Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 43

 

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

            Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Б.Батцэрэн, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ц.Туул,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Наранжаргал нарыг оролцуулан,

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол,

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр магадлалтай, 201503000426 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Б.Б нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан “Догшин авирлаж танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Быг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 01 хоног хорих ял шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас павилоны түрээс 1,124,000 төгрөг, эмчилгээний зардал 687,000 төгрөг, нийт 1,811,000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Бд олгохоор шийдвэрлэжээ.

 

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Алтанчимэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна.

 

Илтгэгч шүүгч Б.Бат-Эрдэнийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Туул, өмгөөлөгч М.Алтанчимэг нарын саналыг сонсоод

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б-ы өмгөөлөгч М.Алтанчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Б нь Тэрх худалдааны төвд наймаа хийж байсан Л.Бы лангуун дээр очиж скоч байна уу гэж асуун чам шиг хужаад байхгүй өөр хэнд байхав гэж лангууны наана цаанаас маргалдаж байгаад дээрх үйлдлээ зогсоож цааш явж байхад хохирогч түүнийг явуулахгүй гэж барьж авснаас түүнийг өшиглөж, биед нь хүндэвтэр гэмтлийг учруулсан нь хувийн сэдэлттэй гэж үзэх боломжтой тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 болгон хөнгөрүүлж өгнө үү. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас эмчилгээний зардал 687,000 төгрөг, павилоны түрээс 1,124,000 төгрөг гаргуулж хохирогч Л.Бд олгохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтад заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нотолно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Хохирогчийн эмчилгээний зардал болох 687,000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд өгсөн баримт нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй хуурамч баримт байна. Нууц увидас рашаан эмнэлэг нь гэмтлийн гаралтай эмчилгээ эрхэлдэггүйн дээр 2015 оны 09 дүгээр сарын 15-нд эм тангийн төлбөр 3 сар 687,000 төгрөг хүлээн авсан гэж байгаа нь ямар эм тангийн төлбөрт дээрх мөнгийг авсан нь тодорхойгүй, 2015 оны 09 дүгээр сарын 03-нд хэрэг үйлдэгдсэн байхад дээрх баримтыг үйлдсэн нь тэр баримт хууль бус болохыг харуулж байна. Шүүх павилоны 2 сарын түрээс 1,124,000 төгрөгийг Б.Баас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хохирогч Л.Б бараа зардаг лангууныхаа 2 сарын түрээсийг төлж чадсангүй, 1,120,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байхад 2 сарын түрээс 1,124,000 төгрөг гэж мөнгөний дүнг зөрүүтэйгээр буруу дүгнэж шийдвэрлэсэн. Хохирогч Л.Б 2015 оны 09, 10 дугаар сард Тэрх худалдааны төвд байрлах павилонд бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн, эсхүл эрхлээгүй аль нь болох нь хэрэгт нотлогдоогүй. Жи Эн Би ХХК-ийн захирал Ц.Сайнжаргал Л.Б нь Тэрх худалдааны төвийн 62, 65 дугаар павилон түрээсэлдэг гэж тодорхойлолт өгсөн боловч дээрх павилон нь 62, 63, 64, 65 эсхүл 62, 65 гэсэн лангуу аль нь болох, аль лангуун дээр нь хэрэг гарсан нь эргэлзээтэй, 1 сарын түрээсэнд хэдэн төгрөг төлдөг нь тодорхойгүй байна. Хохирогч болон Жи Эн Би ХХК-ийн хооронд хийгдсэн түрээсийн гэрээ хэрэгт байхгүй байхад дээрх мөнгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, хохирогчийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, тогтоолд өөрчлөлт оруулан зүйлчлэлийг зөвтгөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйл болгон өөрчлөх боломжгүй гэж үзвэл хохиролд 687,000 төгрөг төлж барагдуулсныг харгалзан Б.Бд оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэв.

 

Прокурор Ц.Туул хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Б.Б танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй боловч хохирогчид учирсан гэх хохирлын талаарх гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирогч нь “Нууц увидас” эмнэлэгт 3 сарын эмчилгээний зардалд 687,000 төгрөг урьдчилаад төлсөн гэх баримтад Байгал гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Баримтад Б өөрөө гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй. “Нууц увидас” эмнэлэг нь цус харвалт, элэг, цөс, ходоод, улаан хоолойн шарх эмчилдэг. Ийм эмнэлэг хөл хугарсан өвчтөний эмчилгээг хийж, 3 сарын эмчилгээний зардлыг урьдчилж авсан гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хоёр лангууны түрээсийн асуудлыг 8 дугаар сарын мөнгийг үндэслээд хоёр сарын түрээсийг төлөх ёстой гэж дүгнэн төлбөрийг тогтоосон. Түрээсийн гэрээ, сардаа хэдэн төгрөг төлдөг талаар баримт байхгүй байхад шүүх хохирол гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын хохирол, төлбөртэй холбоотой хэсгийг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэрх” худалдааны төвд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч Л.Бы хөл рүү өшиглөж, түүний биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт бэхжүүлэгдэж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдсон талаар шүүх хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүхээс Б.Бы үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял оногдуулсан байна гэж үзэв.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх хохирогч Л.Б нь “Жи Эн Би” ХХК-тай ямар хугацаанд, ямар талбайтай, хэдэн лангуу, ямар үнээр түрээслэж гэрээ байгуулсан талаарх холбогдох баримт, мөн Л.Б, түүний гэр бүл 2015 оны 09, 10 дугаар сард “Тэрх” худалдааны төвийн түрээсийн лангуун дээрээ худалдаа, наймаа эрхэлж байсан эсэхийг тодруулалгүйгээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас лангууны түрээс 1,124,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанчимэгийн гомдол, прокурорын саналыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаар шийтгэх тогтоол, Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 дүгээр магадлалд “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баас эмчилгээний зардал 687,000 төгрөг гаргуулж, хохирогч Л.Бд олгож, харин лангууны түрээсийн мөнгөө холбогдох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Б.БАТ-ЭРДЭНЭ