| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2019/0102/Э |
| Дугаар | 106 |
| Огноо | 2019-08-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 106
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч: М.Н
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг
Иргэний хариуцагчийн төлөөлөгч: Н.Ц
Шинжээч: Б.Чинзориг
Гэрч: Б.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах
Шүүгдэгч: Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тангад овгийн Ж.Б д холбогдох 1928001060082 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Яллах дүгнэлтэд бичигдсэн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Баяндалайн зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн ....................... оршин суух, урьд нь Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах, Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнссэн, Тангад овгийн Ж.Б , регистрийн дугаар РД:...................
Шүүгдэгч Жамбаа овогтой Ж.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед 59-52 ӨМҮ улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах чиглэлийн засмал мал дээр замын хаалт шороо мөргөж зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.Н ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Ж.Б ы яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн орчимд зам тээврийн осол гарсан. Баяндалай сум орохоос өмнө 7, 8 километрийн зайд явж байхад машины ослын дохио анивчаад байсан. Тэгээд ослынхоо дохиог асаачихсан гэрэлгүй машин явж байдаг юм байхдаа гээд машин дотор сууж байсан хүмүүстэйгээ яриад явж байхад овоолсон шороо харагдсан.Тэгээд тэр овоолсон шороог мөргөөд зогссон. Машин дотроос хүмүүсээ буулгасан. М.Н ийн баруун талын хацар хавдартай, хамраас нь цус гарчихсан, өвөр дээр нь сууж явсан хүүхэд уйлаад байсан. Тэгээд би сальфитка авч ирээд хамраас нь гарсан цусыг нь арчуулаад байж байхад хойноос манай сумын таньдаг 2 залуу машинтай ирсэн. Би эмнэлгийн жолооч ах руу яриад шороо мөргөчихлөө хоёр хүн эмнэлэгт үзүүлмээр байна та эмнэлэг дээр байна уу гэж утсаар ярьж асуухад байна гэж хэлсэн. Тэр жолооч ахын эхнэр нь манай сумын ерөнхий эмч. Тэгээд би энэ хоёрыг аваад эмнэлэг рүү явж байхад манай гэр бүлийн хүн ирсэн. Тэгэхээр нь гэр бүлийнхээ хүнд энэ хоёрыг өгч явуулаад өөрөө буцаад машин руугаа явсан. Тэгээд цагдаа таны машин хаана байна гээд журмын хашаанд авч очиж тавих юм байна шүү гээд машинаа журмын хашаанд тавьсан. Тэгээд аймгаас эмнэлэг, цагдаагаас хүмүүс ирнэ, ирэхэд нь хүнээ үзүүлэхгүй юу гэхээр нь тэгье гээд шөнө 4 цаг өнгөртөл гэр бүлийнхээ хүнтэй, М.Н ийн нөхрийнх нь дүү нь биеийн тамирын багш нартай хамт байж байгаад эмнэлгийн хүмүүст үзүүлсэн. Эмч юу гэж хэлэх нь үү орж уулз гэхээр нь уулзахад ухаан санаа нь эрүүл байна, зөөлөн эдийн гэмтэлтэй байна, хацар нь хавдсан байна, дарж үзлээ одоохондоо мэдэгдэх зүйл гайгүй юм шиг байна, юм мөргөсөн болохоор доргилт авсан байх өнөөдөр, маргаашдаа энэ эмнэлэгт үзүүлчихээд 1 дэх өдөр аймгийн төв орж рентген зургийг нь авахуул гэж хэлсэн. Маргааш нь манай эмч эмнэлгээс эм, тариагаа бичнэ. Хоёр тариа байхгүй аймгаас олж ирээрэй гээд маргааш нь би биш манай гэр бүлийн хүн аймаг явж хоёр тариаг нь авч ирж өгсөн. Би өглөө нь М.Н д хоол хийгээд авч очсон. Тэгээд асуухад гайгүй байна, нэг талын шүд мэдээ орохгүй байна гэж хэлэхээр нь аяганд нь хоол хийж өгч идүүлчихээд өөр зүйл хэрэгтэй байна уу, тэгж байгаад эргээд холбоо баръя гээд явсан. Тэгээд 1 дэх өдөр рентген зураг авахуулах гэтэл зураг авдаг цаг нь өнгөрсөн байсан болохоор 2 дахь өдөр рентген зургийг нь авахуулсан. Гэхдээ би яваагүй, манай гэр бүлийн хүн авч явсан. Рентген зургаар өвчин нь зүгээр байна гэж байна, ийм эм бичиж өгч байна, эмийн сангаас авч өгөх гэж байна гэж хэлсэн. Тэгтэл М.Н рентгений зураг шаардлага хангахгүй, өөр зураг авахуулна гээд нөгөөдөр нь томографын зураг авахуулаад шүүх эмнэлэгт авч очиж өгчихөөд ирлээ, тэр зураг дээр хугарсан байна гэж хэлээд нөхөртэйгөө, бас өөр эмэгтэйтэй ирсэн. Тэгэхээр нь би эхний рентген зураг дээр хугарсан зүйл гараагүй гэсэн биз дээ гэхэд тэр зураг шаардлага хангахгүй гэхээр нь өөр дүгнэлт гарах юм бол би чамайг өөрөө дагуулж яваад дахиж зураг авахуулна шүү гэж хэлсэн. Тэгэхэд би дахиж зураг авахуулж чадахгүй, тэр чинь хортой гэж хэлсэн. Түүнээс хойш дахиж уулзалдаагүй.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаар сарын 3-нд осол болсон. Ж.Б ы буруугаас болж осол гарсны улмаас Баяндалай сумын эмнэлэгт хүргэгдсэн. Би 05 дугаар сарын 13 бил үү, 14-нд Улаанбаатар хот явсан. 05 дугаар сарын 20-нд зургаа авахуулсан. Тэгээд хагалгаанд ороход зардал мөнгө 2.500.000 төгрөг болсон. Улаанбаатар хотоос 05 дугаар сарын 25-нд ирсэн. Одоо 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа.
Шинжээч Б.Чинзориг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Жолооч зам тээврийн ослын газраас хүний амь нас, эрүүл мэндэд зайлшгүй тусламж үйлчилгээ авах тохиолдолд тээврийн хэрэгслийг хөдөлгөх боломжтой. Гэхдээ зам тээврийн ослыг хаана болсныг тэмдэглэх, гэрчийг байлгаж байж тээврийн хэрэгслийг хөдөлгөх үүрэгтэй. Буцаад тухайн газар дээр очсон байгаа. Мөн тухайн тээврийн хэрэгслийн жолооч хүн тээвэрлэх журам зөрчсөн. Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлд тээврийн хэрэгслийг техник тодорхойлолтоос олон хүн тээвэрлэхийг хориглосон. Мөн бага насны 10 хүртэлх насны хүүхэд, өндөр нь 140 см доош өндөртэй хүүхдийг тээвэрлэхдээ зориулалтын суудалд тээвэрлэхээр заасан байгаа. Гэхдээ тухайн зам тээврийн осол нь тээврийн хэрэгслийн зорчигчийн тооноос болж үүсээгүй. Шалтгаан нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөн байгаа. Тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох арга зүй шинжлэх ухааны ойролцоо тоо байдаг. Гэхдээ тухайн нөхцөл байдалд тээврийн хэрэгсэл явж байгаад үл хөдлөх шороо гэдэг зүйл мөргөж байгаа. Тухайн зам тээврийн осол гарсан мөрнөөс тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломж байхгүй. Замын хөдөлгөөний дүрмийн хавсралтад тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох гэмтэл байгаа. Энэ зүйлд тээврийн хэрэгслийн хурдтай холбоотой хурдны заалт ажиллахгүй байгаа тээврийн хэрэгслийг ашиглахгүй байх заалт байдаг. Хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгсэлд аюул саад тохиолдоход гэж байгаа. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурд 80 км/цагийн хурдтай байгаа. Гэхдээ харанхуй үзэгдэлт хангалтгүй гэдэг маань харанхуй шөнө, манан, цас, бороотой, байнгын салхи, шуургатай гээд янз бүрийн тохиолдлоос шалтгаална. Ямар нэгэн аюул саад тохиолдоход тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явна гэсэн заалт байгаа. Тэрнээс 80 км/ цагийн хурдтай явж байгаад аюул саад таарахад зогсооно гэсэн ойлголт биш. Тухайн нөхцөл байдалд шөнийн цагт тээврийн хэрэгслийн гэрэлтүүлгийн байдал, жолоочийн хараа мэдрэхүйн байдал зэргээс шалтгаалаад тээврийн хэрэгслийн хурдыг ямар нэгэн аюул саад болоход зогсоох боломжгүй. Тээврийн хэрэгслийн жолооч 50 км/цагийн хурдтай явж байж болно. Тухайн нөхцөл байдалд аюулгүй байдлыг хангах ёстой. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын засвар ажил хариуцаж байгаа аж ахуйн нэгж байгууллага замын байгууламж дээр аюултай байдал гаргахыг хориглоно гэж байгаа. Тухайн нөхцөл байдалд шороо асгаад зам хааж байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдал, хууль, дүрмийг зөрчиж байгаа асуудал. Зам хааж байгаа тохиолдолд тухайн саадыг тойрох тэмдэг, ажил хийж байгаа гэсэн тэмдэг байх ёстой. Мөн тухайн хэсгийг урьдчилан сануулсан анхааруулах мэдээлэл бусад самбар байх боломжтой. 11 болон 13 настай хүүхдүүд том хүний суудалд сууна. Гэхдээ нас нь хэдий 10 наснаас хэтэрсэн байсан ч өндөр нь 140 см бага өндөртэй байж болно. Тээврийн хэрэгсэлд 7 хүн явж байсан болохоор 2 хүн хэтэрсэн гэж үзнэ.
Гэрч Б.Э : Томографын шинжилгээг компьютер томографын техникч үдээс өмнө хүмүүсээ оруулаад шинжилгээгээ аваад 2-4 цагийн хооронд би өөрөө очиж хариугаа бичдэг. Тэгэхээр хүмүүстэй харилцах боломж надад байхгүй. Яагаад гэвэл орж байгаа хүмүүсээ би хардаггүй. Шинжилгээ авч дууссаны дараа очиж хариугаа бичдэг. Үдээс хойш нь шинжилгээгээ биччихээд гарын үсгээ зурахгүй гараад явах хооронд хохирогч хариугаа авах гэж ирэхэд манай техникч гарын үсэг зураагүй байсныг анзаарахгүй өгөөд явуулсан байсан. Цагдаа дээр анх дуудахад гарын үсэггүй хариу явж байна гэхэд нь би миний гаргасан хариу болохоор гарын үсгээ зурсан. Шинэ хугарал нь ойлгомжтой байгаа. Хацар яс цөмөрснөөс болоод дүүрэн цус хуралт үүссэн байгаа. Хэрвээ хуучин хугарал байсан бол цус хурах ёсгүй. Техникч зовуурийг нь тэдэн настай тийм хүн орлоо, тэдэн сарын тэдний өдөр аваарт орсон гэж бичнэ. Энэ хүний тал дээр эргээд харахад хацар яс хөхрөлттэй, хавантай байсан. Тэгээд би дараа нь техникчээсээ тэр хүн ямар явж байсан бэ гэж асуухад их хөхрөлттэй, нүднийхээ доор хөхөрсөн хавантай явж байсан гэж хэлсэн. Шинжилгээнд орж байгаа хүмүүстэй би харьцахгүй. Яс хугарсан болохоор өвдөнө. Ил харагдах байдлаар хөхөрсөн хавдсан байгаа.
Иргэний хариуцагч Н.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бүх тэмдэг тэмдэглэгээ гарц хаалтыг бид нар өөрсдөө яваад энд хаалтуудаа хийнэ, энэ манай ажлын талбай гэдгийг би өөрөө зохион байгуулдаг. Манай компани Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай 2018 оны 10 сард зам засварын ажил хийх гэрээ байгуулсан. Зам хаасан үе нь Баяндалай сумын зам засварын гэрээ байгуулаад 2018 оны 10 сард эхэлсэн. 5 сарын дундуур зам хаасан. Бид нар 3 жилийн хугацаанд бүрэн бүтэн байдлыг хариуцна. Гэхдээ байгалийн давагдашгүй хүчин зүйлийг тооцохгүйгээр. 11 тонн даацаар явахад 3 жил байтугай 8 жилийн хугацаанд зам эвдрэхгүй. Замын зураг хийж байгаа компани тэдэн жил засварт орохгүй гэж заагаад өгсөн байдаг. Хуулийн талаарх мэдлэг хомс учраас шүүхийн шийдвэрийг дагана. Иргэний хариуцагчаар татсанаа зөвшөөрч байгаа.
Хохирогч М.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх Өмнөговь аймгийн Төхөм багийн нутагт зунжиж байгаа бөгөөд би аймгийн төвд хувийн ажлаар ирж хэд хоноод 2019 оны 05 дугаар сарын 03-нд Баяндалай сум руу буцахаар таксинд явдаг Ж.Б гэж хүний утас руу залгаж “хаана явна Баяндалай сум руу аймгийн төвөөс буцах унаа байна уу” гэж асуухад Ж.Б би өөрийн машинтай аймгийн төвөөс одоо Баяндалай сум руу гарах гэж байна, нисэх рүү явдаг замд байдаг “Петровис”-н колонк дээр гараад ир” гэж хэлсэн. Ингээд би 18 цагийн орчимд колонк руу очсон. Ж.Б ч удалгүй өөрийн саарал өнгийн суудлын автомашинтайгаа хүрч ирсэн ба машины арын суудалд 5-7 орчим насны хоёр эрэгтэй хүүхэд, 12-13 насны нэг охин болон эрэгтэй эмэгтэй хоёр том хүн суусан байсан. Харин урд суудал буюу жолоочийн эсрэг талын суудал хүнгүй байсан. Би тэр суудалд суусан. Машин тэндээс хөдлөн худалдааны төв дээр ирж зогсоод тэндээс хөдлөхдөө арын суудалд сууж явсан охиныг урд суудал руу буюу миний өвөр дээр суулгасан. Ингээд Ж.Б өөрөө машиныг жолоодон арын суудалд хоёр хүүхэд, хоёр том хүн, жолоочийн эсрэг суудалд би өвөр дээрээ нэг охин суулгаад Баяндалай сум руу явдаг засмал замаар орж явсаар Баяндалай сумын гэрэл харагдаж эхлэх үед жолооч “урд замд аваараа асаасан машин явж байна” гэж хэлснээс хойш удалгүй машин зам дээр овоолж хаасан шороог урд гупер, нүүр хэсгээрээ мөргөөд зогссон. Машин шороо мөргөх үед машины урд талын салхины том шилийг би нүүрээрээ мөргөчихсөн ба миний өвөр дээр сууж байсан охин салон доогуур чихэгдээд ойччихсон гарч чадахгүй байсан учир би түрүүлж машинаас гараад охиныг татаж гаргасан. Арын хүмүүс машинаас гарчихсан зогсоцгоож байсан. Машинаас буугаад үзэхэд миний хамраас маш их хэмжээний цус гарсан, мөн машины шил хагараад хэлтэрхийнүүд нь миний үсэнд шигчихсэн байсан. Тэгээд замаар Баяндалай сум руу явж байсан ачааны машинд охины хамт суугаад эмнэлэг рүү хүргүүлж явтал такси жолооч Ж.Б ы эхнэр гэх эмэгтэй суудлын машинтай замаас тосож аваад сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Замдаа тэр хүн “муу сайн юмнууд гуйж суучихаад гай болдог байхгүй юу” гэх зэргээр загнаад байсан. Баяндалай сумын эмнэлэгт ирээд эмнэлгийн тусламж авсан ба түүнээс хойш 05 дугаар сарын 20-нд Улаанбаатар хот руу орж компьютер томографын шинжилгээ хийлгэхэд баруун хацрын яс цөмөрсөн, баруун нүдний ухархайн гадна хананд зөрсөн хугарал, зүүн ухархайн дотор хананд цөмөрсөн хугарлуудтай гэсэн онош, шинжилгээ гарсан байгаа. Машин нэлээд хурдтай явж байсан. Би хэдэн км/цагийн хурдтай явсныг бол хараагүй, багцаагаар 100 орчим км/цагийн хурдтай явж байсан байх гэж бодож байна. Жолоочоос машинаар зорчиж явсан хүмүүст бүс зүүх талаар хэлж шаардаагүй, бүсээ зүүсэн хүн байгаагүй, би ч мөн зүүгээгүй явж байсан юм. Би өвөр дээрээ том хүүхэд суулгачихсан байсан болохоор урд зам миний хувьд бол сайн харагдаагүй. Цаг агаарын хувьд бол хэвийн зүгээр байсан. Зам дээр овоолсон шороог би яг машин тулж очих үед л харсан түүнээс өмнө хараагүй. Миний зүгээс гомдолтой, хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлэх, учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулах хүсэлтэй байна. Хэрэгт хавсаргахаар авч ирсэн байгаа. Үүнээс гадна баримтгүйгээр эмчилгээнд явсан замын зардал болон бусад зардлууд 500.000 төгрөг нийт 2.101.000 төгрөгийг буруутай хүнээс нэхэмжилж байна. Ж.Б осол болсноос хойш надтай нэг ч удаа уулзаагүй, хохирол барагдуулаагүй, элдвээр харааж зүхээд байдаг үүнд нь маш их гомдолтой байна. Мөн гэмтлийн эмч З.Хишигжаргал миний томографын зургийг тайлбарлахдаа хуучин гэмтэл гэдэг нь 14 хоногоос дээш хугацааны өмнө гэмтэл аваад бороолсон гэмтлийг хэлнэ гэж ярьсан. Би 05 дугаар сарын 03-нд гэмтэл аваад 05 дугаар сарын 20 -нд гэмтлийн зураг авахуулсан юм. /хх-ийн 38-41-р хуудас/
Иргэний хариуцагч Н.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 09 дугаар сард Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулсан юм. Уг гэрээ нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Баяндалай сум орох хатуу хучилттай засмал замын 56-57, 74-76 дахь километрт засварын ажлуудыг хийхээр гэрээ байгуулсан. Гэрээний дагуу засмал замын 74-76 дахь километрт замыг шороон овоолго хийж хаагаад 2018 оны 09 дугаар сарын сүүлээр автозамын даланг аваад дахин хийсэн. Тухайн үед уг замыг аспалтаар хучихад цаг агаарын нөхцөл тохиромжгүй байсан учир 2019 оны 04 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн замын хучилтын ажлыг хийж эхэлсэн юм. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр замыг нээсэн. Даланзадгад сумаас Баяндалай чиглэлийн замын 74-76 дахь километрт замын засварын ажил хийгдэж байх хэсэгт замын хоёр талд нь шороон овоолго хийж, хоёр талд нь шаардлагатай гэсэн тэмдэг, туузыг байрлуулсан. Замын зүүн талд нь хурд сааруулах тэмдэг орох хориотой тэмдэг, гэрэл ойлгогчтой туузаар хаасан зэрэг ажлуудыг хийсэн. /хх-ийн 43-р хуудас/
Гэрч О.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр баасан гариг байсан тул манай хоёр хүүхэд Баяндалай сумын төвд байх эмээ, өвөө хоёр дээрээ очиж унадаг дугуй авах гээд замын машинд суусан юм билээ. Тэгээд нөгөө машин нь замдаа шороо мөргөж осол гаргасан байсан. Түүнээс хойш хоёр хүүхдээ эмнэлгүүдээр явж үзүүлсэн. Бэртэл гэмтэл байхгүй байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт ч бас тийм байдлаар гарсан байсан. Манай хүүхдүүд надад ярихдаа хүү машины арын суудалд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн бас жолоочийн дүү гэх залуутай хамт сууж явсан охин урд талын суудалд нэг эмэгтэй нь өвөр дээр сууж явсан. Жолооч нь хурдтай явсан, нэг баяр болох гээд амжиж очно гэсэн. Тэгээд цагаа байна байна хараад яваад байсан гэж хэлсэн. Би хараагүй учир тодорхой мэдэхгүй байна. /хх-ийн 46-47-р хуудас/
Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед нөхөртэй хамт яваагүй учраас болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Нөхөр бид хоёр Эрдэнэт хотод байхдаа авсан машин байгаа юм. Тухайн машиныг авахад би өөрийн нэр дээр авсан боловч манай нөхөр унадаг манай нөхрийн машин байгаа юм. Машин урд талаасаа гупер хагарсан, салхины шил цуурсан байсан. Машины эвдрэл гэмтлийн талаар нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 48-р хуудас/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тэр хүний зургийг уншиж М.Н гэдэг хүний өвчний картад дүгнэлт бичсэн. Энэ шинжилгээгээр тархины доргилтын шинж илэрсэн байсан. Рентген зурганд ясны хугарал тодорхой харагдахгүй байж болно. Хугарлыг тодруулахын тулд нарийн шинжилгээ буюу компьютер томографын шинжилгээнд оруулдаг юм. Энэ шинжилгээгээр М.Н гэдэг хүний баруун талын хацар ясны цөмөрсөн хугарал тогтоогдсон, мөн хамрын таславч муруйлттай байсан юм. Энэ талаар компьютер томографын шинжилгээний хуудсан дээр тодорхой бичсэн байгаа. Рентген зурагны эмч үйлчлүүлэгчдэд өвчний талаар тайлбарлах боломжгүй. Эцсийн оношийг гэмтлийн эмч гаргадаг юм. Өдөр тутам олон үйлчлүүлэгчтэй харьцдаг учраас тухайн өдөр тэр хүмүүстэй уулзсан талаар санахгүй байна. /хх-ийн 49-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай төрсөн эгч Баяндалай сумын тэнд хөдөө ойрхон байдаг юм. 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой Баяндалай сум руу явж эгчийндээ очих гээд унаа хайсан чинь Баяндалайн такси байсан. Тэр таксинд суугаад явсан юм. Би тэр машинд суугаад чихэвчээ зүүгээд унтаад явсан. Нэг мэдэхэд машин хүчтэй тооромзлоод зогссон. Тэгсэн хажууд байсан ах хурдан машинаас гараарай гэж хэлсэн. Машинаас гарсан чинь нөгөө такси чинь шороо мөргөөд зогсчихсон байсан. Тэгээд машинаас буугаад ирэхэд урд сууж байсан охин уйлаад байсан. Мөн урд сууж байсан настайвтар эгчийн хамраас цус гарчихсан нэг талын хацар нь хавдчихсан байдалтай байсан. Тэгээд байж байхад миний хажууд сууж явсан ахын эхнэр нь Баяндалай сумаас машинтай хүрээд ирсэн. Би тэр машинд нь суугаад явчихсан. Би замд унтаж явсан учраас яагаад осол болсныг мэдэхгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй учраас шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй. /хх-ийн 50-р хуудас/
Шинжээч О.Чинзориг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Жолооч нь зам тээврийн осол гаргасан тохиолдолд зам тээврийн ослын талаар Цагдаагийн байгууллагын ажилтанд яаралтай мэдэгдэх үүрэгтэй ба жолооч энэ үүргээ биелүүлээгүй нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл мөн. Тухайн Соната-6 автомашин нь жолоочоос гадна 4 зорчигч тээвэрлэхээр техникийн тодорхойлолтоор заагдсан байдаг ба уг автомашинд тухайн техникийн тодорхойлолтоос олон хүн тээвэрлэсэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхээр байна. Замын хөдөлгөөний дүрмийн 4-р хавсралтад заасан тээврийн хэрэгслийг ашиглахад хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтад хурд хэмжүүр ажиллахгүй болсон тээврийн хэрэгслийг ашиглахгүй байхаар заасан байдаг нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхээр байна. /хх-ийн 51-р хуудас/
Өмнөговь аймаг дахь Замын цагдаагийн тасгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: а.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад Соната-6 маркийн 59-52 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ж.Б нь: Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. б. Зам тээврийн осол гарахад замын байгууламж нөлөөлсөн байх үндэслэлтэй. Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.4.“3ам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;” 19.3. “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно”, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 7.1. “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад MNS 4597, MNS 4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг МNS 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг зам ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж нь тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. в. Уг зам тээврийн осол нь жолооч Ж.Б , Замын засвар арчлалт хариуцсан аж ахуйн нэгжийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөнөөс осол гарсан гэх үндэслэлтэй байна. /хх-ийн 53-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 1. М.Н ийн биед тархины доргилт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 56-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 272 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 2.3.4. О.М гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 60-р дугаар хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 1. О.Мя ын биед баруун шилбэнд цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Баруун шилбэний гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 64-р дугаар хуудас/
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн авто тээврийн төвийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/02 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: а/ Урд салхины шил хагарсан, урд буферын суурь дундуураа хугарсан, буфер байхгүй, зүүн гар талын урд крыло цөмөрсөн, хөргөлтийн системийн радиаторт гэмтэл учирч шингэн гоожсон, урд хамгаалалт төмөр цөмөрсөн, хөдөлгүүрийн тос гоожсон зэрэг гэмтэлтэй бүрэн бус тээврийн хэрэгсэл байна. б/ 59-52 ӨМҮ улсын дугаартай HYUNGAI SONATA-6 загварын автомашины хөдөлгүүрийг асаах, өөрөөр нь хөдөлгөх боломжгүй байгаа ба жолооны механизм, тоормосны системийн эд ангиудыг нүдээр харахад илт салсан, мултарсан зүйл ажиглагдаагүй ба жолооны механизм, тоормосны систем, явах эд ангиуд, спидометрийн заалтын үйл ажиллагааг ямар нэгэн туршилт болон тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үйл ажиллагаанд ашигладаг суурин багаж тоног төхөөрөмжөөр шалгаж тодорхойлох боломжгүй байна. в/ Хариулт а/-д дурьдагдсан эвдрэл гэмтлүүд нь ослоос үүдэлтэй гэмтэл гэж үзэж байна. /хх-ийн 67-р хуудас/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 380 дугаартай хөрөнгө, даатгал хохирлын үнэлгээнд: Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээг 290.000 төгрөгөөр тогтоов. /хх-ийн 69-70-р хуудас/
Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би 2019 оны 05 дугаар сарын 03-нд аймгийн төвөөс Баяндалай сум руу хүн авч буцах гэж байсан ба миний дуудлага хүлээн авдаг 88401368 дугаарын утас руу хүмүүс залгаж Баяндалай сум руу явах талаар хэлж байсан. Би хүмүүсийг худалдааны төв дээр ирж машинд суух талаар хэлж байсан. Харин М.Н гэж эмэгтэйг “Петровис” шатахуун түгээх станцын орчмоос очиж авсан. Тэгээд худалдааны төв дээр ирж гарахын үед бусад хүмүүсийг машинд суулгасан. Жолоочийн хажуу талын буюу урд талын суудал дээр М.Н болон 12 орчим насны охин хоёрыг, арын суудалд дүү М болон Г гэж Баяндалай сумын харьяат залуу бас насанд хүрсэн зүс танихгүй эмэгтэй, 10 орчим насны 1 хүү зэрэг хүмүүсийг суулгаад Баяндалай сум руу 19 цаг нэлээд өнгөрч байх үед гарсан. Засмал замаар машинаа жолоодон явсаар Баяндалай сумаас 10 орчим километр зайтай байсан байх өмнө зам дээр машины ослын дохионы гэрэл анивчиж харагдсан. Би энэ талаар машинд сууж явсан хүмүүст энэ урд гэрэлгүй ослын дохиогоо асаасан машин явж байдаг юм байх даа гэж хэлсэн. Г бас тийм юм байх даа гэж ярилцаад ослын дохионы гэрэл рүү хараад явж байтал зам дээр овоолсон шороо гэнэт ороод ирсэн. Тэгээд зүүн гар тийш дарж тойрох гэтэл тэр талд ухаад ховил үүсгэсэн харагдсан учир тооромзоо гишгээд машин зогсолгүй явсаар шороог мөргөөд зогссон. Тэгээд би машинаас бүх хүмүүсээ буулгаад бие эрүүл мэндийнх нь талаар асуусан хүмүүс гайгүй гэж байсан ба урд суудалд сууж явсан М.Н ийн хамраас нь цус гарч байсан. Мөн М.Н ийн өвөр дээр сууж явсан охин уйлаад байхаар нь сумын түргэний жолооч руу ярьж хэлсэн. Түүний дараа замаар явж байсан машиныг зогсоож М.Н ийг охинтой хамт эмнэлэг рүү аваад явж байтал манай эхнэр таарсан тул эхнэрийг тэр хүмүүстэй хамт явуулчихаад буцаж осол болсон газарт эхнэрийн жолоодож явсан машиныг аваад ирсэн. Тэнд мөн Г ийн эхнэр ирж өөрийг нь авсан. Түүнтэй хамт арын суудалд сууж явсан эмэгтэй цуг явчихсан. Надтай манай дүү М болон арын суудалд сууж явсан хүү бид гурав үлдээд эхнэрийн жолоодож ирээд надад өгөөд явсан машинаар өөрийн машиныг чирч сумын төв рүү явж байтал цагдаа утасдаж машинаа журмын хашаанд оруулж тавиарай гэж хэлэхээр нь тийш нь машинаа авч очиж тавиад цагдаа Сүхбатад болсон үйл явдлын талаар хэлсэн ба цагдаа надаар согтуурал шалгах багаж руу үлээлгэж шалгасан. Би эрүүл байсан. Тэндээсээ эмнэлэг рүү очиж М.Н болон охины биеийг асуухад охиныг ар гэрийн хүмүүс нь ирээд аваад явчихсан М.Н ийн биеийн байдлыг гайгүй гэж байсан. Тэндээ аймгаас ирэх цагдаа, эмч нарыг хүлээж байгаад М.Н ийг үзсэн эмчтэй уулзахад тэр эмч үзлэгээр эмэгтэйн /М.Н ийн/ биед хугарч, гэмтсэн зүйл мэдэгдэхгүй байна, зөөлөн эдийн гэмтэл бол байна гэж хэлж байсан ба доргилт авсан байж магадгүй өнөөдөр маргааш даа энэ эмнэлэгтээ эмчилгээгээ хийлгэчих, 1 дэх өдөр аймгийн төв рүү авч очоод рентген зураг авахуулаарай гэж хэлсэн. Түүнээс хойш 1 дэх өдөр манай эхнэр М.Н ийг аймгийн төв рүү рентген зураг авахуулахаар авч явсан боловч тухайн өдрийн зураг авах цагт нь амжаагүй тул М.Н аймгийн төвд үлдсэн. Би багцаагаар 70-80 км/цагийн хурдтай явсан байх. Машины спидометрийн заалт нь ажилладаггүй болохоор яг нарийн мэдэхгүй байна. Машиныг зогсоохоор тооромзоо гишгэсэн боловч машин зогсолгүй явсаар шороог мөргөчихсөн. Осол гарах үед гадаа харанхуй болчихсон, мөн шороон шуургатай байсан. Гэхдээ урд зам харагдаж байсан. Зам дээр овоолсон шороог хараад л тооромзоо гишгэсэн. Холоос харагдаагүй. Багцаагаар 30-40 метрийн зайнаас л шороог харсан. Зорчигч нарт би бүс зүүх талаар анхааруулж хэлсэн боловч зүүгээгүй явцгаасан байх. Би дүгнэлтүүдтэй танилцсан Замын цагдаагийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Шүүх эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь М.Н ийн рентген зургийг авч уншсан. Энхмаа эмч нь эхний удаа хэлэхдээ гэмтэл байхгүй талаар ярьж М.Н ийн амбулаториор эмчлүүлэгчийн карт дээр бичилт хийсэн, мөн манай эхнэр энэ талаар ярьсан байсан. М.Н ийн биед гэмтэл учирсан нь үнэн зөвөөр тогтоогдох юм бол хохирлыг барагдуулна гэж бодож байна. /хх-ийн 77-81-р хуудас/
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/
Зам тээврийн ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-11-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15-р хуудас/
Амбулаториор эмчлүүлэгчдийн карт /хх-ийн 103-112-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 113-114-р хуудас/
Хохирлын баримтууд /хх-ийн 115-132-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 84, 85, 86, 87, 89-96, 98-105, 172-173, 200-202/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед 59-52 ӨМҮ улсын дугаартай Соната-6 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь заалтыг зөрчсөний улмаас Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс Баяндалай сум руу явах чиглэлийн засмал зам дээр замын хаалт шороо мөргөж зам тээврийн осол гарган, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.Н ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь замын хөдөлгөөнд оролцож байх үедээ замын нөхцөл байдал, үзэгдэх орчин, учрах саадыг өөрийн хяналтандаа аваагүй, өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас мөн дээрх хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн байна.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Н ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: 1. М.Н ийн биед тархины доргилт, баруун хацар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, нүдний зовхи, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 56-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Ж.Б ыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг 13.2.4.“3ам дээр болон түүний ойр орчимд ажил, үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;” 19.3. “Зам, замын байгууламжийг төлөвлөх, барих, өргөтгөх, засварлах, арчлан хамгаалахад замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх инженерийн шийдэл гаргахыг хориглоно”, мөн Замын хөдөлгөөний дүрмийн 7.1. “Замын хөдөлгөөнийг зохион байгуулахад MNS 4597, MNS 4759 стандартаар тогтоосон замын тэмдэг, тэмдэглэлийг МNS 4596 стандартад заасны дагуу хэрэглэнэ” гэсэн заалтыг зам ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж нь тус тус зөрчсөнөөс уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. в. Уг зам тээврийн осол нь жолооч Ж.Б , Замын засвар арчлалт хариуцсан аж ахуйн нэгжийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн холбогдох заалтуудыг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх тул иргэний хариуцагчаар мөрдөн байцаалтын шатанд “Дарданговь” ХХК-ийг татсан нь үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг гэм хор учруулсан этгээд хариуцан арилгах үүрэгтэй, өөрт учирсан гэм хорыг арилгахыг хохирогч шаардах эрхтэй байна.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт 2.500.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт нэхэмжилсэн 2.500.000 төгрөгөөс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь: хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөгийг гаргуулж тооцох нь зүйтэй”... гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэх, үлдэгдэл 1.000.000 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н ээс гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангасан 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар-57.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Сувдбаяр Фарм ХХК эмийн сангаас актовегин 40мг-5мл, цераксон 5010мг/4мл авсан-63.000 төгрөг, Улаанбаатар хот руу 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр явсан хоолны-9000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сувдбаяр Фарм ХХК эмийн сангаас хүүхдийн тэжээл авсан-35.000, Өндөр ээж зоогийн газар хоолны-7500 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Сансар супер маркетаас АПУ-ус, Вояж ус, Halk kapkek, Мөнхийн болор аяны хиам, гоё тараг, GP зай, сансар тор авсан-13.100 төгрөг, Булган говь эмийн сангаас дикло денк 100 ретард авсан-4.200 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Улсын нэгдүгээр эмнэлэг эрүү, нүүр, нүд, ерөнхий мэс заслын төлбөр-76.200 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн компьютер томографын зураг-120.000 төгрөг, Хийлс-Эйд ХХК 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт-80.000-төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Д.Энхтүвшин Хаан банк орлогын мэдүүлэг-20.000-төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийн-8.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Лабораторийн шинжилгээнд илгээх хуудас-102.500 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хагалгаа хийлгэсэн-250.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Ундар эмийн сангаас нафазолин спрей авсан-3500 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Ундар эмийн сангаас аллохол, цитрамон, парацетамол авсан-3400 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Говь эмийн сангаас дикло денк авсан-1.500 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Шунхлай АN82 бензин-20.000 төгрөг, замын зардал болон бензиний-126.100 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “Дарданговь” ХХК, шүүгдэгч Ж.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмж хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны өмнө завсарлага авч, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Н д 1.000.000 төгрөгийн хохирлыг иргэний хариуцагч “Дарданговь” ХХК болон шүүгдэгч Ж.Б нар нь тус бүр тэнцүү хэмжээгээр буюу 500.000 төгрөгийг тус тус төлж, бүрэн төлж барагдуулсан тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөнд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Ж.Б ы үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, шийтгэх тогтоолын хуулбар баримтаар /хх-ийн 172-173, 200-202-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүх шүүгдэгч Ж.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч Тангад овгийн Ж.Б ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь шүүхээс тогтоосон торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б аас 500.000 төгрөг, иргэний хариуцагч Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо 4 тоотод оршин суух /регистрийн дугаар 5385075/ “Дарданговь” ХХК-иас 500.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч М.Н д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг шүүгдэгч, иргэний хариуцагч нар биелүүлж хохирлоо нөхөн төлсөн болохыг дурдаж, хохирогч М.Н ийн нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА