Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2025/00704

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00956 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 30,032,524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******-тай өөрийн агентуудын тусламжтайгаар мэргэжлийн өндөр түвшинд үл хөдлөх эд хөрөнгө худалдах зорилгоор 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22/220 дугаар, мөн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 22/219 дугаар Зуучлалын гэрээ-г тус тус байгуулж, төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцсон. Бид гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг зуучлахын тулд өөрийн агентуудыг сурган бэлтгэж, баг болон ажлын төлөвлөгөө гарган агентуудын тусламжтайгаар үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ маркетинг сурталчилгааг хийхийн тулд мэргэжлийн зураглаачийг үндсэн ажилтнаар авч ажиллуулсан.

Мөн зуучлуулагч *******-ийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахын тулд Барилга орон сууц-2022 үзэсгэлэн яармагт 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Г/71 дугаартай талбайн түрээсийн гэрээ байгуулан оролцож идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан.

1.2 ******* нь *******-тай ******* хороолол, ******* хороолол, ******* хороолол, ******* хороолол, ******* хороолол, 1, 2 дугаар хороолол, хороолол, хороолол зэрэг төсөлд хамтран ажиллаж, 2022 онд 32 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг явуулсан. 2023 онд 3 үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйл ажиллагааг явуулж, нийт 6,585,177,700 төгрөгийн борлуулалт буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдахад зуучилсан.

Гэтэл ******* нь талуудын хооронд байгуулсан 22/220, 22/219 дугаар Зуучлалын гэрээ-ний дагуу зуучлалын үйл ажиллагаанд төлөх ёстой нийт 13 үл хөдлөх эд хөрөнгө зуучилсан зуучлалын үлдэгдэл хөлс болох 20,021,683 төгрөгийг өнөөдрийг хүртэл хугацаанд төлөөгүй. Тодруулбал, ******* нь 2022 оны 03 дугаар сараас 2023 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд 13 үл хөдлөх эд хөрөнгийг зуучилсан ба төлбөр нь 37,968,986 төгрөг болсон. Үүнээс хариуцагч 17,947,303 төгрөгийг төлж, үлдэгдэл 20,021,683 төгрөгийг төлөөгүй.

Бидний зүгээс зуучлалын үйл ажиллагааны үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах талаар *******-д 2023 оны 06 дугаар сарын 12, 28-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус 23/045 дугаар, 23/042 дугаар, 24/11 дугаар албан бичгээр зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч хариуцагч тохирсон ёсоор төлбөр төлөөгүй.

1.3 Гэрээнд зуучлалын төлбөрийг хугацаанд төлөөгүй бол 0.3 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

Иймд гэрээнд зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл 20,021,683 төгрөг, алданги 10,010,841 төгрөг, нийт 30,032,524 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******-иас 30,032,524.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,115 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 308,115 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхээс шүүх хурлын цагийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13:45 цагаас гэж мэдэгдсэн. Гэтэл 11 цагаас байсан хэмээн тухайн өдөр шүүгчийн туслах бараг 11 болж байхад хэлсэн.

4.2 Мөн би тухайн өдөр -ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр шүүх хурал давхардсан хэмээн хурал хойшлуулах хүсэлт гаргасан ч шийдвэрлэлгүйгээр, намайг оролцуулалгүй шүүх хурлыг хийсэн.

4.3 Талуудын байгуулсан зуучлалын гэрээ хэрэгжиж дуусаагүй буюу 13 үл хөдлөх хөрөнгийг зуучлаагүй, 1 орон сууцыг зуучилж худалдан авагч олж өгсөн ч тухайн худалдан авагч нь төлбөрөө төлөөгүй учраас зуучлалын хөлс төлөх боломжгүй. Манай компанийн зүгээс зуучлуулсан бусад байрны хөлсийг бүрэн төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн ажилчдаараа бичүүлсэн өргөдлийг үндэслэн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах журмын дагуу мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр удаа шүүх хуралдаанд хүдэнтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Тодруулбал, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр болон 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд ирээгүй. Анхан шатны шүүх хариуцагч талыг мэтгэлцэх зарчмаар хоёр удаа хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулсан.

5.2 Зуучлалын гэрээгээр талууд хөлс тохирч, 13 үл хөдлөх эд хөрөнгийг зуучлахаар тохиролцсон. *******-ийн тухайд 13 үл хөдлөх эд хөрөнгийг зуучилж зуучилсан хөлсөө авахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага 50 хувийг зөвшөөрч гэрээнд тусгасан данс руу шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагч зуучлуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч төлбөрөө төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зуучлал хийсэн гэх нотлох баримтаа анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл хариуцагчийн зүгээс уг нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт болон хариу тайлбар гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 30,032,524 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шаардлагын үндэслэлээ ...талуудын байгуулсан зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгч зуучлалын ажлыг хийсэн тул үлдэгдэл хөлс 20,021,683 төгрөг, алданги 10,010,841 төгрөг тус тус гаргуулна гэж тодорхойлсон. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.

3. Талууд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 22/220 дугаар Зуучлалын гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь *******-ийн хавсралт 1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн агентуудын тусламжтайгаар мэргэжлийн өндөр түвшинд худалдах, ******* нь худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүнгээс гэрээний 3.1-д заасан хувийг төлөхөөр, гэрээний хугацааг 24 сарын хугацаатай байхаар харилцан тохиролцсон байна. /хх 13-19/

3.1 Мөн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 22/219 дугаар Зуучлалын гэрээ /байгууллагатай байгуулах/ байгуулж, гэрээгээр ******* нь *******-ийн хавсралт 1-т заасан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн агентуудын тусламжтайгаар мэргэжлийн өндөр түвшинд худалдах, ******* нь худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнийн дүнгээс гэрээний 3.1-д заасан хувийг төлөхөөр, гэрээний хугацааг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай байхаар харилцан тохиролцсон байна. /хх 23-30/

3.2 Дээрх гэрээнүүдийн 3.1-т Үл хөдлөх эд хөрөнгийн худалдсан үнийн дүнгээс ******* орон сууц, авто зогсоол худалдсан бол худалдсан нийт үнийн дүнгийн 2,2 хувь /НӨАТ багтсан/-ийг, оффис, үйлчилгээний талбай, объект худалдсан бол худалдсан нийт үнийн дүнгийн 3,3 хувь /НӨАТ багтсан/-ийг, тансаг зэрэглэлийн хаус худалдсан бол худалдсан нийт үнийн дүнгийн 2,75 хувь /НӨАТ багтсан/-ийг, газар худалдсан бол худалдсан нийт үнийн дүнгийн 5,5 хувь /НӨАТ багтсан/-ийг, хашаа, байшин зуслан худалдсан бол худалдсан нийт үнийн дүнгийн 5,5 хувь /НӨАТ багтсан/-ийг авахаар тохиролцжээ.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй.

5. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5.1 Хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн г/71 тоот Барилга орон сууц-2022 үзэсгэлэн яармагийн талбайн түрээсийн гэрээ, фото зургууд, *******-ийн орон сууцыг зуучлахад *******-тай хамтран ажилласан агент ажлын хөлс авах тухай өргөдөл, хамтран ажиллах гэрээ, төлбөр барагдуулах тухай мэдэгдэл, хариуцагчаас төлбөр хүлээн авч байсан дансны хуулга, борлуулалтын тооцоо, гэрчийн мэдүүлгүүдийг анхан шатны шүүх зөв үнэлж, зуучлуулагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар зуучлалын гэрээнд заагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах үйл ажиллагаа явагдаж гуравдагч этгээд болон зуучлуулагч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас зуучлалын гэрээний хөлсийг Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.

6.1 Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 386 дугаар албан бичгээр итгэмжлэл олгосон. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гардуулан өгч, тайлбарыг 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирүүлэхийг мэдэгдэж, мөн өдрөө эрх, үүрэг тайлбарлан, гарын үсэг зуруулсан боловч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ хэрэгжиж дуусаагүй, 13 үл хөдлөх хөрөнгийг зуучлаагүй гэх тайлбар, гомдол буюу нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас зуучлалын гэрээний үлдэгдэл төлбөрт 20,021,683 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт нийцжээ.

7. Гэрээний 7.3-т Б тал нь төлбөл зохих төлбөрийг гэрээний 3.1 дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг А талд төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Иймд хариуцагчаас алданги 10,010,841 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эвлэрэн хэлэлцэх хугацаа шаардлагатай үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг мөн өдрийн шүүгчийн 192/ШЗ2025/006986 дугаар захирамжаар нэхэмжлэгч зөвшөөрөөгүй үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгахгүй.

7.2 Мөн хариуцагч талаас захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдаан давхцсан гэх хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/00956 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 322,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН