Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/129

 

                            

 

 

 

 

                                

                                          

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж,шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа,улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Л.Анхбаяр түүний  өмгөөлөгч Д.Нямдорж  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Сайхан овогт Лхагважавын Анхбаярт холбогдох эрүүгийн 1936001320122 дугаартай, 178/2019/0126/Э/ индекстэй хэргийг 2019 оны 08 сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан  журмаар хянан  хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,  1996 оны 10 сарын 20-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс- халх, бага боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 17-11 тоотод оршин суух, сарын өрхийн орлого 60000 төгрөг, аминдаа гэр нэгийн хөрөнгөтэй, ОГ96102018 дугаарын регистртэй,  Сайхан овогт Лхагважавын Анхбаяр 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Л.Анхбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 15-наас 16- нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Бугаан гол” захын 2 давхарт байрлах иргэн Б.Анхтуяагийн ажиллуулдаг павилон буюу байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч иргэн Б.Анхтуяагийн эзэмшлийн 10 ширхэг гар утсыг насанд хүрээгүй Б.Отгонсүрэнтэй бүлэглэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутаг дэвсгэрт байрлах 2 давхар гар утасны худалдааны төв байв.Уг төвийн 2 давхарт байрлах хулгай орсон гэх 29 тоот павилоны хаалганы цоожны цүү сугарч гарсан байдалтай байв.Уг хаалга нь цагаан өнгийн вакум хаалга байх бөгөөд хаалганы доод хэсгээр хувилнаас гарч зааг гарсан байлаа.Уг павилонд орж үзлэг хийхэд цонх нь хагарч онгорхой цонхны түгжээ хугарч ширээний тавцан дээр унасан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав. ... гэх тэмдэглэл, гэрэл зураг/ хэргийн 14-20 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн 2-32 тоотод оршин суух, 1980 оны 04 сарын 27- ны өдөр төрсөн,  эмэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ПН80042702 дугаарын регистртэй/ Болдын Анхтуяагийн өгсөн... 2019 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цагийн үед павилон дээрээ ирэхэд вакум хаалганы цоожны цүүг мултлаад хулгай орсон байсан. Манай шилэн лангуун дотор байсан цагаан өнгийн Samsung note маркийн гар утас-1 ширхэг, цэнхэр өнгийн Samsung   А5- 1 ширхэг,хөх саарал өнгийн Samsung  жи 3- 1 ширхэг,хөх саарал өнгийн On 5-1 ширхэг,ягаан бор шаргал өнгийн гранд утас-2 ширхэг, цагаан өнгийн Samsung  гранд маркийн утас-1 ширхэг,цагаан өнгийн Samsung s 4- 1 ширхэг, шаргал өнгийн Samsung S-6-edge – 1 ширхэг, цагаан өнгийн Samsung гранд-1 ширхэг алга болсон ба мөн nokia маркийн гар утаснууд байсан газар 1 гар утасны зай гарсан байсан.Би эдгээр алдсан утаснуудаа Эрээн хотоос авчирч зарж борлуулдаг. Тухайн утаснуудынхаа сериал дугаарыг мэдэхгүй, тэмдэглэж аваагүй. Би энэ павилон дээр 2018 оны 07 сараас хойш утас борлуулж байгаа.Манай павилонд манай охин Маргад хааяа зогсдог ... гэх мэдүүлэг / хэргийн 39-40 дүгээр хуудас/

Гар утас үнэлсэн тухай шинжээчийн... Samsung note 1- 150.000 төгрөг, Samsung A-5-400.000 төгрөг,  Samsung J3-300.000 төгрөг,  Samsung On5-350.000 төгрөг, Samsung grand-2 ширхэг- 360.000 төгрөг, Samsung grand max- 200.000 төгрөг, Samsung S-4-180.000 төгрөг, Samsung S6 edge-350.000 төгрөг,  Samsung grand 1-150.000 төгрөг, нийт 2440000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 26-р хуудас/

 Хулгайд алдагдсан гэх ... Samsung note маркийн гар утас-1 ширхэг, цэнхэр өнгийн Samsung   А5- 1 ширхэг,хөх саарал өнгийн Samsung  жи 3- 1 ширхэг,хөх саарал өнгийн On 5-1 ширхэг,ягаан бор шаргал өнгийн гранд утас-2 ширхэг, цагаан өнгийн Samsung  гранд маркийн утас-1 ширхэг,цагаан өнгийн Samsung s 4- 1 ширхэг, шаргал өнгийн Samsung S-6-edge – 1 ширхэг, цагаан өнгийн Samsung гранд-1 ширхэг ... гар утсанд үзлэг хийж нийт 10 ширхэг гар утсыг хохирогч Б.Анхтуяад хүлээлгэн өгсөн... тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт /43-45-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд... Л.Анхбаяр нь баруун бүсийн төв захын “Бугаан гол” үйлчилгээний төвийн баруун талд очин уг зах руу дотогш орсон цонхыг заахад уг цонх нь 2 давхрын баруун талаасаа 2 дахь цонх байв. Уг хэсэгт барилга баригдсан байх тул дотор орж  зааж харуулав.2 давхарт 29 тоот павилоныг зааж уг хаалганы цүү, цоожийг эвдсэн гэж зааж байв.Уг павилон дотор байх шилэн лангуун дотор зэрэгцүүлэн байрлуулсан 10 ширхэг утас авсан талаар тус тус зааж өгсөн ба  анх орсон цонхоороо буцаж гарсан тухай хэлэв... гэх тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 78-81-р хуудас/

Өсвөр насны  яллагдагч / 2006 оны 05 дугаар сарын 09-нд төрсөн, 13 настай, эрэгтэй, Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн 7-р ангид сурдаг/ Мурчингууд овогт Баасансүрэнгийн Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэртээ байж байтал Л.Анхбаяр ах ирээд намайг дагуулаад гарсан.Л.Анхбаяр ах “ хоёулаа захын хажуу талын 2 давхрын гар утас зардаг газраас утас хулгайлъя” гэхээр нь би “за тэгье” гээд орой бид хоёр зах дээр очоод 2 давхар улаан байшингийн баруун талд барилга баригдаж байсан барилгын раман дээгүүр гараад шууд улаан давхрын 2 давхрын цонхны жижиг салхивчаар би эхэлж ороод дараа нь Л.Анхбаяр ороод дотор коридороор явж 29 тоот павилоны  хаалганы цүүг нэг төмрөөр хөшиж онгойлгоод дотор нь байх шилэн лангуун дотроос би 3 ширхэг, Л.Анхбаяр 7 ширхэг гар утас аваад буцаад орсон газраараа гарсан.Маргааш нь гэртээ байж байтал цагдаа ирээд намайг авч явсан.Би авсан утсаа эзэнд нь буцаагаад өгсөн, одоо хохирол байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 71-72-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Л.Анхбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2019 оны 05 дугаар сарын 15-ны орой 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад манай гудамжинд байдаг Уугийтай уулзаад 2 ширхэг пиво уусан. Тэгээд манай хажуу хашааны Б.Отгонсүрэн ороод ирэхээр нь дагуулж гараад юм ярьж байгаад Б.Отгонсүрэн “ би Бугаан гол зах дээр байдаг 2 давхар улаан үйлчилгээний төв рүү нэг дэх өдөр болгон байнга ордог юм. Хоёулаа тийшээ очих уу “ гэхээр нь би “за тэгье” гээд бид хоёр тийшээ явж 2 давхрын цонхоор нь орсон.Бид хоёр дотор нь ороод баруун зүгт харсан байрлалтай шилэн лангууны цоожийг тэнд байсан жижиг төмрөөр хөшөөд лангуун дотор байсан утаснуудаас би 6 ширхэгийг, Б.Отгонсүрэн 4 ширхэгийг аваад буцаад гарсан.Би уг гар утаснуудыг зарж мөнгө болгоод мөнгөөр нь ар гэрийнхэндээ хувцас, идэж уух зүйл авах гэсэн юм.Авсан утаснуудаа буцааж өгсөн одоо хохирол байхгүй. Дахин гэмт хэрэг хийхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна... гэх мэдүүлэг / хэргийн 50-51-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Л.Анхбаяр нь тухайн орой пиво уучихаад  насанд  хүрээгүй Б.Отгонсүрэнтэй уулзаж, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бугаан гол” захын гар утасны павилонд очиж утас хулгайлж мөнгө олох зорилгоор Б.Отгонсүрэнгийн хамт тус захын үйлчилгээний төвийн 2 давхрын цонхоор орж хаалгыг хөшиж онгойлгоод 10 ширхэг гар утас авсан ба  хохирогч цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүгдэгч Л.Анхбаяр, өсвөр насны яллагдагч Б.Отгонсүрэн нараас  10 ширхэг гар утсыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн  хэргийн бодит байдал, үйл баримт тогтоогдсон.

Хулгайлах гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан ... бол гэж тодорхойлсон байх ба Баруун бүсийн төв захын Бугаан гол үйлчилгээний төв нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр мөн болох нь хохирогч Б.Анхтуяагийн... Би тухайн зах дээр 2018 оны 07 дугаар сараас эхлэн гар утасны худалдаа эрхэлж байгаа ... гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Анхбаяр нь  насанд хүрээгүй Б.Одсүрэнтэй бүлэглэн  ...2019 оны 07 сарын 15 - ны өдрөөс 16- нд шилжих шөнө  Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа  явуулдаг “Бугаан гол” захын 2 давхар байшингийн цонхоор нэвтэрч,  тус зах дээр  гар утасны худалдаа эрхэлдэг Б.Анхтуяагийн павилоны хаалганы цүүг эвдлэн, 2440000 төгрөгний үнэ бүхий 10 ширхэг гар утсыг нууцаар авсан  нь ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ...  гэх   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д ... гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ гэж ... заасан ба шүүгдэгч Л.Анхбаяр нь өсвөр насны яллагдагч Б.Одсүрэнтэй бүлэглэн, бусдын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 2440000 төгрөгний үнэ бүхий гар утсыг авсан нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогоогдсон,  өсвөр насны яллагдагч Б.Отгонсүрэн, шүүгдэгч Л.Анхбаярын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр нотлогдож байна. 

Өсвөр насны яллагдагч  Б.Отгонсүрэн нь 2019 оны 05 сарын 16 - ны өдөр гэмт хэрэг үйлдэх үедээ  13 нас 7 хоногтой байсан нь  хэргийн 46 дугаар хуудас дахь ... Б.Отгонсүрэн нь гэмт хэрэг үйлдэх үедээ 2019 оны 06 сарын 13- ны өдөр 13 нас, 7 хоногтой байсан ... гэх нас тоолсон  баримт, Мурчингууд овогт Баасансүрэнгийн Отгонсүрэн нь 2006 оны 05 сарын 09- ний өдөр төрсөн,  ПЮ 06250937 регистрийн дугаар бүхий 0216413 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байгаа ба  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй ... гэх  Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-д заасан  үндэслэлээр   өсвөр насны яллагдагч  Л.Отгонсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн 104-105 дугаар хуудас дахь   Ховд аймгийн Прокурорын газрын  2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 5/05 дугаартай “ Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Л.Анхбаярын хохирогч Б.Анхтуяагийн гар утасны павилоны хаалганы цүүг эвдэж, өсвөр насны яллагдагч Б.Отгонсүрэнтэй бүлэглэн 2440000 төгрөгний үнэ бүхий 10 ширхэг гар утсыг нууцаар авсан үйлдэлд  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан   ... бүлэглэж,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ...    гэмт хэрэгт холбогдуулан   яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. 

Шүүхээс  шүүгдэгч Л.Анхбаярыг ...  бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ...  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцов. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Л.Анхбаяраас хохирогч Б.Анхтуяагийн хулгайд алдагдсан гэх 10 ширхэг гар утсыг хураан авч, эд зүйлийг хүлээлгэн өгөх тэмдэглэн үйлдэж, хохирогч Б.Анхтуяад хүлээлгэн өгсөн  байх тул  бодит  байдлаар 2440000 төгрөгний хохирлыг төлсөн гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.Анхбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 65 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Анхбаярын хувийн байдлын талаар Д.Мөнхбаярын гэрчээр өгсөн...Манайх 4 хүүхэдтэй, Л.Анхбаяр манай том хүүхэд,үг дуу цөөтэй, хүний үгнээс гардаггүй, хүнд тусархаг,хүний үгэнд сайн ордог, өөрийгөө илэрхийлэх чадвар сул, дунд сургуулийн 4-р анги хүртэл сурч байгаад сургуулиас гарсан. 2017 онд Ц.Гантуяатай гэр бүл болж 3 хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа барилгын ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Л.Анхбаярт 6 ханатай гэр, тавилгаас өөр хөрөнгө байхгүй...гэх мэдүүлэг , Ц.Гантуяагийн гэрчээр өгсөн  ... Л.Анхбаяр бид хоёр 2014 онд гэр бүл болж 0-5 насны 3 хүүхэд төрүүлж өсгөж байна.  Л.Анхбаяр зан байдлын хувьд төлөв даруу харьцаа сайтай, нийтэч, хүлээцтэй хүн, бага боловсролтой,хааяа найз нөхөдтэйгөө нийлэхээрээ бага зэрэг архи уудаг, тамхи татдаг,  эрүүл мэндийн хувьд толгойдоо гэмтэл авч байсан.Бид хоёр өөрийн гэсэн ажилгүй, амьдрал боломжгүй, хүүхдийн мөнгөөр амьдарч байна... гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Л.Анхбаярыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1,1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгов.

Эрүүгийн хариуцлагагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Л.Анхбаярыг үйл ажиллагаа явуулах зориулалттай , тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч гар утас  хулгайлан авсан  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  Л.Анхбаярт  оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй ,битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид учирсан хохирол 2440000  төгрөгийг төлснийг тус тус дурдаж байна ...гэх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:  Шүүгдэгч Л.Анхбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа болон бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан  хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн  хорих ялын  хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулж өгнө үү ... гэх дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Л.Анхбаярыг... бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн ...   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгчийн  өмгөөлөгчийн   дүгнэлт  тайлбар, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  бодит  байдлаар төлсөн, ар  гэрт нь бага насны 3 хүүхэд байдаг зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  шүүгдэгч Л.Анхбаярт 01 жилийн  хорих ял оногдуулж,  шүүхээс оногдуулсан  1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн 1936001320122 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогчид төлөх 2440000 төгрөг  төлөгдсөн  болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сайхан овогт Лхагважавын Анхбаярыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, энэ гэмт хэргийг  үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7. дугаар зүйлийн 1,6.7 дугаар зүйлийн 1.3-т  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Сайхан овогт Лхагважавын Анхбаярт 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Л.Анхбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн 1936001320122 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогчид төлөх 2440000 төгрөг  төлөгдсөн  болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Анхбаярт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ЦЭЦЭГМАА