Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2025/00736

 

                                                                          *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02145 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөрт 18,798,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний нөхөр ******* 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр -тай ЗГ/202146382095 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 38,500,000 төгрөгийг зээлсэн ба би хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Улмаар, ******* нь *******-тай 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан. ******* нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ковид-19 өвчин тусч, үүнээс улбаалан элэгний хатуурал церроз өвчинтэй болох нь тогтоогдож, 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр элэгний церрозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч, улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан. Уг өвчний улмаас ******* нь хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдаж, 2 жил орчмын хугацаанд хүний асрамжид байсан.

1.2 *******г нас барсны дараа би *******-д хандан даатгалын нөхөн төлбөр олгож өгөхийг хүссэн боловч боломжгүй гэсэн хариуг өгсөн.

1.3 Мөн ******* нь *******тэй байгуулсан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-ний даатгалын тохиолдол, эрсдэл нь *******гийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэж би ойлгож байгаа бөгөөд даатгуулагч даатгалын эрсдэлээ сонгох боломж олгоогүй.

Иймд гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн тул 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 37,596,160 төгрөгийн 50 хувь болох 18,798,080 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Даатгуулагчийн ирүүлсэн Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эмгэг судлалын шинжилгээний протокол УНТЭ-43.2023-т ...эмгэг судлалын задлан шинжилгээгээр хэвлийд 2000 мл тунадастай шаргал шингэнтэй, сэмж, чамархай, гэдэсний гялтан, өрц элэг, дэлүүний гадаргуугаад шаргал идээт өнгөртэй, элэгний жин бага, нягт хатуу болсон, тархмал холимог зангилаатай, улаан хоолойн доод 1/3-т судаснууд 2-3 баганаар өргөссөн, ходоод, нарийн гэдсэнд цусархаг агууламжтай, дэлүү томорсон, уушгины гялтан, эпикард, сэмж, чацархай, гэдэст гялтангийн цэгчилсэн цус харвалт, бөөрний гадаргууд 0,5 см уйланхайтай зэрэг гол өөрчлөлтүүд илэрсэн. Эмнэл зүй эмгэг судлалын шинжилгээний өөрчлөлтөөс дүгнэхэд элэгний циррозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан гэжээ.

2.2 Мөн даатгуулагчийн нас барсны гэрчилгээ дээр олон улсын оношоор К74 буюу Элэгний фиброз ба цирроз өвчнөөр нас барсан гэж 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр бүртгэжээ. Энэхүү тохиолдол нь даатгуулагчтай байгуулсан гэрээний үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах гэж, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж тус тус заасан эрсдэлүүдэд хамаарахгүй ба даатгуулагч ******* нь өвчний улмаас нас барсан байна.

Иймд даатгалын гэрээний 3.1.3-д Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т зааснаар хариуцагч *******-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 18,798,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ******* нь орон сууцны зээл авах үедээ Зээлдэгчийн амь нас эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан боловч зээлдэгч ******* нь 2021 оны 6-р сард ковид тусч үүнээс улбаалан элэгний цирроз өвчинтэй болох нь тогтоогдож ковидын нөлөө хавсарч бие нь муудсаар нас барсан. Даатгагч компани болох ******* нь эрүүл мэнд амь насны даатгал хийсэн боловч даатгалын үүргээ биелүүлэхгүй даатгагчийн эрүүл мэнд амь нас хохирсон байхад зээлийн үлдэгдэл 37,596,160 төгрөгийн 50 хувь болох 18,798,080 төгрөгийг гаргаж өгөхөөс татгалзаж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан даатгалын гэрээнд даатгагч нь нэхэмжлэгч, үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгч нар нь гэнэтийн ослын улмаас нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгасан. ******* нь ердийн эрсдэлийг хамгаалах тусгай зөвшөөрлийн эрхтэйгээр даатгалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага.

5.2 ******* нь Коронавирусын халдвар туссан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа ...2021 онд элэгний циррозоор оношлогдсон бөгөөд 2 жилийн хугацаанд донор хайгаад олоогүй тул тус өвчний улмаас 2023 онд ******* нас барсан... гэж дурдсан. Үүнээс үзэхэд ******* нь олдмол өвчнөөр өвчилж, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан байна.

5.3 Даатгалын гэрээ байгуулах үед даатгуулагчид гэрээг тайлбарлаагүй гэж нэхэмжлэгч тал дурдсан аймгийн ******* сумд байрлах нэхэмжлэгч нарын зээл авсан банкны салбарт хүсэлт гаргаж, мэдүүлгийн маягтыг хуулбарлаж, хуулбар үнэн тэмдэг даруулан, шүүхэд гаргаж өгсөн. Тус баримттай холбогдуулан нэхэмжлэгч тал маргана гэж үзэж хариуцагчийн зүгээс банкны салбараас даатгалын гэрээг байгуулах үед гэрээг тайлбарласан эсэх, Санхүүгийн зохицуулах хорооны 210 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу мэдүүлгийн маягтыг бөглүүлж, гэрээнд гарын үсэг зуруулсан эсэх тухай баримтуудыг тус тус авсан.

Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 18,798,080 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч ...даатгуулагч нь гэнэтийн ослын улмаас нас бараагүй, өвчний улмаас нас барсан тул даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж үгүйсгэн маргажээ.

3. *******, ******* нар нь -тай 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/202146382095 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч 38,500,000 төгрөгийг, орон сууц худалдан авах зориулалтаар, 240 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдэгч *******, ******* нар зээл, түүний хүүг хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх 36-41/

3.1 Мөн өдрөө Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, аймгийн ******* сумын *******, байр 26,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. /хх 42-44/

3.2 Улмаар ******* болон ******* нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 215120052020100011 дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулж, уг гэрээгээр ******* нь гэрээнд заасан даатгалын эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох, даатгуулагч ******* нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 19/ Гэрээнд даатгалын хураамжийн хэмжээг 115,500 төгрөг гэж заасан.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн. Даатгуулагч ******* нь даатгалын гэрээний хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нас барсан байна. /хх 3/

4.1 Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын агуулга нь даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

5. Гэрээний Үндсэн эрсдэлийн хамгаалалт-д Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барсан, үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгалын хамгаалалтад хамруулсан байна. Өөрөөр хэлбэл, даатгалын гэрээний тохиолдол нь гэнэтийн ослын даатгал байна.

5.1 Гэрээний 1.7-д гэнэтийн ослын даатгал гэдэгт байгалийн эрсдэл, зам тээврийн осол, мал амьтдын нөлөөллийн эрсдэл, гадны халдлагад өртөх эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүй үүссэн осол, үйлдвэрлэлийн осол, урлаг, спорт, сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой осол /үүнд олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээний үеийн осол хамаарахгүй/, ахуйн болон бусад эрсдэл /түлэгдэх, хайрагдах, тогонд цохиулах, угаартах, зүсэгдэх, хавчуулагдах, хөлдөх, халтирах, цохиулах, хорт хийнд хордох, хөрсний нуралт, наранд цохиулах, наранд хордох гэх мэт/ гэж заасан.

5.2. Хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас-аар 2021 онд HbsAp оношлогдсон Эход элэгний гадаргуу тэгш бус эхо ойлт жигд бус, тосгуурын зангилаануудтай, дэлүү том учир Nbv OtA, Anti-HBV, fbwscan, Endoscopy хийлгэж онош тодруулахаар илгээв гэж, Эмгэг судлалын шинжилгээний протокол №УНТЭ-43.2023 эмгэг судлалын онош-т ...элэгний циррозын улмаас халдварлагдсан асцитаар хүндэрч улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдан хиповолемийн шок, үжил олон эрхтний дутагдлаар нас барсан гэжээ. /хх4-5/ Уг баримтаас үзвэл даатгуулагч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өвчний улмаас нас барсан байна. /хх 3/ Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх даатгуулагч *******г ковид-19 цар тахлын шалтгаант холбооны улмаас нас барсан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

5.3 Гэнэтийн ослыг даатгалын гэрээнд тодорхой нэрлэн зааж өгсөн, даатгуулагч ******* нь гэнэтийн ослын улмаас бус, өвчний улмаас нас барсан байх тул үүнийг даатгалын тохиолдолд бий болсон гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Даатгуулагч ******* Мэдүүлгийн маягт-д гарын үсэг зурсан, уг маягтад үндсэн эрсдэлийн хамгаалалтыг тусгасан байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...даатгалын журмыг бүрэн танилцуулж, ойлгуулаагүй, даатгалын зүйлийг сонгох боломж олгоогүй гэх гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШШ2025/02145 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас төлсөн 251,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

М.БАЯСГАЛАН