Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 5246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Монгол улсын хуулийн этгээд 5755085 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Улаанхуаран /13302/ 30/2  тоотод оршин байх “Тэнгэр плаза” ХХК-ийн хүсэлттэй,

 

Монгол улсын иргэн ХД76081063 регистрийн дугаартай, Их Монгол овогт Төмөр-Очирын Халиунаагийн оршин суугаа хаягыг олж тогтоох, эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тамир нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Т.Халиунаа нь манай компанитай 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр АБ/2014/026 тоот “Худалдааны хамтран ажиллах” гэрээ байгуулан “Тэнгэр плаза” худалдааны төвийн 2 дугаар давхарт 2015 оны 10 дугаар сар хүртэл талбай түрээсэлж байгаад түрээсийн төлбөрийн үлдэгдэл 2.108.795 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр АБ/2014/026 тоот “Худалдааны хамтран ажиллах” гэрээний 4.9-д заасны дагуу хоногийн 0.5 хувийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг үндэслэн алданги 1.054.398 төгрөг нийт 3.163.193 төгрөгийг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22312 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6/1 дүгээр байр 8 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Т.Халиунааг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “Тэнгэр плаза” ХХК нь Т.Халиунааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

            “Тэнгэр плаза” ХХК нь Т.Халиунаагаас гэрээний үүргийн биелэлт шаардах зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Т.Халиунаа нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6/1 дүгээр байр 8 тоот хаяганд бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон үндэслэлээр тус дүүргийн шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22312 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

            Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Халиунаагийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч “Тэнгэр плаза” ХХК нь хуульд заасан харьяаллын дагуу Т.Халиунааг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүний хаягыг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

            Т.Халиунаа нь Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6/1 дүгээр байр 8 тоот хаягт бүртгэлтэй, тэрээр 99011145, 94092409 дугаарын утастай байсан болохыг дурдаж байна.

           

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар ХД76081063 регистрийн дугаартай Их Монгол овогт Төмөр-Очирын Халиунааг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.Халиунааг эрэн  сурвалжилж, оршин суух хаягыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Л.ЭНХЖАРГАЛ