Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2025/0012

 

А а А н-ын

нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган

сумын Сонгуулийн хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:        Х.Батсүрэн

Танхимын тэргүүн:      Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        Г.Банзрагч

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Д.Батбаатар

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 109/ШШ2024/0028 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2024/0730 дугаар магадлалтай,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ШХТ2025/0015 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч В.У (цахимаар) нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтын Ө.Б, Ш.Н нарт холбогдох хэсгийг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай;

2.Хэргийн нөхцөл байдал: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолуудын хавсралтаар М А н-ын гишүүн Ө.Б, Ш.Н, Д.Д нарыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр тус тус бүртгэсэн.

3.Нэхэмжлэгчээс “М х с” ХХК-ийн Архангай аймгийн газрын дарга Ө.Б, “Мш” ХК-ийн Архангай салбарын захирал Ш.Н, “Э Б ц т с” ТӨХК-ийн Архангай салбарын дарга Д.Д нар нь 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй, энэ талаарх баримтуудыг сонгуулийн хороонд хүргүүлээгүй, хуульд заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн байтал нь сумын Сонгуулийн хороо нэр дэвшигчээр бүртгэсэн хууль бус” гэж, хариуцагчаас “... Ө.Б, Д.Д, Ш.Н нар нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасан албан тушаал эрхлээгүй тул нэр дэвшигчээр бүртгэсэн тогтоолууд хуулийн хүрээнд гарсан” гэж тус тус маргажээ.

4.Анхан шатны шүүх: “...”Маргаан бүхий энэ тохиолдолд гуравдагч этгээдүүдийн ажилладаг салбар нэгж нь бие даасан хуулийн этгээдийн эрхгүй, өөрийн нэрийн өмнөөс бие даан үйл ажиллагаа явуулдаггүй, харин үйл ажиллагаагаа түүний байгуулсан компанийн нэрийн өмнөөс явуулж, компанитай байгуулсан гэрээний дагуу эрх, үүрэг хүлээж, цалинжиж ажилладаг” гэх үндэслэлээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 31 дүгээр зүйлийн 31.9 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5.Давж заалдах шатны шүүх: “...”Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д албан тушаалтныг 9 салбар, онцлогоор нь төрөлжүүлж “нийтийн албан тушаалтан”-д хамаарахаар заасан, харин дээрх Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 28.4-д эдгээр албан тушаалтныг бүгдийг заагаагүй, үүнээс 4 салбарын албан тушаалтны нэрийг тодорхой заасан тул “нийтийн албан тушаалтан” бүрийг сонгуульд нэр дэвшихээс өмнө чөлөөлөгдөхийг шаардаагүй. Гуравдагч этгээдүүд компанийг төлөөлж бие даан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах эрхгүй, компанийн удирдлагын өгсөн эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх тул компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж өргөн хүрээгээр бус, компанийн удирдлагын түвшний албан тушаалын нэрээр тодорхой заасан. Харин Авлигын эсрэг хуулийн 4.1.3-д заасан “нийтийн албан тушаалтан” буюу “компанийн эрх бүхий албан тушаалтан” гэдэгт хамаарах асуудал нь нэхэмжлэгч нар Хуралд сонгогдсон тохиолдолд албан тушаалаас чөлөөлөгдөх эсэх, давхар хашиж болох албан тушаалд хамаарах эсэхтэй холбоотой тухайн хуулиар зохицуулсан харилцаатай холбоотой, энэхүү хэргийн үйл баримттай хамааралгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

6.Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э гомдолдоо:

6.1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 болон Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т тус тус заасны дагуу нийтийн албан тушаалтанд хамаарна.

6.2.Гуравдагч этгээдүүд нь нэгэнт нийтийн албан тушаал буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшиж байгаа тул нийтийн албан тушаалтанд хамаарах зарчмыг мөн баримтлах шаардлагатай.

6.3.Сумын иргэдийн Хурлын Төлөөлөгчөөр ажиллах албан үүрэгт нь нөлөөлөхүйц харилцаа буюу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн салбарын захирал, даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх шаардлагатай.

6.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 31.2.3-т заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тухай шийдвэрийн хуулбарыг сонгуулийн хороонд ирүүлээгүй, баримт бичиг дутуу ирүүлсэн буюу хуулийн шаардлага хангаагүй байхад сумын Сонгуулийн хороо нь хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчин хууль бусаар нэр дэвшигчээр бүртгэсэн.

6.5.Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, үүний улмаас манай намын гишүүдийн шударга өрсөлдөөний үндсэн дээр сонгогдох эрх зөрчигдсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

7.Хариуцагчаас нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж аливаа тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

8.Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

9.Нэхэмжлэгч А а А н-с “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтын Ш.Н, Ө.Б нарт холбогдох хэсэг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “сумын Сонгуулийн хороо төрийн өмчит хувьцаат компаниудын аймаг дахь салбарын дарга нар ажлаасаа чөлөөлөгдөөгүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн нь манай намын гишүүдийн шударга өрсөлдөөний үндсэн дээр сонгогдох эрх зөрчигдсөн“ гэж тодорхойлжээ.

10.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд М А н-с нэр дэвшигчдийг бүртгэсний хавсралт 10-т Ш.Н, 21-т Ө.Б, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Д.Д нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ.

11.Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас нэр дэвшигч Д.Д “Э Б ц т с” ТӨХК-ийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар Архангай салбарын даргаар, Ө.Б “М х с” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/278 дугаар тушаалаар “М х с” ТӨХК-ийн Архангай аймгийн газрын даргаар, Ш.Н 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр “Мш” ТӨХК-ийн Архангай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байхдаа орон нутгийн сонгуульд нэр дэвшсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, харин тэдгээр нэр дэвшигчдэд Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасан шаардлага хамаарах эсэхтэй холбоотой маргаан оролцогчдын хооронд үүсжээ.

12.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 08 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна: ...28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн” гэж, 32 дугаар зүйлийн 32.1.2-д “энэ хуульд заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг хангаагүй” бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзахаар хуульчилжээ.  

13.Хуулийн тухайн заалт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай /2005, 2011, 2019 оны/ хуулиар тогтоосон нэр дэвшигчид тавигдах шаардлагатай нэгэн адил агуулгатай бөгөөд хууль тогтоогчоос иргэний сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд эрхэлж байгаа албан тушаалын онцлогийг харгалзан тусгайлсан болзол, шалгуурыг хуулиар ийнхүү тогтоохдоо улс төрийн сонгуульд нэр дэвшигчид ижил тэнцүү нөхцөлд, шударгаар өрсөлдөх боломжийг бүрдүүлэх,  нэр дэвшигчээс сонгуульд оролцохдоо эрхэлж буй ажлынхаа нэр хүндийг буруугаар ашиглах, төсвийн хөрөнгийг зарцуулах, албан үүргийн хувьд үзүүлсэн үйлчилгээ, бүтээсэн зүйлийг өөрийн нэрийн өмнөөс сурталчлах, таниулах байдлаар бусад нэр дэвшигчдээс илүү, давуутай байдлыг бий болгохоос урьдчилан сэргийлэх, хууль бус аливаа үйлдлээс бусад нэр дэвшигчийг хамгаалах, эрх зүйн ижил гарааны нөхцөл бүрдүүлэх, сонгогчийн сонгуульд саналаа өгөх, жинхэнэ хүсэл зоригоо бодитой илэрхийлэх боломжийг баталгаажуулахын ач холбогдлыг тооцон хуульчилжээ.[1]

14.Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн баталсан Байнгын хороо болон Чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд хууль тогтоогч төрийн эрх мэдэл бүхий албан тушаалтан өөрийн бүрэн эрх, албан тушаалаа сонгуулийн үйл ажиллагаанд ашиглан давуу байдал үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн зохицуулалтыг хуульчилсан[2] байна.

15.Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг батлахдаа 28 дугаар зүйлийн 28.4.3-д орон нутгийн сонгуульд нэр дэвшигчид Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчтэй нэгэн адил шаардлагыг хангахаар хуульчилсан нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч нь тухайн дэвшсэн орон нутагтаа, тухайлбал, суманд нэр дэвшихэд эрхэлж байгаа ажил, албан тушаалын байдлын хувьд түүнийгээ ашиглан давуу байдал үүсгэхгүй байх үүднээс албан тушаалаас чөлөөлөгдсөн байх шаардлагыг тавьсан байна.

16.Дээрх агуулгаар үзвэл төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аймаг, орон нутаг дахь салбарын дарга буюу удирдах албан тушаалтан өөрийн удирддаг салбар, нэгжийн үйлчилгээ үзүүлдэг орон нутаг дахь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохдоо албан тушаалын байдлаа ашиглан тухайн нутаг дэвсгэрийн сонгогчдод нөлөөлөх, сонгуулийн үйл ажиллагаанд давуу байдал үүсгэх боломжтой учраас хуулийн тухайн шаардлага нэгэн адил хамаарна.

17.Иймд хариуцагч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хороо гуравдагч этгээд “Э Б ц т с” ТӨХК-ийн Архангай салбарын дарга Д.Д, “М х с” ТӨХК-ийн Архангай аймгийн газрын дарга Ө.Б, “Мш” ТӨХК-ийн Архангай аймгийн Шуудангийн үйлчилгээний газрын дарга Ш.Н нараас хуульд заасан дээрх шаардлагыг шаардалгүй маргаан бүхий актуудаар нэр дэвшигчээр бүртгэсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэх үндэслэл болно.

18.Анхан шатны шүүх хуулийн зохицуулалт, нэр томьёоны тодорхойлолтыг тухайн хуульд тусгайлан заагаагүй үндэслэлээр эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд оролцогчийн эрх зүйн байдлыг буюу тухайн харилцаанд бие даан оролцох эсэх асуудлыг зохицуулсан Иргэний хууль болон Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалтыг /нөхөн/ хэрэглэж, “хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй” учраас “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд салбар буюу орон нутаг дахь салбар, нэгж нь хуулийн этгээдийн эрх эдлэхгүй тул тэдгээр салбар, нэгжийн удирдлага нь хуулийн 28.4.3-д заасан албан тушаалд хамаарахгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

19.Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударга, хариуцлагатайгаар хэрэгжүүлж, олон нийтийн итгэл даах байдлыг хангах зорилготой Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нарийвчлан зохицуулсан заалттай харьцуулж маргаан бүхий хуулийн заалтыг “төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын дарга, захирал болохын хувьд тухайн компанийг төлөөлж бие даан шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулах эрхгүй, компанийн дүрэм болон гэрээгээр хүлээлгэсэн эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байх тул сонгуульд оролцохдоо албан тушаалын давуу байдал үүсгэх, тэгш шударга бус өрсөлдөнө гэж хууль тогтоогч үзээгүй” гэж тайлбарласан нь хуулийн дээрх агуулга, зарчимд мөн нийцэхгүй.

20.Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 109/ШШ2024/0028 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 221/МА2024/0730 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А а А н-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Сонгуулийн хорооны 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолын хавсралтын Ө.Б, Ш.Н нарт холбогдох хэсгийг, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаар тогтоолын Д.Д-ийг нэр дэвшигчээр бүртгэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Х.БАТСҮРЭН

          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

          ШҮҮГЧИД                                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.БАТБААТАР

 

[1] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.09.30-ны өдрийн 12 дугаар дүгнэлт, 2015.11.27-ны өдрийн 10 дугаар тогтоолын тус тус Тодорхойлох хэсэгт.

[2] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015.09.30-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийн Үндэслэх хэсэгт.