Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-ийн Э-т холбогдох эрүүгийн 1919001820108 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

     Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Сайншанд сум, 3 дугаар баг, Мааньзавын 5-8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Б-ийн Э, регистрийн дугаар:ЕГ97032704

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Э 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Их соён зочид буудлын 202 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Х.Э-ийн эзэмшлийн Самсунг Глакси А 9 /Samsung Galaxy А-9/, хохирогч Б.Б-ын эзэмшлийн Ай поне икс /I Phone X/ маркийн гар утаснуудыг хулгайлж, хохирогч нарт 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “... мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

 

          Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/

         

          Камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-12 дугаар хуудас/

         

          Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ6/18-109 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

          Хохирогч Х.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид гурав уг зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулж байсан ресторанд нь хоол идчихээд 21 цагийн орчимд өрөөндөө телевизор үзэж байгаад хоорондоо юм ярьж байгаад унтацгаасан. Тэгээд өглөө босоод гар утасныхаа дугаар луу залгаж үзэхэд холбогдох боломжгүй болсон байсан. Мөн хамт байсан Б.Б-ын гар утас алга болсон олдохгүй байна гэхээр нь буудлын ресепшинд хандаж камер шүүлгэхэд 05 цагийн орчим нэг эмэгтэй хүн манай өрөөгөөр ороод, гараад явж байгаа камерын бичлэг байхаар нь ресепшинг цагдаагийн байгууллагад ханд гэж хэлсэн...88105802 гэсэн сим дугаартай, хар өнгийн , хар хамгаалалтын гадаргатай, Самсунг галакси А9 маркийн ямар нэгэн сэв, зураасгүй шинэ гар утас байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

          Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр..Их соён буудлын 202 тоот өрөөнд өөрийн хамт явж байсан ажилтан Г.Ц, Х.Э нарын хамт орсон. Тэгээд бид 3 уг зочид буудлын 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг ресторанд нь хоол идчихээд 21 цагийн орчим өрөөндөө орж амарцгаасан. Тэгээд өглөө босоод цаг харах гээд гар утсаа хайсан чинь холбогдох боломжгүй болсон байхаар нь ор болон ширээний орчмоор хайсан боловч олдохгүй байсан...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

          Гэрч С.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..тухайн үед намайг буудлын хоёр давхарт текэн дээр сууж байхад шөнө 04-05 цагийн хооронд байхаа буудалд 20 гаруй насны махлаг биетэй эмэгтэй хүн орж ирээд коридорт орж ирээд манай буудлын коридорын хаалгыг гараараа зөөлхөн түлхэж байсан. Тухайн үед би тэр хүнийг дээд давхраас бууж ирсэн юм байх гэж бодсон бөгөөд тэр хүн хүнээс зугтаж байгаа юм шиг харагдсан. Тэр эмэгтэй намайг текэн дээр сууж байгааг мэдээгүй байх, угаасаа ч буудлаар янз бүрийн хүмүүс явж л байдаг учир би тэр хүнийг тоогоогүй...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 24-25 дугаар хуудас/

 

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, Их соён зочид буудлын 202 тоот өрөөнд нэвтэрч хохирогч Х.Э-ийн эзэмшлийн Самсунг Галакси А 9 /Samsung Galaxy А-9/, хохирогч Б.Б-ын эзэмшлийн Ай поне икс /I Phone X/ маркийн гар утаснуудыг хулгайлж, хохирогч нарт 3.440.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Иймд шүүгдэгч Г овогт Б-ийн Э-ийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т 1  жил хорих ял шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 1 жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.          

 

           4. Хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1ширхэг CD-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                

ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА