойлогдсон гэж үзэхээр байна.
Энэхүү зуучлалын үйл ажиллагаа нь тухайн үедээ амжилтгүй болсноор талуудын хооронд гэрээ хэлцэл байхгүйг тодорхойлохоор, харин *******, *******-иудын хувьцаа эзэмшигч болон *******-ийн гүйцэтгэх захирал ******* нар нь тухайн үед *******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ыг ******* болон *******-уудын хоорондын зуучлалын үйл ажиллагааг бүрэн гүйцэтгээгүй болон түүнд итгэсэн итгэл дээр тухайн 4 га газар дээр барилга барьж хохирол амссан гэж үзэж байгаа бол аас холбогдох хохирол төлбөрөө шаардах эрх нь тэдний асуудал байна.
4.5 Тухайн үеийн *******-ийн захирал *******н зүгээс зуучлагч ын гаргасан 2 тэрбум төгрөгийн саналыг хүлээн аваагүй нь ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Газрын төлбөрийн асуудалд нэхэмжлэгч нэг ч төгрөг аваагүй, тиймээс анхан шатны шүүхийн “... газрын үнийг бүрэн төлөөгүйтэй холбоотой ******* нь газар эзэмших эрхийг шилжүүлээгүй байгаа нь энэхүү хэргийн гол маргаан болоод байна” гэсэн нь илтэд хэргийн үйл баримтыг буруу тодорхойлсон гэж үзэх үндэслэлтэй юм. Энэхүү хэрэгт худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг зуучлагч ярьж байснаас талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ хэлцэл байгуулагдаагүй, хариуцагчид тухайн газрыг худалдан авах хүсэл сонирхол өнөөдрийг хүртэл гаргаагүй, шүүхэд түүнийгээ илэрхийлээгүй байхад шүүх худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан байна.
4.6 Мөн анхан шатны шүүхээс ямар гэрээний, ямар хугацаанд талуудыг тохирсон гэж үзэж байгаа нь ойлгомжгүй, талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хугацаа тохирсон зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч тухайн газрыг 4 тэрбум төгрөгийн үнэтэй гэдгийг илэрхийлж байсан удаа байгаа болно. Иймд талуудын хооронд гэрээ байгуулах санал, түүнийг хүлээн авсан гэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл бүрдээгүй учир худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй юм. Түүнчлэн хариуцагч тал ч гэсэн нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч тайлбарладаг, энэ ч утгаараа зуучлагч ыг эрүүгийн журмаар залилан хийсэн гэдэг үндэслэлээр одоог хүртэл шалгуулсаар байгаа.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн барьсан гэх сендвичин барилгыг Unegui.mn ээс харахад 1.5 тэрбум төгрөгийн сендвичин барилга байсан нь харагддаг. Мөн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон мөрдөн байцаалтын үедээ тухайн сендвичин барилгаа 80%-ийн гүйцэтгэлтэй байгаа гэж мэдүүлээд байхад шүүхээс ямар аргачлалын дагуу 90%-ийг гаргаж ирсэн нь тодорхойгүй дүгнэлтийг хийсэн нь хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн байна.
4.7 Мөн нэхэмжлэлийн шаардлага болох тухайн сендвичин барилгыг албадан нүүлгүүлж, холбогдох зардлыг буруутай этгээдээс төлүүлэх зорилгод оршиж байгаа. Уг нэхэмжлэлийг хангаснаар хариуцагчид ямар нэгэн хор уршиг учрахгүй бөгөөд тухайн сендвичин барилга нь салгаж болох эд хөрөнгөд хамаарахаар, өөрөөр хэлбэл томруулсан түцэн барилга юм. Энэ нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа.
Анхан шатны шүүх хариуцагчийг аливаа байдлаар “хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох” сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шийдвэрээрээ түүнийг 4 га газрын эзэмшигчээр бүртгэхийг нд даалгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3 дахь заалтуудыг зөрчиж, хариуцагчид тухайлан үйлчилж, нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газрыг хариуцагчид олгосон нь илтэд нэг талд үйлчилсэн байна.
4.8 Шүүгч *******-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвлөх үйлчилгээ үзүүлсэн. Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан бөгөөд хариу тайлбараа мөн оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул мөн хуулийн 72.3 дахь хэсэгт заасан нөхцөл шаардлага энэ хэргийн тухай үүссэн байсан.
Анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2400 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс дүгнэвэл анхан шатны шүүх хариуцагч талыг хариу тайлбар өгөх хугацааг хэлж, мөн түүнд заавал өгөхгүй бол хариуцагчид сөрөг үр дагавартай зэргээр хэт нэг талд үйлчилсэн, шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн байр суурьнаас хандаагүй. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийг гуйж хариу тайлбарыг хэрэгт авах шаардлагагүй, шүүх хөндлөнгийн байр суурьтай байх ёстой, шүүхийн албадлагаар хариуцагч тал хариу тайлбараа 1 cap 11 хоногийн дараа өгсөн нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл бүрдсэн.
Иймд дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн “өөрийн эзэмшил газраас бусдын эд хөрөнгийг чөлөөлүүлэх, холбогдох зардлыг нь буруутай этгээдээс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2 болон 5 дахь хэсэгт заасан дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүх хуралдааны үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагаас барилга барихтай холбоотой зөвшөөрөл авсан асуудлаар огт маргаагүй зөвхөн захиргааны байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэх асуудалд маргаж байсан. Анхан шатны шүүх хуралдаан тус бүрд энэ талаар маргахгүй гэх асуудлыг илэрхийлж байсан атлаа өнөөдөр давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч байгууллагаас зөвшөөрөл аваагүй гэх шинэ нөхцөл байдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч байгууллагын зөвшөөрөлтэйгөөр барилгыг барьсан гэх асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул уг шийдвэрийг хариуцагч талын зүгээс дэмжиж байна.
5.2 нь *******-д хамааралгүй гэж нэхэмжлэгч тал ярьдаг. Хэдийгээр улсын бүртгэлийн лавлагаа, мэдээллээр тухайн компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэлгүй гэж харагддаг боловч хэрэгт авагдсан баримтууд болон *******-аас хамааралтайгаар Газрын албанд хандаж байсан бусад баримтуудаар ******* болон нар нь нэхэмжлэгч компанийн бодит удирдлагыг хэрэгжүүлж байсан ба *******н зүгээс ямар нэгэн шийдвэр гаргаж, уг компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй байсан нөхцөл байдал тогтоогддог. 2023 оноос хойш нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх удирдлагаар ******* бүртгэгдсэнээс хойш энэ маргаан үүссэн бөгөөд *******ыг орж ирэхээс өмнө газартай холбоотой ямар нэгэн маргаан үүсэж байгаагүй.
5.3 ******* нь анхан шатны шүүх хуралдааны явцад “нэхэмжлэгч компанийн бодит удирдлагыг хэрэгжүүлж байсан, тухайн үед хэлэлцэж тохиролцсон асуудлыг мэдэж байсан, мөн компаниас гарсан шийдвэр дээр тамга тэмдэг дарах асуудлыг би өөрөө хариуцдаг байсан” гэх талаар тодорхой ярьсан. Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын барилга барьсантай холбоотой зөвшөөрлийг нэхэмжлэгч байгууллагаас өгсөн буюу хариуцагч байгууллага хууль бусаар маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа асуудал байхгүй юм. Энэхүү газрын эзэмшилтэй холбоотой маргааныг шүүх шууд харьяалан шийдвэрлэх ёсгүй бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу газрын маргаан таслах комисс болон дүүрэг, нийслэлийн газрын албанд хандах ёстой байсан.
5.4 газартай холбоотой асуудлаар Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд Иргэний хэргийн маргаан үүсгэсэн. Түүнчлэн Иргэний хэргийн маргаан явагдаж байгаа учир Эрүүгийн хэрэг нь Иргэний хэргийн маргаантай байна гэх байдлаар шийдэгдсэн. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, ******* хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай, 39,969 м.кв талбайтай газарт зөвшөөрөлгүй баригдсан барилгыг албадан буулгуулж, холбогдох зардлыг гаргуулж, эзэмшил газраа чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...******* нь манай компанийн эзэмшил газар дээр эзэмшигч компаниас болон төрийн байгууллагын зөвшөөрөлгүй үйлдвэрийн барилга болон газрыг тойрсон хашаа барьсан. Манай компанийн газрын эрхийн төлбөрт *******-ийн 50 хувийн хувьцааг өгөхөөр ярилцаж, гэрээгээр албажуулах талаар тохирон хэд хэдэн удаа и-мэйлээр гэрээний нөхцөл солилцсон боловч худалдан авагч ямар нэгэн хүсэл зорилгоо илэрхийлж гэрээ хэлцэл үргэлжлэн хийгдээгүй. Иймд цаашид би өөрийн компанийн эзэмшлийн газар дээрээ зориулалтын дагуу үйл ажиллагаагаа явуулахаар өөр хөрөнгө оруулагч нартай харилцан тохирсон тул хууль зөрчиж зөвшөөрөлгүй барьсан барилга байгууламжийг яаралтай албадан буулгахыг хугацаатай даалгуулах, холбогдох зардлыг буруутай этгээд болох *******-аас гаргуулж, эзэмшил газрыг чөлөөлүүлнэ” гэж тодорхойлсон.
3.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг “...*******-д *******-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч ын санал болгосны дагуу тус газарт 4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө зарцуулан 2800 м.кв үйлдвэрийн барилга байгууламж, уурын зуухны барилга, гүний худгийг барьж нийт 36 ширхэг бүхий гурван иж бүрдэл тоног төхөөрөмж суурилуулах зэргээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба өнөөгийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, одоогийн захирлын төрсөн дүү болох нь тус газарт хөрөнгө оруулалт хийлгүүлж, өөрийн хамаарал бүхий этгээдүүд болох авга *******, төрсөн эгч ******* зэргийг ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжих, бусдад их хэмжээний хохирол учруулахаар завдаж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж үгүйсгэн маргасан.
4. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байхад анхан шатны шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өмчийн, эсхүл үүргийн эрх зүйн дагуу шаардлага гаргаж буй эсэхийг анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүргийн хүрээнд зөв тодорхойлох учиртай бөгөөд үүнийг тодруулснаар зохигчид маргааны зүйлийн талаар бүрэн мэтгэлцэх нөхцөл бүрдэнэ. Улмаар, шүүх холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэх бөгөөд үүнээс гарах үр дагавар нь харилцан адилгүй юм. Гэтэл анхан шатны шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад маргааны зүйл болох газрын эзэмших эрхийг хариуцагчид шилжүүлсэн нь талуудын зарчимд нийцээгүй байхаас гадна нэхэмжлэгчийн шаардаагүй мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхээр байна.
4.1 Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, энэ талаар зохигч бүрэн мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарт үндэслэн эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна.
5. Түүнчлэн, маргаан бүхий тухайн газарт бодитоор ямар хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө байгаа нь шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр бүрэн тогтоогдоогүй байна. Тодруулбал, тухайн газарт ямар барилга барьсан, нэхэмжлэгч юуг чөлөөлүүлэх гэж шаардаж байгаа нь тодорхойгүй буюу үйл баримт тогтоогдоогүй байна. Мөн нэхэмжлэгч нь тухайн газарт барьсан барилга байгууламжийг албадан буулгуулахтай холбоотой хэдий хэмжээний зардал шаардаж буй нь тодорхойгүй байна.
6. Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримт тогтоогдоогүй байхад хэрэгт авагдсан баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүх маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/00742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 192/ШЗ2025/14695 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд хойшлуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН