| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/04004/И |
| Дугаар | 5215 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 5215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн УХ56121661 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгат 44-28 тоотод оршин суух Хиад боржигон овогт Агваандондовын Чимгээгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 2850451 регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, Засаг даргын тамгын газрын байрны баруун талд Хишиг төвийн 5 давхар 501 тоотод оршин байх “Арт гэрэл” ХХК,
Хариуцагч: Монгол улсын иргэн ФМ62011965 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 412-200 тоотод оршин суух Чойсүрэнгийн Гэрэлтуяа нарт холбогдох,
2.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтөвшин
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Чимгээ нь инженер эдийн засагч мэргэжилтэй, улсын мрэгшсэн төсөвчин ажилтай. 2014 оны 6 дугаар сард “Арт гэрэл” ХХК-ийн захирал гэж өөрийгөө танилцуулсан Ч.Гэрэлтуяа нь 1500 хүүхдийн сургуулийн барилгыг нэг маягийн зургийн төсвийн ажлыг 2.5 сая төгрөгөөр хийлгэхээр санал болгож аман гэрээ хийж төсвийн ажлыг нь хийж гүйцэтгэсэн. Бичгээр гэрээ хийж, урьдчилгаа мөнгийг авья гэхэд Ч.Гэрэлтуяа нь захиалагч Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яамтай гэрээтэй, 135 сая төгрөг нь орж ирэхээр найдвартай мөнгийг чинь өгнө, олон жилийн туршлагатай компани гэсэн болохоор нь итгээд бичгээр гэрээ хийгээгүй, урьдчилгаа авалгүй төсвийн ажлыг нь хийж өгөөд Барилгын хөгжлийн төвөөр улсын магадлал хийж баталгаажуулж өгсөн. Гэтэл Ч.Гэрэлтуяа, түүний менежер Н.Цэцгээ нартай уулзаж ажлын хөлсөө өгөхийг шаардахад мөнгө орж ирээгүй байна, мөн сүүлдээ утсаа авахгүй “Хишиг” төвийн оффисийн байрандаа байхгүй, хаалга нь цоожтой байх болсон. Захиалагч Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яамнаас очиж асуухад “Арт гэрэл” ХХК-ийн захирал Ч.Гэрэлтуяа нь 135 сая төгрөгийн санхүүжилтийн мөнгөө 2014 оны дунд үед урьдчилгаа төлбөр, 2015 оны 1 сард үлдэгдэл бүх мөнгөө авсан болохыг мэдсэн. Иймд Ч.Гэрэлтуяагаас барилгын төсвийн ажлын хөлс болох 2.5 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Гэрэлтуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Чимгээгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид гэрээ хийгээгүй аман тохиролцоогоор уг ажлыг хийсэн бөгөөд тэгээд үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тэгээд ч урьдчилгаа мөнгө төгрөгөө төлсөн тул 2.5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Хариуцагч “Арт гэрэл” ХХК-иас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:Төсөвчин Чимгээтэй тохиролцон төсөв хийлгэсэн. Урдьчилгаа төлбөр төлсөн. Шүүхээр нэхэмжилж байгаа үнийн дүнг зөвшөөрөхгүй байна. Гэрээ хийгээгүй учир нь Чимгээ эгч төрийн байгууллагад ажилладаг тул би ажил өгч тус больё гэж бодсон гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.Чимгээ нь хариуцагч “Арт гэрэл” ХХК, Ч.Гэрэлтуяа нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч А.Чимгээ нь 1500 хүүхдийн сургуулийн барилгын нэг маягийн зураг төсвийн ажлыг 2.500.000 төгрөгөөр хийхээр 2014 оны 6 дугаар сард “Арт гэрэл” ХХК-ийн захирал Ч.Гэрэлтуяа санал болгож амаар тохиролцож, төсвийн ажлыг хийж гүйцэтгэсэн боловч хэлэлцэсэн тохиролцсон төлбөрөө төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Хариуцагч “Арт гэрэл” ХХК, Ч.Гэрэлтуяа нар нь гэрээ бичгээр байгуулаагүй, урьдчилгаа төлбөрийг төлсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж тус тус заасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд хариуцагч “Арт гэрэл” ХХК нь 2014 оны 6 дугаар сард 1500 хүүхдийн сургуулийн барилгын нэг маягийн зураг төсвийн ажлыг 2.500.000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч А.Чимгээтэй амаар тохиролцож хүсэл зоригоо илэрхийлсэн үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдсэн байх ба хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул “Арт гэрэл” ХХК, А.Чимгээ нарын хооронд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь 1500 хүүхдийн нэг маягийн барилгын угсралтын ажлын төсвийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан 1500 хүүхдийн нэг маягийн барилгын угсралтын ажлын төсөв /8 балл/, /7 балл, магадлалын ерөнхий дүгнэлт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т “ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн байх тул ажлын хөлсийн хариуцагч “Арт гэрэл” ХХК-иас шаардах эрхтэй байна.
Хариуцагч “Арт гэрэл” ХХК нь урьдчилгаа төлбөрийг төлсөн, үнийг дүнг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч “Арт гэрэл” ХХК-иас 2.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ч.Гэрэлтуяад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсээр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэрэгт цугларсан нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч талаас урьд гаргасан тайлбар зэргийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч “Арт гэрэл” ХХК-иас 2.500.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Чимгээд олгож, Ч.Гэрэлтуяад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Арт гэрэл” ХХК-иас 54.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Чимгээд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ