Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 103

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо,

Улсын яллагч: Л.Солонго,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: М.У ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

            Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баахууз овгийн Г.Б ид холбогдох 1928001240092 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Хүрмэн сумын ............................. оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Баахууз овгийн Г.Б , регистрийн дугаар ......................

Шүүгдэгч Г овогтой Г.Б  нь 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08-09 цагийн хооронд Өмнөговь аймаг Хүрмэн сумаас зүүн урагш 120 км зайд Жанжин багийн нутаг Дов гэх газар шороон зам дээр 81-33 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь хэсэгт заасан “...Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана...”, 23.5 дахь хэсэгт заасан “... Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 нас 8 сартай У.Т   нь тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн хаалганы цонхоор унаж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Б ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Б  шүүх хуралдаанд: Мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У  шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гомдол байхгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай гэр Өмнөговь аймгийн Хүрмэн сум Дов гэх газар өвөлждөг юм аа. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 08 цагийн үед байх өвөлжөөнөөсөө баруун зүгт 3 км газар байрлах Шавайгийн энгэр гэдэг зунжааруугаа нүүх санаатай 4 ханатай Монгол гэрийнхээ нэг хэсгийг би өөрөө 81-33 ӨМҮ улсын дугаартай Пажеро маркийн тээврийн  хэрэгсэлдээ ачаад Шавайгийн энгэрт буулгачихаад буцаж өвөлжөөндөө ирээд үлдсэн гэрийн эд зүйлээ ачсан. Тэгээд манай эхнэр Г.Б  4 ханатай Монгол гэр ачсан 81-33 ӨМҮ улсын дугаартай машиндаа том хүү У.Т  , бага охин У.Ө  нарыг урд талын зорчигчийн суудал дээр суулгаад Шавайгийн энгэр лүү түрүүлээд явсан. Би араас нь улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклио унаад малаа туугаад явж байтал 10-аас 15 минутын дараа манай эхнэр баруун овоон дээр намайг даллаад байхаар нь машин эвдэрсэн юм байхдаа гэж бодоод яваад очсон чинь Г.Б  том хүүгээ тэвэрчихсэн миний хүү У.Т  ийн нүүр нь цус болчихсон байхаар нь хүүхэд яачихав гэтэл эхнэр цонхоор уначихлаа хурдан түргэн дууд гэхээр нь би зунжаандаа эхлээд буулгасан эд зүйл дотор гар утсаа үлдээчихсэн байсан болохоор гар утас руугаа давхиад авч буцаад эхнэр хүүхэд дээрээ ирээд тэгээд би хажуу айлын Б  гэдэг ах руу залгаж манай хүүхэд цонхоор унаад ухаангүй байна гэж хэлээд дараа нь Хүрмэн сумын эмнэлэг рүү утасдаад 3 настай хүүхэд машины цонхоор унаад ухаангүй байна гэж дуудлага өгчихөөд ээж рүүгээ ярьж дуудсан. Удалгүй 20 минут болсон байх манай хажуу айлын ах Б  ирээд миний хүү У.Т  ийг үзээд над руу хараад толгойгоо сэгсрэхээр нь би хүүгээ нас барсан гэдгийг нь ойлгосон. Удалгүй манай ээж ирээд юу болчихов хүүхдүүд минь гээд орилоод байсан. Тэгээд 2 цаг гарангын дараа байх эмнэлэг ирээд нас барчихсан байна гэхээр нь би өмсөж байсан цэнхэр өнгийн дээлээ тайлж өгөөд эмч нар миний хүү У.Т  ийг ороосон. Яг хэрэг гарсны дараа би машинаас очиж бага охиноо авсан. Тэгэхэд урд талийн хоёр цонх нь бүтэн нээлттэй машины ард талд 7 юм уу, 8 метр хавьцаа байхаа газар шороон дээр цус болчихсон байсан. Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй. /хх-ийн 24-26-р хуудас/

Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажил дээрээ байж байхад 09 цагийн үед Хүрмэн сум Жанжин баг Дов гэдэг газар хүүхэд машины цонхоор унаад ухаангүй байна гэсэн дуудлага ирээд эрүүл мэндийн төвийн эрхлэгч Б.Т  багийн эмч Г.И , сувилагч Ц.М , жолооч Э  нар албаны Пургон маркийн тээврийн хэрэгслээр дуудлагад явсан. 11 цаг 30 минутын үед дуудлагад явсан эмч Туул над руу залгаад цонхоор унасан хүүхэд нь нас барчихсан байна толгой нь аймар их гэмтэлтэй байна, цагдаа дуудахгүй бол болохгүй гэхээр нь би сумын цагдаа Батсайханд утасдаж мэдэгдсэн. /хх-ийн 28-29-р хуудас/

Гэрч Г.Г.И  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 09 цагийн үед эрхлэгч эмч Туул яаралтай хүүхдийн дуудлага ирлээ гээд бид нар бүх юм аа бэлдээд жолооч Э , сувилагч Ц.М , эрхлэгч Туул нарын хамт 10 гаран минутын дараа Жанжин багийн Дов гэдэг газар луу хөдөлсөн. 11 цагийн үед Жанжин баг Дов гэдэг газар очиход машинаасаа нэлээн ард талд жижиг овоон дээр Г.Б  хүүхдээ тэврээд уйлаад сууж байсан. Хүүхдийг нь харахад нүүрнээс нь их хэмжээний цус гоожоод хатчихсан нүүрний ерөнхий хэлбэр алдагдсан байсан. Тэгээд бид нар Г.Б аас хүүхдийг нь авч үзэх гэтэл хүүхдээ өгөхгүй байсан. Харин Туул эмч аргадаж байгаад хүүхдийг нь аваад газар байсан цэнхэр өнгийн дээлэн дээр авч тавьсны дараа би гараас нь барихад бие нь хөрчихсөн аль хэдийн нас барсан байсан. Тухайн үед талийгаачийн ээж Г.Б  хүүхдээ нэхээд уйлаад хэд ухаан алдаж унаад сүүлдээ татахаар нь сувилагч Ц.М  тариа хийчихээд буцаж ирээд талийгаачийг цэнхэр өнгийн дээлэнд ороосон. /хх-ийн 30-31-р хуудас/

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 09 цаг 12 минутад Ууганбаяраас Хүрмэн сум Жанжин баг Дов гэх газар сумын зүүн урд зүг рүү 120 км зайд машины цонхоор хүүхэд унаад ухаан орохгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу сувилагч Ц.М , бага эмч Г.И  жолооч Э  нарын хамт 09 цаг 20 минутад Хүрмэн сумаас гараад 11 цаг 21 минутад дуудлага өгсөн газар очиход талийгаачийн ээж Г.Б , аав нь болох Ууганбаяр, тэгээд нэлээн олон хамаатан садангууд нь байж байсан. Г.Б  хүүхдээ тэврээд уйлаад сууж байхаар нь хүүхдийг нь хартал бүх юм нь суларчихсан нүүрний хэсэг нь их хэмжээний цус болчихсон байж байсан. Тэгээд бид нар хүүхдийг нь авч үзэх гэтэл Г.Б  хүүхдээ тэврээд өгөхгүй байхаар нь тайвшруулж байгаад хүүхдийг нь гар дээрээ аваад дээлэн дээр өргөөд тавих хооронд хүзүү, гавлын яс хугарч бяцарсан байдалтай нь мэдэгдээд байсан. Тэгээд газар дэвссэн дээлэн дээр тавиад үзэхэд нүүрний зүүн талийн ухархай цөмөрсөн, нүд нь цаашаа ухархайтайгаа цөмрөөд орчихсон харагдахгүй байсан. Өөр цээж хэвлий гар хөлд нь ил мэдэгдэх шарх байхгүй бие нь хөрчихсөн байсан. Тэгээд би гэрийнхэнд нь нас бараад нэлээн удчихсан байна гэж хэлсэн. Тухайн үед ээж нь ойр ойрхон ухаан алдаж унаад татаад байхаар нь манай сувилагч “Магнизм" гэдэг булчин сулруулах таталт намдаах тариа хийгээд машинд суулгасан. Тэгээд би Мэндбаяр луу залгаад цонхоор унасан хүүхэд нас барчихсан байна цагдаад мэдэгд гэж хэлсэн. /хх-ийн 32-33-р хуудас/

Гэрч Ц.Ц.М  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 09 цаг өнгөрч байхад машины цонхоор хүүхэд оочоод ухаангүй байна гэсэн дуудлага ирлээ гэж эрүүл мэндийн төвийн эрхлэгч Туул хэлээд тэгээд нэг их удалгүй эрхлэгч Б.Т  бага эмч Ичинхорлоо, жолооч Э  нарын хамт Хүрмэн сумын Жанжин баг Дов гэх газар сумын зүүн урд зүгт 120 км орчим газар луу дуудлагад явсан. 11 цаг өнгөрч байхад дуудлага өгсөн газар очиход овоон дээр Г.Б  хүүхдээ тэвэрчихсэн уйлаад сууж байсан. Бид нар ээжээс нь хүүхдийг нь авах гээд ойртоход хүүхдийн нүүрнээс их хэмжээний цус гарсан байдалтай ямар ч хөдөлгөөнгүй байсан. Ээж нь нэлээн цочролд орчихсон хүүхдээ өгөхгүй гээд байсан. Тухайн үед Туул эмч аргадаж байгаад хүүхдийг нь аваад газар дээлэн дээр тавиад Туул эмч үзэж эхэлсэн. Тухайн үед талийгаачийн ээж нь ойр ойрхон ухаан алдаж унаад татаад байхаар нь би очиж “Магнизм” гэдэг тариаг булчинд нь хийчихээд буцаад У.Т   хүүхэд дээр иртэл Туул эмч нас барчихсан байна гэхээр нь би газар дэвссэн дээлээр өлгийдсөн. Овооноос нэлээн доор цагаан өнгөтэй Пажеро маркийн гэр ачсан машин зогсож байхаар нь би тэр машинаас унасан юм байна даа гэж бодсон. /хх-ийн 34-35-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачид толгойн хуйхны шарх, гавлын орой болон суурь ясны олон сэлтэрхий үүсгэсэн шугаман хугарал, хатуу хальсны урагдал, их тархины суурийн эд дэх няцрал, бага тархины эд дэх няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны далд хугарал, зүүн зовхины шарх, нүүрний хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын улмаас, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачид         үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач.      нь гавлын орой болон суурь ясны, олон сэлтэрхий үүсгэсэн шугаман хугарал, хатуу хальсны урагдал, их тархины суурийн эд дэх няцрал, бага тархины эд дэх няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. /хх-ийн 40-41-р хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 17/19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Б  нь сэтгэц эрүүл мэндийн хувьд эрүүл болно. Г.Б  нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Г.Б  нь хэрэг хариуцах чадвартай. /хх-ийн 51-53-р хуудас/

Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Метсубишы пажеро маркийн 81-33 ӨМҮ улсын дугаартай автомашины жолооч Ганбат овогтой Г.Б  /............./ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь хэсэгт заасан “...Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана...” 23.5 дахь хэсэг “...Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглоно...” гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ”...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй... үедээ жолоодох...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн. Хариулт-2. Жолооч Г.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8, 23.5 дахь заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол болоход нөлөөлсөн гэж үзэж байна. /хх-ийн 55-р хуудас/

Шүүгдэгч Г.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь  үнэн зөв хэлсэн байгаа. Би энэ талаар ахин дахин ярьж бодмооргүй байна гэж хэлэн хэсэг уйлж суув. /хх-йн 63-66-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-22-р хуудас/

Цогцосны гадна үзлэг болон өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-49-р хуудас/

Талийгаач У.У.Т  ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 74-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У ын хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 75-р хуудас/

Pajero 0 маркийн 8133-ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 77-р хуудас/

Нас барсан тухай гэрчилгээ /хх-ийн 78-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 71-72, 76, 80, 82-87, 92/ зэргийг  шинжлэн судлав.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон  хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б  нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг  хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

   Иймд шүүгдэгч Г.Б ийг 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08-09 цагийн хооронд Өмнөговь аймаг Хүрмэн сумаас зүүн урагш 120 км зайд Жанжин багийн нутаг Дов гэх газар шороон зам дээр 81-33 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь хэсэгт заасан “...Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана...”, 23.5 дахь хэсэгт заасан “... Зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхээс бусад тохиолдолд зогсоогоор нь тээвэрлэхийг хориглоно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 3 нас 8 сартай У.Т   нь тээврийн хэрэгслийн урд талын зорчигчийн хаалганы цонхоор унаж, улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

   Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мөн дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч У.У.Т  ийн амь нас хохирсон болох нь  Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаачид толгойн хуйхны шарх, гавлын орой болон суурь ясны олон сэлтэрхий үүсгэсэн шугаман хугарал, хатуу хальсны урагдал, их тархины суурийн эд дэх няцрал, бага тархины эд дэх няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, хамар ясны далд хугарал, зүүн зовхины шарх, нүүрний хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын улмаас, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавлын орой болон суурь ясны, олон сэлтэрхий үүсгэсэн шугаман хугарал, хатуу хальсны урагдал, их тархины суурийн эд дэх няцрал, бага тархины эд дэх няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41-р хуудас/, эмч Г.Г.И  “...санамсаргүй цонхоор унаад ард талийн дугуй нь толгойн дээгүүр гарсан гэж бодож байна. Тэгэхгүй зүгээр газар унасан бол толгой тархиндаа тэгэж их гэмтэл авахгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, хүүхдийн эх эмч Б.Т “...талийгаач цонхоор унаад дугуйгаар толгой хэсэг нь дайрагдсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, сувилагч Ц.Ц.М  “...сайн хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан хүзүү болон гавлын яс нь няцарсан байхыг харвал дугуйгаараа дээгүүр нь гарчихсан гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Прокуророос шүүгдэгч Г.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б  нь 1995 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өдөр Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, нөхөр, 0-5 насны хүүхдийн хамт амьдардаг, хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлыг нотолсон Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 71-72-р хуудас/, ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92-р хуудас/, Ууганбаярын У.Ө гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 75-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 76-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 80-р хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-92/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. 

Шүүгдэгч Г.Б ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У  нь мөрдөн байцаалтын шатанд “Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй” /хх-ийн 24-26-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт “Гомдолгүй” гэсэн тул шүүгдэгч Г.Б ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У т төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа  хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол, саналгүй гэсэн байдал, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн  хуулийн  7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн  хуулийн  тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Г.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй боловч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл  жолоодох эрх хасах нэмэгдэл  ялыг заавал оногдуулахаар заасан байх тул уг зүйл хэсэгт заасан  доод хэмжээгээр буюу 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.    

Шүүгдэгч Г.Б  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-1 ширхэгийг хэрэгт үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Баахууз овгийн Г.Б ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-1 ширхэгийг хэрэгт үлдээсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.У  нь шүүгдэгч Г.Б аас гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Б  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Г.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах арга хэмжээ авахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА