| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/02754/И |
| Дугаар | 210/МА2025/00653 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00653
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01679 дугаар шийдвэртэй,
*******ийн нэхэмжлэлтэй
******* ХХК-д холбогдох
Гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* ХХК-ийн River garden салбарын эмийн сангаар үйлчлүүлж ******* эмнэлгийн эмч ********ын бичсэн эмийн жорын дагуу Actiliver эмийг авъя гэхэд эм зүйч нь манай эмийн санд энэ эм байхгүй, харин үүнтэй ижил үйлчилгээтэй Entecavir гэх эм байна гэж тайлбарлан санал болгоход нь үйлчилгээ ижилхэн талаар дахин лавлаад эмчийн бичиж өгсөн заавраар 2 сарын турш уухаар худалдаж авсан.
1.2. Уг эмийг эмчийн бичиж өгсөн бусад эмүүдтэй хавсран өдөрт нэг ширхгээр 60 хоногийн турш уугаад 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ******* эмнэлэгт дахин цөсний шинжилгээ өгөхөд ...0,35 см хэмжээтэй ургацагтай гэсэн онош илэрсэн.
1.3. 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус эмнэлэгт ижил шинжилгээг өгөхөд цөсөнд ургацаг байгаагүй учраас ******* эмнэлэгт 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин шинжилгээ өгөхөд 0,3 см полиптой буюу ургацагтай гэсэн онош тавьсан.
1.4. Цөсөнд ургацаг ургасан шалтгааныг эмчээс асуухад элэгний эмийн оронд Entecavir эмийг андуурч өгсөн, Asat, Alat-ийн хэмжээ нэмэгдсэн элэгний үйл ажиллагаа өөрчлөлттэй гэсэн тайлбар өгсөн.
1.5. ******* ХХК-ийн хариуцлагагүй ажилтны буруутай үйлдлээс болж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгөөр хохирч, цаашид эмчийн хяналтад 6 сар тутамд шинжилгээ өгөх, цөсний ургацгийг томруулахгүйн тулд насан туршдаа хоолны дэглэм барих, ургацаг томорсон тохиолдолд цөсөө авахуулах, цаашлаад хорт хавдар болох эрсдэлтэй нөхцөлд орсондоо ихээхэн харамсаж байна.
Иймд ******* ХХК-иас сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, эмийн үнэ нийт 100,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч ******* нь Хан-Уул дүүрэг дэх Ривер гарден салбарын эмийн сангаар үйлчлүүлэхдээ эмчийн жорын зургийг утаснаасаа үзүүлэн Entecavir эмийг байнга хэрэглэдэг гэж хэлээд худалдан авсан.
2.2. Манай жор баригч тухайн үед үйлчлүүлэгчийн утсан дээрх Entecavir эмийг олгох бичилттэй эмчийн жорын дагуу олгож үйлчилсэн боловч жорын хуудсын эх хувийг авч үлдээгүй байсан учир Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэврээр жоргүйгээр эм олгосон гэх үндэслэлээр торгуулийн шийтгэл ногдуулсан.
2.3. Манай байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч *******ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаарх холбогдох эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гараагүй. Энэ эмийг уугаад ургацаг ургахгүй гэдгийг мэргэжлийн зөвлөл, шинжээч нараас дүгнэсэн. Иймд гэм буруугүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:
3.1. Жороор олгох эмийг жоргүй олгосон тул ******* ХХК буруутай. *******ийн уусан Entecavir гэх эмийн улмаас түүний цөсөнд ургацаг ургахгүй гэсэн мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн ******* ХХК-ийг гэм буруугүй гэж үзэж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-иас 112,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлээс 99,888,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 258,205 төгрөгийг нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-иас тус бүр 129,103 төгрөгийг гаргуулж, шинжээч ******* /Хаан банк:/-д олгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1 дэх хэсэгт хийсэн дүгнэлт дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч ийн Entecavir эмийг худалдан авсан хугацааг баримтаас харахад 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр байна. Харин Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар нэхэмжлэгч гомдол гаргасан хугацаа нь 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байх ба Entecavir эмийг худалдан авч хайрцгийг нь хогийн саванд хаясан атлаа 90 хоногийн дараа хогийн савнаасаа хайрцгийг буцаан гарган авч зургийг нь дарж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гаргасан гомдолдоо хавсаргасан нь үнэмшилгүй. Учир нь 3 сарын турш хогийн саванд тухайн эмний хайрцаг байж байсан, хогоо 3 сарын турш хаяхгүй байх бодит байдлын боломжгүй юм. Тиймээс хогийн савнаас эмний хайрцгийг авч зургийг нь дарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
5.2. Хэрэв жороор эм худалдан авч байгаа бол MNS5376:2016 стандартын 7.1-д заасны дагуу жорыг хураан авч, иргэнд үлдэх хэсгийг тасдан эмийн тун, хэмжээг бичиж тэмдэглэн иргэнд өгдөг. Тодруулбал тухайн жороор Actiliver эм авахаар ******* эмийн сангийн эм зүйчид өгсөн бол тухайн жорыг хураан авах бөгөөд *******өд жор эх хувиараа байх боломжгүй. Гэтэл ******* эмнэлэгийн энгийн эмийн жор нь эх хувиараа нэхэмжлэгч *******өд өөрт нь байх бөгөөд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн нь энэхүү жороор эм аваагүй гэдгийг нотолж байна.
5.3. Мөн эм худалдан авсан баримтаас харахад Мертенил, Викюрь, Микосист гэх эмүүд байх бөгөөд жоронд байх эм байхгүй байгаагаас тухайн жороор эмийн сангаас эм олгоогүйг илтгэж байна. Мертенил нь шинжээчийн тайлбарласнаар холестерин хайлуулах үйлчилгээтэй эм, Викюрь буюу Entecavir нь хордлого тайлах элэгний өвчний үед хоргүйжүүлэх зорилгоор уудаг, Микосист нь мөөгөнцөрийн эсрэг эм байна.
5.4. Шинжээч нар Actiliver болон Entecavir эмийг өөр, өөр үйлчилгээтэй эм болохыг тайлбарласан. Монгол Улсад элэгний В вирус маш элбэг бөгөөд В вирусын өвчлөлд Entecavir эмийг байнга худалдан авч уудаг. Тиймээс байнга худалддаг, сайн мэдэх эм учир мэргэжлийн эм зүйчийн хувьд тухайн хоёр эмийн үйлчлэлийг андуурах үндэслэлгүй байна. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд Entecavir эмийн зураr үзүүлж гуйж жоргүйгээр эм авсан гэх хариуцагчийн тайлбар нь илүү үндэслэлтэй.
5.5. Тиймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хор учруулсан үйлдэл, хохирол хоорондын шалтгаант холбоо байхгүй байна. ******* ХХК-ийн хувьд эмийн жорд заасан эмнээс өөр үйлчлэлтэй эмийг зөвлөж өгсөн гэж дүгнэж байгааг л эс зөвшөөрч байгаа болно.
5.6. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохирол шаардсан энэ шаардлага хуульд тусгайлан заагдаагүй тул шаардах эрхгүйгээс гадна шүүх дээр дурдсанаар хариуцагч нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулаагүй, гэм буруугүй гэж үзсэн тул үндэслэлгүй гэж үзсэнтэй санал нэг байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон. Зохигч энэ талаар гомдол гаргаагүй Үүнд:
3.1. ******* эмнэлгийн эмч ******** нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *******өд Actiliver гэх эмийг 60 хоног, өдөрт 1 ширхэгээр бусад гурван төрлийн эмтэй хамт уухаар эмийн жорыг олгосон.
3.2. ******* эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн эхо шинжилгээний хариугаар Э.Гөнтөгсийн цөсний хүүдийн хана хэвийн, ЦЕС хэвийн, цөсний хүүдийд чулуугүй гэж оношлогдсон.
3.3. ******* эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шинжилгээний хариугаар *******ийн цөсний хүүдийд 0,35 см хэмжээтэй ургацагтай, чулуугүй, ЦЕС хэвийн гэж оношлогдсон бөгөөд эмнэлгийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шинжилгээний хариугаар мөн адил оноштой болох нь тогтоогдсон.
3.4. Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ******* эмийн сангаас Викюрь 0,5мг*30Х эмээс 2 ширхэгийг 112,000 төгрөгөөр худалдан авсан. Энэ нь олон улсын нэршлээр талуудын маргаанд хамаарах Entecavir эм болох нь тогтоогдсон.
3.5. Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчаас 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0159412 тоот шийтгэлийн хуудсаар жороор олгох эмийг жоргүй олгосон үндэслэлээр ******* ХХК-ийг 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн хэргийг хаасан.
3.6. Шинжээч Эрүүл мэндийн яамны эм зүй, эм судлалын мэргэжлийн зөвлөлийн шинжээч *******ын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 22/02 тоот дүгнэлт, Эрүүл мэндийн яамны дотрын анагаах судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч *******гийн 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтүүдээр Entecavir, Actiliver эмүүдийн үйлчилгээ өөр, Actiliver эм нь элэг хамгаалах үйлчилгээтэй, Entecavir эм нь элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй, уг хоёр эмийг орлуулж хэрэглэдэггүй, Entecavir эмийг удаан хугацаагаар хэрэглэхэд цөсөнд өөрчлөлт өгөх, цөсөнд ургацаг ургах эсэх талаар шинжлэх ухааны нотлогдсон мэдээлэл байхгүй гэжээ.
4. Хариуцагч байгууллагын ажилтан болох жор баригч *******г жортой олгох эмийг жоргүй олгосон үйлдэлд Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0159412 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 3.3-т зааснаар ******* ХХК-ийг 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Энэ шийтгэлийн хуудаст хариуцагч байгууллага гомдол гаргаагүй.
Нэхэмжлэгч нь иргэн байх бөгөөд мэргэжлийн байгууллага болох ******* ХХК-иас эм худалдаж авахад жорд бичсэнээс өөр эмийг түүнд санал болгож, худалдсан байна. Иймд нэхэмжлэгчийн эмчилгээнд таарахгүй эмийг худалдсанаар нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан байх бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар уг хохирол болох 112,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх шийдвэрлэснийг буруу гэж дүгнэхгүй.
Хэргийн 158 дахь талд хариуцагч ******* ХХК-ийн НӨАТ-ын падаан гэх 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн баримтад худалдан авагч ******* ... Викюрь 0,5мг30Х 2 ширхэг... үнэ 56,000 төгрөг, дүн 112,000 төгрөг гэж бичигдсэн байх тул хариуцагч байгууллагыг маргаан бүхий эм болох Викюрь буюу Entecavir эмийг худалдсан гэж дүгнэнэ. Иймд Entecavir эмийн хайрцаг 3 сарын турш хогийн саванд байж байсан, хогоо 3 сар хаяхгүй байх бодит байдал боломжгүй байдалд эмийн хайрцгийн гэрэл зургийг авсан, уг гэрэл зургийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу гэх агуулгатай хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй. Энэ тайлбараар хариуцагч талыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэж хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 99,888,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба шийдвэрийн энэ хэсэгт нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хорыг арилгах хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй, мөн хуулийн 505.1 дэх хэсэгт заасан эрүүл мэндэд учирсан хохирол шалтгаант холбоогүй талаар зөв дүгнэжээ.
6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/01679 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА