| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2024/07087/И |
| Дугаар | 210/МА2025/00735 |
| Огноо | 2025-05-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00735
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/02052 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-ийн Сүхбаатар дүүрэг, *******, ******* гудамж хаягт ******* ******* орон сууцны хорооллын төслий 6 давхарт байрлах, D загварын, *******ын, 48.79 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ийг 3,074,400 төгрөгөөр тооцож, нийт 152,000,000 /шилэн фасадны 2,000,000 төгрөг нэмэгдсэн/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан.
1.2 ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцыг ашиглалтанд оруулан *******д хүлээлгэн өгсөн боловч тэрээр гэрээний дагуу 122,000,000 төгрөгийг төлж, үлдэх 30,000,000 төгрөгийг төлөөгүй.
1.3 Гэрээний 6.1-т Захиалагч нь төлбөрөө заасан хугацаанд оруулаагүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө гэж зааснаар 150,000 төгрөгийг хэтэрсэн 307 хоногоор тооцож Иргэний хуулийн 232 дугаар сарын 232.4 дэх хэсгийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 15,000,000 төгрөгийн алданги үүссэн. ******* нь алданги 15,000,000 төгрөгийг төлсөн боловч үндсэн төлбөр 30,000,000 төгрөгийг төлөөгүй.
Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******-ийн гүйцэтгэх захирал би 2022 онд ус, дулааны техникийн 3 нөхцөл гаргаж өгөхөөр хэлцэл хийсэн, тухайн хэлцлээр хүлээсэн үүргийг 2024 оны 08 сард биелүүлсэн. Тухайн хэлцлийн төлбөр болох 30,000,000 төгрөгийг төлж чадахгүй байна гээд байр санал болгосон бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн хадам эмээ болох *******гийн нэр дээр ЗГ-ДНЗ/2023-09-01 тоот Орон сууц захилгаар бариулах гэрээ-г байгуулан нийт төлбөр болох 152,000,000 төгрөгөөс гэрээний дагуу 137,000,000 төгрөгийг төлсөн.
2.2 Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр болж Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн В-3-91 тоот Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст Үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичгийн дагуу ЗГ-ДНЗ/2023-09-01 тоот Орон сууц захилгаар бариулах гэрээ дуусгавар болж ******* нь тухайн байрны өмчлөгчөөр бүртгүүлсэн. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 1 дүгээр зүйл, 4.1.4, 11.2, 14.4, 16.1.7, 19.4.1, 19.4.10, 19.4.11-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна.
Иймд гэрээ дуусгавар болсон бөгөөд шаардах эрхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан хариуцагч *******гээс 30,000,000 төгрөгийг гаргуулж, -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 308,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 ******* нь *******-тай Орон сууц захиалгаар барих гэрээ-г байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороолол ******* гудамж ******* аппартмент 3, 6 давхарт 2 өрөө орон сууцыг захиалан авсан. Уг байрны төлбөрийг миний бие бүрэн төлж дууссан. Учир нь, тус үл хөдлөх хөрөнгийн төлбөр тооцоо бүрэн дууссан тул та үл хөдлөх хөрөнгөө өөрийн нэр дээр авч болно гэсэн бичгийг тус компаниас өгсөн учраас би үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр гаргаж авсан.
Гэтэл шүүхээс өр төлбөр нэхэгдсэн ба би т итгэмжлэл өгсөн бөгөөд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч 30,000,000 төгрөгийг түүний аав нь *******-аас хувиараа зээлсэн талаар тэрхүү зээл нь гарын үсэггүй гэрээгүй мөнгө нь төлөгдөөгүй байгаа талаар хэлсэн байх бөгөөд тэр мөнгийг нь би төлчихье 15,000,000 төгрөгийг нь төлчихсөн юм. Одоо 15,000,000 төгрөг үлдсэн байгааг би төлнө харин орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөр бол төлөгдөөд дууссан байгаа гэрээний харилцаа дуусгавар болсон гэж хэлсэн байхад шүүх дүгнэхдээ орон сууц захиалгаар барих гэрээний төлбөр дуусаагүй гэж дүгнэжээ.
4.2 Шүүх харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх баримтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон байх ба тус баримтыг нэхэмжлэгч тооцоо нийлсэн акт хэмээн тайлбарласан байх ба миний бие тус компанитай өрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлээгүй харин ч төлбөр тооцоо дууссан гэсэн бичиг авч Улсын бүртгэлд бүртгүүлээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авсан. Гэтэл шүүх орон сууцны төлбөрөөс 137,000,000 төгрөг төлөгдсөн байна үлдэх 15,000,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөгийг ******* намайг төл гэсэн нь шударга ёсонд нийцэхгүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар төлбөр тооцоо дууссан бичиг өгснөөрөө бидний хоорондын гэрээний харилцаа дуусгавар болж төлбөр тооцоо нэхэх шаардах эрхээ нэхэмжлэгч алдсан гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Үл хөдлөх хөрөнгийн төлбөр тооцоо дууссан тухай бичгийг Улсын бүртгэлийн газарт өгсөн тухай хариуцагч тал дурдсан. Хариуцагчийн хүүхдүүд нь гэх хүмүүс үлдэгдэл төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төлөхөө мэдэгдэж, төлбөр тооцоо дууссан тухай бичгийг урьдчилж авч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ээждээ өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус бичгийг өгсөн бөгөөд орон сууц захиалах гэрээний үндсэн төлбөр 102,000,000 төгрөгийг захиалагч гэрээнд заагдсан хугацаанд буюу 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан байсан. 152,000,000 төгрөгийн төлбөрөөс нийт 30,000,000 төгрөгийг төлөөгүй тул 15,000,000 төгрөгийн алданги шаардах эрх үүссэн бөгөөд үүнээс 15,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн.
Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...гэрээний үүргийг биелүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай албан бичгийн дагуу гэрээ дуусгавар болж ******* нь тухайн байрны өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн хэргийг хянан шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад хууль зүйн зөв дүгнэлт өгөөгүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.
4. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ЗГ-ДНЗ/2023-9-1 дугаартай Орон сууц захиалан барих гэрээ байгуулагдсан. Гэрээгээр худалдагч ******* нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, ******* гудамж, ******* ******* төслийн 6 давхарт, D загварын ******* хаягт байрлах, 48,79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайн үнийг 3,074,400 төгрөг, фасадны үнэ 2,000,000 төгрөг, нийт 152,000,000 төгрөгөөр худалдан авагч *******д худалдах, худалдан авагч нь орон сууцны үнэ 152,000,000 төгрөгөөс 102,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /1хх 9-13/
4.1 Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4.2 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
5. Хариуцагч нь гэрээний төлбөрт 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нийт 72,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 122,000,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх баримтаар тогтоогдсон, хариуцагч үүнийг баримтаар үгүйсгэж, няцаагаагүй. /хх 4/
5.1 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Хариуцагч нь тогтоосон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.
6. Хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр 50,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор төлж барагдуулах үүргээ хугацаандаа биелүүлээгүй, улмаар 5 удаагийн гүйлгээгээр 35,000,000 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлсөн байх тул нэхэмжлэгч нь гэрээний 6.1-т Захиалагч нь төлбөрөө заасан хугацаанд оруулаагүй тохиолдолд биелүүлээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5%-ийн алданги тооцож гүйцэтгэгчид төлнө. гэж заасны дагуу алданги шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, гэрээний 6.1-т заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасанд нийцсэн.
6.1 Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 8,000,000 төгрөг, мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 2,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг алдангид суутгасныг буруутгахгүй.
6.2 Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгч тал алданги шаардах эрхгүй буюу нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн гэм буруутай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн суутгасан алдангийн хэмжээг хугацаа хэтрүүлж төлсөн 50,000,000 төгрөгөөс тооцоход 15,000,000 төгрөгөөс илүү гарч байна. Иймд нэхэмжлэгч нь 15,000,000 төгрөгийг алдангид суутгасныг давж заалдах шатны шүүхээс зөв гэж үзэв.
7. *******-ийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А-3-91 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх тухай ...Сүхбаатар дүүрэг, , хороолол //, ******* гудамж, байрны D загвар, ******* 48,97 м.кв 2 өрөө байрны талаас ******* нь 152,000,000 төгрөгийн уг байрыг захиалж, төлбөр тооцоо бүрэн дууссан тул, та бүрэн үл хөдлөхийн хөрөнгө эзэмших гэрчилгээг тус иргэний нэр дээр гаргаж өгнө үү гэх албан бичгийг Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлжээ. /хх26/ Улмаар тус орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн боловч хариуцагч нь орон сууцны төлбөрийг төлсөн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
7.1 Түүнчлэн, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан /хх 4/-г үндэслэн талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг дуусгавар болсон, үлдэх үүргийг гуравдагч этгээд гүйцэтгэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэл бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Нэхэмжлэгч нь гэрээний үлдэгдэл төлбөр 30,000,000 төгрөг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх алданги 15,000,000 төгрөг, үндсэн төлбөр 15,000,000 төгрөг гэж тодорхойлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гээс 30,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосон өөрчлөлтийг оруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/02052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын , 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
М.БАЯСГАЛАН