Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 35

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

            Улсын яллагч Г.Мөнхболд

Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  С.Н-д холбогдох 1940000630034 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Н

              Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Н нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны тооцооны төвийн үүдний хэсэгт байрлах тус банкны эзэмшлийн автомат тооцооны машинд 2019 оны 04 сарын 05-ны өдөр халдан эвдэж, нийт 1.361.475 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч Б.Э 2019 оны 04-р сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Хас” банкны 43 дугаар тооцооны төвийн захирлаар ажилладаг юм. Манай “Хас” банк нь Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг Бор-Өндөр цогцолбор сургуулийн хойд талд үйл ажиллагаа явуулдаг юм. Манай “Хас” банк нь үүдэндээ зарлагын АТМ-тэй байж байгаад 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс NSR загварын Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн орлого, зарлага үйлчилгээ хийх зориулалттай АТМ-ыг шинээр нь авчирч ашиглалтад оруулсан юм. Тэгсэн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр манай энэхүү шинэ АТМ-ыг үл таних этгээд нь эвдсэн байсан. Үүнийг манай харуул хамгаалалтын ажилтан Д.Б нь 2019 оны 04 дүгээр сарын 06-ны 10 цагийн орчимд манай гэрт ирээд “АТМ-ыг эвдчихсэн байна” гэхээр нь “Хас” банк нь дээр ирэхэд Хас банкны үүдэнд тавьсан байсан шинэ АТМ-ын ВОХ буюу АТМ-ын гадна хайрцагны дээд хэсгийг салгаж газар унагаасан, сүлжээний болон камерийн утаснуудыг тасалсан, АТМ-ын дээд талд байрлах хяналтын камерийг салгаж газар унгаасан, АТМ-ын баруун талд байрлах тог баригч буюу UPS төхөөрөмжийн хаалтыг эвдэж салгасан байсан. Мөн уг АТМ-ын сэйф болон дэлгэц рүү нь өшиглөсөн бололтой гутлын мөр үлдсэн байсан. Ингээд бид АТМ-д халдлага болсон байна гэж цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/

-Гэрч Д 2019 оны 04-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Хас” банкны тооцооны төвд харуул хамгаалалтын ажилтнаар ажилладаг. Манай салбар тооцооны төв дотор талын хаалгаа түгжээд гадна үүдний АТМ байрласан хэсгээ онгорхой орхиж 24 цагаар камерийн хяналтаар хянадаг. Би тооцооны төвөө хаахаар ажлаасаа буудаг. Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 20 цаг 17 минутанд салбараа хаахаар ажлаасаа буусан. Манай банкны дотор хэсэгт дохиолол хамгаалалтын системтэй ба камерийн хяналт дотроо байрладаг. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 20 минутын үед миний гар утас руу Э. гэх хүн утсаар яриад “Хас банкны АТМ чинь эвдэрсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад “Хас банк”-ны тооцооны төв дээр ирээд харахад бэлэн мөнгөний гадны талын кейс болон камер салж унасан, тог баригчны хаалт салж унасан, сүлжээний оролтууд салсан байдалтай байсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

-Гэрч Э.О 2019 оны 04-р сарын 06-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Улаанбаатар хот  эхнэр О хамтаар амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа Бор-Өндөр сум Улаанбаатар хот хооронд таксинд явдаг. Би 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед Улаанбаатар хот Баянзүрх дүүрэгт байрлах “Макс” нэртэй дэлгүүрийн гаднаас өөрийн цагаан өнгийн приус-20 маркийн 22-85 УНҮ улсын дугаартай автомашиндаа 3 хүн аваад Бор-Өндөр сум руу гарсан. Би Фейсбүүк дээр зар тавьж байгаад 3 хүнээ хотоос аваад Бор-Өндөр сум руу ирэх замдаа Говьсүмбэр аймгийн Чойроос 25-30 орчим насны 1 эмэгтэй хүн аваад 4 зорчигчтой Бор-Өндөр суманд ирсэн. Тэгээд тус суманд ирээд хот хоорондын автобусны зогсоол дээр 1 хүнээ буулгаад, тус сумын 1-р багт байх Уулын баяжуулах үйлдвэрийн гражийн хажууд буулгаад, 3 дахь хүнээ бага сургуулийн баруун талд буулгасан. Тэгээд Чойроос суусан 1 эмэгтэй үлдсэн. Тэр эмэгтэйг хүн тосч аваад зардлыг нь авч өгнө гэж хэлээд тус сумын 1-р баг “Од” зочид буудлын таксины зогсоол дээрээс нөгөө эмэгтэйг тосох нэг залуу ирээд миний машинд суусан. Тэгээд “Хас” банкны АТМ-ээс тэр эмэгтэйн зардлыг авч өгье гэж хэлээд Хас банкны гадна очоод зогссон. Тэгээд би тэнд очиход тэр залуу ганцаараа буугаад “Хас” банк руу орсон. Тэнд 30 орчим минут хүлээж байгаад тэр залуугийн дугаар руу тэр эмэгтэйгээр залгуулахад утсаа аваагүй. Тэгэхээр нь би тэр хүүхэнд 43-р байранд хүний юм өгөөд ирье гэж хэлээд хамт 43-р байр очоод хүнд юм аа өгчихөөд буцаад ирэхэд тэр залуу гарч ирээгүй байсан. Тэгэхээр нь би “Хас” банк руу орсон. Тэгтэл тус Хас банкны үүдэнд байх АТМ-ны дээд камертай хэсэг нь салаад унасан байдалтай, нөгөө залуу гар утасаараа нэг хүнтэй яриад чанга дуугаар маргалдаад байсан. Тэгэхээр нь би буцаж гараад машиндаа суугаад тэр хүүхэнд байдлыг хэлэхэд тэр хүүхэн машинаас буугаад дотогш орсон. Би гадаа машиндаа хүлээж байх үед 5-6 минут орчим байж байгаад тэр залуу хүүхэн 2 гараад ирсэн. Миний машинд тэр 2 суугаад “АТМ” ажиллахгүй миний картыг залгичихсан, тэгээд оператор руу нь залгахаар 1 дэх өдөр авч өгнө гэж хэлсэн” гэж ярьж байсан. Тэгээд картаа авсан байсан болохоор би тэгээд картаа яаж авав гэж тэр залуугаас асуухад тэжээлийг нь салгаад авчихлаа гэж хэлсэн. Тэгээд цааш хөдлөн “Хаан” банкны АТМ руу очиж тэндээс тэр залуу мөнгөө аваад надад эмэгтэйн зардлын мөнгийг өгөөд Од буудлын ард байх нийтийн байрны үүдэнд залуу, эмэгтэй 2 буусан. Тэгээд би цааш явж амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/

-Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХK-иас гаргасан үнэлгээ /хх-ийн 37-р хуудас/

-Яллагдагч С.Н 2019 оны 04 сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Галшар сумын харъяат Б гэдэг ахынд ямаа өгөхөөр болж Галшар сум руу Бор-Өндөр сумаар дайрч явахаар болсон юм. Ингээд би 2019 оны 04 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу таксигаар ирсэн. Би Бор-Өндөр суманд ирээд найз Б. дамжуулан Д. гэдэг залуугийн гэрт ирсэн. Учир нь би Бор-Өндөр суманд таньж мэдэх хүнгүй байсан юм. Ингээд 2019 оны 04 сарын 05-ны өдөр Д. бид хоёр 17 цагийн үед гэрт нь 0.75 литрийн “Соёмбо” нэртэй архи 1 шилийг, 2.5 литрийн “Нийслэл” гэх нэртэй пиво нэгийг Б, Д. түүний эхнэр бид 3 хувааж уугаад Говьсүмбэр аймгаас ирж байгаа найз охин У. тосохоор гэрээс нь 21 цаг өнгөрч байх үед гараад “Хас” банкны баруун урд байх таксины зогсоол руу явсан. Ингээд би найз охин У-г ирэхээр нь таксины жолоочид замын зардлыг нь өгөхөөр “Хас” банкны АТМ руу ганцаараа орсон юм. Ингээд Хас банкны АТМ руу өөрийн Хаан банкны картыг хийхэд ямар ч хариу үзүүлээгүй, тэгэхээр нь уг АТМ-ын дэлгэц нь дээр байх операторынх нь дугаар руу залгаж “Карт залгиулсан талаараа хэлж ухаалаг АТМ байна, төв салбараасаа удирдаж картыг маань гаргаж өгөх боломж байна уу” гэхэд “Боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь би “Тэгвэл Бор-Өндөр сумынхаа салбарын ажилчдынхаа утсыг өгөөч, жижиг сум юм чинь харуул хамгаалалтыг нь дуудаж байгаад картаа авахуулчихмаар байна, хүнд яаралтай мөнгө өгөх хэрэгтэй байна” гэхэд мөн л “Боломжгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь хэзээ авах боломжтой талаар асуухад ирэх 7 хоногийн Даваа гарагаас авах боломжтой, мөн Хаан банктайгаа холбогдоод ямар нэгэн аргаар мөнгөө гаргуулж аваарай гэж хэлсэн. Тухайн үед 5 дахь өдөр байсан тул би ирэх 7 хоногийн Даваа гараг хүртэл хүлээх боломжгүй болоод Хаан банкны лавлах руу залгаад холбогдож чадаагүй. Тэгэхээр нь эргэж Хас банкны оператор руу залгаж “Хаан” банк холбогдохгүй байна, ямар ч арга байхгүй юу? гээд олон зовлон шалтгаан хэлэхэд боломжгүй л гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрч “тэгвэл би энэ АТМ-ыг чинь эвдэж байгаад картаа авлаа” гэхэд “Чаддаг юм бол эвдээд аваарай дараа нь өөрөө л асуудалд орно шүү” гэхээр нь би уурандаа уг АТМ-ыг хөдөлгөж үзэхэд нэлээн хүнд хөдлөхгүй байсан. Намайг уг АТМ-ыг нааш цааш хөдөлгөхөд уг АТМ дээр байдаг камертай модон хэсэг нь урагшаа тонгойгоод ирсэн. Тэгэхээр нь би уг камерийг төхөөрөмжөөс нь салгаад, газар хаясан, тэгээд АТМ-ын доод хэсэг рүү 2 удаа өшиглөсөн, тэгсэн хажуу талын тэжээлийн блок байдаг газрын таг нь салаад ил харагдахаар нь тэжээлийнх нь тогыг салгахад миний карт буцаад гараад ирсэн. Ингээд би картаа аваад Хас банкнаас гарсан. Намайг Хас банкны АТМ-ыг эвдэлж байхад таксины жолооч эхэлж шагайгаад ямар нэгэн зүйл хэлээгүй, харин дараа нь манай найз охин орж ирээд миний үйлдлийг таслан зогсоож намайг аваад гарсан юм. Ингээд би Хаан банкны  картаа аваад Хаан банкны АТМ орж мөнгө аваад таксины мөнгийг өгөөд Доржжагдагийн гэрт буугаад тэндээ унтаж амарсан. Тухайн өдөр ийм л зүйл болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/

-Хохирол 1361475 төгрөгийг төлсөн баримт,

-Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “С.Н миний бие Хас банкны АТМ эвдсэн нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол 1361475 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч Б.Э гэрч Д.Б гэрч Э.О шүүгдэгч С.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХK-иас гаргасан үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

 Тухайлбал шүүгдэгч С.Н нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Хас банкны тооцооны төвийн үүдний хэсэгт байрлах тус банкны эзэмшлийн автомат тооцооны машинд 2019 оны 04 сарын 05-ны өдөр халдан эвдэж, нийт 1.361.475 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.   

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Н холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч С.Н “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ. 

Хохирогчид учруулсан 1361475 төгрөгний хохирлыг шүүгдэгч С.Н нь төлж барагдуулсан болох нь хохирол төлсөн баримт /хх-ийн 74/, хохирогч Б.Э “Хохирол төлөгдсөн. Гомдол, саналгүй” гэх хүсэлт /хх-н 75/, шүүгдэгч С.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч С.Н нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч С.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Н нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 50/

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр торгох ялыг шүүгдэгчид оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.Н эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хас банкны тооцооны төвийн 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 21 цагаас 22 цагийн хооронд бичигдсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2  

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь: 

 

1.Шүүгдэгч  С, Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 1361475 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  С.Н 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н оногдуулсан торгох ялыг 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч С.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                   М.ЭНХМАНДАХ