| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 181/2023/02079/И |
| Дугаар | 210/МА2025/00774 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00774
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 461,287,014 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******тэй 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 22/06 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай *******т зээлдүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 13 сар болгон өөрчилж, сар бүрийн 22-ны өдөр хүү төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч нь зээлийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй, мөн манай байгууллагын нэр хүндийг олон нийтэд гутаах үйлдэл гаргасан тул түүнтэй байгуулсан зээлийн гэрээг цуцална.
1.2 Хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* ******* хотхон, ******* тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, амрагчийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээнд заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэл бүрдсэн.
1.3 Иймд зээлийн гэрээний үлдэгдэл 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 218,889,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,397,151 төгрөг, нийт 461,287,014 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр болон миний хуучин нөхөр болох *******ийн хамт уулзсан. Тухайн үед миний бие банк болон банк бусаас зээл авах боломжгүй, хувь хүнээс хаусаа барьцаалан зээл авмаар байна гэдгээ хэлсэн. Гэтэл ...би хувиасаа зээл өгье гэх санал тавьсны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр очиход ******* гэх хаягтай, захирал нь байсан. Тэгээд менежертээ ...энэ хүний үл хөдлөхийг үзээд анкет бөглүүлээд барьцааг нь үзээд ир гэсэн. Би менежерт нь ...танай захирал буруу ойлгоогүй байгаа би банк бусаас, банкнаас зээл авах ямар ч боломжгүй гэхэд менежер нь ...мэдэж байгаа зүгээрээ гэсэн.
2.2 Бичиг баримтаа бүрдүүлж, барьцаа хөрөнгөө үзүүлэн, зээл авах гэтэл захирал ...би танай хаусны засварын ажлыг өөрийн хувийн компаниар хийлгэх юм бол зээл гаргахгүй гэсэн. Зээл бүтэхээр болсон тул засварын бригадыг оруулан засварын ажил эхэлсэн. Би 3 өдөр ажил хийсэн хүмүүсийг буцааж чадахгүй тул ...та хэлсэн ярьснаараа зээлээ олгооч гэж гуйсан. Ингээд 1 дэх өдөр зээл авах байсан боловч 5 дахь өдөр зээл авсан. Тухайн үед зээлийг батлан даагч *******ийн дансанд 29,811,240 төгрөг, шүүхийн шийдвэрийн дансанд 120,677,756 төгрөгийг шилжүүлэн, бусад мөнгийг өгөөгүй. Түүнээс хойш 05 дугаар сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 28,785,000 төгрөг буюу үлдэгдэл мөнгөө 1 сарын дараа авсан. Тэр өдөр 20,000,000 төгрөгийн хүүгийн мөнгө гээд баримтгүйгээр өгсөн. 05 дугаар сарын 22-ны өдөр 6,900,000 төгрөгийг хүүгийн төлбөрт төлсөн. Үүнээс хойш 7 сард хүүхдийн ажлын мөнгөнөөс 6,000,000 төгрөг төлсөн.
2.3 Анхнаасаа зээл авахдаа хаус зарж байж л зээл, зээлийн хүү төлнө гэж ярьж тохирсон учир засвар дуусангуут үл хөдлөх хөрөнгөө аль сайн гэсэн газар зар өгч гэрээ хийж хурдан борлуулж өр төлбөрөө төлөхөөр хичээж байсан. Ингэж явсаар 10 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж хуримтлагдсан хүүгийн төлбөр 40,000,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,000,000 төгрөг болсон.
2.4 Тухайн үед захирал намайг дуудаж уулзахдаа ...гэрээний хугацаа дуусаж байгаа тул гэрээг шинэчлэх хэрэгтэй байна. Гэхдээ та мөнгө төлөх чадваргүй байгаа тул танд тусалж зээлийн үлдэгдэл дээр нэмээд 12 сар дуустал хүүгээ аваад 255,000,000 төгрөгөөр 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж байр зарагдтал хангалттай хүлээж өгнө гэх санал тавьсныг би зөвшөөрсөн. Гэтэл тухайн гэрээний барьцааг үл хөдлөх хөрөнгүүдийн газар бүртгүүлэх гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар барьцаа хөрөнгөд давхар бүртгэлтэй байсан учир тус газар зөвшөөрлийн бичиг өгөөгүй тул энэ гэрээгээр зээл гаргаагүй.
2.5 захирал ...одоо дахин нэг удаа тусална, би өөрийн хувийн компаниас чамд мөнгө зээлье, тэр мөнгөө банк бусын хүүгийн төлбөрт төл тэгэхгүй бол банк бус дээр шалгалт орох гээд байна гэсэн. Миний бие шүүхэд өгөх гэсэн боловч ******* болон захиралтай нийлж намайг маш ихээр дарамталсан. Би аргагүйн эрхэнд орж зөвлөх үйлчилгээний гэрээ гэдгийг нь байгуулсан. Энэ гэрээ сарын 5 хувийн хүүтэй, бас дээр нь 20 хувийн НӨАТ гэж оруулж өгсөн. Энэ гэрээнүүд хууль бус, дээр нь цэвэр мөнгө угаалт залилангийн хэрэг явж байна гэдгийг ойлгоод харьяа байгууллагуудад гомдол гаргасан. Энэ хүний үйлдэл нь гэрээгээр халхавч хийж, нэг зөвшөөрөлтэй компани дээрээ далимдуулан манай улсад мөнгө угааж залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байна.
Мөн 255,000,000 төгрөгийн гэрээ нь Монгол банкны ерөнхийлөгчийн журмыг зөрчсөн байсан. 2018 онд Монгол банк нь хүү бодох аргачлал журам гаргахдаа нэмэгдүүлсэн хүүг ямар тохиолдолд бодох тухай мөн нийлмэл хүүтэй зээл олгохыг банк болон банк бусууд эрх бүхий байгууллагад хориглосон байдаг байна.
Гэтэл энэ , ******* нь үндсэн зээл дээр хүү, нэмэгдүүлсэн хүү нэмээд надад болон үйлчлүүлэгч нартаа зээл гаргаж, гаргахыг оролдож гэрээ байгуулсан боловч энэ нь бүтэлгүйтсэн. Иймд анх үнэн учраа хэлээд очиход мэдсээр байж хууран мэхэлж хийсэн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 22/06 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22/11 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22/06А дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны ******* сарын 21-ний өдрийн зөвлөх үйлчилгээний гэрээнүүд нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1 дэх хэсэг буюу ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл буюу хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн гэсэн заалтыг зөрчсөн. Мөн өмнө нь өмнөх гүйцэтгэх захирлын гарын үсгийг хуурамчаар дуурайлгаж зурсан талаар гомдол гаргасныг хангаж өгнө үү. Авсан болон төлсөн мөнгөн дүн дээр маргаангүй.
2.6 Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс ийнхүү нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэгэнт нэхэмжлэгч талаас гэрээгээ цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан атлаа дахин дахин ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-д зааснаар хариуцагч *******ээс 272,936,986 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 188,350,028 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******* хороо, гудамж ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, 316.04 м.кв талбайтай, амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 3,740,163 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,592,835 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээ болон өргөдөлд тусгасан хариуцагчийн дансанд 200,000,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хариуцагч ******* нь зээлийг буцаан төлөөгүй, зээл ашигласан хугацаа дуусгавар болоогүй тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах нь үндэслэлтэй байна.
Гэтэл шүүх зээлийн гэрээг цуцалснаар хүү шаардах эрхээ алдана гэж дүгнэсэн нь тухайн зээлийн харилцааг зохицуулсан нарийвчилсан хуулийн зохицуулалттай нийцэхгүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийн гомдолд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 218,889,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 42,397,151 төгрөг, нийт 461,287,014 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг ...зээлийн гэрээ ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа нь үндэслэлгүй гэх агуулгаар үгүйсгэн маргасан.
3. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 22/06 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 200,000,000 төгрөгийг, нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдэгч *******т зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 13-16/
3.1 Мөн өдөр талууд 22/06 дугаартай барьцааны гэрээг байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байрлалтай, 316.04 м.кв талбайтай амрагчийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан байна. /1хх 20-21/
3.2 Улмаар, талууд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 22/06А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, дээрх 22/06 дугаартай зээлийн гэрээний хугацааг 13 сар болгож өөрчлөн, гэрээний 2.2 дахь заалтыг Зээлийн төлбөрийг хавсралт 2-оор тохиролцсон зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө гэж, зээлийн гэрээний 3.1 дэх заалтыг Зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг гэрээний хавсралтад заасан хугацаанаас 15 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд нь мэдэгдэл өгсний дагуу зээлийн гэрээг цуцлан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тус тус өөрчлөлт оруулсан байна. /1хх 17-19/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Гэрээний дагуу *******-аас зээлийн мөнгөн хөрөнгө 200,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон /1хх 12/ тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
5. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөнийг зээл эргэн төлөлтийн карт, мөн талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.
6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэн, үүнээс хойших хугацааны үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
6.1 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Хэдийгээр зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, хуримтлагдсан үүргийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний хугацаа дуусгавар болсон нь зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү шаардах эрхийг үгүйсгэхгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзнэ.
6.2 Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр, 2023 оны ******* сарын 16-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр, 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор шүүх хуралдаан тухай бүр хойшлогдож байсан байна. Тодруулбал, шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШЗ2024/07900 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШЗ2024/10113 дугаар, 2024 оны ******* сарын 04-ний өдрийн 181/ШЗ2024/21390 дугаар, 2024 оны ******* сарын 25-ны өдрийн 181/ШЗ2024/23183 дугаар захирамжуудаар тус тус нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсантай холбоотойгоор шүүх хуралдаан хойшилсон байна. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбоотой тухай бүр шүүх хуралдаан хойшилж, энэ хугацаанд зээлийн гэрээний хүүгийн хэмжээ нэмэгдсэн байх бөгөөд уг хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийг буруутгах боломжгүй юм.
Энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр хязгаарлаж, үндсэн зээл 200,000,000 төгрөг, үндсэн хүү 136,500,822 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25,919,342 төгрөг, нийт 362,420,164 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв.
7. Талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/02407 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******ээс 362,420,164 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 98,866,850 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын 1,592,835 гэснийг 1,970,050 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас төлсөн 1,099,701 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
М.БАЯСГАЛАН