Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 102

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Ж.О ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Ж.О д холбогдох 1928000100098 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт Өмнөговь аймгийн Номгон сум, ..................... гэх газар оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Тайж овгийн Ж.О , регистрийн дугаар:...................,

Шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Очир тавилгын дэлгүүрийн гаднаас иргэн Т.Д ийн эзэмшлийн Ява LTM-150 маркийн мотоциклийг хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.О г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.О  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Аймагт жолоонд сурч байсан. Жолоогоо тараад явж байгаад “Очир” тавилгын дэлгүүрийн гадаа түлхүүр нь шаалттай мотоцикль байсныг унаад Б.Б  гэх найзынхаа хашаанд авч очиж тавьсан гэв.

Хохирогч Т.Д  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед Даланзадгад сумын Очир тавилгын дэлгүүрт тавилга угсралтын ажил хийдэг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд би өөрийн эзэмшлийн LТМ-150 маркийн хятад мотоциклоо унаж “Очир” тавилгын дэлгүүр дээр ирээд цагаан саарал өнгийн кантенерын хажууд данхраадан тавьж орхисон. 16 цагийн орчимд “Очир” тавилгын дэлгүүрийн эзэн С  намайг төвд ажил хийнэ гээд машиндаа суулгаад авч явсан. Намайг явахад миний мотоцикль данхраадаж тавьж орхисон газраа байж байсан. С  намайг “Сарнай” дэлгүүр дээр буулгаж орхичихоод явсан. Би гэр ахуйн “Сарнай” дэлгүүрт дэлгүүрийн бараа янзалчихаад ганцаараа алхаж яваад 18 цаг өнгөрч байхад “Очир” тавилгын дэлгүүр дээр ирэхэд миний мотоцикль тавьж орхисон газраа байхгүй байсан. “Очир” дэлгүүрийн галч Т.Б ийн гэр нь “Очир” дэлгүүрийн хашаанд байдаг юм. Би Т.Б ийн гэрт орж миний мотоциклийг харсан уу гэж асуухад Т.Б э мэдэхгүй хараагүй гэж хэлсэн. Тэгээд Очир дэлгүүр лүү орж камерын бичлэг шүүхэд 17 цаг 40 минутын орчимд хар хувцастай хүн миний мотоциклийг унаад явж байгаа бичлэг бичигдсэн байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал алга. Миний мотоциклийг хулгайлж авсан О  гэх залуу миний хохирлыг барагдуулж БНХАУ-д үйлдвэрлэсэн “МОТО” маркийн шинэ мотоцикль авч өгсөн. Би хулгайд алдсан мотоциклио О д өгсөн. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй.  /хх-ийн 25-26-р хуудас/

Гэрч Т.Т.Б э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өнөөдөр буюу 2019 оны 01 дүгээр сарын 03-ны орой 17 цагийн үед гэрт ирэхэд “Очир” тавилгын дэлгүүрийн кантенерын хажууд Т.Д ийн мотоцикл тавиатай байж байсан. Орой 18 цаг 30 минутын үед манай хүүхэд Т.Д  хашаа руу орж ирээд миний мотоциклыг харсан уу хашаа руугаа оруулж тавьсан уу алга болчихсон байна гэж хэлэхээр нь мэдэхгүй байна хашаанд оруулж ирээгүй би орой 17 цагийн үед ажлаас ирэхэд гадаа талбай дээр байж байсан гэж хэлсэн. Тэгээд бүгдээрээ камер шүүе гээд “Очир” дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд хар өнгийн куртиктэй цайвар өнгийн өмдтэй өндөрдүү залуу Т.Д ийн мотоциклийг хулгайлаад явж байсан бичлэг байсан. /хх-ийн 31-32-р хуудас/

Гэрч Т.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 сарын 03-ны өдөр “Очир” тавилгын дэлгүүрт ажлын байран дээрээ байж байхад Т.Д  ажлын гадаа байсан миний мотоциклийг харсан уу? Алга болчихсон байна гээд хэлээд орж ирж байсан. Т.Д  2019 оны 01 сарын 03-ны өдөр ажилдаа ирэхдээ өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн мотоцикльтой ажилдаа ирсэн байсан. Өдөр төв рүү ажиллахаар явахдаа дэлгүүрийн гадаа талбай дээр мотоциклио тавьж орхиод явсан байсан. Тэгээд бид нар дэлгүүрийн камерыг шүүж үзэхэд 17 цаг 40 минут орчимд хар хувцастай хүн Т.Д ийн мотоциклийг асааж унаад явж байгаа бичлэг бичигдсэн байсан. Бичлэгийг үзээд манай ажлын худалдагч эгч цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Дараа нь 2019 оны 04 сард байсан санагдаж байна “Очир” худалдааны төвийн таксины зогсоол дээр 1-ТМ-150 гэсэн бичигтэй улбар шар өнгийн Т.Д ийн хулгайд алдсан мотоцикльтой адилхан мотоцикль байна гэж цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.хх-ийн 33-34-р хуудас/

Гэрч Д.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Монгол байгаль зочид буудлын гадаа Б.Б тай тааралдаж юм ярьж зогссон. Би Б.Б т хөдөө мал дээр байгаа гэж хэлэхэд Б.Б  ах надад гайгүй мотоцикль байгаа шүү зарна гэж хэлсэн. Би тухайн үед группийн тэтгэврээ авчихсан мөнгөтэй явж байсан болохоор мотоциклийг чинь сонирхъё гэж хэлсэн. Тэгээд мотоцикль байгаа хашаанд нь очиж Б.Б ын зарах гэж байгаа мотоциклийг нь шалгаж үзсэн. Дажгүй боломжийн мотоцикль байсан болохоор нь би авъя гээд 150.000 төгрөгөөр Б.Б аас худалдаж авсан. Би уг мотоциклийг 2 долоо хоног унаж байгаад аймгийн төв дээр барилгын туслах ажил хийж байгаа найз О.Б г ажил гэр хоёрын хооронд унаж бай гээд зээлээр зарсан байсан юм. 2019 оны 04 сарын дундуур одоо өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна О.Б  “Очир” худалдааны төвийн гадаа таксины зогсоол дээр байж байхад цагдаа ирээд мотоцикль хураагаад авчихлаа надад зарсан мотоцикль чинь хулгайн мотоцикль байсан юм байна гэж хэлээд ирсэн. /хх-ийн 35-36-р хуудас/

Гэрч Б.Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн үед би Хан Уулын 10-10 тоот хаягт өөрийн гэртээ байж байхад манай найз О  манай хашааны гадаа ирээд намайг дуудсан. Би гэрээсээ гараад очиход О  улбар шар өнгийн хятад мотоцикль уначихсан ганцаараа ирсэн. Би О гээс хэний мотоцикль уначихсан явж байгаа юм гэж асуухад О  маний чинь мотоцикль байгаа юм чи авбал авахгүй юу гэж надад хэлсэн. Чи өөрөө яах гэж байгаа юм хулгайн мотоцикль юм уу гэж асуухад үгүй миний мотоцикль надад хөдөө өөр шинэ мотоцикль байгаа чи унавал унаж л бай гэсэн. Тэгэхлээр нь би зарчихаж болох юм уу гэхэд болно болно гэж хэлсэн. Тухайн үед би тэр мотоциклийг нь авч үлдээгүй О г явуулсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэрт байхгүй эзгүй үед О  манайд ирээд нөгөө улбар шар өнгийн мотоциклоо манай хашаанд үлдээчихээд явсан байсан. Манай ээж Ц  уурлаж О г ямар учиртай мотоцикль үлдээчихээд явчихсан юм бэ асуу гэсэн. Тэр үед О гийн утас нь холбогдохгүй байсан. Би тэр мотоциклийг нь огт унаагүй 2 сар гаруй хашаандаа байлгасан. Тэр үед надад мөнгөний яаралтай хэрэг гарч би аавынхаа найз Х  гэдэг хүнд 150.000 төгрөгөөр мотоциклийг нь зарсан. Дараа нь 04 сарын дундуур Х  ах манай аавтай уулзаж Б.Б ын надад зарсан мотоцикль хулгайн мотоцикль байсан байна гэж хэлсэн. Дараа нь би Цагдаагийн газар О тэй уулзахад О  тэр улбар шар өнгийн мотоцикль чинь хулгайн мотоцикль байсан юм мань чинь “ОЧИР” тавилгын дэлгүүрийн гадаа түлхүүр нь шаалттай байхад нь хулгайлчихсан юм гэж надад хэлсэн. /хх-ийн 37-38-р хуудас/

Гэрч О.О.Б  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна аймгийн төвд 17 дугаар орон сууцны гадаа Х тай тааралдаж уулзсан. Х  надад хэлэхдээ би гайгүй сайн хятад мотоцикль 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо би унахгүй байгаа, хөдөө орхичихсон байгаа чи зээлээр авбал ав гэж надад хэлсэн. Би мотоциклийг нь сонирхъё сэтгэлд таарвал зээлээр аваад 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр мөнгийг нь өгье гэж тохиролцсон юм. Тухайн үед би портер машин унаад явж байсан болохоор тэр дороо Х ын хөдөө гэр лүү нь явж очин мотоциклийг нь үзэхэд дажгүй сайн мотоцикль байхлаар нь би авсан. 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр байсан санагдаж байна би Х аас авсан мотоциклоо унаад худалдааны төвийн таксины зогсоол дээр байж байхад нэг залуу над дээр ирээд чиний унаж яваа мотоцикль манай ажлын хүний хулгайд алдсан мотоцикль байна гэж надад хэлсэн. Би таньдаг хүнээсээ худалдаж авсан гэж хэлэхэд цагдаагаар шалгуулъя гэж надад хэлсэн. Би тэг тэг гэж хэлээд шалгуулахад миний унаж явсан мотоцикль нь хулгайн мотоцикль байсан нь тогтоогдсон. Тэгээд миний унаж явсан мотоциклийг хурааж авсан. /хх-ийн 39-40-р хуудас/

Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 09 цагийн үед Т.Д  ажлын байран дээрээ ирэхдээ өөрийн эзэмшлийн улбар шар өнгийн мотоциклоо унаж ирсэн байсан. Өдөр нь манай дэлгүүрийн захирал С  ажил хийлгэхээр өөрийнхөө машинаар Т.Д  авч явсан. Орой 18 цаг өнгөрч байх үед Т.Д  “Очир” тавилгын дэлгүүр дээр ажлын байрандаа ирээд дэлгүүрийн гадаа тавиатай байсан миний мотоциклийг харсан хүн байна уу? гэж асууж сурсан. Харсан үзсэн хүн байхгүй байсан тул дэлгүүрийн камерыг шүүж үзье гэж би хэлээд камерыг шүүж үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цаг 40 минутад дэлгүүрийн гадаа талбай дээр тавиатай байсан Т.Д ийн мотоциклийг хар хувцастай үл таних хүн унаад явж байгаа бичлэг бичигдсэн байсан. Уг бичлэгийг үзээд би Т.Д д цагдаад мэдэгдэх хэрэгтэй гэж хэлээд би өөрийн 88553030 дугаарын утсаар аймгийн цагдаагийн газарт болсон зүйлийн талаар мэдээлэл өгч мэдэгдсэн. /хх-ийн 41-р хуудас/

Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Би О гийн аав Ж-аас дуулсан юм. Манай хүү О  Өмнөговь аймаг дээр жолооны курст сууж байгаад хүний ява маркийн мотоцикль хулгайлсан гэж аав нь надад хэлж байсан. Өөр мэдэх зүйл байхгүй./хх-ийн 42-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 800.000 төгрөгөөр тогтоов. /хх-ийн 44-46-р хуудас/

Шүүгдэгч Ж.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвд байдаг Арвижих говь авто сургуульд жолооны хичээлдээ суучихаад Хан Уулын гэр хороололд байдаг гэр лүүгээ руу ганцаараа алхаж явсан. Тэгтэл замд “Очир” нэртэй тавилгын дэлгүүрийн гадаа нь цагаан саарал дуу өнгийн кантенерын хажууд нь түлхүүр нь шаалттай улбар шар өнгийн LТМ маркийн улсын дугааргүй ява мотоцикль тавиатай байсан. Би тэгээд тэр мотоциклийг нь асааж унаад хулгайлаад явсан. Би хулгайлж авсан мотоциклийг өөрөө унаж эдэлж хэрэглэх гэж авсан юм. Тэгээд би хулгайлсан мотоциклио найз Б.Б т өгчихөөд унаж бай гэж хэлээд Номгон сум руу явсан юм. Тэгээд намайг хөдөө гэртээ байж байхад аймгийн цагдаагаас Өнөрбаяр гэдэг хүн над руу утсаар залгаад ирж уулз гэж хэлэхээр нь би Өмнөговь аймаг руу ирээд Өнөрбаяр мөрдөгчтэй уулзахад намайг мотоцикль хулгай хийснийг мэдчихсэн байсан. Би тэгээд болсон зүйлээ үнэн зөвөөр хэлсэн. Тэр “Очир” нэртэй тавилгын дэлгүүрийн гадаа нь байгаа кантенерын өмнө нь талд нь байдаг автомашины зогсоол дээрээс нь авсан. Тухайн үед мотоциклийн түлхүүр нь шаалттай байсан. Тэгээд би мотоциклийг асааж унаад явсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Б.Б  намайг мотоцикль хулгайлсан гэдгийг мэдээгүй. Хулгай хийсэндээ их гэмшиж байна, би учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Шинэ мотоцикль авч өгсөн. /хх-ийн 53-54-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-12-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-р хуудас/

Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-19-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73-р хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-64, 67-68, 70-72, /

Хохирлын баримтууд /хх-ийн 96-98-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох

баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ

Шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Очир тавилгын дэлгүүрийн гаднаас иргэн Т.Д ийн эзэмшлийн Ява LTM-150 маркийн мотоциклийг хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Т.Т.Б э, Т.У , Д.Х , Б.Б.Б , О.О.Б  нарын мэдүүлэг, хохирогч Т.Д ийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 273 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ж.О г хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.О  нь хохирогч Т.Д ийн Ява LTM-150 маркийн мотоциклийг хулгайлж түүнд 800.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн хулгайд алдагдсан мотоциклийн хууль ёсны эзэмшигч болох Т.Д д биет байдлаар буюу шинэ мотоциклиор буцаан хүлээлгэн өгч, хохирогч Т.Д  “Надад одоо нэхэмжлэх зүйл, гомдол, санал алга. Миний мотоциклийг хулгайлж авсан О  гэх залуу миний хохирлыг барагдуулж БНХАУ-д үйлдвэрлэсэн “МОТО” маркийн шинэ мотоцикль авч өгсөн. Би хулгайд алдсан мотоциклио О д өгсөн” гэсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж шүүх үзлээ.   

Мөн гэрч Б.Б.Б  нь “...Маргааш өглөө нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр намайг гэрт байхгүй эзгүй үед О  манайд ирээд нөгөө улбар шар өнгийн мотоциклио манай хашаанд үлдээчихээд явсан байсан..., Тэр үед надад мөнгөний яаралтай хэрэг гарч би аавынхаа найз Х  гэдэг хүнд 150.000 төгрөгөөр мотоциклийг нь зарсан” /хх-ийн 37-38-р хуудас/ гэх бөгөөд гэрч Д.Х т хохирлыг барагдуулсан болох нь  хэрэгт авагдсан хохирол төлсөн талаарх баримтаар тогтоогдож байна.     

Шүүгдэгч Ж.О  нь хохирогч Т.Д ийн эзэмшлийн Ява LTM-150 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна.  

Иймд шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Очир тавилгын дэлгүүрийн гаднаас иргэн Т.Д ийн эзэмшлийн Ява LTM-150 маркийн мотоциклийг хулгайлан 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах санал гаргав.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо биет байдлаар буюу шинэ мотоциклиор нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.О  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Ж.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Тайж овгийн Ж.О г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О  нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Ж.О  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА