Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 36

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Л.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.П холбогдох эрүүгийн 1940000590043 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, тусгай дунд боловсролтой, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 5 дугаар баг улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Л.П

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Л.П нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гэрт ирсэн У.С Л.Б нартай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.С ийн биед халдаж зодсоны улмаас У.С ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.П “Л.Б  У.С  хоёр манайд ирсэн. Л.Б  нь манайхтай айл саахалт байсан. Намайг уурхайд экскаваторын туслахаар ажиллаж байхад У.С ийн ах нь хамт ажиллаж байсан юм. Ингээд У.С  нь намайг таньдаг юм. Архи уусан болохоор юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд сэргийлэх дээр байсан” гэв.

Шүүгдэгч Л.П мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр намайг гэртээ ганцаараа байж байтал гаднаас Л.Б  У.С  2 хамт орж ирсэн. Тэр 2 манай гэрт орж ирээд мэнд мэдээд сууж байгаад У.С  нь өврөөсөө 1 шил 0.75 литрийн Хараа гэх архи гаргаж ирээд хуваагаад уусан. Би архинаас нь хувааж уусан, би ганцаараа байдаг болохоор хааяа архи уучихдаг юм. Ингээд бид 3 задалсан архиа ууж байгаад дууссан чинь Л.Б  бид хоёр хамт манай гэрээс гарч Дэнжийн дэлгүүрт очоод дахин нэг шил 0.75 литрийн Хараа гэх архи, хиам талх зэрэг юм худалдаж авсан. Худалдаж авсан юмны мөнгийг Л.Б  гаргасан. Л.Б  бид хоёрыг дэлгүүр яваад ирэх хооронд У.С  манай гэрт үлдсэн. Ингээд эргэж ирээд дэлгүүрээс сүүлд худалдаж авсан архиа хуваагаад уусан. Тэгээд сүүлийн архиа ууж байгаад согтсон байсан, юу болж байгааг мэдээгүй, нэг сэргэхэд цагдаагийн хэлтэс дээр Л.Б тэй хамт ирчихсэн байсан. Цагдаагийн хэлтэс дээр ямар учраас ирснээ, хэн авчирсныг мэдээгүй. Би У.С тэй ямар учраас маргалдаж муудсанаа мэдэхгүй байна. Л.Б  бид 2-ын дэнжийн дэлгүүрээс авсан архи дуусаагүй, гэрт үлдсэн байсан. Сүүлд авсан архийг ууж байгаад тасарсан байсан, яагаад У.С тэй муудсан, яагаад зодсоныгоо, юугаар зодсоноо мэдэхгүй байна. Цагдаа дээр ирчихсэн байж байгаад гэртээ харихад миний орон дээр цагаан будагтай урт төмөр цус болчихсон байсан, тэрүүгээр цохисон байж магадгүй” гэх мэдүүлэг /хх-н 32-33 хуу/

Шүүгдэгч Л.П мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэртэй байж байтал 13 цагийн орчим Л.Б  У.С  хоёр нь гаднаас манайд орж ирсэн. Тэгээд У.С  нь өврөөсөө 0,75 литрийн Хараа гэх архи гаргаж ирж бид гурав уусан. Авчирсан архиа ууж дуусгаад сууж байтал Л.Б  дэлгүүр яваад би 1 шил архи аваад ирье гээд явсан. Төд удалгүй 0,75 литрийн хараа гэх архи 1 шилийг авчирч уусан. Би ууж суух хугацаандаа У.С тэй үйл ялих зүйл дээрээс болж муудалцаж гэрийн зүүн орны хөлд байсан цагаан будагтай урт төмрөөр уурандаа цохичихсон байсан. Би хаана нь хэдэн удаа цохисоноо санахгүй байна. Бид хоёрыг муудалцах үед хажууд Л.Б  байсан. Би архи ууж нилээн согтолттой байсан болохоор нэг муудалцаж байснаа санаж байна. Би гэртэй байж байтал цагдаагийн алба хаагч ирж гэрээс минь барьж цагдаагийн хэлтэс дээр авчирсан ...У.С тэй муудалцаад орны хөлд байсан төмрөөрөө цохиж байснаа санаж байна. Би яг хэдэн удаа цохиж байснаа санахгүй байна ...төмөр манай зүүн орны хөлд байсан юм. Би орой унтахдаа гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгждэг баaсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15 хуу/

Хохирогч У.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед Гаалийн талбайруу жонш ялгахаар ажилтай болоод явж байтал Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Зулбаяр дэлгүүрийн урд талд байрлах хүүхдийн тоглоомын талбайн хажууд явж байтал манай баруун талын хашааны айлын хүн болох Л.Б  болон уурхайд хамт ажиллаж байсан Т  нар хамт ирээд “Сайн байна уу ах, манай хамаатны ахынд очиж архи уух уу” гэхээр нь дагаад улаан контейнертой дэлгүүрийн хойд талд байдаг нэг айлд очоод 0.75 литрийн савалгаатай "Монгол стандарт" нэртэй архи гэрийн эзний хамт нийт дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд Л.Б  бид хоёр тэр айлаас гарч яваад “Зулбаяр” дэлгүүрээс 0.75 литрийн “Ерөөл” нэртэй архи, 1 ундаатай аваад дэлгүүрээс гараад хаана уухуу гэж байтал Л.Б  баруун хойшоо байдаг манай нэг ах байдаг юм тэнд очиж ууя гээд тэгээд тийшээ таксидаад очиход Л.П  гэдэг айлынд ирж би түүнтэй анх танилцаж тэдний гэрт архиа хувааж уугаад дуустал Л.П , Л.Б  нар дэлгүүр явж 0.75 литрийн савалгаатай “Ерөөл” нэртэй архи авч ирээд бид гурав тэнд хувааж ууж байгаад би тасарсан байсан бөгөөд нэг сэргэхэд би баахан цагаан халаадтай хүмүүсийн дунд толгой оёулаад хэвтэж байсан ба “Би хаана байна вэ” гэж асуухад эмнэлэг дээр байна гэж байсан. Тэгээд тэнд байсан эмч болон эхнэрээсээ асуухад Тэр хорооллын байрны хамгийн баруун хойд булангийн айлуудын гудамжинд цус нөжиндөө холигдсон байхад чинь цагдаа, эмнэлгийн байгууллага олж авчирсан" гэж байсан. ... би хүнд зодуулсны улмаас толгойдоо 26 оёдол тавиулж, хамар мурийсан байдалтай байна. Нүд бүрэлзээд юм харахад хэцүү байна. Мөн толгой байнга өвдөж, орой унтах болгондоо өвчин намдаах эм ууж байгаа. Би биеэ үзүүлэх шаардлагатай эм тарианы мөнгө, хот хүрээ орж эмнэлэгт үзүүлэх мөнгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-н 10-11 хуу/

Хохирогч У.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “Би гомдолтой байна. Надад эмчилгээнд нийт 1.000.000 төгрөгийн зардал гарсан. Мөн Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн. Ингээд   нийт Л.П гээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна. Эмчилгээний талаар бүрдүүлсэн баримт одоохондоо байхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 37-38 хуу/

Гэрч Б.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний жижүүрт гарч байхад Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн Хайрханы гудамжинд хүнд зодуулсан толгойноос нь цус гоожоод байна гэх дуудлагад очиход Урианхайн У.С  гэдэг 53 настай эрэгтэй хүн толгой болон нүүрний хэсэгт олон тооны нэвтэрсэн гүн шархтай байсан ба дагзны хэсгийн шархнаас цус алдаж байсан. Тэгээд эмнэлэг дээр авчирч эмчилгээ хийсэн. ... Үстэй хэсгийн 13, духны хэсгийн 2, зүүн шилбэний урд хэсэгт 1 шархтай, зүүн түнх, гуя хэсгээр зулгарсан шархтай байсан ба шархнууд бүгд гүнзгий байсан ба оёдол тавих шаардлагатай байсан тул шархыг нь угааж ариутгаад толгой, нүүр, шилбэний урд хэсэгт ний 27-28 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-н 12-13-р хуу/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр гэрээсээ гараад Зулбаяр-1 хүнсний дэлгүүрийн  орчимд ганцаараа явж байтал У.С  ах ганцаараа явж байхад нь тааралдсан. У.С  ахтай уулзаад хоорондоо юм ярилцаж байгаад нэ шил  архи авч уух уу гэсэн чинь  У.С  ах зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр хамт Зулбаяр-1 хүнсний дэлгүүр рүү ороод нэг шил 0,75 литрийн Хараа гэх нэртэй архи худалдаж авсан. Архины мөнгөө би гаргаж авсан. Тэгээд хараа гэх архийг  У.С  ах энгэртээ хийгээд дэлгүүрээс гараад Л.П  ахын  гэрт очсон. Л.П  ахын гэрт дэлгүүрээс авсан архиа хувааж ууж дууссан. Архи ууж байхдаа хоорондоо ойр зуурын юм ярьж байсан. Тэгээд архиа дууссаны дараа би Л.П  ахын гэрээс гарч Дэнжийн дэлгүүрт очиж дахин нэг шил 0,75 литрийн  Хараа гэх архи, хиам, талх худалдаж аваад эргээд Л.П  ахын гэрт ирсэн. Тэгээд сүүлд авчирсан архиа ууж байгаад би уусан архиндаа согтоод тасарсан байсан. Сүүлийн авчирсан архийг ууж байгаад дуусаагүй байхад нь  тасраад унтсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Унтаж байгаад гэнэт сэрсэн чинь Л.П  ахын гэрт цагдаа нар ирчихсэн зураг авч байсан. Л.П  ах гэртээ орон дээрээ сууж байсан. Тэгээд цагдаа нар Л.П  ах бид хоёрыг цагдаа руу аваад явсан. У.С  ахыг яасан юм гээд асуусан чинь эмнэлэг явсан гэж хэлж байсан. Юу болоод ямар учраас эмнэлэг рүү явсныг нь мэдээгүй. Харин дараа нь сонсож байхад Л.П  ах У.С  ахыг зодоод толгойг нь хагалсан гэж байсан. Мөн миний сүүлд авчирсан архийг ууж дуусаагүй байсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 39-40-р хуу/

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 187 дугаартай

  1. У.С ийн биед тархи доргилт, толгойн дух, орой хэсгүүдийн язарсан шарх, баруун, зүүн хөмсөгний хэсгүүд болон баруун шилбэний доод хэсгүүдийн няцарсан шарх, баруун түнхний үений хэсгийн зулгарсан шарх,  зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон.
  2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 20 хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Л.П г гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Л.П нь 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 03 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ У.С тэй маргалдан түүнийг цагаан өнгийн будагтай төмрөөр цохиж тархи доргилт, толгойн дух, орой хэсгүүдийн язарсан шарх, баруун, зүүн хөмсөгний хэсгүүд болон баруун шилбэний доод хэсгүүдийн няцарсан шарх, баруун түнхний үений хэсгийн зулгарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Би ууж суух хугацаандаа У.С тэй үйл ялих зүйл дээрээс болж муудалцаж гэрийн зүүн орны хөлд байсан цагаан будагтай урт төмрөөр уурандаа цохичихсон байсан. Би хаана нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. Бид хоёрыг муудалцах үед хажууд Л.Б  байсан. Би архи ууж нилээн согтолттой байсан болохоор нэг муудалцаж байснаа санаж байна. Би гэртэй байж байтал цагдаагийн алба хаагч ирж гэрээс минь барьж цагдаагийн хэлтэс дээр авчирсан ...У.С тэй муудалцаад орны хөлд байсан төмрөөрөө цохиж байснаа санаж байна. Би яг хэдэн удаа цохиж байснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг

Хохиоргч У.С ийн “...Л.П , Л.Б  нар дэлгүүр явж 0.75 литрийн савалгаатай “Ерөөл” нэртэй архи авч ирээд бид гурав тэнд хувааж ууж байгаад би тасарсан байсан бөгөөд нэг сэргэхэд би баахан цагаан халаадтай хүмүүсийн дунд толгой оёулаад хэвтэж байсан ба “Би хаана байна вэ” гэж асуухад эмнэлэг дээр байна гэж байсан...” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 187 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар хураагдсан төмрийг шинжлэн судалсан шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

Шүүгдэгчээс гэрчээр мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрхийг нь танилцуулж түүний зөвшөөрлөөр мэдүүлэг авсан тул дээрх мэдүүлэг нь мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтанд тооцогдохоос гадна түүний мэдүүлэг хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт шинжлэн судалсан тэмдэглэлээр давхар нотлогдоно.     

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч хохирогч нар нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй  байна.  

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Л.П д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

             Шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.  

          Хохирол төлбөрийн талаар:

          Хохирогч У.С  нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би гомдолтой байна. Надад эмчилгээнд нийт 1.000.000 төгрөгийн зардал гарсан. Мөн Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн. Ингээд нийт Л.П гээс 2.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байх боловч хэрэгт энэ талаарх баримт байхгүй тул дээрх нэхэмжлэлийг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

             Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч Л.П г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П г 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн төмөр турбаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Хохирогч У.С  нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

     6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.П д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР