Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 212/МА2016/00041

 

Б.Еркегүлийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Жамбалсүрэн, С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийдвэртэй, Б.Еркегүлийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.Айдынгүл, нэхэмжлэгч Б.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн төлөөлөгч М.Болат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдлын шаардлага: Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Б.Еркегүлийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолд: 2016 оны эхэнд Өлгий сумын 6 дугаар багт шинээр хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орж, шинэ бүтэц орон тоогоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд миний бие байнгын ажлын байранд цэцэрлэгийн бүлгийн багшаар 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс ажилласан. Тухайн үед эрхлэгч Б.Бахытгүл гурван сараар хөдөлмөрийн гэрээ хийж, гэрээний хугацаа дуусахаар сунгах болно гэж хэлсэн. Гэтэл 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж тушаал гаргасан. Би ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй бөгөөд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй сайн ажиллаж байсан. Эрхлэгч Б.Бахытгүл нь байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулж хууль зөрчин, намайг ажлаас халж хохироож байгаад гомдолтой байна. Мөн цэцэрлэг үйл ажиллагаа явуулсан хоёр сарын хугацаанд салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комиссын шалгалт ирээгүй, комиссын дүгнэлт, шийдвэр гараагүй. 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн нь учир дутагдалтай байна. Ажил олгогчоос ажилтныг мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцээгүй гэж үзэх, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тайлбар ч байдаг. Иймд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан тул Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Өлгий сумын 9 дүгээр багт хүүхдийн 16 дугаар цэцэрлэг шинээр ашиглалтад орж, би тус цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Уг цэцэрлэгт ажиллах мэргэжлийн багш нар болон түгээмэл мэргэжилтнүүдийг /манаач, тогооч, галч/ аймгийн удирдлагуудаас багш ажилчдыг хуваарилж өгсөн ба тэднийг ажилд авах тухай тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан. Аймгийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга болон Боловсрол соёлын газрын дарга нарын албан бичиг, зохих хуулийн заалтуудыг үндэслэн Б.Еркегүлийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 19 дүгээр тушаал гарган тус цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллуулан, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Б.Еркегүл нь Сургуулийн Өмнөх Боловсролын мэргэжлийн бус хүн учраас уг ажлыг авч явах чадвар суух эсэхийг туршиж үзэх зорилгоор хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулсан. Гэтэл хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө аймгийн Мэргэжлийн хяналтын боловсролын хяналтын улсын ахлах байцаагчаас 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 04-09- 006/119-р дүгнэлт гарч Б.Еркегүлийг бүлгийн багшаар ажиллуулах боломжгүй, харин туслах багшаар ажиллуулах бололцоотой гэж дүгнэсэн бөгөөд Мэргэжлийн хяналтын газар болон Боловсрол соёлын газраас Б.Еркегүлийг ажлаас чөлөөлөхийг удаа дараа шаардсан. Ийм учраас миний бие аргагүйн эрхэнд Б.Еркегүлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 24 дүгээр тушаал гарган дуусгавар болгосон. Энэ тухай Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу нэг сарын өмнө Б.Еркегүлд мэдэгдсэн. Миний бие Б.Еркегүлийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийдвэрээр: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЭ87112007 Жантекей секел овогт Бахытжаны Еркегүлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгт үндсэн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Еркегүлийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.гэж шийдвэрлэжээ.

Б.Еркегүлийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гаргасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Ажил олгогч нь Б.Еркегүл надтай 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчиж байна. Хөдөлмөрийн гэрээг Б.Еркегүл надтай 3 сарын хугацаатай байгуулсан боловч хугацаагаа дуусаагүй байхад гэрээг цуцалсанд гомдолтой байна. Ажил олгогч нь намайг эрхэлсэн ажилдаа мэргэжлийн хувьд тэнцэхгүй байна гэсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтийг заасан боловч би тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилогдсоноос хойш эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, ажилдаа ямар нэгэн алдаа дутагдлыг гаргаагүй. Энэ бол ажил олгогчийн намайг ажлаас зайлуулахын тулд хийсэн заль мэх гэж үзэж байна. Тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Бахытгүл нь мөн эрхэлсэн ажилдаа тэнцэхгүй байгаа талаар аймгийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэлт гарсан боловч одоо хүртэл үүрэгт ажлаа хийж байгаа нь шударга бус байна. Аймгийн хэмжээнд 4 цэцэрлэг шинээр ашиглалтад орсон үед нэг гэр бүлийн 3 хүн зэрэг ажилд орсон учраас миний оронд авсанн.Тиянахыг дахин ажилд авсан нь шударга бус байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийдвэрийг хүчингүйд тооцож, Б.Еркегүл миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон үйл баримтууд:

 

- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэг (цаашид ажил олгогч гэх)-ийн эрхлэгчийн 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тушаалаар Б.Еркегүлийг тус цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд томилсон ба тушаалд ажилтантай хугацаатай гэрээ байгуулахаар дурджээ. (Хэргийн 4 дүгээр тал)

- Ажил олгогч болон ажилтны хооронд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, Б.Еркегүлийг тус цэцэрлэгийн бүлгийн багшаар дээрх хугацаанд ажиллуулахаар талууд харилцан тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд нийцсэн байна. (Хэргийн 5 дугаар тал)

Гомдол гаргасан тал дээрх хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.-т нийцээгүй гэж тайлбарлаж байгаа боловч Б.Еркегүлийн ажиллаж байсан цэцэрлэгийн бүлгийн багшийн орон тоо нь байнгын ажлын байр мөн эсэх талаар хэрэгт баримт авагдаагүй, түүнчлэн мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болох тул тухайн хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

- Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/119 дугаар дүгнэлтэд(хэргийн 34 дүгээр тал) Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшаар ажиллаж байгаа багш Б.Еркегүлийн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12.1-д заасан шаардлагыг хангаагүй, тэрээр цэцэрлэгийн бүлгийн багшаар бус туслах багшаар ажиллах боломжтой талаар дурдаж, Б.Еркегүлийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласнаар тушаал гаргасан нь цэцэрлэгийн эрхлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон талаар тусгагджээ.

Дээрх дүгнэлтийг ажил олгогч ажилтанд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан өдөрт нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр танилцуулж, баримтжуулсан байна. (Хэргийн 48 дугаар тал.)

- Мөн ажил олгогчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Мэдэгдэх хуудсаар ажилтан Б.Еркегүлд ...таны эзэмшсэн мэргэжил нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах шаардлагыг хангаагүй байгааг тогтоосон Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5.-д зааснаар 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөх болсныг нэг сарын өмнө мэдэгдэж байна. хэмээн мэдэгдэж, баримтжуулсныг хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. (Хэргийн 49-50 дугаар тал.)

- Ажил олгогчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 37.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5.-д заасныг тус тус үндэслэн Б.Еркегүлтэй байгуулсан хөдөлмөрийн хугацаатай гэрээг мөн өдрөөс эхлэн цуцалж, дуусгавар болгохоор шийдвэрлэжээ. Хэрэгт авагдсан баримтууд, тушаалын үндэслэл, хариуцагч талын тайлбар зэргээс үзвэл, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/119 дугаар дүгнэлтийг үндэслэн ажилтан Б.Еркегүлтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

 

Гомдлын шаардлагын тухайд:

 

Б.Еркегүлийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолд бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, үндсэн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, үндсэн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох зэргээр шаардлагаа янз бүрээр тодорхойлж байгаа боловч шүүх хуралдаанаас түүний гомдлын шаардлагыг тодруулахад, хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байсан цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсэж, шүүхэд гомдол гаргажээ.

 

Үйл баримтад өгсөн хууль зүйн дүгнэлт:

 

Ажил олгогчийн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульд зааснаар дуусгавар болгохоор гаргасан тушаалын хууль зүйн үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөнөөс гадна ажил олгогч мөн хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т заасныг баримталсан боловч 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар ажилтан, ажил олгогчийн хооронд, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 3 сарын хугацаатайгаар байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаагүй байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т зааснаар аль нэг тал дангаараа хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж үл болох тул ажил олгогчийн дээрх үйл ажиллагаа Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурдсан зүйл, хэсэгт нийцээгүй, зөрчсөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагаас шаардсан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4.-т заасныг үндэслэл болгожээ.

Ажил олгогч Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/119 дугаар дүгнэлтийг үндэс болгож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хуульд зааснаар дуусгавар болгосон гэж тайлбарлах боловч энэ тохиолдолд мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага /албан тушаалтан/ гэж үзэхгүй. Түүнчлэн, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дээрх дүгнэлтээр ажилтан, ажил олгогчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохыг шаардаагүй бөгөөд ажил олгогчийн хууль тогтоомжид нийцээгүй үйл ажиллагааны талаар байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зүйл, хэсэгт заасан хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан гэдэгт тухайлбал, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолоочийн жолоо барих эрхийг хассан эрх бүхий байгууллагын шийдвэр, шаардлагыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, эрүүл мэндийн хувьд ажилдаа тэнцэхгүй болсон ажилтны хөдөлмөрийн гэрээг эрх бүхий комиссын шийдвэрийн дагуу дуусгавар болгох, ажилтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тохиолдолд шүүхийн шийдвэрийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зэрэг хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагын шаардлагыг ойлгох ба ажил олгогч хуулийн уг зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар Б.Еркегүлийг мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэж үзэж, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 04-09-006/119 дугаар дүгнэлтийг үндэс болгожээ.

Дээрх дүгнэлтийн агуулгаас үзвэл, ажилтан Б.Еркегүл нь мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар бус харин Б.Еркегүлийн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.-т заасан шаардлагыг хангаагүй, тэрээр цэцэрлэгийн бүлгийн багшаар биш, туслах багшаар ажиллах боломжтой, түүнийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилласнаар тушаал гаргасан нь цэцэрлэгийн эрхлэгчийн хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон талаар тогтоосон байна.

Ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр хамаарах ба хэрэгт авагдсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан үйл баримтыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй юм.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, буруу тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Шүүхийн шийдвэрт Б.Еркегүл төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлийн хувьд гүйцэтгэж байгаа ажилд тэнцэхгүй болох нь Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ... байцаагчийн ... дүгнэлтээр нотлогдож байна. гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан талаар анхаараагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан Б.Еркегүлийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ажилтны давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 379 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Жантекей Секел овогт Бахытжаны Еркегүлийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Б.Еркегүлийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 16 дугаар цэцэрлэгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, Б.Еркегүлийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар Б.Еркегүлийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ТУЯА

ШҮҮГЧИД Д.ЖАМБАЛСҮРЭН

С.ӨМИРБЕК